Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00516

 
 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00516

 

 

 

******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/02808 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ****, **** нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн үүрэгт 40,908,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *******ХХК нь ********* нартай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ/20/04/062 дугаартай зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *****ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, **** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн **** нэгж талбарын *** дугаартай *** м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газаруг газарт байрлах улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 526 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдүүлэгчийн хувьд зээлийн мөнгөн хөрөнгө 30,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр*****н дансанд шилжүүлснээр зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл зээлдэгч нар нь одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт үүргээ гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Иймд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 9,090,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,818,000 төгрөг, нийт 40,908,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Мөн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ****** тайлбарын агуулга: Миний өмчлөх эрхэд бүртгэлтэй дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг төрсөн ах ***** нэхэмжлэгч талд барьцаалж, зээл авсан. Зээлийн хэмжээ 30,000,000 төгрөг, 2 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй болно. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгөд төрсөн ах ***** гэр бүлийн хамт амьдардаг, ах зээлийг төлнө гэжээ.

 

3. Хариуцагч ******тайлбарын агуулга*******ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/20/04/062 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 0,3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай авсан.

Зээл авсан өдрөөс 5 хоногийн дараа буюу мөн сарын 11-ний өдрөөс эхлэн дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахалтай холбоотойгоор Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон. Үүний улмаас дэлгүүр, цайны газар, нийтийн байрыг түрээсэлдэг байсан иргэд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болж, оюутнууд ч байрнаас гарснаар манай үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийн хүү болон үндсэн төлбөрөө төлж чадаагүй нь үнэн болно. 2021 оны 10 дугаар сараас эхлэн аж ахуйн үйл ажиллагаа маань тогтворжсон, хэвийн байгаа тул мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлбөрийг сар бүр гэрээний дагуу тогтмол төлөх болно. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үргэлжлүүлж, хугацааг сунгаж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******, ***** нараас /хувь тэнцүүлэн/ 40,908,000 /дөчин сая есөн зуун найман мянга/ гаргуулж, *******ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ****, ***** нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008954 дугаарт бүртгэгдсэн ****** өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, **** тоот 526 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *****ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Д* 488 хаягт байрлах нэгж талбарын *****дугаар бүхий 495 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****, *** нараас 432,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед ***** нь нэхэмжлэгч талтай эвлэрэх боломжоор хангуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 7 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрлийн гэрээний төслийг ***** үзүүлсэн. Энэхүү төслийг *****т танилцуулаад саналыг нь тодруулая гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн. Гэтэл хариуцагч тал шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан ноцтой зөрчилд хамаарах тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгч ******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хариуцагч нарын зүгээс барьцааны зүйлийг эсхүл өөр автомашин худалдан борлуулж төлбөрийн зарим хэсгийг урьдчилан төлөөд үлдэгдлийг тодорхой хугацаа тохироод төлөх тухай эвлэрэн хэлэлцэх саналыг 2 удаа гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Гэвч эдгээр нөхцөл нь бодитойгоор биелэгдэхгүй байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ****, **** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үүрэгт 40,908,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1,2/

 

3.Хариуцагч ****** миний нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг барьцаалж зээл авсан учраас ах зээлийг төлнө гэх үндэслэлээр эс зөвшөөрсөн, хариуцагч ***** хувьд ...цар тахлын улмаас төлбөр төлж чадаагүй, одоо хэвийн төлөх боломжтой, зээлийн гэрээний хугацааг сунгаж, гэрээг үргэлжлүүлж өгнө үү гэсэн тайлбар гаргасан байна. /хх-29,34-35/

 

3.******, *****, ***** нарын байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/20/04/062 дугаартай зээлийн гэрээ, **** ХК-ийн дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний талуудын хэн аль нь үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. /хх 13-16/

 

4.Зээлдүүлэгч нь 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногийн 3 хувийн хүүтэй зээлдүүлэх нөхцөлийн дагуу зээлдэгч *****гийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлжээ. /хх-17/ Зээлдэгч нар гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сар бүрийн 06-ны өдөр зээлийн хүүд 900,000 төгрөг төлөх, мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл зээл, хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн, энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байна. /хх-14/

 

5.Дээрх нотлох баримтыг үндэслэн, хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, үр дүн гараагүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6.Хариуцагч тал зээлийн үүрэгт шаардаж буй мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтын хүрээнд хариуцагч нараас хувь тэнцүүлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,908,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийн заасанд нийцсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсгийг тус тус зөв хэрэглэсэн байна.

 

7.Хэргийн 15-16 дах талд буй 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй, гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.

 

8.Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *****ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ****тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн *****, нэгж талбарын ***** дугаартай 495 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газаруг газарт байрлах Улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэлтэй 526 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн заасантай нийцжээ.

 

9.Хариуцагч нар шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч бөгөөд хариуцагч *****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд мөн сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5 дах хэсэгт заасан ажиллагааг анхан шатны шүүх явуулсан гэж үзнэ. /хх-56/ Хариуцагч тал тухайн өдрийн шүүх хуралдаанд ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэн хэлэлцэх эрхтэй тул анхан шатны шүүх зохигчдод эвлэрэх боломж олгоогүй буюу эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/02808 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД