| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0129/з |
| Дугаар | 221/МА2016/0724 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0724
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанд дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар” холбооны улсын үйлдэврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.*******, орчуулагч И.Н.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 610 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор А.*******, Б.*******, Б.******* нарын иргэдийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч А.*******, Б.*******, Б.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмч гэж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 610 дугаар шийдвэрээр:
“Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрыг ОХУ-ын өмчид бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч А.*******, Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“Шүүхийн шийдвэрт “...нууц Протокол Үндсэн хууль зөрчсөн гэж тайлбарласныг үндэслэлгүй байна...” гэж ташаа дүгнэлт хийжээ.
Үндсэн Хуулийн цэцийн гишүүний 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 97 дугаар тогтоолд “ЗСБНХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаарсарын 29-ний өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн “Объектийн дор байгаа газрыг Монголын тал Оросын талд үнэ төлбөргүй, хугацаагүй шилжүүлнэ” гэсэн заалт Үндсэн Хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж заасны дагуу хүчингүйд тооцсон байна гэж дүгнэсэн байна.
Мөн шүүхийн шийдвэрт “...ОХУ-ын өмч мэтээр гэрчилгээ олгосон нь...илт хууль бус... гэх тайлбар үндэслэлгүй байна” гэж ташаа дүгнэлт хийжээ.
Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсад байрласан ОХУ-ын Ерөнхийлөгчийн шуурхай удирдлагын мэдэлд байгаа үл хөдлөх объектууд, барилга байгууламжуудыг ОХУ-ын нэр дээр бүртгэхийг хүсч нийслэлийн 15 дугаар хороололд байршилтай барилгын жагсаалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүргүүлэхдээ тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотлох болон эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээ тогтоосон эрх бүхий байгууллагын акт, тодорхойлолт, газрын кадастрын зураг зэрэг хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг мэдүүлэг гаргагч тал тухайн үед ирүүлээгүй байсан бөгөөд хавтаст хэрэгт аливаа нотлох баримт байхгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1/, 2/, 6 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй байхад Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд байрлалтай 14 дүгээр байрыг улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгож, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1/, 7/, 10 дугаар зүйлийг зөрчсөн байна.
Баянзүрх дүүргийн 15 хороололд байрлалтай 14 дүгээр байрыг улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн талаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 112, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр тогтоолуудаар тус тус нэгэнт тогтоогдсон байдаг.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 610 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
Шүүхийн практикт ОХУ-ын өмчлөлд бүртгэсэн зарим үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, холбогдох гэрчилгээг тухайн байрын түрээслэгч иргэдийн нэхэмжлэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн агуулгын хувьд адил нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдлуудын аль аль нь байдаг, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг, тэр тусмаа Улсын Дээд шүүхийн тогтоолд дүгнэгдсэн үйл баримтыг түүнтэй адил маргааныг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь зүй ёсны бөгөөд ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д заасан “шүүгч ...гагцхүү хуульд захирагдана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай зөрчилдөхгүй.
Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдлийн хувьд эсрэг шүүхийн шийдвэрийг өөр хооронд нь зөргөлдүүлэхээс илүүтэйгүүр харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн зорилт, нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх талаас нь авч үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Бүртгэлийн нэг үндэслэл болсон 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор тус улсад орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай” БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын протоколын 2 дугаар зүйлийн “Объектийн дор байгаа газрыг Монголын тал Оросын талд үнэ төлбөргүй, хугацаагүй шилжүүлнэ” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэсний дагуу хүчингүйд тооцогдсон байна” гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2007 оны 97 дугаар тогтоолд дүгнэгдсэн байгаа боловч энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй талаар Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 353 дугаар тогтоолд тодорхой дурдсан, түүнчлэн “түрээсийн өндөр төлбөр төлж байгаа”, нэхэмжлэл хангагдсанаар тог цахилгааныг ямар нэг байдлаар хязгаарлахгүй болно, өмчлөх эрх түрээслэгч нарт үүсэх боломжтой...” гэх түрээслэгчийн эрхийн асуудлууд нь маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосноор сэргэх хууль зүйн үр дагаварт хүргэхгүй.
Мөн ОХУ-аас Монгол Улсад өгөхөөр тохиролцсон гэх 8 байр болон Монгол Улс дахь ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа зэрэг нь ч улсын бүртгэлийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэхэд үл хамаарна.
Өөрөөр хэлбэл “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу дамжуулан түрээслэгч иргэд болох нэр бүхий нэхэмжлэгч нар“уг бүртгэлийн” улмаас эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд биш, барилгын өмчлөгчийн эрхийг баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь уг байрны орон сууцны хэсгийг түрээсээр эзэмшиж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.
Тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ын 3/-ын “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ”, 4/-ийн “өмчийн газрын кадастрын зураг”-ыг мэдүүлэгт хавсаргах тухай заалтуудыг Улсын Их Хурлаас баталсан 2002 оны 6 дугаар сарын 7, 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус тус нэмсэн тул бүртгэл хийгдсэн 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдөр уг хуульд байгаагүй хуулийн заалтын дагуу эдгээр баримтыг бүрдүүлж өгөх шаардлагагүй болно.
Гэхдээ барилгын өмчлөх эрхийг бүртгүүлж гэрчилгээ авахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох болон үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримтыг хавсаргасан, тухайлбал 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах нийт 19 барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны зөвлөх А.Я.Кисилёвийн хүсэлт, хавсаргаж өгсөн Засгийн газар хоорондын 1971 оны Протокол, уг Протоколын дагуу барилга барих 41000 м.кв газар олгосон Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1971 оны 5 дугаар тогтоол, барилгуудын байршлийн схем зургуудаас гадна байрны зураг, уг барилгыг 6292.18 м.кв талбайтай, 660.060 мянган ам.долларын үнэтэй гэж тодорхойлсон мэдүүлэг зэргийг үндэслэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 14 дүгээр байрыг маргаан бүхий улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй гэх гомдлын үндэслэл нотлогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.*******, Б.*******, Б.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН