Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/02740

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/02740

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж,  байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Т.А. /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хөрөнгийн эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн 2-р шүүхийн 2015 оны 04 сарын 16-ны өдрийн 2429 дугаартай шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 07 сарын 22-ны өдрийн 0938 дугаартай магадлалтай. Магадлалаар О ХХК-аас 440,000,000 төгрөгийг гаргуулж, Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг О ХХК сайн дураараа биелүүлээгүй учраас 2021 оны 05 сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Энэ ажиллагааг хийхдээ компанийн эд хөрөнгийг бүрэн тогтоох ажиллагааг хийгээгүй. Т.А эд хөрөнгө рүү халдаж, орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн учраас шүүхэд гомдол гаргасан. Хариуцагч байгууллагаас компанийн эд хөрөнгийг тогтоох үүднээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, газар эзэмших ашиглах эрхтэй эсэх талаарх лавлагаа, ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлтэй эсэх лавлагаануудыг авснаар өөрөөр ямар нэгэн байдлаар эд хөрөнгийг тогтоох, эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагааг хийгээгүй байгаа. Тухайлбал компанийн татварын тайлан, санхүүгийн тайлан бланс зэргийг огт шалгаагүй. Компанийн эд хөрөнгө нь өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй гэж үзэж, хувьцаа эзэмшигчийн эрхэнд халдсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж тодорхойлсон. Шүүхийн гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгчийг О ХХК гэж тодорхойлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ нь О ХХК-ийн эд хөрөнгө, үйл ажиллагаанд хамааралгүй учраас энэ ажиллагааг хийхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг болон Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-т зааснаар О ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А болон түүний эхнэр Л.Б нарын нэр дээр байдаг. Улсын эрхийн бүртгэлийн 0000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0-р хороо, Туул гол гудамж, 0 байрны, 0 тоот орон сууц, мөн улсын эрхийн бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0-р хороо, Хүннү 2222 Их Монгол улсын гудамж,0 байрны, 0 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Компанийн тухай хуулийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Мөн 9.5-т Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэсэн заалтуудыг хариуцагч талаас буруу ойлгож тайлбарлаж байна гэж үзэж байгаа. Хязгаарлагдмал хариуцлагатай компани бол хувьцаа эзэмшигч нь хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг онцлогтой. Энэ утгаарааа хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж томьёолсон байдаг. Т.А хувьцааныхаа хэмжээнд ямар хариуцлага хүлээх талаар тодорхойлоогүй. Компанийн хөрөнгө нь тухайн өр төлбөрийг бүрэн барагдуулах хүрэлцэхгүй байна гэснийг бүрэн тогтоогоогүй. Эрхийг түдгэлзүүлсэн хөрөнгө ганцхан Т.А өмч биш, 2 иргэний өмч буюу гэр бүлийн дундын эд хөрөнгө байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигч Т.А гэдэг үүднээс хандаж, давхар давхар өмчлөгч нарын эрх ашгийг зөрчиж байна. Иймээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тушаал шийдвэр гүйцэтгэх журмын 2021 оны 07 сарын 21-ний өдрийн0000 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн 2-р шүүхийн 2015 оны 04 сарын 16-ны өдрийн 00 дугаартай шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 07 сарын 22-ны өдрийн 0 дугаартай магадлалаар О ХХК-аас 440,357,950 төгрөг гаргуулан Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал, гүйцэтгэх хуудсыг 2021 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дарааллын дагуу эд хөрөнгийн тогтоох, шүүхийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийсэн. Мэдэгдэл хүргүүлээд, бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад тус компанийн өмчлөлийн эд хөрөнгө тогтоогдоогүй. Арилжааны банкинд данс эзэмшдэг талаар мэдэгдэл хүргүүлэхэд данс эзэмшдэггүй гэсэн хариу ирсэн. Компанийн эд хөрөнгө тогтоогдоогүй, эрх бүхий байгууллагаас ямар ч хөрөнгө гарч ирээгүй байгаа. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ заасан байгаа. Компанид эд хөрөнгө тогтоогдоогүй учраас хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахаар болсон. Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-т хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр төлбөр барагдуулах талаар заасан. Компанийн тухай хуулийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Т.А нь тухайн хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг гэж бүртгэгдсэн байгаа. Компанийн тухай хуулийн 9.5-т Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан байгаа. Эд хөрөнгийг тогтоохоор 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А 2021 оны 08 сард мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд О ХХК-ийн татварын тайлан, санхүүгийн тайлан, арилжааны банкуудын дансны хуулга, нягтлан бодох бүртгэл эдгээр баримтуудыг ирүүлээд, үнэлгээ хийсэн. Энэ мэдэгдлийн дагуу Манай компани төлбөрийн чадваргүй, манайх дампуурч байгаа учраас шүүхэд хандсан, энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна, танайхаас шаардсан баримтууд нь манайд байхгүй, гаргаж өгөх боломжгүй, компани ямар ч үйл ажиллагаа явуулахгүй, дампуурлын хэргийг шийдэгдэхийг хүлээсэн байдалтай байна, эд хөрөнгө байхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн. Иймд эд хөрөнгийг зааглахад төвөгтэй байдалтай болсон. Баримтаа гаргаж өгөхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.10-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авсан. 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А хөрөнгийг шалгахад Хан-Уул дүүргийн 0-р хороо, Туул гол гудамж0 байрны, 0 тоот орон сууц, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү 2222 Их Монгол улсын гудамж, 0 байрны, 0тоот орон сууц гэх хөрөнгүүд гарч ирсэн. Эдгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Дараа нь Т.А гомдол гаргахдаа эхнэрийн хамт өмчилдөг гэсэн баримтыг гаргаж өгсөн байна. Гэрчилгээнээс нь хамтран өмчилдөг гэдгийг мэдсэн. Орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр гаргуулах шаардлагаа хийгдээгүй. Эхний байдлаар хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдах магадлалтай. Хөрөнгийг тогтоох ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа учраас бүртгэлийн байгууллага хориг тавьсан байгаа. Тэгэхээр эд хөрөнгийг худалдан борлуулаад төлбөрт тооцож авсан ажиллагаа хийгдээгүй байгаа. Энэ нь урьдчилан баталгаажуулах арга хэмжээ авсан. Иймд хөрөнгийн асуудлыг шийдтэл түдгэлзүүлсэн эрхийг сэргээх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хөрөнгийн эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь төлбөр төлөгч хуулийн этгээд болон хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг зэрэг эрэн сурвалжилж, битүүмжлэх ажиллагааг хийсэн нь урьдчилсан арга хэмжээ тул хууль зөрчөөгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 62-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаар магадлалаар төлбөр төлөгч О ХХК-иас 440,000,000 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00000 дугаар захирамжаар 0000 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн, уг захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай 0 тоот тогтоол гарч, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлсэн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч О ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зарлан дуудах мэдэгдлийг шуудангаар явуулжээ.

Төлбөр төлөгч О ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Т.А болох нь хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч О ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А утсаар холбогшдох 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирэхийг мэдэгдэхэд манай өмгөөлөгч очиж уулзана гэж ярьсан талаар тэмдэглэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах асуудлыг зохицуулсан.

Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна, 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах дарааллыг хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс, мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол бусад хөрөнгөөс, нийт хөрөнгө нь хүрэлцэхгүй бол үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хөрөнгөөс тухайлан зохицуулсан хуулийн дагуу гаргуулахаар тогтоосон буюу хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө, бусад хөрөнгө, нийт хөрөнгө ямар хэмжээтэй болох, төлбөрт хүрэлцэх эсэх ажиллагааг эхэлж хийхээр зохицуулсан байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0 тоот албан бичгээр Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд төлбөр төлөгчийн болон хувьцаа эзэмшигчийн эзэмшилд газар бүртгэлтэй эсэх лавлагаа, мөн өдрийн0тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт О ХХК-ийн нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа эсэх лавлагаа авахаар хандахдаа 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21250396 тоот хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол гаргаж, төлбөр төлөгч О ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Туул гол гудамж, 0 байрны 0 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хүннү 2222, Их Монгол улсын гудамж, 0 дугаар байрны 0 тоот орон сууцны эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Улмаар 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 000тоот Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргажээ.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж,0 байрны 0 тоот орон сууц нь Т.А, Л.Б нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-0,00 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүннү 2222, Их Монгол улсын гудамж,  дугаар байрны  тоот орон сууц нь Т.А, Л.Б нарын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд Голомт банкны барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэлтэй болох нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хариуцагч нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийн байдлыг тодруулж, төлбөрт хүрэхгүй болсныг тогтоосны дараа Компанийн тухай хуулийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасны дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг шалгаж, зааглагдаагүй бол зөвхөн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг барагдуулахаар заасан.

Шийдвэр гүйцэтгэлийн энэхүү ажиллагаа нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийн байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй байхдаа хувьцаа эзэмшигчийн хөрөнгө рүү халдсан нь шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар хуулиар тогтоосон дарааллыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 000 тоот хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0000 тоот Т.Аөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж,  байрны 0 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 165 дугаар хороо, Хүннү 2222, Их Монгол улсын гудамж, 0 дугаар байрны 0 тоот орон сууцны хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ