Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 814

 

                                                      

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ч-д / / холбогдох 

33.080.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, Б., хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь Ч-д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ151030\3 тоот “Зээлийн гэрээ”-ээр 10,000,000 (арван сая) төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Мөн зээлдэгчид 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ151030\3 тоот “Зээлийн гэрээ”-ээр буюу нэмэлт өөрчлөлт гэрээгээр дээрх нөхцөлөөр 10,000,000 (арван сая) төгрөгийг нэмж зээлдүүлсэн бөгөөд нийт зээлийн хэмжээ 20,000,000 (хорин сая) төгрөг болгож олгосон болно. Э ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх талаар удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэж, анхааруулсан боловч зээлийг буцааж төлөх тал дээр арга хэмжээ авахгүй зайлсхийж манай байгууллагыг хохироосоор байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээлийн төлбөр-20,000,000 (хорин сая) төгрөг, зээлийн хүү-8,400,000 (найман сая дөрвөн зуун) төгрөг, нэмэгдүүлсэн хүү-1,680,000 (нэг сая зургаан зуун наян мянган) төгрөг, нийт-30,080,000 (гучин сая наян мянга) төгрөгийн өр, төлбөртөй байна. Хариуцагч Ч-аас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тус тус заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 30.080.000 /гучин сая наян мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Э” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ч. овогтой Ч-д холбогдох зээлийн төлбөр 30,080,000 (гучин сая наян мянган) төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг шийдвэрлэх хугацаа удааширсан тул 2018 оны 07-р сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд бодогдсон үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгээр нэхэмжлэлийн шаардлагыг 3,000,000 (гурван сая) төгрөгөөр нэмэгдүүлж: Үндсэн зээл 20,000,000 (хорин сая) төгрөг, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүнд 10,900,000, нэмэгдүүлсэн хүүнд 2,180,000, нийт 33,080,000 (гучин гурван сая наян мянган) төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамтаар хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Э” ХХК-аас 10.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж сар тутамдаа хүүний 500.000 төгрөгийг тогтмол өгч байгаад 2016 оны 04 сарын 30-ны өдрөөс гэрээгээ өөрчлөлт оруулан 10.000.000 төгрөгөөр үндсэн зээлээ нэмэгдүүлж хүүний хэмжээ өөрчлөхгүйгээр нийтдээ үндсэн зээлээ 20.000.000 төгрөг болгож сар бүр тогтмол 1.000.000 төгрөгийн хүүг 2017 оны 08 сарыг дуустал өгсөн. Түүнээс ч илүү хүү өгсөн. Би тооцоогоо нарийвчлан шахаж байгаад хэдэн төгрөг төлсөн болохоо нотлох баримтаар гаргаж өгнө. Надаас үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүүнд 8.400.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.680.000 төгрөг нийлээд 30.080.000 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие 2017 оны сүүлээр Г-тай биечлэн уулзаад миний бизнесийн ажиллагаанд эрсдэл үүсээд байна. Байгалийн хүнд нөхцөлөөс шалтгаалан ургац алдаад байна. Надад хүүгээ зогсоогоод өгөөчээ гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн утсаар маш олон удаа нөхцөл байдлаа уламжилсан. Үнэхээр бизнес хаагдаад орлого муудсан нөхцөл байдал үүссэн. Үүнийг Ганбат маш сайн мэдэж байгаа. Миний хувьд үндсэн зээлийн 20.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин зээлийн хүү 8.400.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.680.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь хүүгээ зогсоолгохыг урьдчилж хэлсэн миний нөхцөл байдал хүү төлөх боломжгүй байгааг Ганбат мэдэж байсан бөгөөд би Ганбатыг хүүгээ зогсооно гэж ойлгож явсан болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э Б ХХК нь Ч-д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-151030/3 дугаар зээлийн гэрээгээр 10 сая төгрөгийг 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ-151030/3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 10 сая төгрөгийг нэмж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зээл олгосон. Э ХХК-ийн зүгээс зээлдэгч Ч-д зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх талаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа мэдэгдэж анхааруулсан боловч зээлээ буцааж төлөх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар тус байгууллагыг хохироосоор байна. Иймд зээлдэгч Чд холбогдуулж үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 8.000.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.680.000 төгрөг, нийт 30.080.000 төгрөгийг нэхэмжилж иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ямар нэгэн хугацаа авсаар байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа 3.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт 33.080.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн төлбөр тооцооны үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн төлбөр тооцооны үйл ажиллагааны тухай хуульд зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ дууссанаас үл хамаарч үүрэг гүйцэтгэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээсээ чөлөөлөгдөхгүй гэж заасан. Энэ заалтын дагуу гэрээ дуусгавар болсон ч хариуцагчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Хариуцагч нь үндсэн төлөлтөөс 22.000.000 төгрөгийг гэрээний дагуу төлсөн гэж байгаа ч зээлийн нийт төлөгдсөн дүн 22.000.000 төгрөг биш 18.037.000 төгрөг байдаг. Ямар учраас 22.000.000 төгрөг гэж тайлбар гаргасныг мэдэхгүй байна. Үүнийгээ нотолж чадахгүй байна. Мөн хүү зогсоох талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Манай талаас нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа бүх нотлох баримтаа хавтаст хэрэгт өгсөн. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд гэрээний хугацаа дууссан ч гэсэн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэж хуульд заасан байдаг. Хэдий гэрээ дуусгавар болсон ч гэсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хуулиар хадгалагдаж байгаа. Манайх ББСБ учраас цаанаа тайлан тооцоо гаргаж өгдөг тиймээс хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёр дахь гэрээгээр 1.300.000 төгрөг төлөхөөр заасан ч зээлдэгч хүү төлөхдөө 500.000 төгрөг төлөөд дандаа үлдэгдэлтэй яваад байсан. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид боломж их олгосон. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд зээлийн хүүнд 1.033.000  төгрөг төлөх ёстой байсан боловч сар болгон 517.500 төгрөг төлөх байдлаар хүүг дандаа дутуу төлсөн. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байсан боловч манай байгууллагаас гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Энэ мэт боломж олгож байхад зээлдэгч нь зээлдүүлэгчийнхээ эрх ашгийг хохироож байгаа нь зүй ёсны үйлдэл биш гэж үзэж байна. Гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс гарсан хохирол манайд байгаа энэ хохирлыг нэхэмжлээгүй гэв. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай компанид 22.000.000 төгрөгийн хүү төлсөн гэж амаар хэлж байгаа боловч үүнийгээ нотолж чадахгүй байна. Манай байгууллагын тооцоогоор буюу дансанд орсон баримтаар 18.037.000 төгрөгийг зээлдэгч Ч төлсөн байна. Үлдсэн зөрүү мөнгө нь нотлогдохгүй байна. Ч нь надтай биечлэн уулзаж хүү төлөхөө зогсоох талаар хэлсэн гэж шүүхэд тайлбар гаргасан байна. Гэтэл Ч нь надтай уулзаагүй. Надтай утсаар удаа дараа ярихдаа эд хөрөнгөө зараад ямар ч хохиролгүй, хүү төлбөргүй зээлийг бүрэн барагдуулна гэж итгэл үнэмшил төрүүлсээр өнөөдрийг хүрсэн. Цагаан идээ борлуулаад өр төлбөрийг чинь барагдуулна гэж 2018 оны 1 сард хэлсэн. Тус оны 2 сард Чтай холбогдоход би аймгаас цагаан идээгээ ачуулж байна тосоод аваарай гэхэд нь бид нар 2 хоног Ялалтын талбай дээр цагаан идээг нь авах худалдан авагчийг нь олчихоод хүлээсэн. Гэтэл Ч ирээгүй, цагаан идээч ирээгүй. Энэ мэтээр биднийг хууран мэхэлж явсаар өнөөдрийн хүрсэн. 2017 оны 8 дугаар сар хүртэлх төлөгдсөн хүүг зээлдэгч нь байнга хугацаа хэтрүүлэн төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Бид зөвхөн 2017 оны 9 дүгээр сараас хойшхи нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Өмнөх нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ч-д холбогдуулан үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 10.900.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.180.000 төгрөг, нийт 33.080.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Зээлдэгч Ч нь 2015 оны 10 дугаар 30-ны өдөр нэхэмжлэгч Э ХХК-тай ЗГ-151030/3 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, төлөлт хийж байгаад 10.000.000 төгрөг дээр нэмж нэмж 10.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг, 1 жил 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй төлөхөөр 2016 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ-151030/3 тоот зээлийн гэрээ байгуулжээ.

Талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасантай нийцэж байх ба хариуцагч зээлийн гэрээ байгуулсан болон зээл шилжүүлэн авсантай маргахгүй байна.  

Зээл хөтлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээс үзэхэд зээлдэгч Ч нь зээлийн үндсэн төлбөрөөс төлөөгүй, харин хүүгийн төлбөрт 2015 оны 10 сарын 30-ны өдрөөс 2017 оны 08 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 18.037.000 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагч нь “би хүүгийн төлбөрт 22.000.000 төгрөг төлсөн” гэж маргаж байгаа ч уг тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байна. 

Нэхэмжлэгч Э ХХК нь 2017 оны 09 сарын 30-ны өдрөөс 2018 оны 07 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 13.080.000 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2016 оны 04 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 2.5-т зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтэрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөх нөхцлийг харилцан тохиролцов” гэж заасан байх тул Э ББСБ ХХК нь зээлдэгч Ч-аас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ч нь үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 10.900.000 төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-д төлнө гэдэгтэй маргадаггүй бөгөөд “би үндсэн зээл 20.000.000 төгрөгийг төлж барагдуулна, намайг хүүнээс чөлөөлж өгнө үү. Миний нөхцөл байдал хүү төлөх боломжгүй байна” гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнийг хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд хариуцагч Чаас үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 10.900.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.180.000 төгрөг, нийт 33.080.000 төгрөг гаргуулж Э ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Чаас 33.080.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 323.350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ч-аас 323.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э  ХХК-нд олгосугай.

 

 3. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2212 тоот захирамжаар авсан хариуцагч Ч-ын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байлгахыг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.БАЙГАЛМАА