Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1173

 

 

Л.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн, 

хохирогч Г.Мөрөн,  

хохирогч Н.Батцэцэгийн өмгөөлөгч А.Кадирбек,

шүүгдэгч Л.Эы өмгөөлөгч Д.Амаржаргал, П.Одонтунгалаг, 

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/436 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Батцэцэг, шүүгдэгч Л.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Эд холбогдох эрүүгийн 1911001471203 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч Л.Э нь:   

2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Н.Батцэцэгээс “барилгын компанитай, Хангай хотхонд барилга барьж байгаа” гэж 350 ширхэг барилгын тулаас /сапут/ төмрийг 1 сарын хугацаатай түрээслэх нэрийдлээр “тоног төхөөрөмж түрээслэх” гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан залилж, улмаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангаас авч яван 5.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

“Түмэн тулаас” ХХК-ийн захирал В.Даянбалжидад “Бэлхэд байшин барьж байгаа” гэж 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 400 ширхэг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 400 ширхэг барилгын тулаас /сапут/ төмрийг 1 сарын хугацаатай түрээслэх нэрийдлээр “барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан залилж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компаний хашаанаас нийт 800 ширхэг барилгын тулаас төмрийг авч яван 17.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.Төгөлдөрт “Бэлхэд хятадуудтай нийлж барилга барьж байгаа” гэж барилгын тулаас 65 ширхэг пум, 650 ширхэг түгжээ, 28 ширхэг булан зэргийг 15 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2-73 тоот хашаанаас авч яван 2.715.000 төгрөгийн хохирол учруулсан,

“Хасү мандал” ХХК-иас “Бэлхэд байшин барьж байгаа” гэж 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барилгын туслах материал болох пум, труба зэрэг эд зүйлсийг “барилгын туслах материал түрээслэх” гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс авч яван 22.530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Мөрөнд “өөрөө жижиг хаус барьж байгаа, байшин барихдаа ашиглана” гэж итгүүлэн түрээсийн гэрээ байгуулан 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр 1700 ширхэг барилгын тулгуур төмрийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Г.Мөрөнгийн гражаас авч яван 18.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: 

Л.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:      

Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Эыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эы цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Л.Эаас хохирогч Н.Батцэцэгт 3.960.000 төгрөг, хохирогч “Түмэн тулаас” ХХК-д 15.920.000 төгрөг, хохирогч Б.Төгөлдөрт 2.415.000 төгрөг, хохирогч “Хасү мандал” ХХК-д 20.280.000 төгрөг, хохирогч Г.Мөрөнд 17.660.000 төгрөг тус тус олгох, хохирогч нар нь эд хөрөнгийн үр шим, олох байсан ашиг зэрэгтэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Эыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

 

Хохирогч Н.Батцэцэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх эрүүгийн 1911001471203 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогч Н.Батцэцэг миний хохирлын үнийн дүнг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн. Уг хэргийн улмаас хохирогч надад учруулсан хохирлын талаарх хэргийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх эрүүгийн 1911001471203 тоот хэргийг хянан шийдвэрлэж, хохирогч Н.Батцэцэг миний дээрх хэргийн улмаас хохирсон, хохирлын талаарх үйл баримтуудтай холбоотой дүгнэлт хийхдээ “Дамно” ХХК-ийн 2018.11.8-ны өдрийн №ЧД2-19-116 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний дүн 5.040.000 гэж үнэлснийг хохирогч Н.Батцэцэг надад учруулсан эд хөрөнгийн хохирлын дүнг тооцож гаргасан байдаг. Гэтэл хохирогч Н.Батцэцэг миний зүгээс дээрх “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эс зөвшөөрч ирсэн.

Учир нь, хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ нь эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоосон үнэлгээ биш гэдэг нь уг эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээс маш тодорхой харагдаж байдаг. Тухайбал: “Дамно" ХХК-ийн хөрөнгийн шинжээч нь шүүх хуралдааны явцад шүүхэд мэдүүлэхдээ сапут төмөртэй холбоотой мэдээлэл Монголын үнэлгээчдийн холбооны санд байдаг. Мэдээллийн санд 25.000-30.000 төгрөг байна гэж мэдүүлсэн мөртлөө миний шүүгдэгч Л.Эд алдсан 350 ширхэг сапут төмрийн үнэлгээг 14.400 төгрөгөөр илт үндэслэлгүйгээр үнэлсэн.

Хохирогчийн зүгээс дээрх үнэлгээтэй холбоотой нэмэлт шинжээч томилох, зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоолгох хүсэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байсан ч уг ажиллагаа хийгдээгүй болно.

            Харин хохирогчийн зүгээс шүүгдэгч Л.Эд алдсан 350 ширхэг сапутыг “Хэв хашмал” ХХК-иас нэг бүрийн үнэ 26.000 төгрөгөөр худалдан авсан, нийт 9.100.000 төгрөгийн хохирлын үнэ бүхий баримтыг хэрэгт өөрийн хохиролтой холбоотойгоор шүүхэд гаргасан боловч шүүх дээрх хохиролтой холбоотой үндэслэл бүхий баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Уг баримт хавтас хэргийн 1-113 дугаар хуудсанд авагдсан. Мөн хохирогчийн зүгээс өөрийн хохирлын нэхэмжлэлтэй холбоотой мэдүүлэг өгөхдөө “Л.Э нь надаас 350 ширхэг сапут төмрийн үнэ болох 9.100.000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрт учруулсан хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /2хх 142/ авагдсан байхад шүүх хохирогч миний дээрх хохирлын нэхэмжлэлтэй холбоотой мэдүүлгийг огт үнэлээгүй. Харин ч хохирогч Н.Батцэцэг миний анх цагдаад гаргаж байсан өргөдлийг хохирогчийн мэдүүлгээр үнэлж, шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирогч Н.Батцэцэг надад 3.960.000 төгрөгийн хохирол учирсан гэх хэсэгт өөрчлөлт оруулан, хэрэгт авагдсан хохирлын баримтын хүрээнд хохирлын хэмжээг бүрэн хангаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Л.Э давж заалдах гомдолдоо: “...Хохирогч “Түмэн тулаас” ХХК-иас 400 ширхэг сапутыг 2016 оны 9 дүгээр сарын 24-нд түрээслэхдээ Чилхаасүрэн овогтой Отгонжаргал /РД78071018/-тай цуг очиж түрээсийн гэрээ байгуулан авсан. Мөн бид хоёр дахин тус компаниас 2016 оны 10 дугаар сарын 12-нд 400 ширхэг сапут түрээслэн авсан. Гэрээ байгуулахад Ч.Отгонжаргал бид хоёр цугтаа гэрээнд хоёулаа гарын үсэг зурсан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан гэрээн дээр ганцхан миний нэрийг бичсэн ба гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Шүүх хурал дээр энэ бүхнийг шалгуулья, гарын үсгийг шинжлүүлмээр байна, Отгонжаргалыг шалгуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх боломжгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх өөрөө нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг прокурорт буцааж шийдвэрлүүлнэ гэж заасан заалтыг биелүүлээгүй. Хоёр удаа “Түмэн тулаас” ХХК-ийн Даяанжалбаа гэдэг хүнтэй Отгонжаргалтай хамт очиж гэрээ байгуулж, иргэний үнэмлэхээ хуулбарлаж өгсөн. Даянжалбаа гэдэг хүнийг гэрчээр байцааж өгөхийг шүүх хүлээж аваагүй.

Энэ хэргийн улмаас учруулсан хохирлыг Ч.Отгонжаргалтай дандаа хуваан авч байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж, гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр гэмшиж байна. Гэвч Ч.Отгонжаргал нь энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцож, хохирогч нарт учруулсан хохирлыг хариуцаж төлөх ёстой хүн юм. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүн бүрт хууль эрх тэгш үйлчилж, хэнд ч ял завшуулахгүй байх гол зорилготой. Тиймээс Ч.Отгонжаргалыг анхан шатны шүүхэд гэмт хэрэгт хамтран оролцсоныг мэдүүлж, нотлох гэрч болох Даянжалбаагаас мэдүүлэг авч өгөхийг хүсэхэд шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. Мөн хохирлыг Ч.Отгонжаргалтай хувааж төлөх хууль зүйн асуудлууд үүссэн учраас анхаарч үзэхийг шүүхээс хүсэж байна.

Хавтас хэрэгт авагдсан шинжээч Түвшинбаярын 1 ширхэг сапутыг 18.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байсаар байтал хохирогч нарын сапутын үнэлгээг өөр өөрөөр үнэлсэн нь эргэлзээ төрүүлсэн. Учир нь, энэ хохирогч нарын сапутууд нь бүгд ижилхэн сапут байсан. Гэтэл 22.000, 10.800, 14.000 гэх мэтээр янз бүрийн үнэлгээ тогтоосон. Тиймээс би шүүх хуралд шинжилгээг дахиж хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймээс давж заалдах шатны шүүхээс Ч.Отгонжаргалыг гэмт хэрэг хамтран үйлдсэнийг тогтоох, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахын тулд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/436 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Дамно” ХХК нь хохирогч нарын сапут төмрийг үнэлэхдээ сапут төмрийнхөө 4 төрлийг болон Хятад, Солонгосын алинд нь үйлдвэрлэсэн болохыг мэдэхгүй байсан. Иймээс хохирлын үнэлгээ өөр өөр гарсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд “сапут төмрүүдийг дахин үнэлүүлэхээр шинжээч томилж өгөөч” гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй. Иймээс дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Л.Э нь “Түмэн тулаас” ХХК-ийн Отгонжаргалтай гэрээ байгуулсан. Гэтэл Отгонжаргалын гарын үсэг байхгүй, өөр хүн гарын үсэг зурсан байна гэж шүүх хуралдааны явцад өөрөө мэдүүлсэн. Иймээс гарын үсэг нь мөн эсэхийг шинжлүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Л.Э давж заалдах гомдол гаргасан. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээнээс нь хамаарч хүндрүүлэн зүйлчилсэн. Тэгэхээр үнэлгээ эргэлзээгүй байж хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх ёстой. Мөрдөгч шинжээч томилсон тогтоолдоо “Дамно” ХХК-иар үнэлгээ хийлгэхээр томилсугай гэсэн байсан. Гэтэл Үнэлгээний тухай хуульд “үнэлгээг Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн буюу хувь хүн хэрэгжүүлнэ” гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчээс “та яагаад ингэж үнэлсэн юм бэ” гэж асуухад “мэдээлэл нь байгаагүй” гэсэн. Тэгээд “аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ шалтгаалж сапутны үнэ өөр байх уу” гэж асуухад “тэр нь ач холбогдолгүй. Хэзээ хэрэглээнд орсон нь ач холбогдолтой” гэж байсан. Мөн “Дамно” ХХК үнэлгээ хийсэн нөхцөл байдлаа хэлэхдээ “хэргийн бодит дүн шинжилгээ хийсэнгүй, зөвхөн мөрдөгчийн тогтоолд заасан хэмжээнд үнэллээ” гэдэг. Мөрдөгчийн тогтоолд хуучин гэсэн эд зүйлсийн шинж чанарыг тодорхойлсноос биш хэзээ авсан болох нь тодорхойгүй байсан.  Хохирогчоор “Хасу Мандал” ХХК, “Түмэн тулаас” ХХК нар тогтоогдсон байсан. Хэрэв аж ахуй нэгж тухайн эд хөрөнгийг худалдаж байгаа бол хэдэн төгрөгөөр авсан болох нь балансаар байх ёстой. Тухайн сапут төмрийг Л.Эд өгөхдөө падан бичиж өгч байгаа юм чинь анх сапут төмрөө авахдаа мөнгө шилжүүлсэн падан нь байх ёстой. Тэгэхээр хэдэн төгрөгөөр авсан болохыг нь зөвхөн хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр биш, нягтлан бодох бүртгэлийн шатны бүртгэл буюу хуулийн этгээд эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр авч, блансандаа хэдэн төгрөгөөр тусгасан юм гэдгээр нь тогтоох ёстой. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгө нь эдэлгээний элэгдэл хорогдлоор үнэ нь буурдаг, эсхүл зах зээлийн үнэлгээ нь өндөрсөх тохиолдол байдаг. Үнэлгээ хийсэн шинжээч мэдүүлэхдээ “эд зүйлийн үнэлгээ нь хямдхан боловч эзэндээ их ашиг өгдгөөрөө онцлогтой” гэж байсан. Тэгэхээр эд зүйл нь хямдхан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч үнэлгээ нь эргэлзээтэй байна. Мөн бүх хохирлын үнэлгээг “Дамно” ХХК гаргасан. Үнэлгээнийхээ эх сурвалжийг үнэлгээний мэдээллийн сангаас авдаг гэх атлаа үнэлгээний тусгай зөвшөөрлийн бичиг баримт хавтас хэрэгт байхгүй. “Дамно” ХХК нь хуульд зааснаар үнэлгээ хийх эрхгүй байгууллага. Хэдийгээр “Дамно” ХХК нь үнэлгээ хийх эрхтэй гэдэг боловч тусгай зөвшөөрөл нь хавтас хэрэгт авагдаагүй байж үнэлгээ хийгдсэн. Гэтэл энэ хэрэг хохирлын үнэлгээнээс хамаарч хүндрүүлэн зүйлчлэгдэж байхад үнэлгээний тайлан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй, үнэлэх эрхтэй байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Зах зээлийн дундаж үнийг гаргахдаа үнэлгээний цахим санд байгаа мэдээллийг ашигласан гэх боловч сапут төмөр зах зээл дээр доод үнэлгээ нь ийм байдаг учраас ингэж үнэллээ гэдгээ шалтгаант холбоотойгоор тайлбарлах ёстой байсан. Гэтэл заримыг нь хамгийн бага хэмжээгээр, заримыг нь дугаараар нь үнэлсэнд гомдолтой байна. ...” гэв.

 

Хохирогч Н.Батцэцэгийн өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс хохирогч Н.Батцэцэгийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хохирогч Н.Батцэцэгт учирсан хохирлын хэмжээг 3.960.000 төгрөг гэж тогтоосон. Хохирогчийн зүгээс “3.960.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний хохирол 9.100.000 төгрөг байх ёстой” гэж мэдүүлж байсан. “Дамно” ХХК-иас хохирогч Н.Батцэцэгийн сапут төмрийг 5.040.000 төгрөгөөр үнэлсэн буюу нэг сапутыг 14.000 төгрөгөөр үнэлсэн. Бидний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, энэ нь зах зээлийн бодит үнэлгээ биш байна гэх үндэслэлээр дахин шинжээч томилох хүсэлт гаргасан боловч тэдгээрийг хангаагүй болох нь хавтас хэргийн материалаас харагдаж байна. Иймээс “Дамно” ХХК-ийн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо “сапут төмрийн зах зээлийн ханш нь 25.000-30.000 төгрөг байна” гэж мэдүүлсэн. Тэгэхээр шинжээчийн гаргасан дүгнэлт, дүгнэлтээ тайлбарлаж байгаа зэрэг нь зөрүүтэй байна. Ийм зөрүүтэй байсан учраас хохирогч талаас баримтуудаа гаргаж өгсөн. Н.Батцэцэг нь Л.Эд алдсан 350 ширхэг сапут төмрийг “Хэв хашмал” ХХК-иас нэг бүрийг нь 26.000 төгрөгөөр буюу нийт 9.100.000 төгрөгөөр худалдаж авсан баримт 1 дүгээр хавтас хэргийн 113 дахь талын ард авагдсан байгаа. Мөн эдгээр сапут нь шинэ байсан. Шинэ сапут байсан болох нь Л.Э, Н.Батцэцэг нарын байгуулсан түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. Түрээсийн гэрээндээ “Солонгос улсаас оруулж ирсэн 350 ширхэг шинэ сапуд” гэсэн байна. Иймд анхан шатны шүүх хохирлын хэмжээг үндэслэлгүй шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.Мөрөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд “Дамно” ХХК-д гомдолтой байна. Учир нь, миний сапут төмрийг хамгийн хямдаар буюу 10.800 төгрөгөөр үнэлсэн байсан. Би өөрөө зах зээлийн ханшаар буюу 20.000-25.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Э нь урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаж “Түмэн тулаас” ХХК-иас авсан сапут төмрийг Отгонжаргалтай бүлэглэж үйлдсэн. Үүнийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн “Түмэн тулаас” ХХК-иас авсан сапут төмөр болон хохирогч Мөрөн нарын сапут төмрийг үнэлсэн үнэлгээ зөрүүтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүхээс хянан хэлэлцээд эд хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, Отгонжаргалтай бүлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй гээд хэргийг гэм буруугийн хуралдаанд шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанд ч эдгээр зүйлүүд яригдсан. Үнэлгээ гаргасан шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо “сапут төмрийг зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлж гаргасан. Мөн хохирогчоос гаргаж өгсөн эд зүйлийн шинж байдал, элэгдэл хорогдол, компанийн мэдээллийн санд тулгуурлаж эд зүйлийн үнэлгээг гаргасан” гэж үндэслэл бүхий тайлбар хэлсэн. Сапут төмрийг шүүгдэгч талаас өндрөөр үнэллээ, хохирогч талаас багаар үнэллээ гэж давж заалдах гомдол гаргасан байна. Л.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Түмэн тулаас” ХХК-иас сапут төмөр авсан. Харин 2017 онд хохирогч Г.Мөрөн, Н.Батцэцэг нараас сапут төмөр залилсан. Тэгэхээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаагаар эд хөрөнгийн үнэлгээ гаргасан. Мөн тухайн эд хөрөнгийн шинж чанар, элэгдэл хорогдол, шинэ, хуучин зэргийг үндэслэж хөрөнгийн үнэлгээ гаргасан учраас шинжээчийн үнэлгээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Л.Э нь Отгонжаргалтай бүлэглэсэн гэж үзэх нотлох баримт байхгүй. Шүүгдэгч Л.Э нь “бүх гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн” гэж удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлсэн. Мөн “түрээсийн гэрээнд 2 гарын үсэгтэй байсан. Нэг гарын үсэг болгоод зурчихсан байна” гэж байсан. Гэтэл түрээсийн гэрээн дээр байсан гарын үсэг нь хавтас хэрэгт авагдсан Л.Эы бусад гарын үсгүүдээс өөр, эргэлзээ төрүүлэхээр байгаагүй. Иймд түрээсийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь Л.Эы гарын үсэг мөн болох нь бусад баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон “Түмэн тулаас” ХХК-ийн төлөөлөгч Мөнхтогтохоос хэн, хэрхэн, ямар байдлаар түрээсийн гэрээ байгуулж, ямар байдлаар сапут төмөр авч явсан болохыг тодорхой мэдүүлсэн. Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн хохирогч Н.Батцэцэгээс “түрээслүүлсэн төмрөө үнэлүүлсэн тэр үнэлгээгээр тооцож хохирлоо гаргуулна” гэж мэдүүлсэн. Түүнээс албан ёсны гомдол хүсэлт гаргаж өгч байгаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд өөрөө оролцоогүй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага болон хохирлын талаар шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарт тайлбарласан. Ингэхдээ “хохирогч нарын сапут төмрийг Л.Э нь гэрээгээр халхавчилж, дүр үзүүлж, бусдыг төөрөгдөлд оруулж барьцаа түрээсийн төлбөрийг төлж байсан байна. Иймээс тухайн үед хийж байсан эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд тухайн үед төлж байсан түрээсийн төлбөрийг хохирогч нарын хохирлоос хасаж тооцох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Л.Эд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Шүүгдэгч Л.Э нь:

1. 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Н.Батцэцэгээс “барилгын компанитай, Хангай хотхонд барилга барьж байгаа” гэж 350 ширхэг барилгын тулаас /сапут/ төмрийг 1 сарын хугацаатай түрээслэх нэрийдлээр “тоног төхөөрөмж түрээслэх” гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангаас авч яван 5.040.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Батцэцэгийн: “...2017 оны 5 дугаар сард барилгын сапут төмөр түрээслүүлнэ гэж зар тавьсан. Энхсайхан зарын дагуу холбогдоод Чингэлтэй дүүрэгт байрлах манай зуслангийн хашаанд ирж барилгын сапутыг 1 сарын хугацаатай 350 ширхэг төмрийг өдрийн 100 төгрөгөөр бодож тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай гэрээ хийж, төмрөө өгч явуулсан. Эхний сарын түрээсийг төлсөн, дараа сараас нь түрээсээ төлөхөө больсон. Асууж холбогдохоор худал хэлсээр байгаад 2017 оны 9 дүгээр сар болсон. Түүнээс хойш уг хүн сураггүй алга болсон. ...” /1хх 19-20/,

гэрч Л.Хүрэлбаатарын “...манай дүү Энхсайхан нь барилгын сапут авч ирсэн, 5-6 хоног болоод уг төмрийг аваад явсан.  ...” /1хх 24-25/,

гэрч Ц.Доржсүрэнгийн “...Цайз дээр өөрийн эзэмшлийн 85-77 УБЧ улсын дугаартай портер загварын автомашиндаа ачаа ачаад явах гээд зогсож байхад махлагдуу биетэй, өндөр нуруутай залуу ирээд зуслангаас төмөр ачаад өгөөч гэж хэлээд үнэ тохироод, Яргайт орчимоос 2 удаа зөөж, Хайлааст орчим айлын хашаанд буулгасан. Төмрийг өгч байсан нь эмэгтэй хүн байсан, авсан залуу болохоор намайг хөлслөсөн махлаг шар залуу байсан. Тэд нар хоорондоо гэрээ хийгээд байх шиг байсан. ...” /1хх26-27/ гэх мэдүүлгүүд,

тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ /1хх 14-16/,

хохирогч Н.Батцэцэгийн 2014 онд “Хэв хашмал” ХХК-иас худалдаж авсан барилгын сапудыг нэг бүрийг нь 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 14,400 төгрөгөөр, нийт 350 ширхгийг 5,040,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 35-36/,

 

2. “Түмэн тулаас” ХХК-ийн захирал В.Даянбалжидад “Бэлхэд байшин барьж байгаа” гэж 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 400 ширхэг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 400 ширхэг барилгын тулаас /сапут/ төмрийг 1 сарын хугацаатай түрээслэх нэрийдлээр “барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компаний хашаанаас нийт 800 ширхэг барилгын тулаас төмрийг авч яван 17.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Мөнхтогтохын “...Түмэн тулаас ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Энхсайхантай 30 хоногийн хугацаатай 400 ширхэг тулаасыг түрээслэж 50/16 дугаартай гэрээг байгуулж, барьцаа болох 1.200.000 төгрөгийг үлдээж, 400 ширхэг тулаасыг ачиж явуулсан. 10 дугаар сарын 12-ны өдөр дахин ирээд 400 ширхэгийг 480.000 төгрөгийн барьцаа өгөөд ачиж авч явсан. ...гэрээний хугацаа дуусаад удсан учраас Энхсайхан руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд хайгаад олоогүй. ...Тулаас нэг бүрийн үнэ нь 25.000 төгрөг, 800 ширхэг тулаас нь 20.000.000 төгрөгийн үнэтэй. ...” /1хх 145-147, 148/,

гэрч А.Энхбаярын “...Энхсайхан гэх хүн 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр V2 загварын тулаас төмрийг гэрээ байгуулан түрээслэнэ гэж 400 ширхэгийг авсан. Дараа нь 10 дугаар сарын 12-ны өдөр бас дахин 400 ширхэг тулаас төмрийг түрээслэж, 15 хоногоор бодож авсан. ... гэрээний хугацаа дуусаад мөнгө төгрөгөө авах гэтэл алга болсон. Энхсайхантай гэрээ байгуулахдаа 1 бүрийг нь 25.000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн юм. ...” /1хх 151/ гэх мэдүүлгүүд,

барилгын угсралтын материал түрээслэх гэрээ /1хх 138-139/,

зарлагын баримт /1хх 140/,

“Түмэн тулаас” ХХК-ийн бараа материалын тайлан /1хх 141/,

“Түмэн тулаас” ХХК-ний 2015 оны 28,200 төгрөгөөр нэг бүр нь үнэлэгдэж хөрөнгийн тайланд тусгагдсан барилгын сапудыг 2016 оны 9 сарын байдлаар нэг бүрийг нь 22,000 төгрөгөөр, нийт 800 ширхэгийг 17,600,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 162-163/,

 

3. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.Төгөлдөрт “Бэлхэд хятадуудтай нийлж барилга барьж байгаа” гэж барилгын тулаас 65 ширхэг пум, 650 ширхэг түгжээ, 28 ширхэг булан зэргийг 15 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2-73 тоот хашаанаас авч яван 2.715.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 хохирогч Б.Төгөлдөрийн “...2018 онд цахим хуудсанд байх Барилгачдын группт пун түрээслүүлнэ гэсэн зар тавьсан. Тэгээд 7 дугаар сарын 19-ний өдөр 95770784 дугаарын утсаар зарын дагуу ярьж байна гээд залгаад өөрийгөө Энхсайхан гэж танилцуулсан залуу ганцаараа ирж уулзсан. Тэрээр надаас пун нэг ширхэгийг нь 250 төгрөгөөр 65 ширхэг пун, 1 ширхэг буланг 1 хоногийн 250 төгрөгөөр 28 ширхэг, 650 ширхэг түгжээг багцаар нь 1 хоногийн 10.000 төгрөгөөр тооцож түрээслэн авахаар болсон. Энгээд би 15 хоногийн хугацаанд нийт 498.100 төгрөг авахаар болсон. Тэгээд тухайн үед мөнгө орой шилжүүлнэ, тэгээд төмрийг машин явуулаад авахуулна гэж хэлсэн. Орой нь цэнхэр өнгийн портер ирээд ачаад аваад явсан. Маргааш нь 300.000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдлийг нь маргааш, нөгөөдөр гээд өгөөгүй. Утас нь холбогдохгүй байсан. Тэгхээр нь би цахим хуудсанд Энхсайханы зургийг тавиад луйварчин шүү гэсний дараа Энхсайхан 77887703 дугаарын утаснаас өөрөө залгаад намайг зараа устгахыг гуйсан. Тэгээд дахиад холбогдолгүй алга болсон. Би өөрөө эрж хайж байгаад портерын жолоочтой уулзаад хаана буулгасан талаар мэдсэн. Буулгасан гэх газар нь очиход 100 айлын худалдааны төвд байх “Түмэд” нэртэй сан техникийн хэрэгсэл зардаг дэлгүүр байсан. Тэгээд эздүүдтэй нь уулзахад тэр хүмүүс нь бид нар Энхсайханаас пун, түгжээ авсан, гэхдээ мөнгийг нь өгсөн гэж хэлсэн. Энхсайхан бид хоёрын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. ...би пун болон буланг 1 ширхэгийг 40.000 төгрөгөөр, түгжээг ширхэгийг нь 100 төгрөгөөр үнэлнэ. Тэрээр өөрийгөө барилгын чиглэлээр ажилладаг гэж хэлж байсан. ...” /1хх 243-244/,

гэрч Д.Батсүхийн “...2018 онд миний 96000635 дугаарын утас руу танихгүй дугаараас залгаад “надад барилгын пун байна, та авах уу” гэхээр нь асуухад “Барилга дээр ажиллаж байгаад ажлын хөлсөнд авсан, асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд үзэж харж байгаад нийт 65 ширхэг пуныг 1 ширхэгийг нь 15.000 төгрөгөөр бодож авсан. Тэрээр өөрийгөө Энхсайхан гэж танилцуулсан. Урьд танихгүй, тэгээд пунг нь хэд хоногийн дараа танихгүй хүнд 1.000 төгрөг нэмж зарсан. Тэгээд хэд хоногийн дараа Энхсайхан гэх хүний зарсан пуны эзэн нь байна гээд нэг залуу ирээд уулзсан. Тэр залуу Энхсайханг өөрөөс нь түрээслэсэн пунг зарсан гэж хэлээд бага зэрэг маргалдсан. ...” /1хх 249-250/ гэх мэдүүлгүүд,

 

хохирогч Б.Төгөлдөрийн  барилгын материалуудыг 2018 оны 7 дугаар сарын 19-ний байдлаар 2,715,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 4-5/,

 

4. “Хасү мандал” ХХК-иас “Бэлхэд байшин барьж байгаа” гэж 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барилгын туслах материал болох пум, труба зэрэг эд зүйлсийг “барилгын туслах материал түрээслэх” гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс авч яван 22.530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.Мөнхзоригийн “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Энхсайхан гэх хүн манай компанид ирж пун-114 ширхэг, 6 метр турба 460 ширхэг, 4.5 метр турба 30 ширхэг, 3.5 метр турба 160 ширхэг, барилгын материалыг түрээслэхээр түрээсийн гэрээ хийж авч явсан. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2.250.000 төгрөг өгсөн. Уг нь турба 1 ширхэг бүрийн үнэ 1 өдрийн 100 төгрөг, пун нь 300 төгрөгөөр тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болохоор гэрээг хийсэн. Гэтэл одоог хүртэл Энхсайхан сураггүй алга болсон. Энэ хүнээс барилгын материалын үнэ 22,957,500 төгрөгийг нэхэмжилж байгаа. Пун нэг бүрийн үнэ нь 65.000 төгрөг, 6 метртэй турба нэгийг үнэ нь 4500, 4.5 метр 30 ширхэг турба 607.500 төгрөг, 3.5 метртэй турба 160 ширхэг нь 2.520.000 төгрөг болж байгаа. Энэ үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс бууруулж тооцсон байгаа. Энхсайханд дээр барилгын материалуудыг хүлээлгэж өгсөн баримт байгаа. Тэрээр Бэлхэд барилга барихад ашиглах гэж байгаа гэж хэлсэн. ...” /2хх 60-61/ гэх мэдүүлэг,

барилгын туслах материал түрээслэх гэрээ /2 хх 50-52”, “Хасу Манал” ХХК-ийн зарлагын баримт /2хх54-57/,

зарлагын баримтууд /2хх 54-57/,

хохирогч “Хасү мандал” компанийн барилгын материалуудыг 2018 оны 7 дугаар сарын байдлаар нэг бүрийн үнийг нь тодорхойлж, нийт 22.530.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 66-67/,

 

5. Г.Мөрөнд “өөрөө жижиг хаус барьж байгаа, байшин барихдаа ашиглана” гэж итгүүлэн түрээсийн гэрээ байгуулан 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр 1700 ширхэг барилгын тулгуур төмрийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Г.Мөрөнгийн гражаас авч яван 18.360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Мөрөнгийн “...би өөрөө хувиараа барилгын тулаас төмөр түрээслэх ажлыг хийгээд 5 жил болж байна. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би зарыг сонин болон интернетэд байрлуулсан. Надтай зарын дагуу гээд Энхсайхан холбогдсон. Энхсайхантай тулаас төмрийг хугацаагүй түрээслэхээр гэрээ байгуулсан. Эхний ээлжинд 200 ширхэг тулаас төмрийг өдрийн 100 төгрөгөөр түрээслэсэн. 8 дугаар сарын 28-нд дахин тулаас төмөр хэрэгтэй байна гээд 250 ширхэг, 2018 оны 2 дугаар сарын 15-нд 120 ширхэг, 2 дугаар сарын 27-ны өдөр 260 ширхэг, 3 дугаар сарын 6-ны өдөр 400 ширхэг, 3 дугаар сарын 11-нд 220 ширхэг, 3 дугаар сарын 18-нд 250 ширхэг тулаас төмөр буюу нийт 1700 ширхэг тулаас төмрийг надаас авсан. Тухайн үедээ надад барьж байгаа барилга дээр нь дутаад байна гэж хэлээд нэмээд авсан, тэрээр түрээслэх үедээ 10, 15 хоногоор мөнгийг нь төлж байсан. Би түрээсийн мөнгө гэх 200 ширхэг тулааснаас барьцааны 400.000 төгрөг, түрээсийн төлбөр 300.000 төгрөг авсан, ингэж явсаар байгаад сая 3 дугаар сарын 6-нд 720.000 төгрөг авсан. Би сүүлд тулаас төмрийг ачиж явсан машиныг дагасан боловч Энхсайхан мэдчихээд намайг дагаад хэрэггүй, хүн нь байхгүй байна гэж худал хэлээд намайг төмрийг хаана булгасан гэдгийг мэдэх боломж өгөөгүй. ...Надад нийт 34.000.000 төгрөгийн хохирол учирсан. Эдгээр тулаас төмрийг би банкнаас зээл авч Бүгд Найрамдах Солонгос улсаас өөрөө оруулж ирж байсан. Миний тулаас төмрүүд зах зээлийн үнэ нь 20.000 төгрөг байгаа. ...” /2хх 107-108/,

гэрч Ж.Зоригоогийн “...Би хувиараа ачааны машин жолоодож ачаа ачдаг. 2018 оны 3 дугаар сарын эхээр 30 орчим насны залуу ирээд сапуд төмөр ачих уу, 200 ширхэгийг 805 дугаар ангийн ойр байдаг Хүч Нийгэмлэгийн зүүн талд байрлалтай граж руу ухарч тулгаж зогсоод 200 ширхэг сапуд төмрийн тулгуур төмөр ачаад Дэнжийн 1000-н цагаан байрны ойролцоо байх айлын хашаанд буулгасан. 2-3 хоногийн дараа нэг залуу ирээд энэ талаар асуухаар нь хэлж буулгасан газраа зааж өгсөн. ...” /2хх 109-110/ гэх мэдүүлгүүд,

тулгуур төмөр түрээслэх гэрээ, хүлээлцсэн акт /2хх 101-104/,

хохирогч Г.Мөрөнгийн хуучин, хэрэглэж байсан барилгын тулгуур төмөр /сапут/-ийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний байдлаар нэг бүрийг нь 10,800 төгрөгөөр, нийт 1700 тулгуур төмрийг 18,360,000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 114-115/ ,

 

шүүгдэгч Л.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 106-107, 1хх 221-222, 2хх 26-27, 2хх 74-75/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Эыг залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Л.Эы барилгын ажил эрхэлдэг гэж бусдад итгүүлэн, барьж байгаа барилгын ажилд хэрэглэх нэрийдлээр хохирогч Н.Батцэцэг, “Түмэн Тулаас” компани, Б.Төгөлдөр, “Хасү Мандал” компани, хохирогч Г.Мөрөн нараас барилгын сапуд төмөр, пун, булан, түгжээ зэрэг барилгын материалуудыг түрээслэнэ гэж гэрээ хийн хуурч, 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрүүдийн хооронд олон удаагийн үйлдлээр бусдад нийт 60,235,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий тайлбар хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...арван мянган нэгжээс дөрчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялуудаас хорих ялыг сонгон 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар Л.Эыг шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон байна.

 

Л.Эд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж зааснаар түүний 2016 оны 9 дүгээр сараас эхлэн 2018 оны 03 дугаар сарын 18-ны хугацаанд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр нийт 60.235.000 төгрөгийг залилсан үйлдлийг 2018 оны 3 дугаар сард төгссөн гэж үзнэ.

 

Хохирогч Н.Батцэцэг нь хохирлыг буруу үнэлсэн талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжилгээ хийлгэнэ...” гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний эрх бүхий этгээдээр хохирогч Н.Батцэцэгийн хөрөнгийг үнэлүүлэх ажлыг мөрдөгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иар хийлгэжээ. /1хх 34-35/

 

Ингэж хохирогч Н.Батцэцэгийн 2014 онд “Хэв хашмал” ХХК-иас 26,000 төгрөгөөр худалдан авсан, зах зээлийн ханш нь 29,000 төгрөгөөр үнэлнэ /1хх 22/ гэсэн хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгийг мөрдөгч “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолдоо тодорхой тусгасан тогтоолтой шинжээч танилцсан, үнэлгээний арга, аргачлалын дагуу хийгдсэн болох нь хохирогч Н.Батцэцэгийн хохирол болох барилгын сапутыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 35-36/, шүүх хуралдаанд оролцсон хохирлын үнэлгээг хийсэн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн мэдүүлэг /3хх 40/ зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Л.Э нь Ч.Отгонжаргал гэгч хүнтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн, барилгын сапутын үнэлгээг янз бүрээр тогтоосон гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

            Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Отгонжаргал гэгч хүний талаар мэдүүлж байгаагүй бөгөөд хэрэгт Ч.Отгонжаргал гэгч хүн Л.Этай хамт байсан талаар нэг ч хохирогч, гэрч мэдүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй.” гэж зааснаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй.

 

            Хохирлын үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжилгээ хийлгэнэ...” гэж заасанд нийцүүлэн эрх бүхий этгээдээр үнэлүүлсэн, үнэлгээ нь зохих хууль, журмын дагуу хийгджээ.

 

            Хохирогч нарт учирсан хохирол, шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх хохирлыг шүүх зөв хянан шийдвэрлэсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Л.Эы хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн 1911001471203 дугаартай эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.  

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/436 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, хохирогч Н.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                          

 

       ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

                               ШҮҮГЧ                                                     Ц.ОЧ

                               ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ