Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2021/00169

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2021/00169

Ө сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

            Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 00-р хороо, Маршал таун байр, 0000 тоотод түр оршин суух/, Ж овогт Е-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагч Е /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Ж /цахим сүлжээгээр/, орчуулагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн Ө сумын иргэн Е нь 2018 оны 9-р сарын 20-ны өдөр Б надтай Ц сумын Тува                     сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралт, дээврийн ажлыг гүйцэтгэх ажлыг 2018 оны 9-р сарын 24-ний өдрөөс эхлэн 3 сарын дотор хийж гүйцэтгэхээр тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар баталгаажуулсан юм. Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 25 сая төгрөгөөр тохирсон. Би тохиролцсон ёсоор ажлаа хугацаандаа эхэлж дуусгасан. Гэрээнд заасан хийж гүйцэтгэх ажлуудаа бүрэн хийж дуусгасан юм. Бид 2018 оны 12-р сарын сүүлээр ажлаа хийж дуусгаад хотоос ирсэн барилгын инженер Роза гэх хүнд хүлээлгэж өгөөд бид аймаг руу буцсан юм.

Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 14 иргэн 2 сар гаруй ажилласан. Энэ хугацаанд ажлын хөлсний урьдчилгаанд 3 сая төгрөг, түүний дараа 7 сая төгрөг, бүгд 10 сая төгрөгийг Е надад өгсөн, одоо 15 сая төгрөг надад өгөх ёстой. Бид хийж гүйцэтгэх ажлуудаа 2018 оны 12-р сард дуусгаад ажлын хөлсний тооцоогоо хийхийг шаардаж, эхлээд 1-р сарын 5-нд өгнө гэсэн, дараа нь 15-нд өгнө гэсэн, түүний дараа Туркууд ирээгүй байна, тэд нарыг ирсний дараа өгнө гэхээр нь ингээд хүлээгээд байсан, хамгийн сүүлд 3-р сарын 1-нд барилгыг ашиглалтад хүлээж авсныхаа дараа өгнө гэх зэргээр шалтаг хэлж, хугацааг сунжруулаад одоо хүртэл өгөхгүй байна.

Гэтэл уг барилгын захиалагч байгууллага болох Туркийн ТИКА байгууллагатай барилгын ажлаар маргаан үүсгэж байгаад 2020 оны 6-р сард барилгаа ашиглагч байгууллагадаа хүлээлгээд өгчихсөн байна. Харин барилгаа ашиглалтад өгсний дараа түүнд хандахад “...би нэгэн компаниас мөнгө авах ёстой, та нар надад итгэмжлэл өгөөрэй” гэх зэргээр ойлгомжгүй зүйл ярьж, бас чирэгдүүлэх хандлагатай болж байна.  

Е нь тус аймгийн Улаанхус суманд 100 хүүхдийн дотуур байрны засварын ажлын барилгын тендерийг аваад хийлгэж байгаа юм байна. Уг ажилласан 10 гаруй хүмүүс ажилласан хугацааны цалингаа надаас нэхээд салахгүй байхаар нь “Б” ХХК-аас 7 сая төгрөгийн зээлийг түр авсан боловч Е надад ажлын хөлс өгөхгүй байсан тул би уг авсан зээлээ хүүгийн хамт 10500000 төгрөгийг түүнд төлж өгсөн болно. Е нь намайг олон жил сар чирэгдүүлж байгаа тул ийнхүү аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Еаас миний авах ёстой ажлын хөлс болох 15000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бгаас гаргасан 15000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Б нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн гэх ажлаа надад хүлээлгэж өгөөгүй бөгөөд ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй. Ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсний дараа ажлын хөлс нэхэмжлэх эрх үүсэх тул ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй.

2. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т урьдчилгаа 3000000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл хөлсийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед төлж байна гэж заасан ба Ц сумын Тыва сургуулийн дотуур байрны барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад түүний дараа захиалагчаас надад ажлын хөлс олгосон тохиолдолд ажлын хөлсийг төлөхөөр тохирч гэрээ байгуулж байсан. Б нь ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, тохирсон ажлыг дутуу гүйцэтгэсэн, үүнээс болж захиалагчаас надад санхүүжилт өгөөгүй тул 15000000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Бгийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад: Миний бие Б нь тус шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Еад холбогдуулан ажлын хөлс 15000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Е бид хоёрын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.2-т ажлыг дуусгаж хүлээлгэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоож миний хувьд гэрээнд заасан хугацаанд ажлаа дуусгасан. Мөн гэрээний 3.4-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй байхаар тохиролцсон боловч Е нь гэрээний үүргээ зөрчиж ажил дууссан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 602 хоног /2018 онд 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 хоног, 2019 онд 365 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны  08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 230 хоног/-ийн хугацаа хэтрүүлсэн.

Мөн гэрээний 6.1-т ... захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр зохицуулсан.

Еын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн 602 хоногт 0.5 хувиар алданги тооцвол 45.150.000 /602 хоног х 0.5 =301 хувь, 15000000 х 301% =41150000/ төгрөг болохоор байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасан тул 15000000 төгрөгийн 50 хувь 7500000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Үүнтэй холбоотойгоор миний бие нэхэмжлэлийн шаардлагыг “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 7500000 төгрөг гаргуулах” гэж нэмэгдүүлж байна. Иймд иргэн Еаас ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг, бүгд 22500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Е нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Б-аас гаргасан 7500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т урьдчилгаа 3000000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл хөлсийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед төлж байна гэж заасан ба ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ огт хэрэгжээгүй. Ажил гүйцэтгэгч Б нь надад ямар нэгэн ажил гүйцэтгэж өгөөгүй.

2.Бгийн зүгээс надад ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, гэрээ хэрэгжээгүй тул надаас 7500000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т урьдчилгаа 3000000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл хөлсийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед төлж байна гэж зааснаас үзвэл ажил гүйцэтгээд түүний гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн тохиолдолд ажлын хөлсийг төлөхөөр тохирсон. Ямар ч ажил хийгдээгүй тул ажлын хөлс болон алданги төлөгдөхгүй.

3.Б нь урьдчилгаа 3000000 төгрөгийг авсан боловч ямар ч ажил надад хийж гүйцэтгээгүй тул уг урьдчилгаа төлбөрийг сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие анх Е-тай Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Тухайн үед урьдчилгаа болгож 3000000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг гэрээний дагуу төлж өгөхөөр болж тохиролцсон. Бид нар бол гүйцэтгэх ёстой ажлаа 3 сарын дотор дуусгаж өгсөн. Е нь Өд байдаггүй, байнга Улаанбаатар, Ө гээд энд тэнд явж байдаг хүн байна. Бид нэг давхрын ажлаа дуусгаад 2 давхрын ажилд орсон. 2 давхрын ажилд орох үед 2 давхрын тасалгааны өрлөг, шалны сташикийг хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухай бүрд Е-д холбогдоход Хятад улсад явж байгаа, Улаанбаатарт явж байгаа, очиж чадахгүй гэж хэлдэг байсан. Р гэдэг хүн Е-ын мөнгө гээд 7000000 төгрөгийг, Е өөрөө 3000000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн. Одоо Е-аас ажлын хөлсний үлдэгдэл мөнгө болох 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг нийт 22500000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний бие Е иргэн Бтай Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа болгож 3000000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Зөвхөн энэ гэрээний талаар тайлбар хэлэх нь зүй боловч нэхэмжлэгчийн талаас шүүхэд ТИКА байгууллагаас тодруулга авах хүсэлт гаргаж, ТИКА байгууллагаас тодруулга ирсэн учраас тэрнээс өмнөх бүх процессыг товчхон тайлбарлаж өгье.

 Уг барилгын санхүүжүүлэгч нь ТИКА нэртэй олон улсын тусламжийн байгууллага байдаг. Энэ байгууллага уг барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр Х гэсэн Турк улсын компанитай гэрээ байгуулсан. Уг гэрээг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн байгаа. Үүнээс хойших үйл баримт шүүхэд ямар ч тодорхойгүй байгаа. Х компани нь Бест глобал гэдэг компанитай 320000000 төгрөгөөр уг барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байдаг. Бест глобал компанийн гүйцэтгэх захирал Ё, ерөнхий инженер Р гэх хүмүүс байдаг. Тухайн компанийн захирал Ё, инженер Р нар уг барилгын ажлыг надад 270000000 төгрөгөөр гүйцэтгэж чадах уу гэж санал болгодог. Уг саналаа 2018 оны 5 дугаар сарын сүүлээр 6 дугаар сарын эхээр санал болгосон. Миний бие уг ажлыг тооцоолж үзээд 270000000 төгрөгт хийх боломжгүй байна, 320000000 төгрөгт ч багтаах боломжгүй байна гэдгийг илэрхийлээд тухайн хүмүүсийн саналаас татгалзсан байдаг. Үүний дараа бид хэд хэдэн удаа уулзаж уг ажлыг 85000000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирдог. Уг 85000000 төгрөг нь тухайн барилгад ажиллах инженерүүд, ажилчид, хоол хүнс, унааны мөнгө, тоног, төхөөрөмж, механизмын зардал, түүний шатахуун, байрлах байр зэрэг бүгд орсон байдаг. Уг 85000000 төгрөгөөс би инженер, ажилчдын мөнгийг өгөх ёстой гэж ойлгож байгаа. Үүнээс харахад уг ажлын хамгийн анхны захиалагч Тика, Тикагаас Х, Х-ээс Б, Б-аас надад мөнгө төгрөг орж ирэх ёстой. Мөн эдгээр хүмүүс дэс дарааллаар нэг нэгнийхээ захиалагч байх ёстой бөгөөд урвуу байдлаар ажлаа хүлээлгэж өгөх ёстой.

 Бид уг ажлаа 85000000 төгрөгөөр тохирч 6 дугаар сард ажлаа эхэлсэн боловч биднээс шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас сар хагасын дараа ажлаа эхэлсэн. Бид төлөвлөлт ёсоор уг ажлаа 9 дүгээр сарын 1-ний өдөр дуусгаж өгөх ёстой байсан болохоор 9 дүгээр сар хүртэл бид уг ажлыг хийж гүйцэтгэсэн. 9 дүгээр сараас хойш би Ё захиралд холбогдож, үлдэгдэл ажлаа өөр компаниар хийхийг санал болгосон. Тухайн үед Ё, Б нар ургийн холбоотой, хамаатан садан хүмүүс байсан учраас Бгаар хийлгэх болсноо надад хэлдэг. Гэхдээ үнийн хувьд тохирч чадахгүй байна. Учир нь, би чамтай 85000000 төгрөгөөр тохирчихсон болохоор тэрний хэдэн сая төгрөгөөр Бтай тохирохоо мэдэхгүй байна, тийм учраас чи тохироорой гэсэн. Тийм учраас уг барилгын үлдэгдэл ажлыг 25000000 төгрөгөөр хийх үү гэдэг саналаа Бд тавьсан. Тухайн үед Б 3, 4 удаа надтай уулзаж мөн Ц суманд ажлын талбайд очиж үлдэгдэл ажилтай танилцаж эцсийн эцэст бид тохирч би урьдчилгаа 3000000 төгрөгийг Бд өгч гэрээ байгуулж уг ажлыг хийхээр тохирсон. Гэвч ажлын талбайд очсоны дараа энэ гэрээний нөхцөлүүд зөрчигдөж, энэ гэрээ ямар ч хэрэгжээгүй болно. Яагаад гэвэл гэрээ хийж явснаас хойш гэрээ дуустал Б надаас ямар нэгэн ажлын хөлс шаардаагүй болно. Энэ тухай гэрчийн мэдүүлгүүдэд байна. Ажил дууссаны дараа надад хүлээлгээд өгөх тухай ч асуудал гараагүй. Яагаад гэвэл энэ ажлыг гүйцэтгэх тухай Б, Ё, Р нар хоорондоо хэлэлцээд үнэ хөлсөө тохирсон байдаг. Тийм ч учраас Б нар надад ажил хүлээлгэж өгөөгүй, надаас урьдчилгаа 3000000 төгрөгөөс өөр ямар нэгэн төлбөр аваагүй, Ргаар дамжиж надаас ямар нэгэн төлбөр тооцоо Б нартай хийгдээгүй болно. Яагаад гэвэл энэ гэрээ хэрэгжээгүй учраас ийм үйл явдал болох ёсгүй, болоогүй байгаа юм.

Ийм учраас Б надаас нэхэмжлээд байгаа төлбөрөө Ё, Р нараас нэхэмжлэх ёстой. Р нарт ажлаа хүлээлгэж өгсөн гэдэг боловч нөгөө талд Р нар ажил хүлээлгэж өгөөгүй гэдэг талаар ярьж байгаа. Мөн Б 7000000 төгрөг авсан гээд байгаа боловч Р нар 10400000 төгрөг өгсөн гээд байгаа. Энэ хооронд зөрчилтэй байна. Нэг нэгэндээ худлаа хэлж байна. Магадгүй үлдэгдэл бүх төлбөрөө авсан байсныг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл бүх мэдүүлгүүд нь нэг нэгнээсээ зөрсөн байдаг. Тухайн ажлыг хүлээлгэж өгье гэж над руу ярьсан гэж худлаа хэлээд байна. Яагаад гэвэл би тухайн үед Хятад улсад байгаагүй. Би нотлох баримт болох гадаад паспортын хуулбараа нотариатаар баталгаажуулаад өчигдөр е-мэйлээр шүүх рүү явуулсан байгаа. Тийм учраас Бгийн нэхэмжлээд байгаа мөнгөн төлбөрийг би төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж бодож байна. Мөн ажлын талаар нэг зүйлийг тодруулаад хэлэхэд Хот байгуулалт, газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газарт дараах албан тоотыг хүргүүлсэн байгаа. Уг албан тоотод Б нарын хийж гүйцэтгэсэн гээд байгаа дотор халуун, хүйтэн усны хангамж, гадна дотно цэвэр усны хангамж, агаар зэрэг ажлуудыг хүлээлгэж өгсөн тухай акт байхгүй байгааг нотолж Мэргэжлийн хяналтын байгууллагад бичиг хүргүүлсэн байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Еаас ажлын хөлс 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг, нийт 22500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Еад холбогдуулж гэрээний үүрэгт 15000000 төгрөг, алданги 7500000 төгрөг, нийт 22500000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б нь Б аймгийн Ц сумын барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг 3 сарын хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний  өдрийн хооронд гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25000000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээний дагуу хариуцагч Е нь гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Бд 3000000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаа болгож төлсөн, мөн 2018 оны 11 дүгэр сарын 15-ны өдөр Розагаас  Бгийн дансанд 7000000 төгрөгийг цалин гэж шилжүүлсэн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагчаас Бтай гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ огт хэрэгжээгүй, ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул төлбөр болон алданги төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаас үзэхэд Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт зэрэг ажлуудыг нэхэмжлэгч Б хариуцагч Етай тохиролцож хийж гүйцэтгэсэн байна гэж үзлээ. Үүнд:

-Гэрч М-ын“Бид нар 2018 онд Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны дотор заслыг Бтай тохиролцож хийсэн. Тухайн үед А, Ж, А гэдэг хүмүүс байсан ба Ц сумаас туслах ажилтнаар 2 хүн авч ажиллуулсан. Уг ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн болно. Хийсэн ажлыг Роза гэх хүнд хүлээлгэж өгсөн. Роза гэдэг хүн ерөнхий инженер гэж явдаг байсан. Тухайн үед Е өөрөө байхгүй байсан. Бид нар тухайн үед өөрт нь ирж ажлаа хүлээж ав гэсэн боловч наанаа байгаа хүнд хүлээлгэж өг гэсэн учир Розад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг,

- Гэрч А-ын “Би Тува бага сургуулийн дотуур байрны барилгын гадна, дотор заслын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хийж байсан. Тухайн ажлыг хамт ажилладаг байсан Бгийн хүсэлтээр түүнтэй тохиролцож хийсэн. Ажлын хөлсөө Бгаас авч байсан бөгөөд одоо 1.5 сая төгрөгийг авах ёстой. Тухайн барилгын доод давхрын шавардлага дутуу хийгдсэн байсныг, дээд давхрын өрлөг, мөн барилгын дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Ажлыг Е гэдэг хүнд хүлээлгэж өгөх гэсэн боловч Хятад улсад явж байна гэхээр Роза гэдэг хүнд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг,

- Гэрч А-ийн “Би Б аймгийн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралтын ажлыг Бтай тохиролцож хийсэн. Уг ажлыг 4 сая төгрөгөөр тохиролцож хийсэн ба одоо түүнээс 1 сая төгрөгийн авлагатай. Сантехникийн ажлыг зураг төслийн дагуу хийж өгсөн болно” гэх мэдүүлэг,

- Гэрч М-ийн “Би Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын талбайн инженерээр ажилласан. Б нь тухайн барилгын дотор заслын ажлыг хийсэн. Сантехникийн ажлыг А гэдэг хүн хийсэн ба тэр хүнийг Б тохиролцож хийлгэсэн. Тухайн ажлыг 2018 оны 10 дугаар сард эхэлж 12 дугаар сард дууссан. Р гэж хүн менежер байсан. Эгэдэг компани нь ТИКА-гаас тендер зарлах үед тендерт шалгарч авсан ба улмаар тус компаниас Роза, Ёлка нар нь 320 сая төгрөгөөр аваад Е 85 сая төгрөгийн ажлыг авсан. Дараа нь Е нь тус барилгын дотор заслын ажлыг 25 сая төгрөгөөр тохиролцсоны дараа Е нь Бд урьдчилгаа болгож 3 сая төгрөг өгсөн.... Б нар хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн” гэх мэдүүлэг,

-Гэрч Р-ийн “Б аймгийн Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлыг Э ХХК-тай тохирч хийсэн. ... Би материал хариуцаж ажиллаж байсан хүн. Нэг үгээр хэлэхэд хангамжийг нь хариуцаж ажиллаж байсан. Б заслын ажлыг хийсэн. Хэнд хүлээлгэж өгснийг мэдэхгүй. Е, Б хоёрын хооронд ямар гэрээ хэлэлцээр хийснийг мэдэхгүй. ... Еын өгсөн мөнгийг л Бд 1 удаа 7000000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. Үлдэгдэл мөнгийг бэлнээр болон дансаар өгч байсан. Бд л өгч байсан өөр хүнд өгч байгаагүй. ... М-тай дутуу ажлыг тохирч хийлгэж байсан. Энэ нь Б-тай хамааралгүй. ... Дээврийн төмрийг Е-аар хийлгэсэн. ... Хэдэн төгрөг төлж байснаа санахгүй байна. ...” гэх мэдүүлэг,

- Б аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаартай тодорхойлолтод “Б аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/127 дугаар захирамжаар байгуулагдсан комисс Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн /Тыва бага сургуулийн дотуур байр/ дотуур байрны барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тус сургуулийн дотуур байр нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь үнэн болно”, мөн Ц сумны Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтоор “2020 оны 09 дүгээр сарын 12-ноос сурагчид, байрны багш нар шинэ байрандаа шилжин орсноор өнөөдрийг хүртэл тухайн байранд байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа” талаар тус тус тодорхойлжээ.

Гэрчүүдийн мэдүүлэг болон эрх бүхий этгээдүүдийн тодорхойлолтууд нь маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтууд бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлэгт гол төлөв нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн, өөрсдөө гэрээнд заасан ажлуудыг хийсэн талаар  тусгагдсан байгаа учир хариуцагч Е-ын нэхэмжлэгч Бтай байгуулсан гэрээ огт хэрэгжээгүй, ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх тайлбар няцаагдаж байна. Мөн Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилга баригдаж ашиглалтад орж хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байгаа тул ажлын үр дүн бий болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  тухайн барилгын ажлыг нэхэмжлэгч Б-аас өөр этгээд гүйцэтгэсэн гэх нотлох баримт байхгүй байгаа болно.

Нэхэмжлэгч Б, хариуцагч Е нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний аль аль тал гэрээнээс татгалзсан эсхүл захиалагч нь өөрчлөгдсөн талаар нотлох баримтгүй болно. Мөн зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Иймд захиалагч Е нь ажил гүйцэтгэх гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг  төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Харин гэрээнд заасан ажил болох дээврийн ажлыг өөр этгээд хийсэн талаар нэхэмжлэгчээс тайлбарлажээ. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Ргийн ... дээврийн ажлыг Ержанаар хийлгэсэн талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, мөн Е-ийн 2020 оны 11 дүгэр сарын 05-ны өдрийн “Б нар Ц сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын дээврийн ажлыг гүйцэтгээгүй болохыг баталж байна. Б нар нь дээврийн ажлыг хийхгүй гэснээр бид уг ажлыг 2700000 төгрөгөөр хийхээр тохиролцож хийж гүйцэтгэн одоогийн байдлаар Розагаас 1700000 төгрөг аваад байна” гэх баримтаас үзэхэд гэрээгээр тохиролцсон зарим ажлыг өөр этгээд гүйцэтгэсэн нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Б, хариуцагч Е нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнд Б нь Б аймгийн Ц сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч ажил тус бүрийн үнийг тухайлан тохиролцоогүй байх ба Е-ны баримтаар дээврийн ажлыг 2700000 төгрөгөөр тохиролцож гүйцэтгэсэн талаар тодорхойлсон тул уг мөнгийг ажлын үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Б нь хариуцагч Еаас алданги 7500000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б, хариуцагч Е нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд хэчнээн хувиар алданги төлөх талаар тохиролцоогүй, тодорхой тогтоогоогүй байх тул шүүх алдангийн хувь хэмжээ тогтоож гаргуулах боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Еаас ажлын хөлсний үлдэгдэл 12300000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10200000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон                                          

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Е-аас ажлын хөлсний үлдэгдэл 12300000 /арван хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10200000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367900 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Е-аас 211750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х