Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02761

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02761

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, С дугаар гудамж, 0 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 0 байр, 000 тоот хаягт оршин суух, Б овогт Г.Гочоосүрэн /РД:-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж,  дугаар байр, тоот хаягт оршин суух, Бовогт И.Ө /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 260,400,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

                                  

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 сарын 30-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, нийт 140,000,000 төгрөгийг зээлсэн. Хүү төлөх хугацаа болоход төлөлт хийгдээгүй. Гэрээний хугацаа дууссан. Энэ хооронд нэг ч төгрөг төлөгдөөгүй. Нэхэмжлэлийн үнийн дүн үндсэн зээл 140,000,000 төгрөг, 6 сарын хүү 33,600,000 төгрөг, алданги 86,800,000 төгрөг, нийтдээ 260,400,000 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч И.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн. Үндсэн зээл 140,000,000 төгрөг, хүү 33,600,000 төгрөг дээр маргахгүй. 2019 оны 11 сараас хойш ажилгүй байсан. Энэ хугацаанд хөл хорионы улмаар мөнгө олж чадаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулж чадаагүй. Г.Г 2 санал тавьсан. Эхлээд 140,000,000 төгрөгөө өгөөд, байраа суллаж аваад, өөр газарт барьцаалаад мөнгийг нь гаргаж өгье, 70,000,000 төгрөгийг сар бүр 10,000,000 төгрөгөөр төлөх санал гаргасан боловч зөвшөөрөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-т заасны дагуу алдангийг багасгаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

         

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч И.Ө холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 140,000,000 төгрөг, зээлийн хүү 33,600,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 86,800,000 төгрөг, нийт 260,400,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь үндсэн зээл, хүүгийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд алдангийн хэмжээ өндөр тул багасгаж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч И.Ө 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 140,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ бичгээр байгуулжээ.

Мөн нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч И.Ө 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 140,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар И.Ө өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 000 тоот хаягт байрлах, 282,88 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Тэдний байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байна.

Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т сарын 4 хувийн хүүтэй байхаар, мөн гэрээний 2.7-д хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Г.Г нь зээлдэгч И.Ө өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч И.Ө нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Хариуцагч нь мөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний дагуу хүү болон зээлийн төлбөрийг төлөөгүй талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 140,000,000 төгрөг, 6 сарын хүү 33,600,000 төгрөгийн хамт шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн гэж алдангид 86,800,000 төгрөг шаардсан бөгөөд гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй хуулийн шаардлагад нийцүүлж шаардаж байна гэж тайлбарлалаа.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусч байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь алданги тооцох эрхтэй байна.

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь үндсэн зээл 140,000,000 төгрөг, 6 сарын хүү 33,600,000 төгрөг, нийт гүйцэтгэх үүрэг 173,600,000 төгрөг, нэг хоногийн 0.5 хувиар алданги тооцоход 868,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 657 хоногоор тооцоход 50 хувиас хэтрэхээр байх тул нэхэмжлэгч 100 хоногоор тооцон, 50 хувиас хэтрэхгүй хуулийн шаардлагад нийцүүлэн 86,800,00 төгрөг гаргуулах боломжтой боловч шүүхээс Ковид-19 цар тахал гарч, хувиараа бизнес эрхлэгч иргэдийн үйл ажиллагаа тасалдсан, орлого олох боломж хязгаарлагдсан нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгаж, хугацаа хэтрүүлсэн алдангид шаардсан 86,800,000 төгрөгийг 50 хувиар бууруулж, 43,400,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч И.Ө зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 140,000,000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 33,600,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 43,400,000 төгрөг, нийт 217,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г олгож, үлдэх 43,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч И.Ө нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч И.Ө зээлийн гэрээний үүрэгт 217,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,400,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд И.Ө өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,000 тоот хаягт байрлах, 282,88 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-200000 дугаартай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,530,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ө улсын тэмдэгтийн хураамжид 1,313,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 



 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ