Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01011

 

 

 

 

 

 

 

 

 

Х- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 ны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00005 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч О.Б-, Т.Б-, Ч.Х- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 207 277 905.9 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Ч.Х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч О.Б-, Т.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.Б-, Т.Б- нар нь Х- -тай 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 180719003-1 тоот зээлийн гэрээг байгуулж 100 000 000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн, мөн зээлдэгч нар дахин зээлийн гэрээ байгуулж 145 000 000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авч нийт 245 000 000 төгрөг зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож О.Б-, Т.Б- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203038864 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмонгийн 15 дугаар гудамж, 11 тоот хаягт байрлах, 160 м.кв талбайтай хувийн сууц, О.Б-, Т.Б- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024343 дугаарт бүртгэгдсэн, 130 м.кв талбай бүхий хувийн сууц, Т.Б-ын өмчлөлийн 33-68 УНЧ улсын дугаартай өөрөө буулгагч автомашин, Ч.Х-ы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22038889 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56-р байрны 44 тоот хаягт байрлах 50.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Т.Б-ын эзэмшлийн нэгж талбарын 18647321606287 дугаартай Сүхбаатар дүүрэг, Бэлх, 20 дугаар хороонд байрлах 700 м.кв бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газруудыг тус тус барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд банк нь зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хуримтлагдсан зөрчлөө арилгаж гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг мэдэгдэж зөрчлөө арилгах боломжит хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл хуримтлагдсан зөрчлөө арилгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд хариуцагч нараас нийт 253 277 855.9 мөнгө нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас 45 999 950 төгрөгийг төлсөн учраас уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх шаардлагын хэмжээг багасгаж хариуцагч нараас нийт зээлийн үүрэгт 207 277 905.9 төгрөг нэхэмжилж байна, хариуцагч нар уг зээлийн төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Б-, Т.Б- нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 183 082 089.67 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Х- нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэл гаргасан өдөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Хамгийн эхэнд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 229 082 089.67 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 46 000 000 төгрөгийг хасаж, 1 үлдэх төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Түүнээс хойш нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Иймд 24 159 765.42 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Х- шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд зээлдэгч биш барьцаа хөрөнгийн өмчлөгч гэдгээр хариуцагчаар оролцож байна. Зээлдэгч О.Б-, Т.Б- нарын барьцаалсан хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалттай хүрч байгаа учраас Ч.Х-ы өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.Б-, Т.Б- нараас 192 847 661.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгон, нэхэмжлэлээс 14 430 263.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.Б-, Т.Б- нар төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Т.Б-, О.Б- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024343 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Бэлх Цолмонгийн 10 дугаар гудамжны 14 тоотод байршилтай 140 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2203038864 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Цолмонгийн 10 дугаар гудамжны 14 тоотод байршилтай 160 м.кв талбай бүхий хувийн сууц, 000743739 дугаартай Т.Б-ын нэр дээрх нэгж талбарын 18647321606287 дугаартай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ бүхий, Сүхбаатар дүүрэг Бэлх 20 дугаар хороонд байрлах, 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, Ч.Х-ы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204038889 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол/13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 дугаар байрны 44 тоот 50,69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Т.Б-ын өмчлөлийн Sinotruk ZZ3257 M3847C маркийн, LZZ5ELND2JW329771 аралын дугаартай, 33-68 УНЧ улсын дугаар бүхий өөрөө буулгагч ачааны автомашиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 774 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-, Т.Б- нараас 1 122 188 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зохигчид үндсэн зээл, зээлийн хүүгийн хувь хэмжээ, эргэн төлөх хуваарийг харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан ба зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон болох нь нотлох баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн хувь хэмжээг бусад арилжааны банкнаас нийтэд зарласан болон зээлийн гэрээгээр тогтоож буй хүүгийн дундаж хэмжээнээс хэт өндрөөр тогтоож, улмаар зээлдэгчийн санхүүгийн байдалд сөрөг нөлөөлөл үзүүлээгүй. Мөн зээлдэгч өөрөө гэрээнд заасны дагуу сар бүрийн хүүг банканд буцаан төлөх үүргээ зөрчсөнөөс хүү хуримтлагдсан нөхцөл байдлыг хүүгийн хэмжээ нь зээлдэгчид илтэд хохиролтой хэмээн дүгнэж хүүгийн хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл биш юм. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулдаг бол бусад зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлээр зохицуулагддаг билээ. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн №53 тоот тогтоол, 2020 оны 4 сарын 16-ны өдрийн №01 тоот зөвлөмжид зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хууль, түүний зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж байхыг тусгасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь удаагаа нэмэгдүүлсэн дүнгээр буюу зээлийн хуримтлагдсан хүү болох 14 430 263.12 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч О.Б-, Т.Б-, Ч.Х- нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 253 277 855.09 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг 45 999 950 төгрөгөөр багасган, 207 277 905.9 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-3, 59, 74-75, 150-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлдэгч нар нь зээлийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч О.Б-, Т.Б- нар зарим хэсгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан тул уг хугацаанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй гэж, хариуцагч Ч.Х- зээлдэгч нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө нь зээлийн үүргийг хангуулахад хүрэлцэх тул миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч О.Б-, Т.Б- нартай 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 180719003-1, 180719003-2 дугаартай зээлийн гэрээнүүдийг байгуулж, 180719003-1 тоот гэрээгээр 100 000 000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар олгох, 180719003-2 тоот гэрээгээр 145 000 000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар тус тус олгох, хариуцагч нар нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу буцаан төлөхөөр харилцаж тохиролцож, нэхэмжлэгч Х- ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ болон дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 10-17-р тал/

 

Мөн өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Т.Б-, О.Б- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024343 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх цолмон 10 дугаар гудамж, 14 тоотод байршилтай, 140 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203038864 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмонгийн 10 дугаар гудамжны 14 тоотод байршилтай, 160 м.кв талбай бүхий хувийн сууц, Т.Б-ын эзэмшлийн 000743739 дугаартай, нэгж талбарын 18647321606287 дугаартай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай бүхий газар, хариуцагч Ч.Х-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038889 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 44 тоотод байршилтай, 50,69 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, хариуцаг Т.Б-ын өмчлөлийн Sinotruk ZZ3257 M3847C маркийн, 33-68 УНЧ улсын дугаар бүхий өөрөө буулгагчийг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 18-29-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.3-т хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул зээлдэгч нар нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

нар гэрээний дагуу сөн, мөн банкнаас нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байх Х- 225 225.1 , үүргийг . /хх-ийн 40-41-р тал/.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа нэмэгдүүлсэн байх боловч нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын байгуулсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Х- ХХК нь гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгож буй зээлд зээлийн хүүг багасгах талаар зохицуулсан дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй юм. Гэхдээ шүүхийн энэхүү дүгнэлт шийдвэрийн тогтоох хэсэгт шууд тусгалаа олоогүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Х- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын байгуулсан зээлийн гэрээ цуцлагдсан байхад анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь учир дутагдалтай боловч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон нотариатын зардал нийт 238 847 591.97 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 45 999 950 төгрөгийг хасаж, хариуцагч О.Б-, Т.Б- нараас нийт 192 847 661.97 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14 430 263.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй байна. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн үзсэн болно. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хануулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг заасанд нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 102 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ