Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0445/З |
Дугаар | 128/шш2022/0621 |
Огноо | 2022-08-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 128/шш2022/0621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ХХК,
Хариуцагч: А******* кадастрын хэлтэс,
М******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгуулахаар маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, түүний өмгөөлөгч Д.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. М******* ХХК-ийн Д******* аймгийн Г******* сумын нутагт орших XV-*******тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
2.1 М*******-ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.
2.2 М******* ХХК нь Дорнод аймгийн Гурван загал сумын нутаг дэвсгэрт орших, Чулуут нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 3 жилийн хугацаатай буюу 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл олгосон талаар;
2.3.М ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны дотор буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 22/01, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаар албан бичгээр тус тус сунгуулах өргөдлөө гаргасан талаар;
2.4.Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр хариу өгсөн талаар;
2.5. Хуульд заасан хугацаанд багтаан өргөдлөө гаргаагүй шалтгаанаа компанийн удирдлага, хөрөнгө оруулагч ******* нь Ковид-19 цар тахлын улмаас Хятад улсад хөл хорионд орсон байсан гэдгээ нотлох баримтаар гаргасан талаар;
2.6.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр болон амаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: М******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Tsнь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхээр БНХАУ руу явсан боловч Ковид-19 вирусээр өвдөж, тусгаарлалтад орсон ба өнөөдрийг хүртэл Монгол Улсад буцаж ирж чадаагүй байна. Энэ бүгд нь гадаад паспортын хуулбар болон эмнэлгийн бичгээр нотлогдох болно.
Иймд Дорнод аймгийн Гурванзагал сумын Чулуут нэртэй газарт орших ******* гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус гэсэн үйл баримтуудыг тайлбарласан.
2.7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар авсан бөгөөд 2022 оны 04 дүгээр 09-ний өдөр дуусахаар байсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн хугацаанд манай талаас өргөдөл гаргаж, хугацаагаа сунгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* дугаартай хүсэлт, мөн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоот албан бичгээр Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах албан бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 01 сарын өмнө сунгуулах өргөдлөө өгөх ёстой байсан, иймд хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ******* дугаартай албан бичгээр дээд шатны байгууллагад хүсэлт гаргасан боловч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/2488 албан бичгээр мөн адил нэг сарын өмнө өргөдлөө өгөх байсан гэсэн хариу ирүүлсэн учраас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоолгож, хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Хоёрдугаарт, М******* ХХК-ийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Tsнь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалтын асуудлаар Хятад улс руу явсан ба корона вирусийн халдвар авч, тэндээ тусгаарлалтад ороод одоог хүртэл Монголд ирээгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан.
Ашигт малтмалын газар зөвхөн 01 сарын өмнө хандах ёстой байсан гэсэн шалтгаанаар хугацааг сунгахгүй байгаа болон мөн бид 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр материалаа өгөхөд ганцхан өргөдлийг хүлээж аваад бусад материалыг буцаасан гэв.
2.8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани энэхүү тусгай зөвшөөрлийг авсан хугацаандаа ямар нэгэн хугацаа хэтрүүлэх зэрэг асуудал гаргалгүй, зохион байгуулалтын ихэд хариуцлагатай ажилласан. Яагаад хугацаандаа хүсэлтээ гаргаж чадаагүй талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Бидэнд илэрхий байгаа нэг нотлох баримт нь БНХАУ-д хилийн хориг тавигдсан бөгөөд зарим хотод хөдөлгөөн хязгаарласан байсан. Энэхүү хязгаарлалтад манай үйлчлүүлэгч орсон. Ямар эмнэлэгт тусгаарлагдсан, хэд хоног хөл хорьсон, байршил зэрэг бүх нарийн мэдээллүүдийг хэрэгт хавсаргасан байгаа. Ашигт малтмалын газрын зүгээс хугацаа хэтрүүлсэн бол бид шийдвэрлэх боломжгүй гэж үзэн сонсох ажиллагаа явуулаагүй.
Энэ нь өөрөө захиргааны байгууллагын эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй байна. Мөн Ашигт малтмалын газар зөвхөн хүсэлтийг авсан бөгөөд бусад материалыг аваагүй ба Захиргааны ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн бол захиргааны байгууллага дахин шийдвэрлэх боломжтой байтал энэ талаар огт дурдаагүй. Мөн 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн асуудал дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримталбал 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө эсхүл 2022 оны 03 дугаар сарын 09-ний хүсэлт гаргаж болно гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Гэвч хуульд 30 хоногийн өмнө хүсэлт гаргах тухай заалт байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хожимдсон гэсэн асуудал дээр л маргаж байгаа. Яагаад хугацаагаа хэтрүүлсэн талаар огт асуугаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэв.
2.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: М******* ХХК нь 2019 оны 4 дүгээр сард Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын *** дугаартай шийдвэрээр сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл авсан учир Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон. Тухайн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг ... 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр дуустал олгоно гэсэн тухайн үеийн кадастрын хэлтсийн дарга н.Д*******-ийн гарын үсэгтэй тусгай зөвшөөрөл байдаг.
Хариуцагчийн зүгээс хуулийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ өгөх ёстой байсан. Иймд өргөдлийг нь хүлээж авах боломжгүй гэж үзэн буцаасан ба хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл хуульд заасан нөхцөл шаардлагаа хангасан үед л 3 жилийн хугацаатайгаар 3 удаа сунгах боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлсэн байх шаардлагатай бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-т ...энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд... гэж заасан байдаг. Түүнчлэн хуульд тусгайлан 01 сарын өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргах ёстой гэж заасан байдаг. Тухайн компани нь ... манай компанийн гүйцэтгэх захирал Ковид-19 вирусээр өвдсөн учир үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж авч үзнэ үү гэсэн хүсэлт гаргасан ба Ковидын тухай хуульд тусгайлан заасан хүндэтгэн үзэх шалтгаатай бол хугацааг сунгана гэсэн зохицуулалт байдаггүй. Ийм учраас манай байгууллагын шийдвэрийг хууль бус гэж маргах үндэслэлгүй юм гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны үйл баримтад:
1.1.Энэ хэргийн маргааны үйл баримтаар нэхэмжлэгч М******* ХХК нь эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгаа Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл-ийг хэлэлцсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч М******* ХХК нь Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн шийдвэрээр, Ашигт малтмалын тухай хуульд заасан төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр Дорнод аймгийн Гурван загал сумын нутаг дэвсгэрт орших, Чулуут нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрөл авч, ******* гектар талбайд хайгуулын ажил явуулах эрх үүссэн болох нь уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /ХХ-н 14-15 дахь тал/-гээр тогтоогдож байна.
2.2.М******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөр дуусгавар болохоор уг тусгай зөвшөөрөлд тусгасан /ХХ-н 14 дэх тал/ байна.
2.3.М*******ХХК нь анх 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ /ХХ-н 17 дахь тал/ гаргаж, дахин 04 дүгээр сарын 08-ны өдөр /ХХ-н 18 дахь тал/ хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй гэсэн үндэслэлээр өргөдлийг бүртгэхээс татгалзсан хариуг өгчээ /ХХ-н 31 дэх тал/. МХХК дахин 04 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлт гаргасан байжээ.
2.4.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ... гэж заажээ.
2.5.Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч М*******ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан журмын дагуу 1 сарын өмнө гаргах ёстой боловч гараагүй байх ба ийнхүү хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй шалтгаанаа компанийн удирдлага, хөрөнгө оруулагч ******* нь Ковид-19 цар тахлын улмаас Хятад улсад хөл хорионд орсон байсан гэж тайлбарлаж, үүнийгээ нотлох баримтыг гаргасан ирүүлсэн байна.
2.6. М*******ХХК-ийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулахаар өргөдөл, түүнд хавсаргах шаардлагатай баримтуудыг хавсаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэг, мэдээлэл лавлагааны ажилтан өргөдлөөс бусад баримтыг хүлээн аваагүй, энэ нь өргөдлийг шийдвэрлэхээс татгалзана гэдэг нь тодорхой байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаж байна.
2.7.Хариуцагчаас М*******ХХК-ийн өргөдөл гаргах хугацаа хэтэрсэн болохоор манай мэдээлэл лавлагааны ажилтан нь өргөдлөөс бусад баримтыг авахгүй байх нь зөв гэж хариу тайлбар гаргаж маргаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг үнэн буюу нэхэмжлэгч тусгай зөвшөөрлөө сунгуулахаар өргөдөлдөө түүнд хавсаргах шаардлагатай баримтуудыг хавсаргаж өгсөн бөгөөд хариуцагч өргөдлийг нь хүлээн авч хянаагүй болох нь тогтоогдсон гэж үзлээ.
2.8.Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэснийг хариуцагч талаас няцаагүй тул нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй болно.
2.9.М******* ХХК нь 2020-2022 оны хугацаанд хайгуулын ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын тайлан, зардлын доод хэмжээг баталгаажуулан, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж хуульд заасан үүргээ зөрчөөгүй болох нь хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ******* дугаар албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож /ХХ-н 64 дэх тал/ байна.
2.10. М*******ХХК-ийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг гаргах үед уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө гаргах хугацааг тогтоосон заалт байна.
3.2.Нэхэмжлэгч энэ хуулийн хугацааг баримтлаагүй байх боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж анхан шатны шүүхээс үзсэн үндэслэлээ энэ шийдвэрийн 3.18-3.24 дэх хэсгүүдээр дүгнэлтүүдийг хийсэн байгаа.
3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл нь Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах-ад баримтлах үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулсан 4 заалт бүхий журамласан зохицуулалт байгаа бөгөөд энэ 22 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах, өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна.
3.4.Энэ тохиолдолд байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно гэдэг эрх зүйн зарчим үйлчилнэ.
3.5.Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэжээ.
3.6.Хуулийн энэ заалтаас үзвэл хариуцагч нь М*******ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдлийг ажлын 10 хоногт багтааж буюу 04 дүгээр 19-ний өдрийн дотор багтааж шийдвэрлэх ёстой байсан боловч уг хугацаанд багтаан өгөөгүй болох нь тус байгууллагын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр /ХХ-н 20 дахь тал/ нотлогдож байна.
3.7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгийг хуульд заасан хугацаанд өгсөн байгаа боловч, М*******ХХК-ийн 04 дүгээр сарын 05-ны өргөдлийн хариуг сүүлийн өргөдлийн хугацаанд багтаан олгосныг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3.8.Эндээс дүгнэвэл төрийн захиргааны байгууллага нь өөрөө М*******ХХК-ийн 04 дүгээр сарын 05-ны өргөдлийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн атлаа, тус компанийн өргөдөл гаргах хугацааг хугацаа хэтэрсэн гэж шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь шударга ёсны зарчим тэгш байдлын зарчим-д нийцэхгүй байна.
3.9.Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ийм үйлдлийг манайх хуульд заасан хугацааг баримтлахгүй байж болно, иргэн, аж ахуйн нэгж уг хугацааг заавал баримтлах ёстой гэсэн хандлага гаргасан нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн.
3.10.Хариуцагч тал сонсох ажиллагаа хийх шаардлагагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхгүй, Ашигт малтмалын хуулийг хэрэглэнэ гэх агуулгатай тайлбар нь хууль бус байна.
3.11.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино гэж заасан.
3.12.Монгол Улсад батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аливаа хуулийг энэ улсын нутаг дэвсгэр дээр байгаа хэн боловч заавал дагаж мөрдөх ёстой ба үүний дотор Монгол Улсын төрийн захиргааны бүх шатны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг заавал мөрдөх үүрэгтэй.
3.13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заасан.
3.14.Иймд ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь аливаа этгээд рүү чиглэсэн, ялангуяа сөрөг үйлчлэлтэй захиргааны акт гаргах нөхцөлд заавал уг этгээдийг сонсох ажиллагаа явуулах ёстой. Энэ бол хууль юм.
3.15.Ийнхүү сонсох ажиллагаа явуулаагүй гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэл болно.
3.16.Мөн түүнчлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн өргөдөлд, түүнд хавсаргасан баримтыг өргөдөл гаргах хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр тухайн байгууллагын бичиг хэргийн болон мэдээлэл лавлагааны ажилтан нь хүлээн авахаас татгалзах эрх түүнд хуулиар олгоогүй тул ийнхүү уг ажилтан хүлээн авдаггүй үйлдэл нь илт хууль бус юм.
3.17.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар өргөдлийг хүлээн авч сунгах эсэхийг шийдвэрлэх этгээдийг төрийн захиргааны байгууллага гэсэн байгаа тул энэ нь байгууллагын дарга л аливаа этгээдээс гаргасан өргөдөл, түүнд туссан асуудал, хавсаргасан баримтуудын талаар дүгнэлт хийх энэ шийдвэрийг гаргах эрхтэй болоод үүрэгтэй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хугацаа хэтэрсэн өргөдөлд хавсаргасан баримтыг нэг цэгийн үйлчилгээнд дээр мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авахгүй байх нь зөв гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн үйлдэл гэж үзлээ.
3.18.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас өргөдлийг хугацаандаа гаргаж чадахгүй байсан шалтгаанаа Ковид-19 цар тахлын улмаас тус компанийн гүйцэтгэх удирдлагыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад гэрийн хөл хорионд орсонтой холбож тайлбарлан, үүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргасан байх тул шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.
3.19.Учир нь Ковид-19 цар тахлын улмаас улс орнууд улсынхаа хилээр иргэдийг нэвтрэхийг хориглосон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгч талаас тус компанийн гүйцэтгэх удирдлага *******-ийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 18-ний өдрийн хооронд гэрийн хөл хорио бусад хорионд байсан болох нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Эрүүл мэндийн төвийн Төвлөрүүлсэн тусгаарлалтаас чөлөөлөх тухай /ХХ-н 27 дахь тал/, Хөх хотын Улаанцав зүүн замын Эрүүл мэндийн үйлчилгээний төвийн Шинэ корона вирусийн халдвар уушгины хатгалгаагаар хот, муж, аймаг, суманд ирж буй дуудлага, ойрын холбоо барих хүмүүсийг /гэрт/ тусгаарлах байгууллагын тодорхойлолт, Гэрийн тусгаарлалтаас чөлөөлөх тухай бичиг /ХХ-н 27-29 дэх тал/-ээр нотлогдохын хамт 2019 оны 12 сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2-******* дугаар албан бичгээр гаргасан лавлагаагаар /ХХ-н 90-91 дэх тал/ тогтоогдож байна.
3.20.Энэ үйл баримтыг шүүх давагдашгүй хүчин зүйлийн улмаас төрийн захиргааны байгууллагад хандах, өргөдлөө гаргах, өргөдөлд хавсаргах баримтыг бүрдүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл мөн гэж үзнэ.
3.21.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг.
3.22.Иргэний хууль нь эдийн болон эдийн бус эд хөрөнгийн харилцаанд дагаж мөрдөх нийгмийн суурь зохицуулалттай хууль юм.
3.23.Иймд М*******ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хугацааг сунгах, энэхүү эрхээ хадгалах, эрхийг сэргээхэд Иргэний хуулийн энэ зохицуулалтыг хариуцагч төрийн захиргааны байгууллагаас харгалзан үзэх ёстой байсан гэж анхан шатны шүүх үзсэн болно.
3.24.Дээрх нөхцөлүүдийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч давагдашгүй хүчин зүйлийн улмаас төрийн захиргааны байгууллагад хандах, өргөдлөө гаргах, өргөдөлд хавсаргах баримтыг бүрдүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан боловч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааны дотор багтаан тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлөө гаргасан нь уг зөвшөөрлийн хугацааг сунгах үндсэн нөхцөл гэж үзсэн болох бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс, түүний даргад ийм эрхийг хуулиар олгоогүй, зөвшөөрөөгүй байх тул М*******ХХК-ийн эзэмших ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд нийцээгүй учраас хууль бус буюу хуулиар зөвшөөрөөгүй үйлдлийг гаргасан, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмаар сунгуулах, өргөдлөө шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
3.25.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах-аар шүүхэд шаардсан боловч, хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үндэслэлүүдийг гаргаж мэтгэлцсэн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахыг шүүх даалгах нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан эрх хэмжээнд халдах тул ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл агуулгад нийцүүлэг тус компанийн гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.
3.26.Энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа үйл явдал биш бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөр байдлаар тодруулах хүсэлгүй байсан, нөгөө талаас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг санаачлан засаж, зөвтгүүлэх эрх хэмжээгүй, эсхүл санаа сэдэл өгөх нь нэг талыг баримталсан, зааж зөвлөсөн гэдэгт хамаарах байсан, түүнчлэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн маргааны үйл баримт нь өргөдлийг хүлээн авахгүй байгаа-д маргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзсан ийнхүү шийдвэрлэсэн болно.
Дөрөв. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг зөвхөн хэрэгт цуглуулсан.
4.2.Учир нь нэхэмжлэгч талаас хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөлдөө түүнд хавсаргах шаардлагатай баримтыг хавсаргаж гаргаж өгсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эдгээр баримтыг хариуцагч хүлээж авахаас татгалзаж, зөвхөн өргөдлийг хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч ийм баримт хүлээн аваагүй болохыг зөвшөөрсөн тул маргаан бүхий актыг гаргах үндэслэл болоогүй, төрийн захиргааны байгууллагад хүлээн аваагүй баримтуудыг нотлох баримтаар авах хууль зүйн үндэслэлгүй байсан ба ийм нотлох баримтыг хэрэгт авах үндэслэлгүй гэдгийг талууд зөвшөөрсний дагуу хэрэгт нотлох баримтаар гаргуулаагүй болно.
4.3.Иймд анхан шатны шүүх талуудын тайлбарыг үндэслэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд, дотоод итгэлээр өргөдөлд хавсаргасан баримтыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн болно.
4.3.Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М*******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч М*******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ