Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/00027

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00027

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02904 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинд 125,297,536 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэг, өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Г.О нь Улаанбаатар төмөр замын хүний нөөц албаны даргаар 2016 оны 5 сарын 4-ний өдөр томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнийг замын даргын 2017 оны 9 сарын 01-ний өдрийн Б1/415 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалыг Г.О хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, 03459 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Г.Оийг хуучин ажилд нь эгүүлэн томилж, 63,901,888 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж явсаар Улсын Дээд шүүхээс 2018 оны 6 сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлагын зүгээс шүүхийн шийдвэрийг үл ойшоон биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргаж, албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байхад шүүхийн шийдвэрийн дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 9 сарын 26-ны өдрийн 308 тоот ажилд эгүүлэн авах тухай тушаал гаргаж, уг тушаалыг Г.От танилцуулаагүй атлаа ажил тасалсан үндэслэлээр 2018 оны 10 сарын 20-ны өдөр ажлаас халах тухай 260 тоот тушаал гаргаж, дахин ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга 2018 оны 9 сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан талаар Г.От огт мэдэгдээгүй, ажил хүлээлцэж, гэрээ байгуулж, баталгаажуулсан зүйл байхгүй. Албан ёсоор тушаалаа баталгаажуулж, мэдэгдээгүй атлаа ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй дахин шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 546 дугаартай шийдвэрээр Г.Оийг хүний нөөцийн албаны даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 74,772,665 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 555 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ажиллаагүй байсан хугацааны цалин 74,722,348 төгрөг гэж шийдвэрлэснийг 36,047,920 төгрөг болгож өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч 2 удаа шүүхэд хандаж, ажилд эгүүлэн тогтоолгосон боловч одоо хүртэл ажилдаа ороогүй. Энэ нь нэхэмжлэл гаргах үеийн асуудал яригдаж байна, одоо ажилдаа эгүүлэн томилогдсон. Тус шүүхийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 3459 дугаартай шийдвэрээр 2017 оны 9 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин 13,901,888 төгрөг, 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 546 дугаартай шүүхийн шийдвэрээр 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны цалин 36,037,920 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг гарсан даруйд биелүүлээгүйгээс болж, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 2019 оны 11 сарын 14-ний өдрөөс 2021 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг аваагүй тул дээр хугацааны цалинг гаргуулж, тус хугацаанд хамаарах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх хүсэлтэй байна. Дээр дурдсан ажилгүй байсан цалин олгогдоогүй хугацаа 2 жил 10 сар бөгөөд ажлын 694 хоног байна. Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3459 дугаартай шийдвэрээр нэг өдрийн цалин 180,544 төгрөг гэж тогтоосон. Иймд 125,297,536 төгрөг гаргуулан, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин 125,297,536 төгрөг гаргуулах тухай шаардлагаас зарим хэсгийг нь хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгт, нэхэмжлэгч Г.О Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 00545 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цалин хөлсийг дахин нэхэмжилж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай маргахгүй гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 12 сарын 4-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа 2018 оны 01 сараас 2018 оны 12 сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэг сард 3,475,472 төгрөг, нэг хоногт 157,976 төгрөг, нийт 229 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 36,176,504 төгрөгийг нэхэмжилсэн байсан. 2019 оны 11 сарын 6-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дахин 2018 оны 12 сараас 2019 оны 11 сарын 06-ны өдөр хүртэл 244 хоногийн цалин, 1 хоног нь 157,976 төгрөг, нийт 38,546,144 төгрөг, 74,722,000 төгрөг нэхэмжилж байсан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаад, Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхээс 36,047,920 төгрөгийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс гаргуулахаар шийдвэрлээд, үлдэх 38,674,728 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр байна. Иймд нэгэнт шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Улсын Дээд шүүхээр хэрэгсэхгүй болгосон 38,674,728 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрт, нэг өдрийн цалинг 180,544 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 сарын 20-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг шийдвэрлэсэн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн Улсын Дээд шүүхийн шийдвэртэй хэргээр нэг өдрийн цалинг 180,000 төгрөгөөр тогтоосон боловч шүүхээс дахин маргаан үүсгэж явах үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацаагаа 157,976 төгрөг гэж нэхэмжилж байсан нь хэрэгт авагдсан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдож байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн шийдвэр болон Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн тогтоолуудаар тус тус нэг өдрийн дундаж цалин 161,650 төгрөгөөр тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

Гуравт, ажилгүй байсан хугацаа нийт 2 жил, 10 сар буюу ажлын 694 өдөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчид 2019 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон шийдвэр байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч 11 сарын 14-ний өдрөөс 2021 оны 9 сарын 3-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй. Тус хугацааны ажилгүй байсан хоногийг тооцвол 2019 оны 11 сард ажлын 10 хоног, 12 сард 22 хоног, 2020 онд ажлын 251 хоног, 2021 оны 01 сард 20 хоног, 02 сард 19 хоног, 3 сард 22 хоног, 4 сард 22 хоног, 5 сард 20 хоног, 6 сард 21 хоног, 7 сард 18 хоног, 8 сард 22 хоног, нийт ажлын 477 хоног байгаа. Эдийн засгийн календараас нийтээр амрах баярын өдрийг хасаж тооцсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон 161,650 төгрөгөөр тооцохоор 72,257,550 төгрөг болж байна. Уг хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нэхэмжлэх эрхгүй. 2018 оны 10 дугаар сард ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. Түүнээс өмнөх хугацааны цалинг нэхэмжлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд нэхэмжлэх эрхтэй, уг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,039,986 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 72,257,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,039,986 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 519,238 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Улсын дээд шүүхийн 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00545 дугаартай тогтоолоор хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэл зэргийг бүрэн хяналгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт буруу тэмдэглэгдсэн хугацаанд нийцүүлэн ажилгүй байсан хугацааны цалинд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 74,722,648 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 36,047,920 төгрөг болгож шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31 хүртэл хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй учир энэ хугацааны цалинг гаргуулах асуудал өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Б.О- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулах эрхтэй. Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр бүхэлд нь хангаж буюу 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн байх ба Улсын Дээд шүүхийн тогтоолоор өөрчлөлт орсныг шийдвэрлээгүй гэж дахин нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 53,039,986 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 125,297,536 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжилснээс хариуцагч 72,257,550 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 53,039,986 төгрөгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах ба ажилтан ажилгүй байсан дээрх хугацааны олговрыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.О- нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад тус байгууллагын даргын 2017 оны 9 сарын 1-ний өдрийн Б-1-415 дугаар тушаалаар ажлаас халагдсан, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03459 дугаар шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 9 сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх ажлын 77 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 13,901,888 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. /хх5-7, 17-20, 21-23/

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь дээрх шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.О-ийг 2018 оны 9 сарын 26-ны өдөр ажилд нь буцаан томилох Б-1-308 тоот тушаал гаргасан боловч мөн оны 10 сарын 2-ны өдрийн Б-2-260 тоот тушаалаар ажлаас нь дахин чөлөөлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00546 дугаар шийдвэрээр Б.О-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэлх ажлын 472 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 74,722,648 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. /хх-27-36/

Зохигчдын хооронд үүссэн дээрх маргааныг Улсын Дээд шүүх хэлэлцэж, тус шүүхийн 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00545 тогтоолоор анхан шатны шүүхийн 102/ШШ2020/005466 шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.О-ийн ажилгүй байсан 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36,047,920 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх44-51/

Анхан болон давж заалдах шатны шүүхэд Улсын дээд шүүхийн тогтоолыг хянах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул уг тогтоолыг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Б.О-ийн ажилгүй байсан 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл бүхий хэргийг шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. Иймд анхан шатны шүүх дээрх тогтоолд заасан хугацаанаас хойш буюу 2019 оны 11 сарын 14-ний өдрөөс 2021 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.О-ийн хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байхдаа авч байсан нэг өдрийн дундаж цалинг шүүхийн 102/ШШ2017/03459 шийдвэрээр 180,544 төгрөг, 102/ШШ2020/00546 шийдвэрээр 161,650 төгрөг гэж 2 өөр дүнгээр тогтоосон нь талуудын хоорондох маргааны зүйл болсон байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.О-ийн нийгмийн даатгалын дэвтэрт цаг хугацааны хувьд сүүлд бичигдсэн дүнгээр буюу 161,650 төгрөгөөр тооцож түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас нийт 72,257,550 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудын талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН