Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02904

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02904

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,  дугаар байр,  тоот хаягт оршин суух, Б овогт Б О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам /РД:2076675/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 125,297,536 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов. 

                                   

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин 125,297,536 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Г.Онь Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн даргаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр томилогдон ажиллаж байсан. Замын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалыг Г.Охүлээн зөвшөөрөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн 0 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Г.О хуучин ажилд нь эгүүлэн томилж, 63,901,888 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж явсаар Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлагын зүгээс шүүхийн шийдвэрийг үл ойшоон биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргаж, албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байхад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Г.О шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай тоот тушаал гаргаж, уг тушаалыг Г.Отанилцуулаагүй, ажил тасалсан үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халах тухай шийдвэр оногдуулахдаа  тоот тушаал гаргаж, дахин ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан талаар Г.О огт мэдэгдээгүй, ажил хүлээлцэж, гэрээ байгуулж, баталгаажуулсан зүйл байхгүй. Албан ёсоор тушаалаа баталгаажуулж, мэдэгдээгүй атлаа ажлаас ирээгүй гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 546 дугаартай шийдвэрээр Г.О Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн албаны даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 74,772,665 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  дугаар бүхий Улсын Дээд шүүхийн шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ажиллаагүй байсан хугацааны цалин 74,722,348 төгрөг гэж шийдвэрлэснийг 36,047,920 төгрөг болгож өөрчлөлт оруулсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга, хуульч нарын хууль зөрчсөн үйлдэл нь Монгол улсын шүүхийн байгууллагыг үл хүндэтгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул Г.О хохирч, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл 4 жилийн хугацаанд хөдөлмөрлөх эрхээ ноцтойгоор зөрчүүлж, цалин орлогогүй амьдарч байна. Дээрх хугацаанд нэхэмжлэгч 2 удаа шүүхэд хандаж, ажилд эгүүлэн тогтоолгосон боловч одоо хүртэл ажилдаа ороогүй. Энэ нь нэхэмжлэл гаргах үеийн асуудал яригдаж байна, одоо ажилдаа эгүүлэн томилогдсон. Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дугаартай шийдвэрээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин 13,901,888 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  дугаартай шүүхийн шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны цалин 36,037,920 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр шийдвэрлэсэн. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын зүгээс Дээд шүүхийн шийдвэрт тусгасан мөнгийг олгосон боловч бусад ажилгүй байсан хугацааны цалинг огт олгохгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн тогтоохгүй өнөөдрийг хүрээд байна. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг гарсан даруйд биелүүлээгүйгээс болж, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг аваагүй тул дээр хугацааны цалинг гаргуулж, тус хугацаанд хамаарах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх хүсэлтэй байна. Дээр дурдсан ажилгүй байсан цалин олгогдоогүй хугацаа 2 жил 10 сар бөгөөд ажлын 694 хоног байна. Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дугаартай шийдвэрээр нэг өдрийн цалин 180,544 төгрөг гэж тогтоосон. Ажилгүй байсан хугацааны цалин 125,297,536 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга удирдлагууд, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг үл ойшоож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, 4 жилийн хугацаанд хохироож байгаад нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Иймд 125,297,536 төгрөгийг гаргуулан, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин 125,297,536 төгрөг гаргуулах тухай шаардлагаас зарим хэсгийг нь хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгт, нэхэмжлэгч Г.О Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цалин хөлсийг дахин нэхэмжилж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай маргахгүй гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэргээс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 982 дугаартай хэргийн материалаас татуулсан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа ихэсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэхүү баримтуудаас харахад, нэхэмжлэгч Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн хэрэгт нэхэмжлээд байгаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байсан нь тогтоогдож байна. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэг сард 3,475,472 төгрөг, нэг хоногт 157,976 төгрөг, нийт 229 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 36,176,504 төгрөгийг нэхэмжилсэн байсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дахин 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 244 хоногийн цалин, 1 хоног нь 157,976 төгрөг, нийт 38,546,144 төгрөг, 74,722,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаад, Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхээс 36,047,920 төгрөгийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс гаргуулахаар шийдвэрлээд, үлдэх 38,674,728 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байна. Иймд нэгэнт шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Улсын Дээд шүүхээр хэрэгсэхгүй болгосон 38,674,728 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрт, нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэг өдрийн цалинг 180,544 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Улсын Дээд шүүхийн шийдвэртэй хэргээр нэг өдрийн цалинг 180,000 төгрөгөөр тогтоосон боловч шүүхээс дахин маргаан үүсгэж явах үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацаагаа 157,976 төгрөг гэж нэхэмжилж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдож байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр болон Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолуудаар тус тус нэг өдрийн дундаж цалин 161,650 төгрөгөөр тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байна. Иймд сүүлд хүчин төгөлдөр болсон 161,650 төгрөгөөр тооцох нь хууль зүйн үндэслэлтэй. Гуравт, ажилгүй байсан хугацаа нийт 2 жил, 10 сар буюу ажлын 694 өдөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон шийдвэр байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй. Тус хугацааны ажилгүй байсан хоногийг тооцвол 2019 оны 11 дүгээр сард ажлын 10 хоног, 12 дугаар сард 22 хоног, 2020 онд ажлын 251 хоног, 2021 оны 01 сард 20 хоног, 02 дугаар сард 19 хоног, 03 дугаар сард 22 хоног, 04 дүгээр сард 22 хоног, 05 дугаар сард 20 хоног, 06 дугаар 21 хоног, 07 дугаар сард 18 хоног, 08 дугаар сард 22 хоног, нийт ажлын 477 хоног байгаа. Эдийн засгийн календариас нийтээр амрах баярын өдрийг хасаж тооцсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон 161,650 төгрөгөөр тооцохоор 72,257,550 төгрөг болж байна. Уг хэмжээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нэхэмжлэх эрхгүй. 2018 оны 10 дугаар сард ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. Түүнээс өмнөх хугацааны цалинг нэхэмжлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд нэхэмжлэх эрхтэй, уг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,039,986 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 125,297,536 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хугацааны цалинг нэхэмжилсэн, нэг өдрийн цалинг буруу тодорхойлсон гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-дугаартай тушаалаар Хүний нөөцийн албаны дарга Б.О байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/0 дугаар шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх ажлын 77 хоногийн цалин хөлс 13,901,888 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн ажил олгогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-1-308 дугаартай тушаалаар Б.О ажилд нь эгүүлэн авч, улмаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-260 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00 дугаар шийдвэрээр Б.О ажилд нь эгүүлэн тогтоож, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх ажлын 472 хоногийн цалин хөлс 74,722,648 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаар тогтоолоор 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалинд 36,047,920 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулжээ.

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт ажлын 694 өдрийн цалин хөлсөнд нэг өдрийн 180,544 төгрөгөөр тооцож, 125,297,536 төгрөгийг шаардсан.

Хариуцагч нь 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, мөн уг шийдвэрээр 1 өдрийн цалин хөлсийг 161,650 төгрөгөөр тогтоосон тул 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг 161,650 төгрөгөөр тооцож төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр бүхэлд нь хангаж буюу 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн байх ба Улсын Дээд шүүхийн тогтоолоор өөрчлөлт орсныг шийдвэрлээгүй гэж дахин нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасантай нийцэхгүй байх тул 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхгүй байна.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/0дугаар шийдвэрээр Б.О нэг сарын дундаж цалин хөлсийг 3,971,930 төгрөг буюу нэг өдрийн цалин хөлсийг 180,544 төгрөг гэж тогтоосон, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/0 дугаар шийдвэрээр Б.О нэг сарын дундаж цалин хөлсийг 3,475,472 төгрөг буюу нэг өдрийн цалин хөлсийг 161,650 төгрөг гэж тус тус тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь эхний шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалин хөлсний хэмжээгээр тооцож нэхэмжилсэн боловч шүүхээс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00 дугаар шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалин хөлсөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь энэхүү шүүхийн шийдвэрийг гарах үед нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн сүүлийн 3 сарын цалин хөлс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүхээс дахин тооцсоныг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан тул 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт ажлын 447 хоногийн цалин хөлсөнд 1 хоногийн 161,650 төгрөгөөр тооцож, 72,257,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,039,986 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул 72,257,550 төгрөгөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 72,257,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,039,986 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 519,238 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О олгосугай.

                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ