Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2021/02547

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “П-Э” ХХК-д холбогдох,

 

“Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 59,839,338 төгрөг, эмчилгээний зардал 12,000,000 төгрөг, нийт 71,839,338 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие В.Г нь 1992 онд төрсөн. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Би 2017 онд “П-Э” ХХК-д “Тэсэлгээний удирдлагын инженер”-ээр ажилд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байдаг “Наран мандал интерпрайкес” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 84 хувь алдсан.

Тус ослоос болж нэг нүд сохорсон, нөгөө нүд гэгээ төдийг хардаг бөгөөд хүний царай ч ялгаж харж чаддаггүй болсон. Баруун гарын 4 хуруугаа тайруулсан, зүүн гарын хоёр 2 хуруу хугарсан, 2 чихний хэнгэрэг цоорсон, өрөөсөн төмсөг дэлбэрэлтийн улмаас ажиллагаагүй болж авхуулсан, өвдөг, 2 гар, цээж, нүүр, гавлын ясандаа тултал төмрийн үртэс шигсэн, өрөөсөн талд уйланхай үүссэн гэх мэт бэртэл гэмтэл, өвчинтэй насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Одоо тархи толгой байнга өвддөг, өвчин намдаадаг, эм болон үрэвслийн эсрэг тариа байнга хэрэглэдэг болсон. Гэгээ муу харж байгаа өрөөсөн нүд минь улам муудаж, энэ байдлаасаа болж санаа, сэтгэлээр маш их унаж байна.

Энэ ослын талаар Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 онын 08 дугаар сарын 06-ны өдрийн 05-06-017/17 дугаартай “Нөхөн төлбөр олгуулах” тухай акт гарсан, тус актаар “П-Э” ХХК-иас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу 18 сарын дундажтай тэнцэх нөхөн төлбөр 19,246,446 төгрөгийг нэг ба түүнээс дээш удаа олгохыг даалгасан боловч одоог хүртэл өгөөгүй.

Гэтэл тус компани мөнгө өгч чадахгүй, мөнгө байхгүй, /бараг хамаа байхгүй/ гэсэн утгатай зүйл ярьдаг.

Миний биеийн эрүүл мэндийн байдал дахин сэргэхээргүй гэмтсэн, маш хүнд, сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байгаа байдлыг харгалзан Үйлдвэрлэлийн ослын

Нөхөн төлбөрийг нэгээс дээш удаа буюу гурван удаа нөхөн төлөх нь надад болон ар гэрээ тэжээж байсан манай гэр бүлд, миний эмчилгээ сувилгаанд ч хэрэгтэй.

Би цаашид хэзээ ч хэвийн байдалдаа эргэж орохгүй. Ийм учраас Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг дор хаяж гурав дахин нэмэгдүүлж олгох ёстой.

Мөн энэ ослоос болж эмчилгээ сувилгаа өдөр болгон хийлгэж байна. Хэдийгээр ар гэр ах дүү нар тодорхой хэмжээгээр тусалж байгаа ч тэдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн амьдралтай учраас өдөр бүр хамт байна гэсэн ойлголт байхгүй.

Эмчилгээ сувилгааны зардалд ч гэсэн маш их хэмжээний зардал гарч байгаа одоогийн байдлаар 12,000,000 төгрөгийн зардал одоогийн байдлаар гарсан байна.

Иймд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 59,839,338 төгрөг, эмчилгээний зардал 12,000,000, нийт 71,839,338 төгрөгийг “П-Э” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “П-Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан иргэн В.Гын нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбар гаргаж байна.

В.Г нь “П-Э” ХХК-иас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 59,839,388 төгрөгийг, эмчилгээний зардал 12,000,000 төгрөгийг нийт 71,839,338 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05-06-017/17 дугаартай “Нөхөн төлбөр олгуулах тухай” актаар 19,246,446 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө. Дээрх акттай холбоотой нөхөн төлбөрт 12,100,000 төгрөгийг В.Гын ХААН банкин дахь 5019918832, 5246175996 тоот дансанд шилжүүлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд орших “Наранмандал интерпрайзес” ХХК-ийн Цагаан цахирын уурхайн дэргэдэх тэсрэх материалын агуулахад болсон үйлдвэрлэлийн ослын талаарх эрүүгийн хэрэг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Мөн осол болсны дараа 2020 оны 01 дүгээр сарын 25-аас 2020 оны 02 дугаар сарын 03 хүртэл УКТЭ (Улсын Клиник Төв Эмнэлэг)-т 10 хоног, 2020 оны 02 дугаар сарын 03-аас 2020 оны 02 дугаар сарын 20-ийг дуустал Отгонтэнгэр эмнэлэгт 17 хоног нийт 27 хоног В.Гантулгын эмчилгээний болон бусад зардалд “П-Э” ХХК-ийн зүгээс 27,979,355 төгрөгийг төлсөн. Мөн үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтнуудыг (В.Гантулгын ээж эхнэрийн хамт) Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл нисэх онгоцоор тээвэрлэн ирсэн зардалд 18,160,000 төгрөгийг нэмж компаниас гаргасан.

Манай “П-Э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түдгэлзсэн төдийгүй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй бүрэн зогссон байдалд байна. Иймд нэхэмжлэхийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч П.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Тухайн үед үйлдвэрийн осол болсон учраас компанийн хугацаа дууссан материал, тэсэлгээ гаргасан гээд тухайн үеийн инженер энэ асуудлыг ярьж хэлэх ёстой байх. Компанийнх нь зардал дээр нэхэмжлэл оруулж байх шиг байна. Үүнийг ялгаж оруулах байх гэж бодож байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгийг хариуцагч тал олгох үүрэгтэй гэж ойлгож байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч “П-Э” ХХК-д холбогдуулан Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 59,839,338 төгрөг, эмчилгээний зардал 12,000,000 төгрөг, нийт 71,839,338 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 84 хувь алдсан. Миний биеийн эрүүл мэндийн байдал дахин сэргэхээргүй гэмтсэн, маш хүнд, сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байгаа байдлыг харгалзан Үйлдвэрлэлийн ослын Нөхөн төлбөрийг нэгээс дээш удаа буюу гурван удаа нөхөн төлөх нь надад болон ар гэрээ тэжээж байсан манай гэр бүлд, миний эмчилгээ сувилгаанд ч хэрэгтэй.

Эмчилгээ сувилгааны зардалд ч гэсэн маш их хэмжээний зардал гарч байгаа одоогийн байдлаар 12,000,000 төгрөгийн зардал одоогийн байдлаар гарсан байна...” гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “...Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 05-06-017/17 дугаартай актаар 19,246,446 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө. Дээрх акттай холбоотой нөхөн төлбөрт 17,600,000 төгрөгийг В.Гын ХААН банкин дахь 5019918832, 5246175996 тоот дансанд шилжүүлсэн.

Мөн осол болсны дараа В.Гын эмчилгээний болон бусад зардалд “П-Э” ХХК-ийн зүгээс 27,979,355 төгрөгийг төлсөн. Мөн үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтнуудыг Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл нисэх онгоцоор тээвэрлэн ирсэн зардалд 18,160,000 төгрөгийг нэмж компаниас гаргасан.

Манай “П-Э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түдгэлзсэн төдийгүй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй бүрэн зогссон байдалд байна. Иймд нэхэмжлэхийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч В.Г нь “П-Э” ХХК-ийн тэсэлгээний инженерээр ажиллаж байхдаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын уурхайн Тэсрэх материалын агуулахад үйлдвэрлэлийн осолд орж, Үйлдвэрлэлийн ослыг мэргэжлийн хяналтын газрын актаар тогтоож, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон тухай 2020 оны 03321 дугаар актаар В.Гын хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 5-6, 61 дугаар тал/

 

Дээрх үйлдвэрлэлийн ослын улмаас В.Гын баруун төмсөг няцарсан, нэг гарын дөрвөн хуруу тасарсан, биеийн арьсанд олон тооны шархтай, нэг нүдний цөцгий гоожсон, нүдэнд үртэс шигдэж, нэг нүд сохорч, нөгөө нүд нь хараа муу, хөдөлмөрийн чадвар алдсан байх ба энэхүү үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актуудын талаар зохигчид маргаагүй байна.

 

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч В.Гыг ердийн өвчний жагсаалтын 1-5-2-1, хз: 1-10-44-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 12 сараар буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 61 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт, дээр дурдсан дүгнэлт, үйл баримтаар В.Г нь “П-Э” ХХК-д тэсэлгээний инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн осолд орсон нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал энэ талаар маргаагүй болно.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:”, мөн зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа;” гэж зохицуулсан.

 

Энэхүү зохицуулалтаас үзвэл, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч төлөх үүрэгтэй, нөгөө талаар нөхөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч “П-Э” ХХК нь 2020 оны  08 дугаар сарын 06-ны өдрийн 05-66-017/17 дугаартай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 19,246,446 төгрөгийн нөхөн төлбөрийг В.Гд олгохыг “П-Э” ХХК-ийн захирал Г.Нд хариуцуулжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

Хариуцагч “П-Э” ХХК дээрх улсын байцаагчийн актын дагуу нөхөн төлбөрт 19,246,446 төгрөг төлөхийг зөвшөөрдөг бөгөөд уг нөхөн төлбөрт 17,600,000 төгрөгийг төлсөн талаар тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар 7,166,000 төгрөгийг нөхөн төлбөрт төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтад үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт гарснаас хойш хариуцагч “П-Э” ХХК-ийн зүгээс нөхөн төлбөрт төлсөн төлбөрийг хасаж тооцсон болно.

 

Хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нөхөн олговрыг бүрэн олгоогүй буруутай эс үйлдэхүй, нэхэмжлэгчийн бие эрүүл мэндийн хувьд дахин нөхөн сэргээгдэхгүй болсон, хэргийн нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, шүүх бүрэлдэхүүн өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, ажилтан В.Гд олгох нөхөн олговрын хэмжээг 54 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь ажил олгогчоос 18 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөрийг ажилтанд нэг удаа олгохыг үүрэг болгосон зохицуулалт бөгөөд түүнээс дээш хугацаагаар олгох үндэслэлийг хязгаарлаагүй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн бие эрүүл мэндийн хувьд нөхөн сэргээгдэхгүй болсон, ажил олгогч хөдөлмөр аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэг удаагийн буюу 18 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөрийг 3 удаагийн буюу 54 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хариуцагч “П-Э” ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч “П-Э” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлийн осол болсонтой холбоотойгоор осолд өртсөн ажилтнуудыг нисдэг тэрэг хөлсөлж эмнэлэгт яаралтай зөөвөрлөсөн, мэс ажилбар болон эмчилгээний зардлыг төлсөн нь ажил олгогчийн хувьд өөрийн ажилтанд үзүүлсэн тусламж үйлчилгээ гэж үзэхээр байна.

 

Хариуцагч “П-Э” ХХК-ийн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 7,166,000 төгрөг төлсөн байх тул 54 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 57,739,338 төгрөг олгох дүнгээс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Дээрх ослын улмаас эмчилгээ, сувилгаа хийлгэсний зардалд 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан зохицуулалт  үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осолд даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч хуульд заасан нөхөн төлбөр олгох үүрэгтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн осолд орсон ажилтанд эд хөрөнгийн зохих хохирол гардаг бөгөөд үүнд эмчилгээний зайлшгүй зардал, авах байсан цалин хөлсний алдагдал багтах юм. Дээр дурдсан хохирлыг нөхөхийн тулд ажил олгогч нь ажилтанд нөхөн төлбөр олгох үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч В.Гын хувьд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 59,839,338 төгрөг болон эмчилгээний зардалд 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт эмчилгээний зардал өөрөө багтах тул энэхүү зардлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хувьд 12,000,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудыг  эмчилгээний зардалд зарцуулагдсан байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Хариуцагч “П-Э” ХХК-ийн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 17,600,000 төгрөгийг төлсөн гэх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

            Иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм буруутай гэх дүгнэлт гаргасан байх бөгөөд түүний гаргасан дүгнэлт энэхүү шийдвэрт дурдсан хууль зүйн үндэслэлтэй нийцсэн гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч В.Гын 71,839,338 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 50,573,338 төгрөгийг хариуцагч “П-Э” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,266,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч “П-Э” ХХК-иас 50,573,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,266,00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В.Г нь тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2021/01379 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “П-Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 410,817 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   И.АМАРТӨГС

 

                                    ШҮҮГЧИД                                                     Ч.ДАВААСҮРЭН

 

                                                                                                            Т.ЭНХТУЯА