| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2021/00586/И |
| Дугаар | 156/шш2022/00009 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 156/шш2022/00009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00586/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах, Х банк ХХК-ийн Хэнтий салбар /
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр багт оршин суух Б.Г
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14.853.74840 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч Б.Г-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай Х ХХК-ийн Хэнтий салбарт холбогдох 4030цалин барьцаалсан зээлийн гэрээнд Б.Г-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А /онлайнаар/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагч: Б.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн Хэнтий салбарын захирал Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Б, Б.Г нар нь Х банкны Биндэр тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 4030дугаартай зээлийн гэрээ байгуулан 19.973.226 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8% хүүтэй, 60 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд 4 ханатай гэр 1 ширхэг, 32 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг зэргийг тус тус барьцаалсан. Т.Б, Б.Г нар нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6.149.09119 төгрөг, зээлийн хүүд 7.099.92845 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6.1.1-д заасан зээлийг буцаан дуудах хэсгийг үндэслэн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээг цуцалж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр 14 853 748,40 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: ...Иргэн Т.Б, Б.Г нар нь Х банк ХХК-ийн Биндэр тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-201844184030 тоот зээлийн гэрээ байгуулан 19,973,226 цалингийн зээлийг жилийн 16.8%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалттайгаар, зээлийн барьцаанд 4-н ханатай гэр, 32 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, шарх шүүгээ 1 ширхэг зэргийг барьцаалан зээл авсан. Зээл авснаас хойш 2021 оны 11 дүгээр сарын 17-ны байдлаар үндсэн зээл 6,149,091, зээлийн хүү 799,928 төгрөг төлсөн. Зээлийн хуваарийн дагуу зээл төлөх ёстой байснаас 139 хоног хугацаа хэтрүүлсэн учраас зээлийн гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,853,748 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... Гэр бүлийн хүн нас барж зээл төлөх хугацаа хэтрүүлсэн гэж хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Гийг гэрээний үүрэг хариуцлагаас чөлөөлөх боломжгүй. Энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй. Зээлийн гэрээнд заагдсанаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээх учраас зээлийн төлбөрийг төлөх ёстой гэсэн байр суурьтай байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Миний нөхөр Т.Б 2021 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж амиа алдаж бидэнд нөхөж баршгүй гэнэтийн зүйл тохиолдож, 2-10 настай хүүхдүүдийн хамтаар өнчирч хоцорсон. Миний талийгаач нөхөр амьд ахуйдаа Хэнтий аймгийн Цагдаагийн газарт жолоочоор ажилладаг байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын тооцооны төвөөс цалингийн зээл авсан байсан. Энэхүү авсан цалингийн зээлүүдээ эчнээгээр сурч байсан дээд сургуулийн төлбөртөө өгч байсан. Миний нөхрийн банктай байгуулсан 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар ...цалингийн зээл зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл MNT бүтээгдэхүүн болно. Цалингийн зээлийн хувьд банкны гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасан хувиарыг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр төлбөрийг суутган авахаар тус тус тохиролцож гэрээ байгуулсан байна. Тухайн зээл нь манай нөхрийн цагдаагийн байгууллагад ажиллаад авах цалингаа барьцаалж, цалингаасаа суутгал хийлгүүлэн төлөх тухай зээл бөгөөд миний нөхөр одоо нас барчихсан тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Одоо түүний нэр дээрх банктай гэрээгээр тохиролцсон цалингаас зээл төлөх үүрэг нэгэнт биелэгдэхээ больсон юм. Миний бие 2 нас, 7 нас, 10 настай 3 хүүхдийн хамтаар үлдсэн бөгөөд урьд хүүхдүүдээ хараад ажил хөдөлмөр эрхлэх боломж олдоогүй, одоогоор ч мөн ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа тул цалин орлого байхгүй болно.
Дээрх үндэслэлээр миний бие уг зээлийг төлөх тухай танай банкны шаардлагаас татгалзаж байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан... тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэсний дагуу миний талийгаач нөхрийн тус банктай байгуулсан 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн үлдэгдэл төлбөрийг банкны эрсдэлийн сангаас хариуцан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ....Миний нөхрийн банктай байгуулсан 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар ...цалингийн зээл зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл MNT бүтээгдэхүүн болно. Цалингийн зээлийн хувьд банкны гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасан хувиарыг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр төлбөрийг суутган авахаар тус тус тохиролцож гэрээ байгуулсан байна. Тухайн зээл нь манай нөхрийн цагдаагийн байгууллагад ажиллаад авах цалингаа барьцаалж, цалингаасаа суутгал хийлгүүлэн төлөх тухай зээл бөгөөд миний нөхөр одоо нас барчихсан тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Одоо түүний нэр дээрх банктай гэрээгээр тохиролцсон цалингаас зээл төлөх үүрэг нэгэнт биелэгдэхээ больсон юм. Энэхүү гэрээ нь цалин барьцаалсан гэрээ байхад намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хууль бус гэж үзэж байна. Миний бие 2 нас, 7 нас, 10 настай 3 хүүхдийн хамтаар үлдсэн бөгөөд урьд хүүхдүүдээ хараад ажил хөдөлмөр эрхлэх боломж олдоогүй, одоогоор ч мөн ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа тул цалин орлого байхгүй болно. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан... тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж хуульчилсан. Иймд миний талийгаач нөхрийн банктай байгуулсан 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030дугаартай цалингийн зээлийн гэрээнд намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэл гэж харахгүй, хариуцагчийн хариу тайлбар гэж үзэж байгаа. Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, бусад хууль, тогтоомжид нийцсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ., Зээлийн гэрээний 5.1.7-д Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж дурдсан байна. Иймээс зээлийн гэрээ болон
Иргэний хуульд зааснаар тухайн зээлийн гэрээнд Б.Г хамтран үүрэг гүйцэтгэгч болж байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж заасныг үндэслэн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч тайлбарлаж байгаа. Энэ үндэслэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчгүй тохиолдолд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.Г нь хамтран үүрэг хүлээж гэрээний нэг тал болсон байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үндэслэл хамаарахгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. гэж зааснаар үндсэн зээлдэгчийн эрх, үүрэг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Гт шилжсэн гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн хууль зүйн дүгнэлтдээ: Уг 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030дугаартай цалингийн зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2-д зааснаар цалингийн зээл нь Т.Б-ын цалингаас зээлийн данс руу зээл татдаг гол нөхцөлтэй. Тухайн зээл нь Т.Б-ын хувийн байдалтай салшгүй холбоотой учраас гэрээ цааш үргэлжлэх боломжгүй. Х банк ХХК-ийн зүгээс гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй, гэрээний гол нөхцөлийг ойлгоогүй, үнийн дүнг нь мэдээгүй хүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулаад гарын үсэг зурсан учраас гэрээг ойлгож, зөвшөөрсөн, хүсэл зориг нь илэрхийлэгдсэн гэж ярьж байна. Манай талаас хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчтэй адил үүрэг хүлээх гэрээ биш, үндсэн зээлдэгчийн хувийн байдалтай /цалин, ажил хөдөлмөр/ салшгүй холбоотой гэрээ байна гэж маргаж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар үндсэн зээлдэгч үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдал буюу гэнэтийн нөхцөл байдлын улмаас талийгаач нас барсан. Нас барсан тохиолдолд хэрхэх талаар гэрээнд нарийвчлан зохицуулаагүй байсан учраас энэ талаар судалж үзсэн. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-д зааснаар нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж тодорхой заасан байдаг. Тэгээд хамтран үүрэг гүйцэтгэгчийн харилцаа үргэлжилнэ гэсэн заалт зээлийн гэрээнд тусгаагүй. Х банк ХХК-ийн зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэж нэхэмжлэл гаргасан учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах гэж заасны дагуу хуулийн хүрээнд гэж заасныг судалж үзээд энэ төрлийн цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж байх ёсгүй юм. Хэрвээ талийгаач, Б.Г хоёр адил цалин авч, хамт цалингаасаа үүрэг хүлээдэг байсан бол гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжтой. Харин энэ гэрээнд Б.Г хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заалт нь хууль ёсоор хамтран үүрэг гүйцэтгэгч болсны дараа хэрэглэх заалт болохоос Б.Гээс гэрээний төлбөрийг шаардах эрх бүхий заалт биш юм. Ийм учраас Б.Г-т шаардах эрх үүсэхгүй
байгаа гэсэн үндэслэлээр гэж маргаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Б.Г-ийн гарын үсэг зурсан гэсэн зээлийн гэрээ 2,900,000 төгрөгийн зээлийн гэрээ юм. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага 14,853,748 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэрээ нь 2,900,000 төгрөгийн гэрээ. Бусад төлбөрийг нотолсон зүйл байхгүй. Б.Г зөрүү 12,000,000 гаруй төгрөгийн зээлд хамтран үүрэг хүлээх хүн мөн эсэх нь эргэлзээтэй. Манай талаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч байх хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зээлийн гэрээнд Б.Г-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цалингийн зээлтэй холбогдуулан талууд маргаж байгаа. Энэ зээлийн гэрээг судалж үзэхээр зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2-д зааснаар цалингийн зээлийн нь Т.Б-ын цалингаас зээлийн данс руу зээл татдаг гол нөхцөлтэй. Тухайн зээл нь Т.Б-ын хувийн байдалтай салшгүй холбоотой учраас гэрээ цааш үргэлжлэх боломжгүй. Х банк ХХК-ийн зүгээс гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй, гэрээний гол нөхцөлийг ойлгоогүй, үнийн дүнг нь мэдээгүй хүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулаад гарын үсэг зурсан учраас гэрээг ойлгож, зөвшөөрсөн, хүсэлт зориг нь илэрхийлэгдсэн гэж ярьж байна... гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Хэнтий салбараас иргэн Б.Г-т холбогдуулан 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14.853.74840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Г нь Х банк ХХК-ийн Хэнтий салбарт холбогдуулан 4030дугааратай цалин барьцаалсан зээлийн гэрээнд Б.Г-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Х банк ХХК -ийн захирал Р.М-аас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус банкны Хууль, эрх зүйн газрын захирал Э.Х-т банкийг төлөөлөх, ..уг эрхийг бусад этгээдэд дамжуулан шилжүүлэх эрхийг олгосны дагуу Э.Х-аас Х банкны Хэнтий салбарын захирал Б.А-д 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 29/80 дугаартай (хх-н 4 тал), 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 29/12285 дугаартай (хх-н 74 тал) итгэмжлэлийг олгож, Б.А нь Х банк ХХК-ийн Хэнтий салбарыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Х банк ХХК-ийн Хэнтий салбарын захирал Б.А-аас ...Б.Г-т холбогдох иргэний хэргийн маргаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хяналтын мэргэжилтэн Д.Г (хх-н 05 тал), зээлийн багц хариуцсан менежер Д.Б нарт олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын мэргэжилтэн Д.Г шүүх хуралдаанд ирээгүй тул зээлийн багц хариуцсан менежер Д.-ийг оролцуулснаас гадна, Х банкны Хууль, эрх зүйн газрын захирал Э.Х-аас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хууль, эрх зүйн газрын хуулийн зөвлөх ажилтай Ц.А-т Х банк ХХК-ийн төлөөлөн бүх хэрэгт оролцох
итгэмжлэлийг олгосон байх тул түүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулсан болно.
Шүүхээс Х банк ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг. Хариуцагч Б.Г-т холбогдох 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14.853.74840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Хэнтий салбар, иргэн Т.Б, Б.Г нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 4030тоот (цалингийн) зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 19.973.226 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдэгч Т.Б 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, харин хариуцагч Б.Г нь ...уг зээлийн гэрээний үндсэн зээлдэгч би биш, зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2-т зааснаар цалингийн зээлийн зориулалтаар ашиглана, манай нөхөр нас барсан, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, энэ нь цалингаасаа суутгал хийлгүүлэн төлөх зээл, цалингаас зээл төлөх үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 21-ний өдөр 4030тоот зээлийн гэрээний 2.1.1-2.1.3-т зааснаар цалингийн зээлийн зориулалтаар зээлдэгч Т.Б-ын өмнөх зээлийн үлдэгдэл 17.373.22594 төгрөг дээр 2.600.000 төгрөгийг нэмж нийт 19.973.226 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, шинээр зээлийн гэрээний харилцаа үүссэн харилцаанд Б.Г хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд нэмж олгосон 2.600.000 төгрөгийг нэхэмжлэгч талаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т.Б, Б.Г нарын эзэмшлийн Х банкны ..........2638 дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, (хх-ийн 17 тал ) зээлдэгч гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй хэмээн үндсэн зээлийн төлбөр 13.824.13475 төгрөг, зээлийн хүү 1.029.61364 төгрөг, нийт 14.853.74840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Зээлдэгч Т.Б нь дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг Короновирус цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан уг гэрээнд зээлдэгчээр Т.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Г гарын үсэг зуржээ. (хх-н 12-13 тал)
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,
гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Х банк ХХК-ийн Хэнтий салбар нь шаардах эрхийнхээ дагуу зээл, зээлийн хүүг гэрээний үүргийн дагуу шаардсан байна.
Хариуцагч Б.Г болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа ...зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан хэдий ч уг зээлийг авч хэрэглээгүй, өмнөх зээл 17.373.225 төгрөг дээр нэмж 2.600.000 төгрөгийн зээл авснаар нийт 19.973.226 төгрөг болсон, уг зээлийг манай нөхөр сургалтын төлбөртөө зориулсан, ..өмнөх зээлийг би хэрэглээгүй ...уг цалингийн зээл хувь хүний салшгүй эрх болох хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зээл, манай нөхөр нас барснаар уг гэрээний үүрэг дуусгавар болсон хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийг гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах ба хамтран үүрэг гүйцэтгэгч гэснийг зээлийн гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгохоос гадна талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.1.7-д Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж заасан байх тул зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж заасан, цалингийн зээл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой, уг хүн нас барж цалингийн авахгүй болсноор уг гэрээ хэрэгжих боломжгүй хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч Зээлийн гэрээний 4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж (энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад) үүрэг хүлээнэ, 5.1.7-д банк зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлтэй, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нь сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр уг гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх тул хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй байна.
Хариуцагч шүүх хуралдаанд ...зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа ийм их мөнгө авч байгааг мэдээгүй, зээлийн гэрээнд зааснаар 17.373.225 төгрөг нь өмнөх
зээлийн төлбөр хэмээн тайлбарласан ба зээлийн гэрээний 2.1.1, 2.1.2-т зээлийн үлдэгдэл болон олгох зээлийн хэмжээг бичсэн, зээлдэгч Т.Б нь өмнө нь цалингийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж зээл авч нийт зээлийн дүн 19.973.226 төгрөг болсон гэж тайлбарласан ба шүүх өмнөх зээлийн гэрээний төлбөртэй холбоотой асуудлаар, хэргийн үйл баримтад хамааралгүй, нотлох баримтаар хэрэгт авагдаагүй зээлийн гэрээний харилцаанд дүгнэлт хийх боломжгүйгээс гадна хариуцагч тал уг гэрээний төлбөртэй холбогдуулан зээлийн гэрээнд гарын үсэг зурах үедээ татгалзах эрх нээлттэй байсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхэд хүсэлт гаргаж өмнөх зээлийн гэрээг нотлох баримтаар гаргуулах, 17.373.225 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт үүрэг гүйцэтгэхгүй талаар маргах боломжтой байсан боловч маргаагүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.
Мөн хариуцагч Б.Г нь Т.Б-ын өмнөх зээлийн үлдэгдэл зээл дээр нь нэмж 2.600.000 төгрөг авсан нийт 19.973.226 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй гэх боловч шинээр зээлийн гэрээ байгуулж байгааг ойлгосон, 19.973.226 төгрөгийн уг зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь түүнийг зөвхөн нэмж авсан 2.600.000 төгрөгийн зээлийн гэрээнд үүрэг хүлээнэ гэж үзэх үндэслэлгүй юм.
Хариуцагч тал гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүгийн хувь хэмжээ, бодолт дээр маргаан гараагүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Б.Г нь хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, зээлийн гэрээний 4.3, 5.1.7, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Б.Г-ээс үндсэн зээл 13.824.13475 төгрөг, зээлийн хүү 1.029.61364 төгрөг, нийт 14.853.74840 төгрөгийг гаргуулан Х банк ХХК-ийн Хэнтий салбарт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Хариуцагч Б.Г нь Х банк ХХК-ийн Хэнтий салбарт хандан уг зээлийг зээлийн эрсдэлийн сангаас хариуцуулах хүсэлтийг гаргаж байсан байх (хх-н 45 тал) ба хүсэлтийг салбарын эрсдэлийн хороогоор хэлэлцэн зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Гээр төлүүлэх шийдвэр гаргаж байсан болох нь Х банк ХХК-ийн Хэнтий салбарын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/860 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний зөрчлийг арилгуулах талаар хариуцагчид урьдчилж мэдэгдэж байсан боловч дээрх зөрчил арилаагүй байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар Х банк ХХК-ийн Хэнтий салбараас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан №4030тоот зээлийн гэрээг цуцлахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Ковид-19 цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд орсон болохоо илэрхийлсэн үүнтэй холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас хүлээн
авч, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан хэдий ч хариуцагч талаас зээлийг эргэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тухай гэрээнээс татгалзах талаар хуульд зохицуулсан ба Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухай харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төстэй харилцааг зохицуулсан хуулийг хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан банкны зээлтэй холбоотой үүссэн гэрээний харилцааг хугацаанаас нь өмнө цуцлахад хуулийн дээрх зохицуулалт хамааралтай байна.
Нөгөөтэйгүүр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1.1-д зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг цуцлах үндэслэл болохыг талууд зөвшөөрөн гарын үсэг зурсан, хариуцагч тал зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаар уг гэрээ цаашид үргэлжлэн хэрэгжих боломжгүй буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заасан гэрээнээс татгалзаж байгаа нь гэрээг цуцлах үр дагаварыг агуулж байгаа болно.
Хариуцагч Б.Г нь 3 бага насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй тул зээлийг төлөх боломжгүй хэмээн шүүхийн мэтгэлцээнд өөрийн байр суурийг илэрхийлж байсан хэдий ч энэ нь нэхэмжлэгч талаас гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэхэд саад болох нөхцөл байдал биш тул 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Гурав. Хариуцагч Б.Г-ийн гаргасан миний талийгаач нөхрийн банктай байгуулсан 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030дугаартай цалингийн зээлийн гэрээнд намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч тал 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030 дугаартай цалингийн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Г-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030 дугаартай цалингийн зээлийн гэрээнд намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдож байх тул шүүх хүлээн авсан болно.
Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ..тухайн зээл нь манай нөхөр цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа авсан цалингийн зээл юм, миний нөхөр одоо нас барчихсан, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, гэрээгээр тохиролцсон цалингаас зээл төлөх үүрэг нэгэнт дуусгавар болсон. Энэхүү гэрээ нь цалин барьцаалсан зээлийн гэрээ байхад намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хууль бус гэж үзэж байна. гэж ,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үндэслэлийг тайлбарлахдаа ...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах гэж заасны дагуу хуулийн хүрээнд гэж заасныг судалж үзээд энэ төрлийн цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж байх ёсгүй юм. Хэрвээ талийгаач, Б.Г хоёр адил цалин авч, хамт цалингаасаа үүрэг хүлээдэг байсан бол гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжтой. зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч байх хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зээлийн гэрээнд Б.Гийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг.
Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, бусад хууль, тогтоомжид нийцсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.Г нь хамтран үүрэг хүлээж гэрээний нэг тал болсон байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үндэслэл хамаарахгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. гэж зааснаар үндсэн зээлдэгчийн эрх, үүрэг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г-т шилжсэн гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж талууд маргаж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын цалингийн зээл авах хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, зээлийн гэрээ байгуулснаар банк, иргэний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч тал хүсэл зоригоо илэрхийлэн зээлдэгч Т.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нар зээл авах тухай хүсэлтээ гаргаж (хх-ийн 51 хуудас), нэхэмжлэгч талаас зээлийг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд иргэний эрх, үүргийг үүсэх хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу зохигчид 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 4030 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Б.Г нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь цалин барьцаалсан гэрээ, цалингаа барьцаалсан хүн нас барсан, уг гэрээ хувь хүний хөдөлмөрлөх эрхтэй салшгүй холбоотой тул гэрээний харилцаа дуусгавар болсон, цалин барьцаалсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Гийг оролцуулсан нь хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн хэмээн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан хэдий ч Иргэний хуульд зааснаар 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх ойлголт нь аливаа хэлцэл хийхийг хуулиар хориглосон, хуулийн хориглох хэм
хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх[[1]] бөгөөд хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзвэл уг гэрээнд хариуцагч болон түүний гэр бүлийн хүн болох Б.Г бусдын дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурсан, зээлийг нөхөр сургалтын хэрэгцээндээ зарцуулах гэж авсан гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй, зээлдэгч өмнөх зээлийг авч машин авсан хэмээн зээлийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх хариуцагчийн тайлбарласан, уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцоход шүүх цалингийн зээлэнд хариуцагчийг хамтран зээлдэгчээр гэр бүлийн хүнийг оролцуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030 цалингийн зээлийн гэрээнд Т.Б-той хариуцагч Б.Г-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсан хууль зөрчсөн, түүний хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний үр дагаврыг ойлгон гарын үсэг гэрээнд зурсныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232.218 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4030 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 14.853.74840 төгрөгийг гаргуулан Х банк ХХК-ийн Хэнтий салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Б.Г-ийн гаргасан 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 4030 дугаартай цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232.218 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн
хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА
[[1]] Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол