Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

                                 Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00814 дүгээр шийдвэртэй

Э ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй

Ч.Чд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 33 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Ч.Чын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нарын тайлбарт: “Э ББСБ ХХК нь Чгийн Чд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ151030\3 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Мөн зээлдэгчид 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ151030\3 тоот зээлийн гэрээгээр буюу нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр дээрх нөхцөлөөр 10 000 000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн бөгөөд нийт зээлийн хэмжээг 20 000 000 төгрөг болгож олгосон болно. Э ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх талаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа мэдэгдэж анхааруулсан боловч зээлийг буцааж төлөх тал дээр арга хэмжээ авахгүй зайлсхийж манай байгууллагыг хохироосоор байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 8 400 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 680 000 төгрөг, нийт 30 080 000 төгрөгийн өр төлбөртэй байна. Хариуцагч Чгийн Чаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 30 080 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Э ББСБ ХХК нь 2018.05.08-ны өдөр Ч овогтой Чд холбогдох зээлийн төлбөр 30 080 000 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг шийдвэрлэх хугацаа удааширсан тул 2018.07.23-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 3 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, үндсэн зээлд 20 000 000 төгрөг, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүнд 10 900 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 180 000 төгрөг, нийт 33 080 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамтаар хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамаарч үүрэг гүйцэтгэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээсээ чөлөөлөгдөхгүй гэж заасан. Энэ заалтын дагуу гэрээ дуусгавар болсон ч хариуцагчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Хариуцагч нь үндсэн төлөлтөөс 22 000 000 төгрөгийг гэрээний дагуу төлсөн гэж байгаа ч зээлийн нийт төлөгдсөн дүн 22 000 000 төгрөг биш 18 037 000 төгрөг байдаг. Ямар учраас 22 000 000 төгрөг төлсөн гэж тайлбар гаргасныг мэдэхгүй байна. Үүнийгээ нотолж чадахгүй байна. Мөн хүү зогсоох талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Манай талаас нэхэмжлэл гаргахдаа бүх нотлох баримтаа хавтаст хэрэгт өгсөн. Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэж хуульд заасан байдаг. Хэдий гэрээ дуусгавар болсон ч гэсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хуулиар хадгалагдаж байгаа. Манайх банк бус санхүүгийн байгууллага учраас цаанаа тайлан тооцоо гаргаж өгдөг. Тиймээс хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёр дахь гэрээгээр сар тутам хүүнд 1 300 000 төгрөг төлөхөөр заасан ч зээлдэгч хүү төлөхдөө 500 000 төгрөг төлөөд дандаа үлдэгдэлтэй яваад байсан. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид боломж их олгосон. Уг нь 2016.06.30-ны өдрөөс эхлээд нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байсан боловч манай байгууллага гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Энэ мэт боломж олгож байхад зээлдэгч нь зээлдүүлэгчийнхээ эрх ашгийг хохироож байгаа нь зүй ёсны үйлдэл биш гэж үзэж байна. Гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс гарсан хохирол манайд байгаа. Энэ хохирлыг нэхэмжлээгүй.

Ч.Ч нь надтай биечлэн уулзаж хүү төлөхөө зогсоох талаар хэлсэн гэж шүүхэд тайлбар гаргасан байна. Гэтэл Ч.Ч нь надтай уулзаагүй. Надтай утсаар удаа дараа ярихдаа эд хөрөнгөө зараад ямар ч хохиролгүй, хүү төлбөргүй зээлийг бүрэн барагдуулна гэж итгэл үнэмшил төрүүлсээр өнөөдрийг хүрсэн. Цагаан идээ борлуулаад өр төлбөрөө барагдуулна гэж 2018.01 сард хэлсэн. Тус оны 02 сард Ч.Чтай холбогдоход “би аймгаас цагаан идээгээ ачуулж байна, тосоод аваарай” гэхэд нь бид нар цагаан идээг нь авах худалдан авагч олчихоод хоёр хоног Ялалтын талбай дээр хүлээсэн. Гэтэл Ч.Ч ирээгүй, цагаан идээ нь ч ирээгүй. Энэ мэтээр биднийг хууран мэхэлж явсаар өнөөдрийг хүрсэн. 2017.08 дугаар сар хүртэл төлөгдсөн хүүг зээлдэгч нь байнга хугацаа хэтрүүлэн төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Бид зөвхөн 2017.09 дүгээр сараас хойш нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018.07.23-ны өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Өмнөх нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй.” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие 2015.10.30-ны өдөр Э ББСБ ХХК-аас 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж сар тутам хүү 500 000 төгрөгийг тогтмол өгч байгаад 2016.04.30-ны өдрөөс гэрээндээ өөрчлөлт оруулан 10 000 000 төгрөгөөр үндсэн зээлээ нэмэгдүүлж хүүгийн хэмжээг өөрчлөхгүйгээр нийтдээ үндсэн зээлээ 20 000 000 төгрөг болгож сар бүр тогтмол 1 000 000 төгрөгийн хүүг 2017.08 сарыг дуустал өгсөн. Түүнээс ч илүү хүү өгсөн. Би тооцоогоо нарийвчлан шахаж байгаад хэдэн төгрөг төлсөн болохоо нотлох баримтаар гаргаж өгнө. Надаас үндсэн зээлд 20 000 000 төгрөг, зээлийн хүүнд 8 400 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 680 000 төгрөг, нийлээд 30 080 000 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие 2017 оны сүүлчээр Ганбаттай биечлэн уулзаад “миний бизнесийн ажиллагаанд эрсдэл үүсээд байна, байгалийн хүнд нөхцлөөс шалтгаалан ургац алдаад байна, хүүгээ зогсоогоод өгөөч” гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн утсаар маш олон удаа нөхцөл байдлаа уламжилсан. Үнэхээр бизнес хаагдаад орлого муудсан нөхцөл байдал үүссэн. Үүнийг Ганбат маш сайн мэдэж байгаа. Миний хувьд үндсэн зээл 20 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин зээлийн хүү 8 400 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 680 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь хүүгээ зогсоолгохыг урьдчилж хэлсэн, миний нөхцөл байдал хүү төлөх боломжгүй байгааг Ганбат мэдэж байсан бөгөөд би Ганбатыг хүүгээ зогсооно гэж ойлгож явсан.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00814 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Чаас 33 080 000 /гучин гурван сая наян мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ ХХК-нд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ч.Чаас 323 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ ХХК-нд  олгож; Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2 212 тоот захирамжаар авсан хариуцагч Ч.Чын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байлгахыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Чын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 814 тоот шийдвэрээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн ТОСК-ийн 42-15 тоотод оршин суух Ч.Ч надаас Э ББСБ-ын нэхэмжилсэн 33 080 000 төгрөгийг гаргуулж тус байгууллагад олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие тухайн компаниас авсан 20 000 000 төгрөгийн хүүгийн төлбөрт 22 000 000 төгрөгийг төлсөн. Одоо би тухайн байгууллагад үндсэн зээл 20 000 000 төгрөгийг төлнө. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 13 080 000 төгрөгийг төлөхгүй. Би эдийн засгийн хямралд өртөж хийж буй бизнес зогсонги байдалд орж тариа ногооны ургац алдагдсан. Хүүгээ зогсоогоод өгөөч гэж удаа дараа хэлсэн. Нүүр тулж уулзаж учир байдлаа ч хэлсэн. Иймээс би хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй гэж маргаж, Э ХХК-ийн нэхэмжлэлээс 20 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүү 13 080 000 төгрөгийг төлөхгүй гэж давж заалдах гомдол гаргаж байна.

Жич: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбат нь 2018.01 сард “цагаан идээ өгчих, би өөрөө борлуулаад мөнгөө гаргаж авъя, аарц явуул, Ялалтын талбайн нээлтэн дээр албан газруудад өгнө” гэсэн. Би  90-54 АРА улсын дугаартай Маяти маркийн машинаар цагаан идээ ачиж явуулсан. Гэвч хотын төв рүү том ачааны машин оруулахгүй болохоор нь жижиг Портер машинаар ав гээд Дэнжийн 1000-д хүний складанд гуйж хадгалуулсан. Гэвч өөрөө болон аав нь утасдаж “энэ хөлдүү аарцыг чинь бид зарж чадахгүй, өөрсдөө зарж борлуулж мөнгө өг “гэж өдөрт 50-100 удаа залгаж өглөө 07 цагаас шөнө 12 цаг хүртэл ажил хийлгэхгүй дарамталдаг. Мөн ааруул явуул гэхээр нь би “нэг тонн хорхой ааруул байна, авах уу” гэж хэлсэн. Гэтэл “би танай Архангайн заваан балиар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хөдөөний ялааны баастай, хятад элсэн чихэртэй, хогийн балиар юмыг авахгүй” гэж хэлсэн. Миний хувьд зээл эхэлж авснаас хойш 2015-2016 онд хугацааг ягштал баримталж хүүг төлдөг байсан. Сүүлд эдийн засаг муудаж 2017.04 сараас хугацаа хэтрэлттэй байгаа. Д.Ганбат олон нийтийн хэрэгслээр гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийн зурган доор коммент бичиж намайг таньж мэддэг туслах хүмүүс, ах дүү нар луу хулгайч луйварчнаар дуудаж миний мөнгө олох бүх сувгийг хаасан. Миний нааш цааш ачаа ачуулсан тээврийн зардал, борлуулалтын зардал бүгд хохирол болсон. Д.Ганбат нь 2017.09 сард хүү зогссоноос хойш өнөөг хүртэл байнга ярьж байгаа.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э ББСБ ХХК нь Ч.Чд холбогдуулж талуудын хооронд 2015.10.30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй гэж 33 080 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл 20 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхийг эс зөвшөөрч, хүү зогсоолгохыг урьдчилж хэлсэн, бизнесийн нөхцөл байдал хүү төлөх боломжгүй байгаа гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Ч.Ч, Э ББСБ ХХК-ий хооронд 2015.10.30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр Ч.Ч нь 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр зээлж, 2016.04.30-ны өдөр өмнөх гэрээний нөхцлөөр 10 000 000 төгрөгийг нэмж зээлж зээлийн гэрээнд нэмэлт оруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Ч.Ч анх зээл авснаас хойш үндсэн зээл болон нэмэгдүүлсэн хүү төлөөгүй ба хүү 18 037 000 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ.

 

Хариуцагч хүү зогсоолгохыг нэхэмжлэгчид урьдчилж хэлсэн, хариуцагчийн бизнесийн нөхцөл байдал хүү төлөх боломжгүй байгаа зэрэг нь тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

 

Иймээс хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Эдийн засгийн хямралд өртөж хийж буй бизнес зогсонги байдалд орж тариа ногооны ургац алдагдсан, хүүгээ зогсоогоод өгөөч гэж удаа дараа хэлсэн ба нүүр тулж уулзаж учир байдлаа ч хэлсэн гэсэн агуулгатай хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь үүргийг хангуулахаар түүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангаагүй тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 350  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 223 350 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

     ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Д.БЯМБАСҮРЭН