Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00386

 

 

 

 

 

 

 

 

****-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/02547 дугаартай шийдвэртэй

            Нэхэмжлэгч ****-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч “ххххх” ХХК-д холбогдох

            Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 59,839,338 төгрөг, эмчилгээний зардал 12,000,000 төгрөг, нийт 71,839,338 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Г.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайжав, шүүх нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч ****-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** би 2017 онд ххххх ХХК-д тэсэлгээний удирдлагын инженерээр ажилд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байдаг ****ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 84 хувь алдсан. Тус ослоос болж нэг нүд сохорсон, нөгөө нүд гэгээ төдийг хардаг бөгөөд хүний царай ялгаж харж чаддаггүй болсон. Баруун гарын 4 хуруугаа тайруулсан, зүүн гарын хоёр 2 хуруу хугарсан, 2 чихний хэнгэрэг цоорсон, өрөөсөн төмсөг дэлбэрэлтийн улмаас ажиллагаагүй болж авхуулсан, өвдөг, 2 гар, цээж, нүүр, гавлын ясандаа тултал төмрийн үртэс шигсэн, өрөөсөн талд уйланхай үүссэн гэх мэт бэртэл гэмтэл, өвчинтэй насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Одоо тархи толгой байнга өвддөг, өвчин намдаадаг, эм болон үрэвслийн эсрэг тариа байнга хэрэглэдэг болсон. Гэгээ муу харж байгаа өрөөсөн нүд минь улам муудаж, энэ байдлаасаа болж санаа, сэтгэлээр маш их унаж байна.

1а.Энэ ослын талаар Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 онын 08 дугаар сарын 06-ны өдрийн 05-06-017/17 дугаартай нөхөн төлбөр олгуулах тухай акт гарсан, тус актаар ххххх” ХХК-аас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу 18 сарын дундажтай тэнцэх нөхөн төлбөр 19,246,446 төгрөгийг нэг ба түүнээс дээш удаа олгохыг даалгасан боловч өгөөгүй.

1б.Миний биеийн эрүүл мэндийн байдал дахин сэргэхээргүй гэмтсэн, маш хүнд, сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байна.  Өдөр болгон эмчилгээ сувилгаа хийлгэж байна. Одоогийн байдлаар 12,000,000 төгрөгийн зардал гарсан. Иймд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 59,839,338 төгрөг, эмчилгээний зардал 12,000,000, нийт 71,839,338 төгрөгийг ххххх ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ххххх” ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа.

2а.Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05-06-017/17 дугаартай нөхөн төлбөр олгуулах тухай актаар тогтоосон 19,246,446 төгрөгийг хэмжээнд хүлээн зөвшөөрнө. Дээрх акттай холбоотой нөхөн төлбөрт 12,100,000 төгрөгийг ****-ын ХААН банкин дах 50, 52 тоот дансанд шилжүүлсэн.

2б.2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд орших ****** ХХК-ийн Цагаан цахирын уурхайн дэргэдэх тэсрэх материалын агуулахад болсон үйлдвэрлэлийн ослын талаарх эрүүгийн хэрэг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

2в.Мөн осол болсны дараа 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Улсын Клиник Төв эмнэлэгт 10 хоног, 2020 оны 02 дугаар сарын 03-аас мөн оны 02 дугаар сарын 20-ийг дуустал Отгонтэнгэр эмнэлэгт 17 хоног нийт 27 хоног ****-ын эмчилгээний болон бусад зардалд ххххх ХХК-ийн зүгээс 27,979,355 төгрөгийг төлсөн.

2г.Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтнуудыг Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл нисэх онгоцоор тээвэрлэн ирсэн зардалд 18,160,000 төгрөгийг нэмж компаниас гаргасан. Манай ххххх ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түдгэлзсэн, үйл ажиллагаа явуулаагүй бүрэн зогссон байдалд байна. Иймд нэхэмжлэхийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгч П.М дүгнэлт: Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Тухайн үед үйлдвэрийн осол болсон учраас компанийн хугацаа дууссан материал, тэсэлгээ гаргасан гээд тухайн үеийн инженер энэ асуудлыг ярьж хэлэх ёстой байх. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг хариуцагч олгох үүрэгтэй гэжээ.

 

            4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ххххх ХХК-аас 50,573,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,266,00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ххххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 410,817 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            5.Хариуцагч “ххххх” ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

5а.Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжилсэн тооцооллыг буруу тооцож шийдвэрлэсэн. Үүнд: ****-ын сүүлийн 3 сар авч цалингийн дундаж нь 1,069,247 төгрөг гэж тооцоолж Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газраас тооцооллыг баталгаажуулж, уг цалингийн дунджийг 18 сараар үржүүлж тооцон нэг удаагийн нөхөн төлбөрийн хэмжээ буюу 19,246,446 төгрөгийг төлүүлэхээр акт гаргасан. Дээрх актын дагуу компаниас ****д нийт 17,600,000 төгрөг төлсөн.

Гэтэл шүүх цалингийн дунджийг илт зөрүүтэй тооцоолон нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж оруулсан буруу дүн буюу 59,839,338 гэх дүнгээр тооцоолж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энд 2,100,000 төгрөгийн зөрүү гарч байгаа ба 7,166,000 төгрөгийг яаж тооцсон нь тодорхойгүй.

5б.Мөн үйлдвэрлэлийн осол гарахад нэхэмжлэгч **** “*****" ХХК-ийн ажлыг гүйцэтгэж байсан ба осол тус компанийн тэсэлгээний материалын хэрэгслийн агуулахад болсон зэрэг нь дээрх нөхөн төлбөрийг "ххххх" ХХК хариуцах биш харин "*****” ХХК хамтран хариуцах ёстой.

5в.Шүүх хэрэгт цугларсан баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Тухайлбал, гэрч хохирогчоос авсан мэдүүлэг авсан тэмдэглэл, хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол зэрэгт  гэм хор учрахад хохирогчийн өөрийн буруутай үйлдэл нөлөөлсөн, урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй, хугацаа дууссан тэсэлгээний материалыг өөрөө хүлээн авсан, өөрийн ажил үүрэгт хамааралгүй ажил үүрэг гүйцэтгэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дах хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

5г. Мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, шинээр нотлох баримт шаардлагатай байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                          

6.Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч **** нь хариуцагч “ххххх” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 59,839,338 төгрөг, эмчилгээний зардал 12,000,000 төгрөг, нийт 71,839,338 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “нөхөн төлбөр төлөх улсын байцаагчийн актыг хариуцагч биелүүлээгүй, эрүүл мэндийн хувьд дахин сэргэхээргүй гэмтсэн, өдөр болгон эмчилгээ, сувилгаа хийж байгаа” гэж тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч үйлвэрлэлийн ослын актаар нөхөн төлбөрт 19,246,446 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, нөхөн төлбөрт 12,100,000 төгрөг төлсөн, эмчилгээний болон бусад зардалд компанийн зүгээс 27,979,355 төгрөг төлсөн” гэх үндэслэлээр маргасан байна.

3. **** нь “ххххх” ХХК-д тэсэлгээний инженерээр ажиллаж байхдаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн  уурхайн тэсрэх материалын агуулахад үйлдвэрлэлийн осолд орж, уг ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар тогтоогдсон үйл баримтыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-7-12/ Иймд энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, ажил олгогч “ххххх” ХХК ажилтан ****д нөхөн төлбөр төлөх үүрэг Хөдөлмөрийн тухай хуулиар үүссэн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3а.Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05-06-017/17 дугаартай актаар ****д олгон нөхөн төлбөрийн хэмжээг 19,246,446 төгрөгөөр тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 20-ны дотор олгохыг “ххххх” ХХК-д хариуцуулсан байна. /хх-7-8/

Хариуцагч тал нэхэмжлэгчид дээрх нөхөн төлбөрийг төлсөн гэж маргаж, шүүхэд нотлох баримтаар гаргасан мөнгөн шилжүүлгийн баримтад “нөхөн төлбөр” гэх утгаар нийт 8,100,000 төгрөг, “эмчилгээний зардал” гэсэн утгаар 11,595,600 төгрөг нэхэмжлэгч ****д тус тус шилжүүлсэн байна. /хх-92-100, 112-124/ Иймд нөхөн төлбөрт 8,100,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

4.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд тухайн ажилтны гэм буруу байсан эсэхээс үл хамаарч түүнд нөхөн төлбөр олгох үүрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дүгээр зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар үүснэ. Мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн ослын ...улмаас хөдөлмөрийн чадвараа ....71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгохоор заажээ.

5.Анхан шатны шүүх, нэхэмжлэгч ****-ын бие, эрүүл мэндийн хувьд нөхөн сэргээгдэхгүй болсон, ажил олгогч хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээг үндэслэн 3 удаагийн буюу 54 сарын цалингийн дундаж хэмжээний нөхөн төлбөрийг 57,739,338 төгрөг /19,246,446 х 3/ гэж дүгнэсэн зөв. Үүнээс хариуцагчийн нөхөн төлбөрт төлсөн дүнг хасч тооцохдоо “7,166,000 төгрөг” гэж тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагч “ххххх” ХХК-аас нөхөн төлбөрт өмнө төлөгдсөн 8,100,000 төгрөгийг хасч 49,639,338 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

6.Хариуцагч тал “...нөхөн төлбөрийг “Наран мандал интерфрайзес” ХХК хамтран хариуцах ёстой” гэх үндэслэлийг давж заалдах гомдолдоо дурджээ. Нэхэмжлэгч **** нь ажил олгогч “ххххх” ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул уг гомдол үндэслэлгүй.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс эмчилгээний зардал 12,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд эмчилгээний зардлын нөхөн төлбөрийн зөрүү ба хохирлын талаар өөрчлөлт оруулах шаардлагагүй. Иргэний хэрэг[D1]  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/02547 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “50,573,338” гэснийг “49,639,338” гэж, 2 дах заалтын “410,817” гэснийг “406,146” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,817 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

                                                                                           Ч.ЦЭНД

 


 [D1]