Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 430

 

Т.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Т.Т, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0418 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0606 дугаар магадлалтай, Т.Т-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0418 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “М С” ХХК-иар захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “М” хотхоны 98/1А байрны 9 давхарт байх 806 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Т-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0606 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Т.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүдийн өмчлөх болон барьцааны эрх нь дээрх байдлаар нэхэмжлэгчтэй “орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулахаас өмнө үүсчээ.” Миний хувьд бол дараах 2 “орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” ба “зээлийн барьцааны гэрээ”-ний байгуулсан өдрийн тухай огт маргаагүй. Энэ нь захиргааны байгууллагын бүртгэхгүй байгаа үйлдэлд хамаагүй. Худалдагч тал худалдан авагч надад эрхийн доголдол, зөрчилгүй үл хөдлөх шилжүүлэх харин миний хувьд төлбөрийг бүрэн төлсөн. Би бол хууль ёсны дагуу мөнгөө төлж, худалдаж авсан, би бол шударга өмчлөгч. Шударга өмчлөгч гэсэн хуулийн ойлголт бий болчихоод байхад гэтэл үүнээс цааш өөр ямар үүрэг биелүүлж байж би өмчлөх эрхээ олж авах вэ гэдэг хуулийн алдаатай шийдвэр гаргасан.

Барьцааны зүйлд барилгыг барьцаалсан гэж байгаа болохоос биш миний орон сууц гэж байхгүй. Барилга орон сууц гэсэн 2 өөр ойлголтыг нэг зүйл гэж үнэлсэн нь буруу. Бүртгүүлэхийн тулд заавал “У” банкнаас зөвшөөрөл авах ёстой. Хэрвээ зөвшөөрөл өгөхгүй бол яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Тэгээд би насан туршдаа би байрны гэрчилгээгүй явах болж байна уу. Зөвшөөрөл авах ёстой уу үгүй гэдэг нь миний үүрэг үү үгүй гэсэн асуулт гарч ирэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч Т.Т маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой мэдүүлэг гаргаж байгаагүй байна гэж дүгнэсэн нь хууль бус байна. Учир нь Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандахад миний өмчлөлийн мэдүүлгийг хүлээн авах, мөн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг амаар өгдөг байсан. Тийм учраас иргэний шүүхэд хандаж өмчлөгчөөр тогтоолгосны дараа мэдүүлгээ хэд хэдэн удаа өгч, татгалзсан хариу авсан талаар шүүх хуралдааны явцад хэлсэн. Түүнчлэн энэ талаар улсын бүртгэлийн газраас асууж тодруулж, нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй байж хэт нэг талыг барин, өөрийн үзэмжээр дүгнэсэн.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Түүнчлэн маргаан бүхий эд хөрөнгө болох 98/1А байрны 9 давхрын 806 тоот 100.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц “У х б”, “М с” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаанд байх ба...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх зээлийн барьцааны гэрээ нь 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан бөгөөд уг гэрээнд 806 тоот багтаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр 30 хувийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн 806 тоот хамааруулан үзсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 ... мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, тус хуулийн 14.2.1 ... улсын бүртгэгч мэдүүлэг хүлээн авахаас татгалзах” заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь мэдүүлэгт дурдсан эрх буюу маргаан бүхий эд хөрөнгө болох 98/1А байрны 9 давхрын 806 тоот 100.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн талаарх үйл баримт тогтоогдоогүй байхад дээрх орон сууцыг “Зээлийн барьцааны гэрээ”-ний 30 хувийн гүйцэтгэлтэй барилгад хамаатуулж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид барьцаанд байгаа эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхгүй гэсэн ойлголт байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн өмчлөлийн болсон үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж байгаа нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Мөн улсын бүртгэгчийн мэдүүлэг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа болно. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т иргэн нь “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан бөгөөд иргэн миний шударгаар өмчлөх эрхийг олж авсан үл хөдлөх хөрөнгөө хууль журмын дагуу өмчлөх, өмчлөх эрхээ баталгаажуулан авах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Төрийн байгууллагын ямар үүрэгтэй вэ гэхээр Иргэний эрхийг хамгаалахад чиглэж үйл ажиллагаа явуулдаг. Тэрнээс биш одоо юу гэдгийн энд бүртгэсэн юм байна одоо чи хамаагүй гэж хэлж болохгүй. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Гучин наймдугаар зүйлийн 7-д хүний эрх, эрх чөлөөг хамгаалах. Тэгэхээр ямарваа нэг байдлаар шийдэж өгөх ёстой.

“Үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”-д эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, 24 дүгээр зүйлийн 24.1 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” 24.4 “шүүх, арбиртын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу миний өмчлөлийн хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна. Үүнд:

Гуравдагч этгээд “М” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамжны 98-д байршилтай 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгүүлж, улмаар уг хөрөнгийг түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт “У х б” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний барьцаанд барьцаалсныг улсын бүртгэлд бүртгэжээ.

Энэ тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглох гэж; Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, ... эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах”-аар заасан тул хариуцагчийн татгалзал хууль ёсны, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн хувьд “У х б” ХХК-ийн барьцааны эрх үүссэнээс хойш буюу 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “М с” /М т/ ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулан, төлбөрийг төлсөн, энэ нь маргааны үйл баримтад ач холбогдолтой тул түүний хяналтын журмаар гаргасан гомдолд “... Миний хувьд “орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” ба “зээлийн барьцааны гэрээ”-ний байгуулсан өдрийн тухай огт маргаагүй, энэ нь захиргааны байгууллагын бүртгэхгүй байгаа үйлдэлд хамаагүй...” гэснийг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн, “М” ХХК нь “У х б” ХХК-тай байгуулсан Зээлийн барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, ...30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалахаар тохирсон, нэхэмжлэгчийн маргаж буй орон сууц нь уг 98 дугаар байрын 9 давхарын 806 тоот байх тул нэхэмжлэгчийн “барьцааны зүйлд барилгыг барьцаалсан гэж байгаа болохоос биш миний орон сууц гэж байхгүй, “барилга”, “орон сууц” гэсэн 2 өөр ойлголтыг нэг зүйл гэж үнэлсэн нь буруу, ... дээрх зээлийн барьцааны гэрээ нь 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан бөгөөд уг гэрээнд 806 тоот багтаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр 30 хувийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн 806 тоот хамааруулан үзсэн нь үндэслэлгүй...” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэгэнт барьцаалагдсан хөрөнгийн тухайд өмчлөх эрхийг шилжүүлэх нь дан ганц өмчлөгчийн буюу “М” ХХК-ийн хүсэл зоригоос хамаарахгүй, барьцаалагч “У х б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд ...-ийн зөвшөөрлийг заавал авсан байх...” гэсний дагуу маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх өөрчлөлт хийхийн тулд гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн зөвшөөрлийг зайлшгүй авсан байх шаардлагатай юм.

Иймд, нэхэмжлэгчийн “...бүртгүүлэхийн тулд заавал “У” банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй, үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжихэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”; 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу миний өмчлөлийн хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй” гэсэн гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байна” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0418 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0606 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ