Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2043

 

                                         

 

 

 

 

2018 оны 10 сарын 15 өдөр         Дугаар 182/ШШ2018/02043     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХНХЯ,

 

Хариуцагч: ХАБЭМТ-д тус тус холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 165 909 479 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, ХАБЭМТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б П” ХХК-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ээс гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2016 оны 06 дугаар сарын 30-наас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын гадна болон дотор заслын засварын ажлыг гүйцэтгэсэн. Гэрээний үнийн дүн болох 249 487 918 төгрөгөөс 50 хувь болох 124 743 959 төгрөгийг ажил гүйцэтгэж байх хугацаанд урьдчилгаа болгож авсан. Ажлын хөлсний үлдэгдэл 124 743 959 төгрөгийг олон удаа хариуцагч нараас нэхэмжилж албан бичиг явуулж байсан боловч одоог хүртэл төлөхгүй манай байгууллагыг хохироож байгаа учраас бид гэрээнд заасны дагуу 2 жилийн хугацааны алдангид 41 165 520 төгрөг тооцон нэхэмжилсэн, дээр нь бусдаас, банк бус санхүүгийн байгууллагаас нийт 120 000 000 төгрөгийн зээл авч барилгад ажилласан ажилчдын цалинг олгосон тул зээлийн 15 000 000 төгрөгийг хохиролд нэмж нэхэмжилсэн, ингээд нийт 180 909 479 төгрөгийг хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс нэхэмжилж байна.  Холбогдох бүх баримтуудыг хэрэгт өгсөн. Хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй учраас бид хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс нэхэмжилж байгаа, харин хариуцагч ХНХЯ-аас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг бичгээр өгсөн, энэ байр суурь дээрээ хэвээр байгаа. Нэгэнт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь гэрээнд захиалагчаар оролцож захиалж байгаа ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй. Хаанаас санхүүжилтийг авах нь манай байгууллагад хамааралгүй. Гэрээнд ч санхүүжилтийг яам хариуцна, эсхүл Сангийн яам хариуцна гэх мэт зохицуулалт байхгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл, алданги хохиролд нийт 180 909 479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч  ХАБЭМТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-аас шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардалгыг бид зөвшөөрөхгүй байна.  Хөдөлмөрийн сайд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор харьяа байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад олгох зардал, санхүүжилтийн хуваарийг баталж,  хэрэгжүүлэх арга хэмжээ, төслийн төлөвлөгөөг гарган, холбогдох хууль журмын дагуу зохион байгуулахыг харьяа байгууллагын дарга нарт үүрэг болгосон.  Мөн тушаалын 3 дахь хэсэгт санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг төрийн нарийн бичгийн даргад даалгасан байдаг. Сайдын тушаалыг үндэслэн үүргээ хүлээн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/67 дугаар тушаалаар тус төвийн Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлгийн барилгад их засвар хийх ажилд нээлттэй тендерийг зохион байгуулан ажиллуулсны дүнд “Б П” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам санхүүжүүлсний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр Хөдөлмөрийн яам/ 900037001 тоот данснаас манай байгууллагын 900037404 тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу эмнэлгийн барилгын  урьдчилгаа төлбөр 125 000 000 төгрөг шилжин орсныг  манай байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэгч талд буюу “Б П” ХХК-д  шилжүүлсэн болно. Ингээд манай байгууллага болон “Б П” ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 50 хувийг шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа албан тоотоор хүргүүлж байсан. Бид нотлох баримтаар Хөдөлмөрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/91 дүгээр тушаал, манай байгууллагын 900037404 тоот дансны 2016 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрийн орлого зарлагын хуулга болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон “Б П” ХХК-ийн 2017, 2018 онуудад яамнаас төлбөрийн үлдэгдэл хүссэн албан бичгүүд явуулж байсан зэргээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төлбөр төлөх хариуцагч болох нь тогтоогдож байх тул манай байгууллагатай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай” 55 дугаар тогтоолоор манай байгууллага Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв гэсэн нэртэй байсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв гэсэн нэртэй болгон өөрчилсөн. Нэхэмжлэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн.  Ажлын хөлсний тал хувийг төлсөн, одоо 124 743 959 төгрөгийг санхүүжилт олгохгүй байгаагаас төлж чадахгүй байгаа нь үнэн. Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилга ашиглалтад орсон, бид “Б П” ХХК-ийн гүйцэтгэсэн  ажлыг хүлээж авсан, үндсэн төлбөрийг төлөх тухайд маргалдах зүйлгүй бөгөөд ганц асуудал нь санхүүжилт байгаа юм.  Энэ хэргийн хариуцагч бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж үзэж байна.  2017, 2018 оны төсөвт энэ асуудлыг тусгаж Сангийн яаманд явуулах ёстой байсан, гэтэл санхүүжилт төсөвт тусгагдаагүй. Иймд яам хариуцаж төлөх ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-оос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь ажил гүйцэтгэх гэрээний тал биш учраас нэхэмжлэгч “Б П” ХХК нь манайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа. 2016 оны 06 дугаар сарын 30-нд байгуулсан “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын засвар гүйцэтгэх гэрээ”-ний захиалагч тал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв байгаа. Тухайн үеийн яамны сайд тус төвд 250 000 000 төгрөгийг үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг бөгөөд эхний 125 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 125 000 000 төгрөгийг шилжүүлэх гэхээр Сангийн яамнаас эрхийг нь нээгээгүй байдаг. Учир нь хөрөнгө оруулалтын ажиллагаа байна, тэгэхээр зардалдаа хөрөнгө оруулалтын төсвийг суулгаж байж санхүүжүүлэх ёстой, түүнээс үйл ажиллагааны зардлаас хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжгүй гэж тайлбарладаг. Үүнээс хойш уг мөнгийг Сангийн яамнаас төсөвт суулгаж өгөөгүй байдаг. Яам тухайн хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс ямар нэг байдлаар оролцоогүй, гэрээний үүрэг хүлээх боломжгүй гэв.

Нэхэмжлэгч “Б П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч ХНХЯ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Учир нь уг “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын засвар гүйцэтгэх гэрээ”-ний нэг тал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, нөгөө тал нь “Б П” ХХК нар байх тул хариуцагч ХНХЯ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн аван уу. Бид хариуцагчтай мэтгэлцэх, нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэжээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б П” ХХК нь хариуцагч ХНХЯ болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 124 743 959 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 41 165 520 төгрөгийг тус тус  гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад хариуцагч Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,  гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон 15 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ  Хөдөлмөрийн сайдын  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/91 дүгээр тушаалын хавсралтаар  Хөдөлмөрийн яамны “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа хөтөлбөр”-ийн зардлаас тус төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгад хийх их засварын зардлыг  санхүүжүүлхээр заасан, уг ажилд гүйцэтгэх гэрээний хөлсний үлдэгдэл 124 743 959  төгрөгийг төлүүлэх хүсэлтийг 2017, 2018 онуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд удаа дараа албан бичгээр явуулж байсан боловч төлөгдөөгүй, уг төлбөрийг яам хариуцах ёстой, манай байгууллага хариуцагч биш учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай” 55 дугаар тогтоол / www.legalinfo.mn вэб сайт/-р Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болгон өөрчилсөн байна.

Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв нь ХЭМСТ2016 тоот “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын засвар гүйцэтгэх гэрээ”-ний нэг тал болох захиалагч бөгөөд  Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.9., 124 дүгээр зүйлийн 124.2.-т заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагын  шийдвэрийн үндсэн дээр Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн шаардах эрх болон бусдын өмнө хүлээх үүрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд шилжсэн байна.

 

2.Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/67 тоот тушаалаар Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлгийн барилгад их засвар хийх ажилд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулан барилга засварын ажлын техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичгийг боловсруулж, тендерийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулах үүргийг даалгасны дагуу дээрх үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “Б П” ХХК-ийг тендерт шалгаруулан гэрээ байгуулах эрхийг олгожээ.

Үүний дагуу  тус төв нь 2016 оны 06 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 15-ны хооронд Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв /хуучин нэрээр/-ийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгад барилгын гадна дулааны шугам солих, дулааны шугам угсрах, дулааны узел, зам талбайг нөхөн сэргээх, гадна хана, хаалга солих, цонхны ажил, өлгүүр, цахилгаан шитний өрөө засах, өрөөний хаалга, цонх засах зэрэг  их засварын ажлыг “Б П” ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 249 487 918 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч байгууллагатай байгуулжээ.

Дээрх үйл баримт нь Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/67 тоот “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал,  “Б П” ХХК-д тус төвөөс хүргүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 294 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв болон “Б П” ХХК-ийн хооронд байгуулсан ХЭМСТ2016 тоот “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын засвар гүйцэтгэх гэрээ”  түүний хавсралт,  зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

3.Талуудын хооронд байгуулсан ХЭМСТ2016 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “Б П” ХХК  нь гэрээнд заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэн, ажлын үр дүнг захиалагч буюу хариуцагч Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв /хуучин нэрээр/-д хүлээлгэн өгсөн болох нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн засварын ажлын гүйцэтгэл №1”, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн барилгын засвар, гадна зам талбай, гадна хашаа, авто машины талбайн засварын ажлын гүйцэтгэл”, төсөвт өртгийн нэгдсэн товчоо зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

 

4.Талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ХЭМСТ2016 тоот “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын засвар гүйцэтгэх гэрээ”-ний 2, 3 дахь хэсэгт зааснаар гэрээний нийт үнийн дүнг 249 487 918 төгрөгөөр тохирсон байх ба хэрэгт авагдсан “Б П” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэх,  тус компанийн Капитрон банк дахь депозит дансны харилцагчийн монгол хуулга,  Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөрийн хүсэлт №2”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн санхүүгийн тэмдэг бүхий 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хоорондох хугацааны төсөвт байгууллагын дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 06-нд ажлын хөлсөнд 124 743 959 төгрөгийг шилжүүлсэн байна.

Зохигчид ажлын хөлсний урьдчилгаанд хариуцагчаас 124 743 959 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар болон ажлын үр дүнгийн чанарын талаар маргаагүй болно.

 

5.Хариуцагч нь ажлын хөлсний 50 хувь буюу үлдэгдэл 124 743 959 төгрөгийг санхүүжилт олгогдоогүй гэсэн үндэслэлээр төлөөгүй болох нь 2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн зохигчдын хооронд үйлдэгдсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, хариуцагч болон нэхэмжлэгчээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд явуулж байсан санхүүжилт хүсэх тухай албан бичгүүдээр нотлогдсон.

Хөдөлмөрийн сайдын  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А\91 тоот тушаал, түүний хавсралтаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, чадавхи бэхжүүлэхэд зориулан Хөдөлмөр эрүүл мэндийн судлалын төвд 250 000 000 төгрөгийн төсвийг баталсан хэдий ч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ХЭМСТ2016 тоот “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын засвар гүйцэтгэх гэрээ”-нд  хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам оролцоогүй, уг гэрээг хянаж батлаагүй бөгөөд гэрээний нэг тал биш байх тул дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй байна.

 

6.Иймд нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч  нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1.-д заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6.-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь  төлөгдөөгүй байгаа  ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

 

7.Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 1.16-д “алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0,05 хувь байна” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд  хугацаа хэтрүүлсний хариуцлагад 41 165 520 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх боломжгүй байна.

 

8Нэхэмжлэгч “Б П” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Д-ээс 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр иргэн В.О-гаас 20 000 000 төгрөгийг сард 3,2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас  60 000 000 төгрөгийг сард 3,5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай тус тус зээлж ажилчдын цалин хөлсөнд төлж өр төлбөр үүсгэн хохирол учирсан гэж 01, 02 тоот иргэдтэй байгуулсан зээлийн гэрээ, “М ББСБ” ХХК-тай байгуулсан ҮЗГ- тоот “Зээлийн гэрээ” зэргийг баримтаар гарган 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байх боловч зээлийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчийн бусдад төлөх үүргийг талуудын хооронд байгуулсан ХЭМСТ2016 тоот “Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын засвар гүйцэтгэх гэрээ”-ний улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь эдгээр зээлийн гэрээний  дагуу  зээлийн хүүд хэнд, хэдэн төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох ажлын хөлсний үлдэгдэлд 124 743 959 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч ХНХЯ-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус  шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1 220 447  төгрөгөөс 1 062 497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 157 949 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 781 700 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  тус тус олгох  нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 124 743 959 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б П” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 56 165 520 төгрөгийн шаардлагыг, хариуцагч ХНХЯ-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Б П” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1 062 497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 157 949 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 781 700 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

           

 

 

                              

ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА