Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2171

 

МАГАДЛАЛ

 

2018.10.22                                                     Дугаар 2171                              Улаанбаатар хот

 

 

 

 

Ч.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01598 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Санал болгох хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 867 дугаар тогтоолоор Ч.У-ээс зээлийн гэрээний үүрэгт 69 335 180 төгрөг гаргуулж Г.Н-т олгохоор шийдвэрлэсэн байдаг. НШШГГ-аас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоот орон сууцыг дуудлага худалдаанд 2 удаа оруулсан боловч худалдагдаагүй байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт үгүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн НШШГГ-ын санал болгох хуралдаанаар дээрх орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөхийг өмчлөгч нараас шаардсан. Дээрх саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2018 оны 4 дүгээр сарын 23-нд гомдол гаргасан боловч 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4/137 тоотоор гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас дахин 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2018 оны 5 дугаар сарын   28-ны өдрийн 1/196 тоотоор мөн гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. НШШГГ-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгийн өмчлөгч болох О.Э , О.Э нарт мэдэгдэхгүйгээр Ч.У , Д.О нарыг оролцуулан санал болгох хурлыг  хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж энэрэнгүй байх зарчимтай нийцэхгүй байна. Иймээс НШШГГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн санал болгох хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Төлбөр төлөгч Ч.У-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.О , О.Э , О.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001127 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагааг хуулийн дагуу хийсэн. Төлбөр төлөгч Ч.У , өмчлөгч Д.О , О.Э , О.Э нарт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал өгөх тухай 3/32333, 3/32331 тоот мэдэгдэлийг гардуулж өгсөн. Төлбөр төлөгч Ч.У  нь үнийн санал өгч мэдэхгүй тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, үнийн санал өгөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 70 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 3/37479, 3/37589 тоот албан бичгээр талуудад мэдэгдэж баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх барьцаа хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 70 800 000 төгрөгийн 70 хувиар тооцон 49 560 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй учраас хуульд заасны дагуу 70 800 000 төгрөгийн 50 хувиар тооцон 35 400 000 төгрөгөөр үнэ буурч хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч худалдан борлогдоогүй болно. Төлбөр төлөгч Ч.У  нь үнэлгээнд гомдож Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 580 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1051 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1070 дугаар тогтоолоор тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Г.Н-т 70 199 905 төгрөгийн төлбөрт санал болгосон. Төлбөр төлөгч Ч.У т нэг сарын төлбөр төлөх хугацаа өгсөн боловч одоог хүртэл төлбөрөөс нэг ч төгрөгийг барагдуулаагүй бөгөөд хуульд заасны дагуу барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт санал болгох хурлыг мэдэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн санал болгох хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Ч.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НШШГГ нь төлбөр төлөгчийн эрхийг хэт зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр төлбөр төлөгчид дуудлага худалдааны үнийн саналыг танилцуулсан гэх боловч орон сууцны өмчлөгч нарт танилцуулаагүй бөгөөд уг төлбөрийг төлөхөд төлбөр төлөгчид өөрт ногдох хэсгээр нь төлбөрийг төлүүлэх атал дуудлага худалдааны үнээр бүх төлбөрийг төлүүлж байгаа нь иргэний хуулийг зөрчсөн шийдвэр гаргадаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж    өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.У  нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн санал болгох ажиллагаа буюу төлбөр төлөгч Ч.У-ийн төлбөр авагчид төлөх төлбөрт О.Э , О.Э , Д.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Төлбөр төлөгч Ч.У  нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Г.Н-тэй зээлийн гэрээ байгуулан зээл авахдаа О.Э , О.Э , Д.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1374 дүгээр шийдвэрээр Ч.У-ээс          56 218 011 төгрөг гаргуулж, төлбөр авагч Г.Н-т олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын     29-ний өдрийн 832 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Ч.У-ээс 69 355 180 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Г.Н олгохоор шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 867 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.  /хх 26-29, 30-34, 35-37/

Дээрх шийдвэрийн дагуу НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ч.У  нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал ирээгүй, талууд харилцан тохиролцож тогтоогүй тул “Л” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “орон сууцны өмчлөгч нарт танилцуулаагүй” гэх үндэслэл заасан боловч 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 121/32 тоот тогтоолоор эд хөрөнгийг хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэж гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                           ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР 

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ