Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2021/02808

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ю.ф. ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Э,

 

Хариуцагч: Ц.О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, 40,908,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Юнайтед финанс” ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр итгэлцлийн үйлчилгээ, зээл олгох, гадаад валютын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно.

Монгол Улсын иргэн Юншээбүү овгийн Ц.О, Юншээбү овгийн Ц.Э нартай 30,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай нэг сарын 3 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр 2020.11.06-ны өдөр ЗГ720/04/062 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан.

Зээлдэгч нар гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 30 гудамж, 488 тоот хаягт байршилтай 18642312044380 нэгж талбарын дугаартай 495 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-2202005503 дугаартай бүртгэлтэй газар болон уг газарт байрлах 526 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан Барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний дагуу манай ББСБ нь 30,000,000 төгрөгийн зээлийг 2320.11.10-ны өдөр олгож Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй 10 сар шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай ББСБ-ын зүгээс холбогдох шаардлагыг биечлэн уулзах, утсаар холбогдох, бичгээр мэдэгдэл хүргүүлэх зэргээр тавьж ирсэн ч бидний шаардлагыг огт биелүүлээгүй, Зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

Бидний зүгээс 2021.08.19-ний өдөр, 2021,09.02-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус тус зээлээ төлөх болон зээлийн гэрээг цуцлах шаардлагуудыг Зээлдэгч талд хүргүүлсэн ч гэрээний зөрчлөө заасан хугацаанд арилгах талаар арга хэмжээ аваагүй, ямар нэгэн санал санаачилга гаргаагүй.

Тодруулбал 10 сарын хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

Иймээс зээлийг гэрээг цуцалж 30,000,000 төгрөг, үндсэн хүү 9,090,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,818,000 төгрөгийг нийт 40,908,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна.

Хоёр. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасны дагуу Зээлийн гэрээг цуцалсан тул зээл 30,000,000 төгрөг, үндсэн хүү 9,090,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,818,000 төгрөг нийт 40,908,000 төгрөг бөгөөд энэхүү төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.” Мөн хуулийн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнж 30 гудамж, 488 тоот хаягт байршилтай 18642312044380 нэгж талбарын дугаартай 495 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-2202005503 дугаартай бүртгэлтэй газар болон уг газарт байрлах 526 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж 40,908,000 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнж 30 гудамж, 488 тоот хаягт байршилтай 18642312044380 нэгж талбарын дугаартай 495 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-2202005503 дугаартай бүртгэлтэй газар болон уг газарт байрлах 526 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.О миний нэр дээр улсын бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 30 гудамж, 458 тоот хаягт байршилтай, 18642312044380 нэгж талбарын дугаартай, 495 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2202005503 дугаартай газар болон уг газарт барих 526 м.кв талбай бүхий, хувийн орон сууцны зориулалттай Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг  миний ах Ц.Э барьцаалан зээл авсан.

Зээлийн хэмжээ 30 сая төгрөг, 2 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй болно.

Энэхүү үл хөдлөх байранд миний төрсөн ах Ц.Э гэр бүлийн хамт амьдардаг болно. Зээлийг төлөх болно.”  гэжээ.

 

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ц.Э би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Юнайтед Финанс ББСБ”-аас ЗГ/20/04/062 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 0,3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээл авсан болно. Намайг зээл авсан өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нийслэл хотход хатуу хөл хорио тогтоосон билээ. Үүний улмаас орлого тасалдаж, дэлгүүр, цайны газар түрээсээ өгч чадахгүй улмаар нийтийн байрны оюутнууд орон нутагтаа буцаж үйл ажиллагаа доголдсон. Гэхдээ бид нар хатуу хөл хорионы хугацаанд зээлийг зориулалтын дагуу орлогоо  нэмэгдүүлэх зорилгоор 3 давхрын 3 өрөө , мөн 2 давхрын суурьтай дулаан гарааш шинээр барьж, нийтийн байрны өрөөнүүдээ засаж сайжруулсан. Манай аж ахуй бүрэн хүчин чадлаараа ажиллахад түрээсийн орлого сард 5 сая төгрөгийн орлоготой байдаг. Энэ бүтэн жилийн хатуу хөл хорионд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учир зээлийн хүү болон үндсэн төлбөрөө төлж чадаагүй нь үнэн болно. Үнэндээ 2021 оны 10 сараас эхлэн аж ахуйн үйл ажиллагаа маань тогтворжиж, нийтийн байрны оюутнууд ирж, цайны газар болон дэлгүүр хэвийн ажиллаж байна. Юнайтед финанс ББСБ-ын хамт олон энэхүү бүтэн жилийн хүнд нөхцөлийг ойлгож зээлийн хүү болон үндсэн төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсанд маш их баяртай байдгаа.

Надаас шалтгаалаагүй энэ цар тахлын үед зээлийн буцаан төлөлт доголдолтой байсныг харж үзэн Ю.ф.ББСБ-тай хийсэн зээлийн гэрээг минь цаашид үргэлжлүүлэн сунгаж өгнө үү. 2021 оны 12 сарын 01-нээс нэмэгдүүлсэн хүүгийн амт төлбөрийг сар бүр гэрээний дагуу тогтмол төлөх болно. Иймд Ю.ф.ББСБ-ын найрсаг хамт олны итгэлийг алдахгүй сарын төлөлтөө үндсэн төлөлтөөс өндөр дүнгээр төлж байх болно.

Эрхэм шүүгч та Ю.ф.ББСБ-тай хийсэн гэрээг минь сунгаж цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Э, Ц.О нарт холбогдуулан “Зээлийн гэрээг цуцалж, 40,908,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК, хариуцагч Ц.Э, Ц.О нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/20/04/062 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч Ц.Э, Ц.О нар 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 730 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ц.Оийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 30 гудамж, 488  тоотод байршилтай, 526 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Оийн өмчлөлийн Г-2202005503 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 30 гудамж, 488 тоотод байршилтай, нэгж талбарын 18642312044380 дугаар бүхий 495 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/20/04/062 тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/20/04/062 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Иргэний газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 13-14, 15-16, 19, 20 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, бидний зүгээс 2021.08.19-ний өдөр, 2021.09.02-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус тус зээлээ төлөх болон зээлийн гэрээг цуцлах шаардлагуудыг Зээлдэгч талд хүргүүлсэн ч гэрээний зөрчлөө заасан хугацаанд арилгах талаар арга хэмжээ аваагүй, ямар нэгэн санал санаачилга гаргаагүй.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж 40,908,000 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Ц.Э, Ц.О нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...цар тахлын улмаас орлого тасалдаж, дэлгүүр, цайны газар түрээсээ өгч чадахгүй улмаар нийтийн байрны оюутнууд орон нутагтаа буцаж үйл ажиллагаа доголдсон. Манай аж ахуй бүрэн хүчин чадлаараа ажиллахад түрээсийн орлого сард 5 сая төгрөгийн орлоготой байдаг.

Надаас шалтгаалаагүй энэ цар тахлын үед зээлийн буцаан төлөлт доголдолтой байсныг харж үзэн Ю.ф.ББСБ-тай хийсэн зээлийн гэрээг минь цаашид үргэлжлүүлэн сунгаж өгнө үү. 2021 оны 12 сарын 01-нээс нэмэгдүүлсэн хүүгийн амт төлбөрийг сар бүр гэрээний дагуу тогтмол төлөх болно. Иймд Ю.ф.ББСБ-ын найрсаг хамт олны итгэлийг алдахгүй сарын төлөлтөө үндсэн төлөлтөөс өндөр дүнгээр төлж байх болно. Ю.ф.ББСБ-тай хийсэн гэрээг минь сунгаж цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү...” гэж маргажээ.

 

            2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/20/04/062 дугаартай Зээлийн гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн БГ/20/04/062 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр ”Ю.ф.ББСБ” ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Ц.Э, Ц.О нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талууд зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК-иас хариуцагч Ц.Эд шилжсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 17 дугаар тал/

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ “Ю.ф.ББСБ” ХХК биелүүлсэн учир зээлдэгч Ц.Э, Ц.О нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч болох хариуцагч Ц.Э, Ц.О нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлбөр төлөөгүй болох нь дансны хуулгууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигч талууд маргаагүй.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад ... цар тахлын улмаас орлого тасалдаж, надаас шалтгаалаагүй энэ цар тахлын үед зээлийн буцаан төлөлт доголдолтой байсныг харгалзан зээлийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж өгнө үү гэж тайлбарлаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч Ц.Э, Ц.О нар мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 2.6-т зээлдэгч нь үндсэн зээл ба хүүг гэрээний хавсралт заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /хх-ийн 13 дугаар тал/

 

Зээлийн гэрээний зээлдэгч тал нь Ц.Э, Ц.О нар байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусах боловч, хариуцагч Ц.Э, Ц.О нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 5 дугаар зүйлийн 4.3 дахь заалттай нийцжээ.

 

Хариуцагч Ц.Э, Ц.О нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, “Юнайтед финанс ББСБ ХХК нь зээлээ төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэл хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй тул гэрээг цуцалж байгаа болох зохигчдын тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 21, 22 дугаар тал/

Нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК нь гэрээ болон хуульд нийцүүлэн гэрээг өөрөө цуцалж, үүргийг шаардаж байх тул шүүх дахин цуцлах шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ”  ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа зээлийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ныг хүртэл хугацаагаар тооцож гаргасныг хариуцагч нар баримтаар үгүйсгээгүй.

 

Иймд хариуцагч Ц.Э, Ц.О нараас үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 9,090,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,818,000 төгрөг, нийт 40,908,000 төгрөг /хувь тэнцүүлэн/-ийг гаргуулж, нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008954 дугаарт бүртгэгдсэн Ц.Оийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 30 дугаар гудамж, 488 тоот 526 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ц.Оийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2202005503 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 30 гудамж, 488 хаягт байрлах нэгж талбарын 18642312044380 дугаар бүхий 495 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э, Ц.О нараас /хувь тэнцүүлэн/ 40,908,000 /дөчин сая есөн зуун найман мянга/ гаргуулж, ”Ю.ф.ББСБ” ХХК-д олгосугай.

           

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э, Ц.О нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008954 дугаарт бүртгэгдсэн Ц.Оийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 30 дугаар гудамж, 488 тоот 526 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ц.Оийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2202005503 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 30 гудамж, 488 хаягт байрлах нэгж талбарын 18642312044380 дугаар бүхий 495 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э, Ц.О нараас 432,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ю.ф.ББСБ” ХХК-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС