Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/00005

 

2020 12 24

181/ШШ2021/00005

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ХХБ ХХК

хариуцагч: О.Б,

хариуцагч: Т.Б

хариуцагч: Ч.Х нарт холбогдох,

зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 229.118.089,67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч Х.Чы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагч О.Б, Т.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХКомпанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Зээлдэгч О.Б, Т.Б нар нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 180719003-1 тоот зээлийн гэрээг байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар мөн зээлдэгч нар дахин зээлийн байгуулж 145,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлж авч нийт 245,000,000 төгрөг зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож О.Б, Т.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203038864 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмонгийн 15 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлах 160 м.кв талбайтай хувийн сууц, О.Б, Т.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024343 дугаарт бүртгэгдсэн 130 м.кв талбай бүхий хувийн сууц, Т.Бын өмчлөлийн 3368УНЧ улсын дугаартай өөрөө буулгагч авто машин, Х.Чы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22038889 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56-р байрны 44 тоот хаягт байрлах 50.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Т.Бын эзэмшлийн нэгж талбарын 18647321606287 дугаартай Сүхбаатар дүүрэг, Бэлх, 20 дугаар хороонд байрлах 700 м.кв бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газруудыг тус тус барьцаалж үүргийн гүйцэтгэл баталгаажуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд банк нь зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хуримтлагдсан зөрчлөө арилгаж гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг мэдэгдэж зөрчлөө арилгах боломжит хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл хуримтлагдсан зөрчлөө арилгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд хариуцагч нараас нийт 253,277,855.9 мөнгө нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас 45,999,950 төгрөгийг төлсөн учраас уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх шаардлагын хэмжээг багасгаж хариуцагч нараас нийт зээлийн үүрэгт 207,277,905.9 мөнгө нэхэмжилж байна, хариуцагч нар уг зээлийн төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Б Т.Б нар анхны нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Бидний хувьд 2019 оны 10 сард гаргасан хариу тайлбартаа бичсэний дагуу зээлийн графикийн зөрчлөө арилган зээлийн гэрээгээ цуцлахгүй байх хүсэлтэй байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдрийг хүртэл нэмэлт төлбөр хийж чадаагүй байна. Гэсэн хэдий ч хариуцагч нарын зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлалгүй графикт нь оруупан гэрээг үргэлжлүүлэх байр суурьтай байна.

Иймд зээлийн гэрээний үүргийг ялимгүйгээр зөрчсөн болохыг тогтоож зээлийг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Ч нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа:Миний бие ХХБ ХХК О.Б, Т.Б, нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрэээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг үүгээр гаргаж байна.

Миний бие урд нь гаргаж байсан хариу тайлбараа дэмжиж байгаа. Тодруулбал: О.Б, Т.Б бид гэр бүлийн найзууд бөгөөд 2018 оны дундуур хувийн аж ахуйгаа өргөжүүлэх бодолтой байгаа зээл хөөцөлдөж байгаа гэж ярьсан байсан ба ХХБанкнаас зээл гарах боложтой гэж байна нэмэлтээр барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэсэн. Ингээд тэд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 48 сарын хугацаатай 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, мөн өдөр 145,000,000 /нэг зуун дөчин таван сая/ төгрөгийг 60-н сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба бүх зүйл асуудалгүй төлөгдөөд явж байгаа гэж хэлж байсан.

Тэгтэл банкнаас гаргасан нэхэмжлэлийг аваад О.Б Т.Б нараас энэ талаар тодруулахад махны үнэ зэргээс шалтгаалж зээлийн төлбөрөө бага зэрэг алдсан байгаа удахгүй хэвийн төлөлтөндөө оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Миний зүгээс зээлдэгч биш барьцаа хөрөнгийн эзэмшигч өмчлөгч гэдгээрээ хэргийн хариуцагчаар оролцож байгаа ч хэргийн материал бодит байдлыг харахад хариуцагч нарын тайлбарлаж байгаачлан үнэхээр л монголын захын зээлийн байдал, өргөн хэрэглээний бараа материал тэр дундаа махны үнэ өссөн, Засгийн газрын зүгээс уул уурхайн чиглэлээр гадаадын хөрөнгө-оруулалтыг бууруулсан шийдвэрүүд гаргаж үүнтэй холбоотойгоор уул уурхайд ажил хийдэг энгийн иргэд жолооч нарын ажил орлого буурсан нь үнэн байхад банкны зүгээс зах ззэлд эзэгнэх давуу байдлаа ашиглан гэрээний хугацааг ялимгүй зөрчсөн гэнэт зээлээ эргэн дуудаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Нэмж хэлэхэд дэлхий даяар дэгдээд буй корона вирураас болж хил хорио тавигдаж эдийн засаг хүндэрч байгаа өнөө үед шүүхийн зүгээс бодит байдлыг харгалзан үзэж зээлийн төлбөрөө бага зэрэг хоцорсоныг далимдуулан бусдын барьцааны хөрөнгийг авахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Б, Т.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагаас 183,082,089.67 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Худалдаа хөгжлийн банк анх 2019 оны 07 сараас гэрээг цуцлах талаар яригдаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ цуцалсан тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 46,000,000 төгрөг төлсөн уг мөнгө үндсэн зээлээс хасагдах ёстой.

Үндсэн зээл болох 89,567,122.27 төгрөгөөс 46,000,000 төгрөг хасагдаж тооцогдоно. Хамгийн эхэнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үлдэгдэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн мөнгөн дүнгүүдээр тооцож эхний гаргасан 229,082,089.67 мөнгөнөөс үндсэн зээлийн 46,000,000 төгрөг хасаад 183,082,089.67 мөнгийг төлөх ёстой. Түүнээс хойш нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдаад байгаа хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй.

Анх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч дэмжиж байсан. Тухайн үед нөхцөл байдал өөр байсан. Бууз, баншны үйлдвэрлэл эрхэлдэг байсан бөгөөд 2019 онд ковид гарч махны үнэ тодорхой хэмжээнд өссөнөөс бид зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч төлөх боломжгүй болсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 183,082,089.67 төгрөгийг хангаж үлдэх 24,159,765.42 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Чы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэл гаргасан өдрийн нэхэмжлэлийн шаардлага болох 183,082,089.67 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэл хангуулах барьцааны гэрээ 4 хөрөнгө дээр байгуулагдсан. Объектуудыг харилцан тохиролцсон үнэлгээ 97,000,000 төгрөг, 81,000,000 төгрөг буюу Хүрэлчулууны эд хөрөнгийг оролцуулалгүйгээр багасгаж бодсон үнэ нь 275,990,000 төгрөгийн барьцаа хөрөнгө байгаа юм.

Яг үндсэн зээлдэгчийн барьцаанд тавьсан эд хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн дүнгээр нь ч, хариуцагчийн багасгасан дүнгээр ч хангахад хангалттай хүрч байгаа учраас Х.Чы өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХХБ ХХКомпани нь хариуцагч О.Б, Т.Б, Х.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээнүүдийн үүрэг, зардлын хамт 229 118 089,67 төгрөг гаргуулах, 4 ширхэг барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа 2 удаа өөрчлөн зээлийн гэрээнүүдийн үүргийн дүнг хүүний дүнгээр нэмэгдүүлж, бүгд 253 277 855 төгрөг болгон, барьцааны шаардлагаа эзэмшил газраас хангуулахаар нэмэгдүүлсэн шаардлагуудаа бүрэн дэмжиж байх ба гэрээний үүрэг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу шаардсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч О.Б, Т.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлагдсан гэж үзэж, анхны нэхэмжлэлээр шаардсан зээлийн үүрэг 229 118 089,67 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 46 000 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 183 082 089 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг дэлхий нийтийг хамарсан өвчний улмаас бизнес ашиггүй болсон тул төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж,

 

хариуцагч Х.Чы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь О.Б, Т.Б нарын барьцаа зээлийн үүргийг хангуулахад хүрэлцэх тул Х.Чы өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгуулна гэж тус тус маргаж оролцлоо.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ХХБ ХХКомпани нь хариуцагч О.Б, Т.Б нартай 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 180719003-1 дугаартай зээлийн гэрээгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 100,000,000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай,

мөн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 180719003-2 дугаартай зээлийн гэрээгээр бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар, 145,000,000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тус тус олгохоор байгуулсан.

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 180719003-1-1, 180719003-1-2, 180719003-2-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр, -Т.Б, О.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024343 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Бэлх Цолмонгийн 10 дугаар гудамжны 14 тоотод байршилтай 140 м.кв талбай бүхий хувийн сууц,

- улсын бүртгэлийн Ү-2203038864 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Цолмонгийн 10 дугаар гудамжны 14 тоотод байршилтай 160 м.кв талбай бүхий хувийн сууц,

-000743739 дугаартай Т.Бын нэр дээрх нэгж талбарын 18647321606287 дугаартай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ бүхий, Сүхбаатар дүүрэг Бэлх 20 дугаар хороонд байрлах, 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар,

-Х.Чы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204038889 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол/13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 дугаар байрны 44 тоот 50,69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц,

-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 180719003-1-4 дугаартай, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр Т.Бын өмчлөлийн Sinotruk ZZ3257 M3847C маркийн, LZZ5ELND2JW329771 аралын дугаартай, 33-68 УНЧ улсын дугаар бүхий өөрөө буулгагч ачааны автомашиныг тус тус барьцаалсан.

Талууд нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа зээлийн ба барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд болон зээлдэгчид зээлийн мөнгө хугацаандаа олгогдсонд маргаагүй ба талууд гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэл, 2018 оны 7 сарын 19-ий өдрийн газрын албаны зөвшөөрлөөр бүртгүүлэх хуулийн шаардлага хангасан, зээлдэгч нараас нийт 45 999 950 төгрөгийн төлбөр хэсэгчлэн хийгдсэн талаар маргаагүй, уг гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1., 182 дугаар зүйлийн 182.4., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2.-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний шинжийг болон шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр сар бүрийн 10-ны өдөрт тогтмол дүнгээр төлөхөөр тохиролцсон зээлийн 2 гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ дутуу буюу төлөлгүйгээр зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг 2019 оны 7 сарын 4, 5, 2019 оны 8 саын 2-ны өдрүүдэд шаардаж, уулзалт тэмдэглэл хөтлөж зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч байсан болох нь хариуцагч талын маргаагүй нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн гэрээгээр тохирсон зээл төлөх хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооллууд, албан бичиг, тэмдэглэл,өргөдлүүд/хэргийн 13, 17, 40-42, 44, 45, 65, 66,78,79/-ээр нотлогдож, зээлдэгч О.Б, Т.Б нар гэрээний үүрэг зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

 

Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.5.-д зээлдэгч авсан зээлээ хуваарийн дагуу төлөхгүй бол эхний ээлжинд гэрээнд заасан бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх нь зээлдүүлэгчийн эрх болохыг, мөн 8.2-т гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч тус шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж ирсэн, хариуцагч нар гэрээ цуцлах шаардлагыг үл зөвшөөрч, зээлийн хуваарийн зөрчлөө арилган зээлийн гэрээгээ цуцлахгүй гэрээг үргэлжлүүлэх хүсэлт бүхий тайлбар гаргасны дараа нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн үүргийн дүнг үргэлжлүүлэн тухайн хугацаагаар хүү нэмж тооцож, өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан нь гэрээг цуцлах шаардлагаа дэмжээгүй гэж үзэх үндэстэй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах хуулиар олгогдсон эрхийн асуудал болох тул гэрээг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагаар тооцсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор гэрээ үргэлжилсэн гэж дүгнэх нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйгэж заасанд нийцнэ.

 

Хариуцагч тал анхны нэхэмжлэлээр гэрээ цуцлах шаардлага гаргасан тул тэр өдрөөр цуцлагдсан гэж үзэж, түүнээс хойш төлсөн 45 999 950 төгрөгийг анхны нэхэмжлэлийн гэрээний үүргийн шаардсан дүн болох 229 118 089,67 төгрөгөөс хасч, үлдэх 183 118 139 төгрөг 67 мөнгийг төлнө гэсэн нь талуудын маргаагүй гэрээний тохиролцоо, хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрхээр үгүйсгэгдэнэ.

 

Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон барьцаалуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нарыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ өдрийн хуралдаанд зээлийн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх ба гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д, гэрээний 10.2-т заасан үндэслэлээр хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд банк барьцаа баталгааны гэрээгээр барьцаалсан хөрөнгийг захиран зарцуулах замаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсоноор, зээлдүүлэгч үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжсэн тул 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн үүргийн дүнг дахин нэмэгдүүлж шаардсаныг хангах үндэсгүй, зээлдэгч нарыг дахин нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлөх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.гэж заасанд нийцнэ гэж үзэж 14 430 263 төгрөг 12 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180719003-1 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 89 567 122 төгрөг 27 мөнгө, үндсэн хүүгийн үлдэгдэл 5 921 748 төгрөг 09 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 137 997 төгрөг 76 мөнгө,

 

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180719003-2 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 133 241 792 төгрөг 11 мөнгө, үндсэн хүүгийн үлдэгдэл 9 761 196 төгрөг 847 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 181 734 төгрөг 90 мөнгө, үүн дээр талууд маргаагүй шаардлага болох гэрээнээс учирсан хохирол нотариатын зардал 36000 төгрөг бүгд 238 847 591 төгрөг 97 мөнгөнөөс төлөгдсөн 45 999 950 төгрөгийг хасч тооцон үлдэх 192 847 641 төгрөг 97 мөнгийг хариуцагч зээлдэгч О.Б, Т.Б нарын хариуцан төлөх зээлийн үүрэгт тооцон нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 180719003-1, 180719003-2 дугаартай зээлийн гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.2.14-т Билгүүнмарал од ХХК-тай баталгааны гэрээ байгуулах, 6.2.15-д Билгүүнмарал одХХКомпани болон зээлдэгч О.Б, Т.Б, батлан даагч О.Лодойдамба нарын ХХБанкны болон бусад банкны дансаарх ирээдүйд орох бүх орлогыг барьцаалах, 6.2.17-д үндсэн зээлдэгч О.Бын төрсөн дүү О.Лодойдамбатай хувийн баталгааны гэрээ байгуулах зээлдэгчийн үүргээ биелүүлээгүй байна.

 

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180719003-2-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хариуцагч Х.Чы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204038889 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол/13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 дугаар байрны 44 тоот 50,69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан гэрээнд талууд маргаагүй, хүчин төгөлдөр байгаа тул үүргийн гүйцэтгэл хангуулах барьцааны гэрээ байгуулсан зээлдэгч О.Б, Т.Б нарын барьцаа болох 4 хөрөнгийн харилцан тохиролцсон үнэлгээ нь 275,990,000 төгрөг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хангалттай хүрч байгаа учраас Хүрэлчулууны эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн нь, гэрээний үүргээс татгалзах үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасны дагуу хариуцагч О.Б, Т.Б нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйл болох барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч О.Б, Т.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 192,847,661.97 төгрөг гаргуулж нэхэмжлэгчХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 430 263 төгрөг 12 мөнгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 774 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б, Т.Б нараас 1,122,188 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.Б, Т.Б нараас 192,847,661.97 /нэг зуун ерэн хоёр сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг ерэн долоон мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХКомпанид олгон, нэхэмжлэлээс үлдэх 14,430,263.12 /арван дөрвөн сая дөрвөн зуун гучин мянга хоёр зуун жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч О.Б, Т.Б нар төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180719003-1-1, 180719003-1-2, 180719003-2-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 180719003-1-4 дугаартай, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн барьцаа болох, -Т.Б, О.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024343 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Бэлх Цолмонгийн 10 дугаар гудамжны 14 тоотод байршилтай 140 м.кв талбай бүхий хувийн сууц, -улсын бүртгэлийн Ү-2203038864 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Цолмонгийн 10 дугаар гудамжны 14 тоотод байршилтай 160 м.кв талбай бүхий хувийн сууц, -000743739 дугаартай Т.Бын нэр дээрх нэгж талбарын 18647321606287 дугаартай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ бүхий, Сүхбаатар дүүрэг Бэлх 20 дугаар хороонд байрлах, 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, -Х.Чы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204038889 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол/13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 дугаар байрны 44 тоот 50,69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Т.Бын өмчлөлийн Sinotruk ZZ3257 M3847C маркийн, LZZ5ELND2JW329771 аралын дугаартай, 33-68 УНЧ улсын дугаар бүхий өөрөө буулгагч ачааны автомашиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 774 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б, Т.Б нараас хариуцах хураамжид 1,122,188 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч талууд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.УРАНЧИМЭГ