Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 739

 

 

 

 

           129/ШШ2018/00739

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б ын / / нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Э т /РД:/  холбогдох 

Хохирол 313.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч Э, иргэдийн төлөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Одоо Эээс Улаанбаатар хот руу явж толгойндоо компьютерийн зураг томографик хийлгэсэн 120.000 төгрөг, Улаанбаатар хот явах, ирэх очихын зардал 93.600 төгрөг, өөрөө хот орж мэдэхгүй эмнэлэг явахад охины хамт явсан үүний ирэх очихын зардал, аймгийн мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг, эмчилгээ картан дээр бичүүлж авсан эм тарианы 90.000 төгрөг, шүүхийн тогтоолын нотариатоор батлуулсны 4.500 төгрөг, бас хүүхдийн төрсний гэрчилгээний 500 төгрөг, нийт 313.100 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 8 сарын 21-нд автомашины осол хийж хохирлыг Бд мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.240.000 төгрөг нотлох баримт харгалзан үзэлгүйгээр эмчилгээ, цаашид учрах хохиролд нөхөн төлсөн нь үнэн болно. 2018 оны 06 сарын 26-ны өдрийн нэхэмжлэх нотлох баримт нь хоорондоо уялдаа холбоогүй гэж үзэж байна. Мөн томографикийн шинжилгээ, хот явсан өдөр, эмчилээ авсан өдрүүд хоорондоо холбоогүй байна. Эдийн засгийн асуудал их байгаа учир төлөх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2017 оны 08 сарын 21-ний өдөр мотоциклиор таксидаж яваад авто тээврийн осолд орсны улмаас тархиндаа хүндэвтэр гэмтэл авч одоог хүртэл эмчлүүлж байна. Аймгийн мэдрэлийн эмчийн хяналтаас 2018 оны 7 сарын 27-ны өдөр гарсан. Эийн гэм буруугаас болж өнөөг хүртэл биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй байнгын эмчилгээтэй байгаа. Би ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрийн боломж бололцоо муутай учраас эмчилгээгээ бүрэн хийлгэж чадаагүй. Тиймээс хот болон аймагт эмчлүүлсэн тархины гэмтлийнхээ эмчилгээ, эм тариа, эмчилгээнд явсан зардал зэргийг Эээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би эрүүгийн шүүх хурал болохоос өмнө Эээс 3.240.000 төгрөг, шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолын дагуу 414.350 төгрөг, нийт 3.654.350 төгрөг авсантай маргахгүй. Миний тархины чамархайнд 4.6-3.8 см-ын цус хуралттай байсан. Би 2017 оны 08 сарын 21-ний өдрөөс хойш нийт 8 удаа эмчилгээ хийлгэсэн, энэ бүх зардал надад баримтаар байгаа. Одоо Эээс толгойны томографик хийлгэсэн 120.000 төгрөг, ирэх очих 2 хүний зардал 93.600 төгрөг, мэдрэлийн эмчийн картан дээр бичүүлж авсан эм тарианы 90.000 төгрөг, шүүхийн тогтоолын нотариатоор батлуулсны 4.500 төгрөг, бас хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн 500 төгрөг, нийт 308.600 төгрөгийг нэхэмжилж байна. Би анх нэхэмжлэл гаргахдаа андуураад 313.100 төгрөг нэхэмжилнэ гэж бичсэн байна. Би өөрөө хот мэдэхгүй охиныгоо дагуулж явж эмчилгээ хийлгэсэн учир 2 хүний зардлын мөнгө нэхэмжилсэн. Би эмнэлэгт үзүүлээд явахаар өмнөх зургийн хариугаар эмчилгээ хийгдэх шаардлагатай байсан учраас томографикийн зураг авахуулсан. Хэрвээ ойр ойрхон томографикийн зураг авахуулахгүй бол тархины судас нарийсаад харвах магадлалтай учир үүнээс сэргийлж байгаа. Өмнө нь томографикийн зураг авахуулахад 2.8 см байсан бол 2018 оны 4 сарын 2-ны өдрийн байдлаар 3.0 см байна, 0.2 мм-р өссөн гэсэн хариу гарсан. Эмчилгээ чинь тууштай хийгдэхгүй байна гэж эмч хэлсэн. Би цаашдаа хэдий хугацааны эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй. Миний биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалах байх гэв.

Хариуцагч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 08 сарын 21-ний өдөр машинтай явж байгаад хөдөлгөөний аюулгүй байдал, авто тээвэр эзэмшлийн дүрэм зөрчиж Б гэдэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан. Би Б эгчид эхлээд 1.710.000 төгрөгийг хэд хэдээр нь хувааж өгсөн. Дараа нь Т.Б эгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад очиж уулзаад хоёулаа цагдаа ,шүүхээр яваад хэн хэнд нь хэрэггүй. Тиймээс хоёулаа тохиролцъё, би танд цаашид гаргах эмчилгээний зардлыг өгье гэхэд Т.Б эгч зөвшөөрч би 1.530.000 төгрөг өгсөн. Би Б эгчийг тийм эмчилгээ хийлгэлээ, тэдэн төгрөг хэрэгтэй байна гэх бүрт нь нэхсэн мөнгийг нь өгдөг байсан. Би энэ хүнд гэмтлийн эмчилгээний зардалд эрүүгийн шүүх хуралдаан болохоос өмнө нотлох баримтгүйгээр нийт 3.240.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөн дээр бид хоёр маргаагүй учраас тэр нотлох баримтыг шүүх шинжлэн судлаагүй. Шүүх хуралдаанд Б нь надаас нөхрийн болон өөрийн цалин, хэрэглэсэн хоол, унд, махны мөнгө гэх мэт нийт 3.200.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад 414.350 төгрөг надаас гаргуулж Бд олгохоор шийдвэрлэсэн. Би өмнө нь нотлох баримт хамаарахгүй өгсөн 3.240.000 төгрөгөөс гадна шүүх хуралдааны дараа дахин 414.350 төгрөгийг Бд өгсөн. Би өмнөх шүүх хурал дээр би хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж өмгөөлөгчгүй орсон. Өмгөөлөгч авах мөнгөө Бын эмчилгээний мөнгөнд өгсөн. Хохирлыг төлсөн учраас би Б эгчийн нэхэмжилж байгаа мөнгийг өгөхгүй гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Э-т холбогдуулан хохирол 308.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх доох үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хариуцагч Э нь 2017 оны 08 сарын 21-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасныг зөрчсний улмаас Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 32 тоот шийтгэх тогтоол болон зохигчийн тайлбараар тогтоогддог.

Нэхэмжлэгч толгойн компьютерт томографикийн шинжилгээний 120.000 төгрөг, ийнхүү шинжилгээ хийлгэхдээ Архангай аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Архангай аймаг явсны зардал, Хаш эмийн сангаас эм  худалдан авсан 90.000 төгрөг, Архангай аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Архангай аймаг явсны зардал 93.600 төгрөг, нотариатчаар гэрчлүүлсний төлбөр 5000 төгрөг нийт 308.600 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчээс нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот руу явахдаа охин А.Б-ийн хамт явсан тул түүний замын зардалд төлсөн 46.800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хариуцагчийн гэм буруу, учруулсан гэм хортой шалтгаант холбоогүй байна. 

Харин Бын биед тархины баруун чамархайн хэсэгт тархины эдэд цус хуралт, дунд зэргийн няцралт, доргилт, дагзанд няцарсан шарх .... гэмтлүүд учирсан нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогддог ба тэрээр толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографикийн шинжилгээ 120.000 төгрөгөөр хийлгэсэн нь үзлэгийн хуудас, мөнгө төлсөн баримт, энэхүү шинжилгээ хийлгэхээр Архангай–Улаанбаатар, Улаанбаатар-Архангай чиглэлд зорчсон нь 46.800 төгрөгийн тасалбараар, 90.000 төгрөгийн эм худалдан авсан нь Хаш эмийн сангийн зарлагын баримт болон НӨАТ-ын баримтаар, нотлох баримтыг хуулбарлахдаа нотариатчаар гэрчлүүлсний төлбөрт 5000 төгрөг төлсөн нь тус тус тогтоогддог. Энэхүү 261.800 төгрөгийн хохирол нь хариуцагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол юм.  

Хариуцагч Э нь нэхэмжлэгч Бд эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас өмнө 3.240.000 төгрөг төлсөнтэй, мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор гаргуулсан 414.350 төгрөгийг төлсөнтэй зохигч маргаагүй. 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Эийн хохиролд төлсөн 3.240.000 төгрөгийг хэлэлцээгүй /хохирол гаргуулахдаа хасаагүй/ нь шийтгэх тогтоол болон зохигчийн тайлбараар тогтоогддог.  Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй хэдий ч хохирогч нь хохирол арилгах зорилгоор гэм хор учруулагчаас төлсөн төлбөрийг эмчилгээ, түүнтэй холбогдон гарсан зардалд хэрхэн зарцуулж зориулснаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч Эээс хохиролд авсан 3.240.000 төгрөгийг хохирол арилгахад зарцуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд нэхэмжлэгч Т.Б ын эмчилгээнд зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон 261.800 төгрөгийн хохирлыг хариуцагч Эийн урьд төлсөн 3.240.000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй бөгөөд ийнхүү тооцоход хариуцагч нь гэм хорын хохирол хариуцан төлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Э-ээс 308.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Т.Б -ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА

                                       ШҮҮГЧИД                                      Ч.ЖАРГАЛАН

                                                                                              Т.БАДРАХ