Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Д.Бын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00739 дүгээр шийдвэртэй

Д.Бын нэхэмжлэлтэй

Д.Эт холбогдох

эрүүл мэндийн хохиролд 308 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч Д.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“Одоо Д.Эээс Улаанбаатар хотод толгойндоо компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн 120 000 төгрөг, Улаанбаатар хот явах зардал 93 600 төгрөг /өөрөө хот орж мэдэхгүй, эмнэлэг явахад охины хамт явсан/, картан дээр эмчилгээ бичүүлж авсан эм тарианы 90 000 төгрөг /аймгийн мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг/, шүүхийн тогтоолыг нотариатчаар гэрчлүүлсний 4 500 төгрөг, хүүхдийн төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсний 500 төгрөг, нийт 313 100 төгрөг нэхэмжилж байна. Би 2017.08.21-ний өдөр мотоциклоор таксидаж яваад авто тээврийн осолд орсны улмаас тархиндаа хүндэвтэр гэмтэл авч одоог хүртэл эмчлүүлж байна. Аймгийн мэдрэлийн эмчийн хяналтаас 2018.07.27-ны өдөр гарсан. Д.Эийн гэм буруугаас болж өнөөг хүртэл биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй, байнгын эмчилгээтэй байгаа. Би ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрийн боломж бололцоо муутай учраас эмчилгээгээ бүрэн хийлгэж чадаагүй. Тиймээс хот болон аймагт эмчлүүлсэн тархины гэмтлийн эмчилгээ, эм тариа, эмчилгээнд явсан зардал зэргийг Д.Эээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би эрүүгийн шүүх хуралдаан  болохоос өмнө Д.Эээс 3 240 000 төгрөг, шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолын дагуу 414 350 төгрөг, нийт 3 654 350 төгрөг авсантай маргахгүй. Миний чамархайнд 4,6х3.8 см-ын цус хуралттай байсан. Би 2017.08.21-ний өдрөөс хойш нийт 8 удаа эмчилгээ хийлгэсэн. Энэ бүх зардал надад баримтаар байгаа. Би анх нэхэмжлэл гаргахдаа андуураад 313 100 төгрөг нэхэмжилнэ гэж бичсэн байна. Би эмнэлэгт үзүүлэхэд өмнөх зургаар эмчилгээ хийгдэх гээд байсан учраас томографийн зураг авахуулсан. Хэрвээ ойр ойрхон томографийн зураг авахуулахгүй бол тархины судас нарийсаад харвах магадлалтай учир үүнээс сэргийлж байгаа. Өмнө нь томографийн зураг авахуулахад 2,8 см байсан бол 2018.04.02-ны өдрийн байдлаар 3 см байна, 0,2 см-ээр өссөн гэсэн хариу гарсан. Эмчилгээ чинь тууштай хийгдэхгүй байна гэж эмч хэлсэн. Би цаашдаа хэдий хугацааны эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй. Миний биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалах байх.” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт:

“Би 2017.08.21-ний өдөр машинтай явж байгаад хөдөлгөөний аюулгүй байдал, авто тээвэр эзэмшлийн дүрэм зөрчиж Д.Б гэдэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан. Би Д.Б эгчид эхлээд 1 710 000 төгрөгийг хэд хэдээр нь хувааж өгсөн. Дараа нь Т.Б  эгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад очиж уулзаад “хоёулаа цагдаа, шүүхээр яваад хэн хэнд маань хэрэггүй. Тиймээс хоёулаа тохиролцъё, би танд цаашид гаргах эмчилгээний зардлыг өгье” гэхэд Т.Б эгч зөвшөөрч би 1 530 000 төгрөг өгсөн. Би Д.Б эгчийг тийм эмчилгээ хийлгэлээ, тэдэн төгрөг хэрэгтэй байна гэх бүрт нэхсэн мөнгийг нь өгдөг байсан. Би энэ хүнд гэмтлийн эмчилгээний зардалд эрүүгийн шүүх хуралдаан болохоос өмнө нотлох баримтгүйгээр нийт 3 240 000 төгрөг өгсөн. Энэ мөнгөн дээр бид хоёр маргаагүй учраас тэр нотлох баримтыг шүүх шинжлэн судлаагүй. Шүүх хуралдаан дээр Д.Б нь надаас нөхрийн болон өөрийн цалин, хэрэглэсэн хоол унд махны мөнгө гэх мэт нийт 3 200 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Шүүх нотлох баримтыг шинжпэн судлаад 414 350 төгрөг надаас гаргуулж Б-д олгохоор шийдвэрлэсэн. Би өмнө нь нотлох баримтгүй өгсөн 3 240 000 төгрөгөөс гадна шүүх хуралдааны дараа дахин 414 350 төгрөгийг Д.Бд өгсөн. Би өмнөх шүүх хуралдаанд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж өмгөөлөгчгүй оролцсон. Өмгөөлөгч авах мөнгөө Д.Бын эмчилгээний зардалд өгсөн. Хохирлыг төлсөн учраас би Д.Б эгчийн нэхэмжилж байгаа мөнгийг өгөхгүй. 2018.06.26-ны өдрийн нэхэмжлэл, нотлох баримт нь хоорондоо уялдаа холбоогүй гэж үзэж байна. Мөн томографийн шинжилгээ, хот явсан өдөр, эмчилгээ авсан өдрүүд хоорондоо холбоогүй байна. Эдийн засгийн асуудал их байгаа учир төлөх боломжгүй байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00739 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.Эээс 308 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Нэхэмжлэгч Д.Б би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00739 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. 2017.08.21-ний өдөр хариуцагч Д.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасныг зөрчсний улмаас Д.Б миний бие автомашины осолд орж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Ослын улмаас миний биед тархины баруун чамархайн хэсэгт тархины эдэд цус хуралт, дунд зэргийн няцралт, доргилт, дагзанд няцарсан шарх гэмтэл учирсан. Энэ гэмтлийн улмаас миний бие удаа дараа Улаанбаатар хот орж томографт харуулж эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо эмчилгээ үргэлжилсээр байгаа. Одоо би Эээс 2018.06 сард хот явж томографт харуулсан мөнгө, 2 хүний замын зардал, эм тарианы мөнгө нийт 308 600 төгрөг нхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжилсэн 308 600 төгрөгийг өмнө авсан 3 240 000 төгрөгөөс хасч тооцон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр Д.Э миний нэхэмжилсэн 414 350 төгрөгийг мөн энэ 3 240 000 төгрөгөөс хасч тооцуулахаар хүсэлт гаргаж байсан боловч шүүх “гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь толгойдоо гэмтэл авч түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг гэмтлийн улмаас хохирогч Д.Б нь удаа дараа үзлэг, эмчилгээ хийлгэсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд өмнө нь буюу 2017.10.25-ны өдөр болсон шүүх хуралдаанаас өмнө авсан 3 240 000 төгрөгийг тухайн үед эмчилгээндээ зориулж авч эмчилгээгээ хийлгэсэн гэж хохирогч мэдүүлдэг бөгөөд энэ шүүх хуралдаанд 2017.12 сард эмчилгээ хийлгэсэн гэж холбогдох баримтыг ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно..” гэж заасан байх тул шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн шийдвэрлэсэн. Мөн хохирогч намайг цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ингэж дүгнэн шийдвэрлэсэн байхад сүүлд буюу 2018.06 сард явж үзүүлсэн зардал мөнгийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянагдаад хасах шаардлагагүй гэж үзсэн мөнгөнөөс хасч тооцсонд гомдолтой байна. Тухайн үедээ Д.Э гарсан хохирлыг чинь бүгдийг төлж барагдуулна гэж хэлж миний баримттай хохирлыг тооцоод 3 240 000 төгрөгийг өгч байсан. Нэгэнт өөрөө зөвшөөрөөд хохирлын мөнгийг өгсөн, би хохирсон хохирлоо авчихсан тул анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, түүнээс хойш гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилсэн, шүүх ч шаардлагагүй гэсэн юм. Гэтэл одоо ямар ч баримтгүй мөнгө өгчихсөн мэтээр ярьж шүүх бүрэлдэхүүнийг хуурч худлаа ярьж байхад тэр хүний үгээр дүгнэлт хийж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр хүний худлаа ярьж байгаа нь өөрийнх нь яриагаар нотлогдож байгаа. Тэр “би өмнөх шүүх хуралдаан дээр хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж өмгөөлөгчгүй оролцсон. Өмгөөлөгч авах мөнгөө Д.Бын эмчилгээний зардалд өгсөн” гэж тайлбар өгсөн. Гэтэл Д.Э нь өмнөх шүүх хуралдаанд Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгчийг өмгөөлөгчөөр авч оролцсон болох нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр тод хараар бичигдэн үлдсэн байгаа. Гэтэл ийм баримт байсаар байтал өмгөөлөгч ч авч чадахгүй бүх мөнгөө өгөөд ганцаараа орсон мэтээр худлаа ярьж шүүх бүрэлдэхүүнийг хуурсан. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж миний нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Эт холбогдуулан 308 600 төгрөг нэхэмжлэхдээ үндэслэлээ зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2017.08.21-ний өдөр 11-58 АРЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклоор аймгийн Нэгдсэн эмнэлгээс Ирээдүй сургууль орохоор зорчиж явахдаа зам тээврийн осолд орж, хүндэвтэр хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Тэрээр гэмтлийн улмаас эм тариа авах, шинжилгээ хийлгэх, шинжилгээ хийлгэхээр Архангай, Улаанбаатар хот хооронд зорчих болон нотариатын үйлчилгээний хөлсөнд нийт 308 600 төгрөгийн зардал гаргасанаа хариуцагчаас нэхэмжилжээ.

 

Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөнөөс автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг хариуцагч төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч Д.Э хариуцах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тул учирсан хохиролд 3 654 350 төгрөг төлсөн тул дахин нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч 2018.03.13-ны өдөр худалдан авсан эм тарианы үнэ, 2018.04.02-ны өдөр хийлгэсэн шинжилгээний төлбөр, 2018.03.30-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу, 2018.04.04-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу тус тус зорчсон замын зардал, 2018.06.20-ны өдөр төлсөн нотариатын үйлчилгээний хөлсийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад төлсөн 3 240 000 төгрөгийг хохирол арилгахад зарцуулсан талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг урьд төлсөн 3 240 000 төгрөгт оруулан тооцсон нь алдаа болжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Эээс 414 350 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд олгож шийдвэрлэхдээ “Шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бд шүүгдэгч Д.Э нь 3 240 000 төгрөгийг төлсөн тул одоо нэхэмжилж байгаа хохирлыг түүнээс хасч тооцож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна... Уг гэмтлийн улмаас хохирогч Д.Б нь удаа дараа үзлэг эмчилгээ хийлгэсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд өмнө нь буюу 2017 оны 10 сарын 25-ны өдөр болсон шүүх хуралдаанаас өмнө авсан 3 240 000 төгрөгийг тухайн үед эмчилгээндээ зориулж авч эмчилгээгээ хийлгэсэн гэж хохирогч мэдүүлдэг бөгөөд энэ шүүх хуралдаанд 2017 оны 12 сард эмчилгээ хийлгэсэн гэж холбогдох баримтыг ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан байх тул шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан гэм хорын улмаас 2018.03.13-2018.06.20-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан зардлыг дээрх тогтоолоор шийдвэрлээгүй тул учирсан хохиролд 3 654 350 төгрөг төлсөн тул дахин нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр эм тарианы үнэ 90 000 төгрөг, шинжилгээний төлбөр 120 000 төгрөг, шинжилгээ хийлгэхээр Архангай, Улаанбаатар хот хооронд зорчсон замын зардал 46 800 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 4 500 төгрөг, нийт 261 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасан тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 908 төгрөгөөс гомдлыг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд оногдох хэсгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00739 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “308 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “261 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Д.Б тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагчаас 8 489 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 9 908 төгрөгөөс 1 419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8 489 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                                ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                       Д.БЯМБАСҮРЭН