Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01777

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01777

 

 

 

Г.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02761 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Ө-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 260 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: 2019 оны 04 сарын 30-ны өдөр И.Ө-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 140 000 000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан бөгөөд зээл төлөгдөөгүй. Иймд үндсэн зээл 140 000 000 төгрөг, зээлийн хүү 33 600 000 төгрөг, алданги 86 800 000 төгрөг, нийт 260 400 000 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн бөгөөд үндсэн зээл 140 000 000 төгрөг, хүү 33 600 000 төгрөг дээр маргахгүй. 2019 оны 11 сараас хойш ажилгүй, хөл хорионы улмаас мөнгө олох буюу үйл ажиллагаа явуулж чадаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-т заасны дагуу алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч И.Ө-аас зээлийн гэрээний үүрэгт 217 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 400 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд И.Ө-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 29-01 тоот хаягт байрлах, 282,88 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022308 дугаартай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 530 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 313 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч зээлээ хугацаандаа төлөөгүй байхад түүний гэрээ болон хуулиар хүлээсэн үүргийг нь цар тахлаар шалтаглан бууруулсан нь мөнгөний ханш унаж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байгаа энэ үед нэхэмжлэгч намайг хохироож байна. Иймд шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ 2019 оны 4 сарын 30-нд байгуулагдсан ба зээлийн гэрээний хугацаа мөн оны 10 сарын 30-нд дуусахад хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь цар тахлын нөхцөл байдалтай хамааралгүй, цар тахал гарахаас өмнө цаг хугацаа байгааг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагч ямар үйл ажиллагаанаас ямар хэмжээний орлого олдог байсан болон цар тахлын улмаас орлого олж чадаагүй нөхцөл байдал нотлогдоогүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг үндэслэж шийдвэр гаргасан нь хэргийн нөхцөл байдал, зохигчдын хүсэлтэд үндэслээгүй.

Зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анзын 43 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч И.Ө-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 140 000 000, хүү 33 600 000 төгрөг, алданги 86 800 000 төгрөг нийт 260 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч зээл болон хүүг төлөхийг зөвшөөрч, алдангийн хэмжээг багасгаж өгөхийг хүсчээ. /хх-13/

 

Зохигчдын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Г.Г- нь 140 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч И.Ө- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги нэмж төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх5/

Зээлдүүлэгч Г.Г-гээс зээлдэгч И.Ө-т зээлийн гэрээний зүйл болох 140 000 000 төгрөгийг шилжүүлсэн /хх-11/ үйл баримт тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч И.Ө-аас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Мөн зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар И.Ө-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 29-01 тоот хаягт байрлах, 282,88 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022308 дугаартай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /хх6/ барьцаалжээ. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр тул гэрээний талуудын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг зөв тогтоож, хариуцагч И.Ө-ын гүйцэтгэвэл зохих үүргийг зөв тодорхойлсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Талууд зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон, нэхэмжлэгч Г.Г- алдангийн хэмжээг хариуцагч И.Ө-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 86 800 000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байх боловч анхан шатны шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй юм. Тухайн зээлийн гэрээний хувьд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр баталгаажуулсан байсан, нэхэмжлэгчид шаардах эрхээ хэдийд ч хэрэгжүүлэх боломж нээлттэй байсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс харгалзан үзсэнийг буруутгахгүй.

Мөн анхан шатны шүүх барьцааны гэрээний талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг баримталсныг буруутгах үндэслэлгүй тул мөн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

  Д.ЦОГТСАЙХАН