Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 464

 

  2020       06          11                                   2020/ШЦТ/464

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Б.Чимгээ,

            шүүгдэгч Б.Е , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүгдүүд овгийн Б.Е т холбогдох эрүүгийн 1911032270347 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хүгдүүд овгийн Б.Е , 1977 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст чиглэлийн ахлах мөрдөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт  Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Голомт хотхоны 139А байрны 153 тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум 9-р баг, 16 дугаар байр 27 тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Е  нь хууль сахиулагч буюу Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж, эрүүгийн 1804000300021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогч Ц.Ариунжаргалаас 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Е  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 8 дугаар сараас энэ дугаартай хэргийг хүлээн авч шалгаад 12 дугаар сард прокурорт шилжүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 15-нд прокуророос хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Энэ хугацаанд 1 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоос мэдүүлэг авахаар ярьсан. Хохирогч Ариунжаргал хэд хэдэн зүйлийг бодит байдлаас өөр мэдүүлсэн байна. Би түүнтэй мэдүүлэг авах талаар утсаар ярьтал хотоос гадна хөдөө явж байгаа тул мэдүүлэг өгөх боломжгүй байна гэсэн. Би 2 дахь удаагаа залгатал тэр өдрийн маргааш 12 цагт мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Би маргааш нь мэдүүлэг өгөх ёстойг сануулж залгахад ярьснаа мартсан тухайгаа хэлсэн. Би ирж мэдүүлэг өгөх үү гэхэд. Надаас ямар асуудал тодруулах гэж байгааг асуусан. Ц.Батбямба прокурор утсаар надад хохирогчийн мөнгөн хавчаар алдсан тухай үнэлгээ байхгүй байгаа тул тодруулах хэрэгтэй гэж хэлсэн. Би энэ хэргийг 11 дүгээр сард илрүүлээд Хан-Уул дүүрэгт хэргийн харьяаллын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Би Ариунжаргалд мөнгөн хавчаар алдагдсан үнэлгээг хийлгэх талаар хэлсэн. Гэтэл тэр мөнгөн хавчаар олдсон гэж хэлсэн. Ц.Батбямба прокурор хэд хэдэн зүйлийг тодруулах талаар нэмэлт ажиллагаа хийлгэх даалгавар дээр бичсэн байсныг би Ариунжаргалтай утсаар 20 орчим минут яриад тодруулах зүйлүүдийг асуугаад мэдүүлгийг бичээд дараа нь гарын үсгийг зурхаар болсон. Ариунжаргал ирэхээр болоход би гадагшаа явах ажилтай болсон тул нэг өрөөнд суудаг мөрдөгч Энхбатад мэдүүлгийг хэвлээд танилцуулаад гарын үсэг зуруулах талаар хэлсэн. Гадагшаа яваад иртэл гарын үсэг зурагдсан баримт ширээн дээр байсныг би авч хавтаст хэрэгт хавсаргасан. Би албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь үнэн, гэхдээ уг мэдүүлэг нь үнэн зөв, утсаар авсан мэдүүлэг...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэрч Ц.Ариунжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч Егор гэж хүнтэй уулзаж байгаагүй, танихгүй, харин 2019 оны зун сарыг нь тодорхой санахгүй байна над руу яриад таны хэрэг над дээр ирсэн, өмнөх мөрдөгч нь өөр тийшээ явсан гээд намайг хаана байгааг асууж тодруулсан. Би түүнд Төв аймагт явж байна, одоо очиж уулзах боломжгүй байна гэдгээ хэлсэн. Үүнээс хойш дахин над руу холбогдоогүй, би тус газарт дээрх хэргээр нэг ч удаа очиж хариуцсан мөрдөгчтэй нь уулзаагүй, гэтэл хавтаст хэргийн материалд Б.Е  нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр надаас хохирогчоор дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийг хавсаргасан байсан ба уг мэдүүлэгт намайг шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй, санал хүсэлт байхгүй гэж тусгагдсан байсан. Миний хувьд Егорт өөрт нь болон мэдүүлгээр дээрх зүйлийг хэлж ярьсан, мэдүүлсэн зүйл байхгүй. ...2019 оны 7 сард шиг санагдаж байна, анхан шатны шүүхийн шийдвэр миний оршин суугаа газрын хаягаар ирсэн, энэ үед хэргийг хүнд давуу байдал олгох зорилгоор надаас хохирогчоор мэдүүлэг авсан мэтээр миний гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бүрдүүлсэн байх гэж бодож байгаа учраас гомдолтой байгаа юм. Дээрх хэргийг үйлдсэн захиалагч нь шалгагдахгүйгээр хулгайн гэмт хэрэг үйлдээд шоронд орчихдог хүмүүс өмнөөс нь хэргийг нь даачихсанд харамсаж байна. ...хэрвээ би хэргийн материалтай танилцсан бол үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргах байсан. ...би мэдүүлэг авсан тэмдэглэлтэй танилцлаа, миний гарын үсэг биш байна, “үнэн” гэх гараар бичсэн бичиглэл ч миний бичиг биш. ...мөнгөн хавчаараа гэрээсээ олсон болон нийт 6 домбо алдсан талаар энэ хэргийг шалгаж байсан байцаагчид хэлж байсан, гэхдээ яг Хан-Уул дүүргийн мөрдөгчид хэлсэн үү, энэ Егор гэж мөрдөгчид хэлсэн үү гэдгийг санахгүй байна. Егор гэж байцаагч надтай нэг удаа л утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх 14-16/,

Гэрч Н.Нандин-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Давж заалдах шатны шүүх дээр миний хэргийг шалгасан мөрдөгч Егорыг хохирогчийн өмгөөлөгч Алдармаа нь хохирогч Ариунжаргалаас мэдүүлэг аваагүй байж авсан мэтээр гарын үсгийг нь дуурайлган зурсан байна гэж хэлснийг нь би өргөдөлдөө дурдсан юм...” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч Д.Авидхүүгийн гарын үсгийн адилтгалын шинжилгээ хийсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1509 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Ариунжаргал, Б.Е  нарын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ, шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэсэн огноотой, “хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтын эхний хуудасны арын нүүрний дунд хэсэгт “танилцсан: хохирогч” гэсний ард, “Ц.Ариунжаргал” гэсний урд, уг нүүрний доод хэсэгт, арын хуудасны урд нүүрний дээд хэсэгт бичвэрүүдийн доод талд “мэдүүлэг өгсөн: хохирогч” гэсний ард, “Ц.Ариунжаргал” гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна, уг шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Ариунжаргалын гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна, шинжилж буй гарын үсгүүд нь үл уншигдах элементүүдээс бүтсэн бүтэцтэй байх тул харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Ариунжаргал, Б.Е  нарын гэх бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт /хх 28-42/,

Шинжээч Д.Авидхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...шинжилгээгээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл гэх баримт дахь Ц.Ариунжаргал гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсгүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Ариунжаргалын чөлөөт, туршилтын загваруудтай харьцуулан шинжлэхэд хөдөлгөөний эвсэл, үсгийн хэмжээ, даралт, чиглэл, доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий, хөдөлгөөний хэлбэр хэмжээ, холболт, харилцан байрлал зэрэг хувийн онцлог шинжүүдтэйгээ тохирохгүй байсан. Дээрх шинж тэмдгүүд нь адилтгалын ач холбогдол өндөртэй шинж тэмдгүүд учраас Ц.Ариунжаргалын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн. Мөрдөгчөөс тавьсан Ц.Ариунжаргал, Б.Е  нарын хэнийх нь гараар зурагдсан болох гэсэн асуултын хүрээнд шинжилж байгаа гарын үсгүүдийг тэдгээрийн бичгийн хэвтэй харьцуулах шаардлагатай болсон. Харьцуулах гэхээр шинжилж байгаа гарын үсэг нь а-я хүртэл 35 үсгээр бичигдээгүй, үл уншигдах элементүүдээс бүтсэн гарын үсэг байсан тул харьцуулах загвараар ирүүлсэн бичгийн хэвтэй нь харьцуулах боломжгүй юм...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Эрүүгийн 1804000300021 дугаартай хэргийн 11 дүгээр хавтасны 243-244 дүгээр хуудсанд үдэгдсэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ц.Ариунжаргалаас хохирогчоор дахин мэдүүлэг авсан 2 хуудас тэмдэглэлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх 48-51/,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/418, 2019 оны 5 дугаар сарын 3-ны Б/304 дугаартай Б.Е ыг ажилд томилсон тухай тушаалын хуулбар /хх 202-202/,

Албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, шүүгдэгч Б.Е ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 204-216/,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 215 дугаартай яллах дүгнэлтийн хуулбар /хх 144-150/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 154-200/,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ДШМ/973 дугаартай магадлалын хуулбар /хх 103-108/,

Шүүгдэгч Б.Е  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн асуудлын талаар ерөнхийд нь бүгдийг нь санасан. Н.Нандин-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2019 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан юм. Хяналтын прокурорын даалгаварт тусгагдаагүй боловч тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурор Ц.Батбямба нь надтай утсаар холбогдож Ц.Ариунжаргал гэж хохирогчийн гэрээс алдагдсан гэх мөнгөн хавчаарынх нь үнэлгээ хийгдээгүй байна, уг мөнгөн хавчаарынх нь үнэлгээг хийлгэчих гэсэн юм. Үүнийх нь дагуу би Ц.Ариунжаргалтай 2019 оны 1 дүгээр сард ярихад тэрээр хөдөө явж байна, өнөөдөр очиж амжихгүй гээд хотод очих өдрөө хэлсэн, тэр өдөр нь би түүн рүү 2 дахь удаагаа залгахад маргааш нь надтай уулзахаар цаг тохирсон юм. Гэтэл уг цагтаа тэрээр ирээгүй тул би дахин түүн рүү залгаж ярихад надтай уулзахаа мартчихсан байсан бөгөөд ажил амжихгүй байна, надаас яг юу тодруулах гээд байгаа юм бэ гэхэд нь түүнд мөнгөн хавчаарын үнэлгээг хийлгэх шаардлагатай байна, өмнө танай гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээг хийлгэхэд мөнгөн хавчаар нь үнэлэгдээгүй орхигдсон байна, та үнэлгээтэйгээ танилцсан юм уу гэхэд, танилцсан 49 сая төгрөгөөр бага үнэлэгдсэн байна лээ гээд сэтгэл дундуур байгаагаа хэлэхээр нь дахиад үнэлгээ хийлгэж болно ш дээ гэхэд тэрээр төвөгшөөгөөд байсан, энэ үед нь би үнэлгээний материалтай танилцсан эсэхийг нь хэргийн материалаас үзэхэд Ц.Ариунжаргал нь шинжээчийн дүгнэлттэй танилцсан гээд гарын үсэг зурсан байсан. Энэ үед Ц.Ариунжаргал нь мөнгөн хавчаараа олчихсон, хулгайд алдагдаагүй байна лээ гэдгийгээ хэлэхээр нь би танаас энэ асуудлын чинь талаар мэдүүлэг авах шаардлагатай байгаа юм гэхэд чи наагуураа зохицуулчхаж болдоггүй юм уу, би очиж амжихгүй гэхээр нь би 2019.01.29-ний өдөр Ц.Ариунжаргалаас хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдэж, түүнтэй ярьсан зүйлсийг уг тэмдэглэлдээ тусгасан. Тэгээд та даруйхан ирээд мэдүүлгийн тэмдэглэлдээ гарын үсгээ зурчхаарай гэдгийг нь хэлсэн. Миний хувьд уг мэдүүлгийн тэмдэглэлд хохирогчийн яриагүй зүйлсийг нь тусгасан зүйл огт байхгүй. Надад түүний яриагүй зүйлсийг нь уг тэмдэглэлд тусгах ямар ч ашиг сонирхол байхгүй. Хэргийн хугацаа тулчихсан байсан учраас би гадагшаа гарахдаа хамт ажилладаг Энхбатад уг мэдүүлгийн тэмдэглэлийг үлдээгээд хохирогч нь ирж гарын үсгээ зурах байх гээд үлдээсэн юм. Тэгээд намайг хагас өдрөөр ажилтай яваад ирэхэд уг тэмдэглэл дээр Ц.Ариунжаргал гарын үсгээ зурчихсан байсан. Би түүнийг ирээд гарын үсгээ зурсан байна гэж ойлгосон, ингээд хэргээ прокурорт шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 117-118/,

Хэв загвараас дээж авсан тэмдэглэл /хх 61-66, 68-74/,

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 124-125/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 219/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 224/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 221/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Е  нь хууль сахиулагч буюу Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж, эрүүгийн 1804000300021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогч Ц.Ариунжаргалаас 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч Ц.Ариунжаргалын “...Би Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч Егор гэж хүнтэй уулзаж байгаагүй, танихгүй, харин 2019 оны зун сарыг нь тодорхой санахгүй байна над руу яриад таны хэрэг над дээр ирсэн, өмнөх мөрдөгч нь өөр тийшээ явсан гээд намайг хаана байгааг асууж тодруулсан. Би түүнд Төв аймагт явж байна, одоо очиж уулзах боломжгүй байна гэдгээ хэлсэн. Үүнээс хойш дахин над руу холбогдоогүй, би тус газарт дээрх хэргээр нэг ч удаа очиж хариуцсан мөрдөгчтэй нь уулзаагүй, гэтэл хавтаст хэргийн материалд Б.Е  нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр надаас хохирогчоор дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийг хавсаргасан байсан ба уг мэдүүлэгт намайг шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй, санал хүсэлт байхгүй гэж тусгагдсан байсан. Миний хувьд Егорт өөрт нь болон мэдүүлгээр дээрх зүйлийг хэлж ярьсан, мэдүүлсэн зүйл байхгүй. ...2019 оны 7 сард шиг санагдаж байна, анхан шатны шүүхийн шийдвэр миний оршин суугаа газрын хаягаар ирсэн, энэ үед хэргийг хүнд давуу байдал олгох зорилгоор надаас хохирогчоор мэдүүлэг авсан мэтээр миний гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бүрдүүлсэн байх гэж бодож байгаа учраас гомдолтой байгаа юм. Дээрх хэргийг үйлдсэн захиалагч нь шалгагдахгүйгээр хулгайн гэмт хэрэг үйлдээд шоронд орчихдог хүмүүс өмнөөс нь хэргийг нь даачихсанд харамсаж байна. ...хэрвээ би хэргийн материалтай танилцсан бол үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргах байсан. ...би мэдүүлэг авсан тэмдэглэлтэй танилцлаа, миний гарын үсэг биш байна, “үнэн” гэх гараар бичсэн бичиглэл ч миний бичиг биш. ...мөнгөн хавчаараа гэрээсээ олсон болон нийт 6 домбо алдсан талаар энэ хэргийг шалгаж байсан байцаагчид хэлж байсан, гэхдээ яг Хан-Уул дүүргийн мөрдөгчид хэлсэн үү, энэ Егор гэж мөрдөгчид хэлсэн үү гэдгийг санахгүй байна. Егор гэж байцаагч надтай нэг удаа л утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх 14-16/, гэрч Н.Нандин-Эрдэнийн “...Давж заалдах шатны шүүх дээр миний хэргийг шалгасан мөрдөгч Егорыг хохирогчийн өмгөөлөгч Алдармаа нь хохирогч Ариунжаргалаас мэдүүлэг аваагүй байж авсан мэтээр гарын үсгийг нь дуурайлган зурсан байна гэж хэлснийг нь би өргөдөлдөө дурдсан юм...” гэх мэдүүлэг /хх 11-12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч Д.Авидхүүгийн гарын үсгийн адилтгалын шинжилгээ хийсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1509 дугаартай дүгнэлт /хх 28-42/, iшинжээч Д.Авидхүүгийн “...шинжилгээгээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл гэх баримт дахь Ц.Ариунжаргал гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсгүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Ариунжаргалын чөлөөт, туршилтын загваруудтай харьцуулан шинжлэхэд хөдөлгөөний эвсэл, үсгийн хэмжээ, даралт, чиглэл, доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий, хөдөлгөөний хэлбэр хэмжээ, холболт, харилцан байрлал зэрэг хувийн онцлог шинжүүдтэйгээ тохирохгүй байсан. Дээрх шинж тэмдгүүд нь адилтгалын ач холбогдол өндөртэй шинж тэмдгүүд учраас Ц.Ариунжаргалын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн. Мөрдөгчөөс тавьсан Ц.Ариунжаргал, Б.Е  нарын хэнийх нь гараар зурагдсан болох гэсэн асуултын хүрээнд шинжилж байгаа гарын үсгүүдийг тэдгээрийн бичгийн хэвтэй харьцуулах шаардлагатай болсон. Харьцуулах гэхээр шинжилж байгаа гарын үсэг нь а-я хүртэл 35 үсгээр бичигдээгүй, үл уншигдах элементүүдээс бүтсэн гарын үсэг байсан тул харьцуулах загвараар ирүүлсэн бичгийн хэвтэй нь харьцуулах боломжгүй юм...” гэх мэдүүлэг /хх 21-22/, Эрүүгийн 1804000300021 дугаартай хэргийн 11 дүгээр хавтасны 243-244 дүгээр хуудсанд үдэгдсэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ц.Ариунжаргалаас хохирогчоор дахин мэдүүлэг авсан 2 хуудас тэмдэглэлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх 48-51/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/418, 2019 оны 5 дугаар сарын 3-ны Б/304 дугаартай Б.Е ыг ажилд томилсон тухай тушаалын хуулбар /хх 202-202/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 215 дугаартай яллах дүгнэлтийн хуулбар /хх 144-150/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 154-200/, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ДШМ/973 дугаартай магадлалын хуулбар /хх 103-108/, шүүгдэгч Б.Е ын “...Би тухайн асуудлын талаар ерөнхийд нь бүгдийг нь санасан. Н.Нандин-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2019 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан юм. Хяналтын прокурорын даалгаварт тусгагдаагүй боловч тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурор Ц.Батбямба нь надтай утсаар холбогдож Ц.Ариунжаргал гэж хохирогчийн гэрээс алдагдсан гэх мөнгөн хавчаарынх нь үнэлгээ хийгдээгүй байна, уг мөнгөн хавчаарынх нь үнэлгээг хийлгэчих гэсэн юм. Үүнийх нь дагуу би Ц.Ариунжаргалтай 2019 оны 1 дүгээр сард ярихад тэрээр хөдөө явж байна, өнөөдөр очиж амжихгүй гээд хотод очих өдрөө хэлсэн, тэр өдөр нь би түүн рүү 2 дахь удаагаа залгахад маргааш нь надтай уулзахаар цаг тохирсон юм. Гэтэл уг цагтаа тэрээр ирээгүй тул би дахин түүн рүү залгаж ярихад надтай уулзахаа мартчихсан байсан бөгөөд ажил амжихгүй байна, надаас яг юу тодруулах гээд байгаа юм бэ гэхэд нь түүнд мөнгөн хавчаарын үнэлгээг хийлгэх шаардлагатай байна, өмнө танай гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээг хийлгэхэд мөнгөн хавчаар нь үнэлэгдээгүй орхигдсон байна, та үнэлгээтэйгээ танилцсан юм уу гэхэд, танилцсан 49 сая төгрөгөөр бага үнэлэгдсэн байна лээ гээд сэтгэл дундуур байгаагаа хэлэхээр нь дахиад үнэлгээ хийлгэж болно ш дээ гэхэд тэрээр төвөгшөөгөөд байсан, энэ үед нь би үнэлгээний материалтай танилцсан эсэхийг нь хэргийн материалаас үзэхэд Ц.Ариунжаргал нь шинжээчийн дүгнэлттэй танилцсан гээд гарын үсэг зурсан байсан. Энэ үед Ц.Ариунжаргал нь мөнгөн хавчаараа олчихсон, хулгайд алдагдаагүй байна лээ гэдгийгээ хэлэхээр нь би танаас энэ асуудлын чинь талаар мэдүүлэг авах шаардлагатай байгаа юм гэхэд чи наагуураа зохицуулчхаж болдоггүй юм уу, би очиж амжихгүй гэхээр нь би 2019.01.29-ний өдөр Ц.Ариунжаргалаас хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдэж, түүнтэй ярьсан зүйлсийг уг тэмдэглэлдээ тусгасан. Тэгээд та даруйхан ирээд мэдүүлгийн тэмдэглэлдээ гарын үсгээ зурчхаарай гэдгийг нь хэлсэн. Миний хувьд уг мэдүүлгийн тэмдэглэлд хохирогчийн яриагүй зүйлсийг нь тусгасан зүйл огт байхгүй. Надад түүний яриагүй зүйлсийг нь уг тэмдэглэлд тусгах ямар ч ашиг сонирхол байхгүй. Хэргийн хугацаа тулчихсан байсан учраас би гадагшаа гарахдаа хамт ажилладаг Энхбатад уг мэдүүлгийн тэмдэглэлийг үлдээгээд хохирогч нь ирж гарын үсгээ зурах байх гээд үлдээсэн юм. Тэгээд намайг хагас өдрөөр ажилтай яваад ирэхэд уг тэмдэглэл дээр Ц.Ариунжаргал гарын үсгээ зурчихсан байсан. Би түүнийг ирээд гарын үсгээ зурсан байна гэж ойлгосон, ингээд хэргээ прокурорт шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 117-118/, хэв загвараас дээж авсан тэмдэглэл /хх 61-66, 68-74/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 124-125/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.Е ыг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Б.Е  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхээс шүүгдэгч Б.Е т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь “...Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр тодорхойгүй, гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь нотлогдоогүй...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.  Учир нь энэ хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж анхан шатны шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Е  нь Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж бэхжүүлээгүй, хохирогч Ц.Ариунжаргалын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгч Б.Е  гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Е  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүгдүүд овгийн Б.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагчаар ажиллаж байхдаа нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е  нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Е  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Е т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН