Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1174

 

 

Б.Ет холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

прокурор Ц.Майбаяр,   

шүүгдэгч Б.Е,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдол болон прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ет  холбогдох эрүүгийн 1911032270347 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

 

  Шүүгдэгч Б.Е нь хууль сахиулагч буюу Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж, эрүүгийн 1804000300021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогч Ц.Ариунжаргалаас 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: 

Б.Еын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:      

   Шүүгдэгч Хүгдүүд овгийн Батаагийн Егорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагчаар ажиллаж байхдаа нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Еыг 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Е нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ет авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогч Ц.Ариунжаргалаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг шүүхээс гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь, шүүгдэгч Б.Е нь үнэлэгдээгүй орхисон байсан мөнгөн хавчаарт үнэлгээ хийлгэх зорилгоор удаа дараа хохирогчийг дуудсан боловч тэрээр мөнгөн хавчаар олдсон, үнэлгээ хийлгэхгүй, өөрөө очиж мэдүүлэг өгөх боломжгүй гээд байсан тул хохирогчийн өөрийн хүссэнээр нь мэдүүлгийн тэмдэглэлийг бичиж, өөрт нь уншиж танилцуулан ажлын өрөөндөө ирж танилцаж гарын үсэг зурахыг хүссэн. Улмаар хохирогчийг ирэхэд гарын үсэг зуруулаарай гэж хамт ажилладаг Б.Энхбатад мэдүүлгийг файлаар орхисон бөгөөд эргэж ирэхэд мэдүүлэг цаасаар хэвлэгдэн гарын үсэг зурагдаж баталгаажсан байсан тул хавтаст хэрэгт хавсаргасан, гарын үсгийг хуурамч гэдгийг мэдээгүй талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлдэг. Энэ үйл явдалаас хохирогчийн мэдүүлэг нотлох баримт мөн, биш гэж маргах гэсэнгүй, уг мэдүүлгийг бэхжүүлсэн арга хэрэгсэл нь буруу болохоос мэдүүлгийн утга агуулга нь хуурамч биш /санаанаасаа зохиогоогүй/ болох нь хавтас хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр Ц.Ариунжаргал өгсөн мэдүүлэгтээ “Эхлээд хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөнгөн хавчаар алдсан гэж мэдүүлэг өгсөн. Харин алдсан гэж мэдүүлсэн мөнгөн хавчаар маань сүүлд гэрээс олдсон” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуурамч гэх хохирогчийн дахин мэдүүлэгт авагдсан асуулт хариултаар авагдсан мэдүүлэгтэй утга агуулгын зөрүү байхгүй байгаа нь тогтоогдсон байдаг. /хх-15/ Өөрөөр хэлбэл болсон зүйлийг болоогүй, болоогүй зүйлийг болсон болгож бодит үйл явдлын агуулга, утга санааг өөрчилсөн, талуудын хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлж шийдвэрлэх гэсэн зорилгогүй байгаа нь харагдаж байна. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ДШМ/973 дугаартай магадлалын тэмдэглэл хэсэгт хяналтын прокуророос “мэдүүлэгт мөнгөн хавчаар олсон гэж мэдүүлснээс өөр ач холбогдолтой зүйл байхгүй” гэж хууль зүйн дүгнэлт өгсөн бөгөөд хохирогч Ц.Ариунжаргал нь удаа дараагийн мэдүүлгээр мөнгөн хавчаарыг олсон гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Еын үйлдлийн улмаас хэн нэгний эрх ноцтой зөрчигдсөн, эсхүл ял завшсан, хэн нэгэнд үндэслэлгүй ял оноох эрсдэл нөхцөл байдлыг бий болгосон эсэхэд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “нотлох баримт гэх ойлголтод хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт, сэлт, мэдээлэл хамаарахаар байгаа бөгөөд түүнийг гаргаж өгөхөөс өмнө урьдчилан үнэлж нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул ийм нөхцлийг шаардахгүй, харин хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж байхаар байна” гэжээ./2019.01.25 №51/

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон буюу шүүх, прокурорын байгууллагаас шийдвэр гарахад нөлөөлөхүйц ач холбогдолтой нотлох баримт /прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болно/ байхаар ойлгогдож байна. Мөн хянан шийдвэрлэх ач холбогдолтой гэдэгт тухай нотлох баримт байгаа эсэхээс хамаарч хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх эсэх тодорхойлогдоно гэж бас үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл тухайн хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт нь ач холбогдлоороо хэн нэгэнд албадлага хэрэглэх, аливаа ач холбогдолтой хууль зүйн үр дагавар бий болгож гэмээнэ ач холбогдолтой гэх шинжийг агуулах хуулийн үзэл санаа байна гэж харж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Еыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэжээ.

Гэтэл Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь тухайн гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, нийгмийн аюулын хор уршгийг гарцаагүй эсхүл учирч болзошгүйг мэддэг, тухайн хор уршгийг хүсэж үйлддэгээр тодорхойлогддог. Гэтэл шүүгдэгч Б.Еын үйлдэл нь шууд санаатай гэхээс илүүтэйгээр болгоомжгүй буюу зохих журмын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй хөнгөмсөгөөр найдсан, тодорхой зорилгод тэмүүлээгүй нь хавтас хэргээс харагддаг.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй буюу албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч мэдүүлгийн агуулга хуурамч биш, ямар нэгэн зорилгод тэмүүлээгүй болох нь тогтоогдож байхад хохирогчийн дахин мэдүүлгийн ач холбогдол бүхий шинжид хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн байгаа тул хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Тус хэргийн гол ач холбогдол бүхий нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр үл уншигдах элементүүдээс бүтсэн бүтэцтэй байх тул харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Ариунжаргал, Б.Е нарын гэх бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй гэх, ...мөн мөрдөн байцаах ажиллагааны үед мэдүүлэхдээ “харьцуулах загвараар ирүүлсэн бичгийн хэвтэй нь харьцуулах боломжгүй юм” гэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг харахад хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байхад буюу шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь харагддаг.

Шинжээчийн тус дүгнэлтээр тухайн гарын үсгийг Б.Е гэж хүн зурсан гэдэг талаар дүгнэлтээ гаргаагүй байдаг. Уг нөхцөл байдал өөрөө бодитой эргэлзээ төрүүлж байдаг. Гэтэл энэ хэргийг шалгаж байсан хүн нь Б.Е тул тэр л гарын үсэг зурсан байх гэж таамаглаж дүгнэлт хийгээд байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоогоогүй байна. Үүнд:

Би хохирогч Ариунжаргалтай утсаар холбогдож авсан мэдүүлгийг хохирогчоор гарын үсэг зуруулах талаар хамт ажилладаг Б.Энхбатад үлдээгээд явсан. Эргэж ирэхэд гарын үсэг зурагдсан баримт ширээн дээр байхад нь авч хавтас хэрэгт хавсаргасан. Энэ талаар Б.Энхбатаас гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Мөн шүүгдэгч Б.Еоос өмнө дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч нараас хохирогч Ц.Ариунжаргал нь мөнгөн хавчаар олдсон эсэх талаар мэдээлэл өгч байсан эсэхийг тодруулах.

Шүүгдэгч Б.Е нь удаа дараалан утсаар ярьж байсан гэдэг тул утасны ярьсан жагсаалтыг зохих зөвшөөрлийн дагуу нь авахуулмаар байна. Ингэснээр тухайн үед түүний мэдүүлгийг тэмдэглэлд тусгах үед 20 гаран минут болж байсан гэх тул тодорхой харагдах байх.

Хавтас хэргийн материалыг бүрдүүлэхдээ хэт нэг талыг барьж бүрдүүлсэн. Эрүүгийн 1804000300021 дугаартай хэрэгт анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй, учир нь уг тэмдэглэлд энэхүү хуурамч гээд байгаа мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судлаагүй байдаг. Мөн хохирогч Ц.Ариунжаргал нь шүүхээс хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш мөнгөн хавчаар олдсон гэх асуудлаа юу гэж хэлсэн талаар тодруулахаар дахин өгсөн мэдүүлгийг хуулбарлан хэрэгт хавсаргуулах. Ингэснээрээ хохирогч Ц.Ариунжаргалын дахин мэдүүлгээс шалтгаалан хэргийн шийдвэрлэлтэд нөлөө үзүүлсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой.

Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр энэ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг тодорхой болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах гомдол гаргасан. ...” гэжээ.

 

Прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” болон “Тогтоох нь” хэсэгт шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хэрхэн төлөхийг огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол мөнгөн төлбөр, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэснийг тус тус заагаагүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэв шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тодохойлох хэсэгт дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Е “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан асуудлууд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч энэ баримтыг санаатай үйлдээгүй, бусдын эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байгаа боловч хохирогчоор тогтоосон мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогддог. Хуурамчаар үйлдсэн мэдүүлэгт “хохирогчийн хавтас хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байсан. Иймээс анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ет холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.Еыг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх Б.Еыг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй байх ба энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг эргэлзээгүй, бүрэн нотолж чадаагүй байна.

 

1. Гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал болох хохирогчийн мэдүүлгүүд /1хх 13-14, 15-16/ хоорондоо зөрүүтэй  байх тул 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэг хуурамч эсэхийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлгийн “мэдүүлэг өгөөгүй” гэсэн байдлыг нотлох шаардлагатай байна.

 

Тухайлбал,

Б.Еыг буруутгаж буй “...хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогч Ц.Ариунжаргалаас 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн...” гэх 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Ц.Ариунжаргалын мэдүүлэг дэх “...мөнгөн хавчаар алдагдсан гэж мэдүүлэг өгсөн боловч сүүлд юмны араар уначихсан байхыг олсон..., 1 давхрын 00-ийн өрөөний душийн цонхыг хагалж хулгай ороод, гарахдаа 1 давхрын 00-ийн өрөөний хажуу талын өрөөний ертөнцийн зүгээр баруун тийш харсан цонхыг дотроос онгойлгоод гарсан. ...” /1хх 50-51/  гэсэн нь Ц.Ариунжаргалын 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...мөнгөн хавчаар маань сүүлд гэрээс олдсон. ...1 давхрын 00-ийн өрөөний цонхыг хагалж хулгайч дотогшоо орсон байсан. Тэгээд 1 давхрын баруун хойд талын өрөөний цонхыг онгойлгоод юмнуудаа авч гарсан байсан, тэрнээс хагараагүй байсан. ...” /2хх 16/ гэсэн мэдүүлэгтэй адил байна. Гэтэл Ц.Ариунжаргал нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуурамч гэх мэдүүлэгт дурдсан дээрх байдлуудын талаар түүнээс өмнө мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг /1 хх 59-60/, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр /1 хх 87-88/ мэдүүлэгтээ огт мэдүүлж байгаагүй байна.  

 

Мөн Ц.Ариунжаргал нь “2019 оны зун, сарыг нь тодорхой санахгүй байна, над руу яриад ...би Төв аймаг явж байна, одоо очиж амжихгүй гэж хэлсэн. Дахин над руу холбогдоогүй...” /1хх 14/ гэсэн байхад 2019 оны 4 дүгээр сарын 24-нд тус хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байжээ /1хх 154/. Дараагийн мэдүүлэгтэй “...Би Егор гэх мөрдөн байцаагчтай огт уулзаж байгаагүй, тэр хүнийг огт харж байгаагүй, ...Егор надтай нэг удаа ярьсан, ярихдаа намайг ирэх боломжтой талаар асуусан. ...” /1хх 16/ гэсэн байна.

 

Ц.Ариунжаргалтай огт уулзаж байгаагүй Б.Е нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний хуурамч гэх мэдүүлэгт дурдсан, сүүлд өгсөн мэдүүлэгтэй нь таарч байгаа мөнгөн хавчаар олдсон, хулгай аль цонхоор ороод аль цонхоор гарсан үйл явдлын талаар таамаглан бичих боломжгүй тул хохирогчийн “...Мөрдөн байцаах албанд очоогүй...”, шүүгдэгч Б.Еын “...Энхбатад файлаар орхисон мэдүүлэг, гарын үсгийг зурсан, цаасан хэлбэрт орсон байсан. ...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдийн эх сурвалжийг тогтоох нь зүйтэй байна.

 

2.  2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуурамч гэх мэдүүлэг дэх Ц.Ариунжаргалын гэх гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 хх 32/-ээр “Шинжилж буй гарын үсгүүд нь үл  уншигдах элементүүдээс бүтсэн бүтэцтэй байх тул харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Ариунжаргал, Б.Е нарын гэх бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй.” гэжээ. Үл уншигдах элементүүдээс бүтсэн бүтэцтэй байгаа гарын үсгээс гадна тус мэдүүлэгт бичсэн “...үнэн...” гэсэн үгийг Ц.Ариунжаргал “миний бичиг биш” гэсэн /1хх 16/ байхад энэ үгийг Ц.Ариунжаргал, Б.Е нар бичсэн эсэхийг тогтоолгох ажиллагааг хийгээгүй байна.

 

Дээрхи мөрдөн шалгах ажиллагааг хийх зэргээр “...хохирогч Ц.Ариунжаргалаас 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр авсан...” гэх мэдүүлгийг хуурамч эсэх, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах ажиллагааг зөрчсөн эсэхийг эргэлзээгүй тогтоосны эцэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхээр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ет холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Ет урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

                       ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ