Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/Ма2022/00095

 

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00095

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02740 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хөрөнгийн эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0938 дугаар магадлалаар Ойгоннуур энерги ХХК-аас 440,000,000 төгрөгийг гаргуулж, Эрчим сүлжээ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагч байгууллагаас компанийн эд хөрөнгийг тогтоох үүднээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, газар эзэмших ашиглах эрхтэй эсэх талаарх лавлагаа, ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлтэй эсэх лавлагаануудыг авснаас өөрөөр эд хөрөнгийг тогтоох, эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагааг хийгээгүй. Тухайлбал, компанийн татварын тайлан, санхүүгийн тайлан бланс зэргийг огт шалгаагүй байж компанийн эд хөрөнгө нь өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй гэж үзэж, хувьцаа эзэмшигчийн эрхэнд халдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгчийг Ойгоннуур энерги ХХК гэж тодорхойлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ нь Ойгоннуур энерги ХХК-ийн эд хөрөнгө, үйл ажиллагаанд хамааралгүй учраас энэ ажиллагааг хийхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг болон Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дахь хэсэгт зааснаар Ойгоннуур энерги ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А- болон түүний эхнэр Л.Баяржаргал нарын нэр дээр байдаг улсын эрхийн бүртгэлийн 2206021027 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол гудамж, 70а байрны, 30 тоот орон сууц, мөн улсын эрхийн бүртгэлийн 2206058717 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү 2222 Их Монгол улсын гудамж, 110 байрны, 1301 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дахь заалтуудыг хариуцагч талаас буруу ойлгон тайлбарлаж байна гэж үзэж байгаа. Хязгаарлагдмал хариуцлагатай компани бол хувьцаа эзэмшигч нь хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг онцлогтой. Т.А- хувьцааныхаа хэмжээнд ямар хариуцлага хүлээх талаар тодорхойлоогүй. Компанийн хөрөнгө нь тухайн өр төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэхгүй байна гэснийг бүрэн тогтоогоогүй. Эрхийг түдгэлзүүлсэн хөрөнгө ганцхан Т.А-ийн өмч биш, 2 иргэний өмч буюу гэр бүлийн дундын эд хөрөнгө байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигч Т.А- гэдэг үүднээс хандаж, давхар давхар өмчлөгч нарын эрх ашгийг зөрчиж байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21250396 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дарааллын дагуу эд хөрөнгийн тогтоох, шүүхийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийсэн. Мэдэгдэл хүргүүлээд, бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад тус компанийн өмчлөлийн эд хөрөнгө тогтоогдоогүй. Арилжааны банкинд данс эзэмшдэг талаар мэдэгдэл хүргүүлэхэд данс эзэмшдэггүй гэсэн хариу ирсэн. Компанийн эд хөрөнгө тогтоогдоогүй, эрх бүхий байгууллагаас ямар ч хөрөнгө гарч ирээгүй. Компанид эд хөрөнгө тогтоогдоогүй учраас хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахаар болсон. Компанийн тухай хуулийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Т.А- нь тухайн хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг гэж бүртгэгдсэн байгаа. Компанийн тухай хуулийн 9.5-т Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан. Эд хөрөнгийг тогтоохоор 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А-т 2021 оны 08 сард мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд Ойгоннуур энерги ХХК-ийн татварын тайлан, санхүүгийн тайлан, арилжааны банкуудын дансны хуулга, нягтлан бодох бүртгэл эдгээр баримтуудыг ирүүлээд, үнэлгээ хийсэн. Баримтаа гаргаж өгөхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.10-т заасны дагуу арга хэмжээ авсан. 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А-ийн хөрөнгийг шалгахад Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол гудамж, 70а байрны, 30 тоот орон сууц, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү 2222, Их Монгол улсын гудамж, 110 байрны, 1301 тоот орон сууц гэх хөрөнгүүд гарч ирснээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Дараа нь Т.А- гомдол гаргахдаа эхнэрийн хамт өмчилдөг гэсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд гэрчилгээнээс нь хамтран өмчилдөг гэдгийг мэдсэн. Эхний байдлаар хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдах магадлалтай. Хөрөнгийг тогтоох ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа учраас бүртгэлийн байгууллага хориг тавьсан. Эд хөрөнгийг худалдан борлуулаад төлбөрт тооцож авсан ажиллагаа хийгдээгүй. Иймд хөрөнгийн асуудлыг шийдтэл түдгэлзүүлсэн эрхийг сэргээх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21250396 тоот Т.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021027 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 70а байрны 30 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058714 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 165 дугаар хороо, Хүннү 2222, Их Монгол улсын гудамж, 110 дугаар байрны 1301 тоот орон сууцны хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хувьцаа эзэмшигч Т.А-ийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг цаг алдалгүй авч, түүний өмчлөлийн 2 орон сууцны захиран зарцуулах эрхийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21250396 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандан түдгэлзүүлсэн. Үүнээс хойш тус компанийн нэр дээр хөрөнгө тогтоогдоогүй байгаа тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдолд дурдсан үндэслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хяналаа.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагчНШШГГ-т холбогдуулан хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагчНШШГГ- нь шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102/ГХ2021/00432 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоороо төлбөр төлөгч Ойгон нуур энерги ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021027 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 70А дугаар байрны 30 тоот орон сууц болон Ү-2206058714 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол улсын гудамж, 110 дугаар байрны 1301 тоот орон сууцны эд хөрөнгийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлэх ажиллагаа хийсэн байна. /хх14/

Нэхэмжлэгч Т.А- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх эрх түдгэлзүүлсэн тогтоол нь Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн, хувийн эд хөрөнгийг компанийн эд хөрөнгөөс зааглан тогтоогоогүй гэж, хариуцагчНШШГГ- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Т.А-ийн компанид оруулсан эд хөрөнгө, хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зааглагдсан эсэхийг тогтоохоор холбогдох санхүүгийн баримтыг ирүүлэхийг мэдэгдэхэд мэдэгдэлд дурьдсан баримтуудыг дампуурлын хэрэг гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн, компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар мэдэгдсэн гэж тус тус тайлбарлажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.А- өөрийн хөрөнгийг түүний 100 хувийн эзэмшилд байх Ойгон нуур энерги ХХК-ийн хөрөнгөөс зааглагдсан байсан гэдгийг нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Т.А- нь дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02740 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21250396 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД  Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН