Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03103

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/03103

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо хэсэг, Доржийн гудамж, дугаар байр,  тоот хаягт оршин суух, Өз овогт Б Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын  дүгээр гудамж,  тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Вива сити хотхон,  тоот хаягт оршин суух, М овогт А Б /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хувь нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н ХХК-ийн төлөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2018 оны 5 сарын 2-ны өдөр Н ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Б уулзаж хувь нийлүүлэх гэрээг байгуулахдаа махны наймаа эрхэлдэг, сайн байгаа гэсэн учир эртнээс таньдаг байсан тул хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахад А.Б нь Гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан. Гэрээ байгуулсны дараа  гэсэн данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш махны үйлдвэрээ ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөөгүй, 2020 оны 08 сар хүртэл ямар ч мэдээлэлгүй явсан. Н ХХК-ийн талаарх улсын бүртгэлийн лавлагаагаар орж үзэхэд А.Б бус Л.З гэх хүн бүртгэлтэй байсан. А.Б гэрээ байгуулахдаа утасны дугаараа бичсэн байсан учраас залгаж үзэхэд холбогдох боломжгүй, утсаа авахгүй нөхцөл байдал үүссэн. Улсын бүртгэлийн лавлагаагаар Н ХХК-ийн мэдээлэл авахад А. Б төлөөлөх эрхгүй хүн гэдгийг сүүлд мэдээд, ярилцаад байсан махны үйл ажиллагаа явагдаж байгаа нь мэдэгдэхгүй 2 жил гаруй болсон тул 2018 оны 5 сарын 01-ний өдөр байгуулсан хувь нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах, махны үйлдвэрээ ажиллуулаад байгаа эсэх мэдээлэл өгөөгүй тул хувьдаа ашигласан гэж үзэн 20,000,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэн нэхэмжилж байна гэв.

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигтай махны наймаа хийнэ гэсэн санал байгуулаагүй, Хувь нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллах санал тавьсан. Энэ нь өөр ойлголт юм. Намайг хувьдаа ашигласан гэж гүтгэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй зөв ойлголцоогүй мэт санагдаж байна. Миний зүгээс дансны хуулга, лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн, гуравдагч этгээдийн зүгээс намайг компанийг төлөөлөх эрхтэй этгээд байсан, Н ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж хэлсэн. Н ХХК болон Б.Б нарын хооронд гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаагаар өөрийн зүгээс хангалттай баталсан гэж үзэж байгаа бөгөөд одоо "Н" ХХК-тай ямар нэгэн холбоо байхгүй, эрх байхгүй тул гэрээнд оролцох, хүлээх үүрэг байхгүй болж энэ маргаан нь надтай бус Н ХХК, Б.Б нарын хоорондын асуудал болж байгаа тул би энэ хуралд суух ёсгүй хүн гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж байснаас өөрчлөгдсөн. Гэрээг анх цуцлах асуудал ярьдаг байсан. Дараагаар гэрээ цуцлах асуудлаа хэвээр үлдээж, гурав дах удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн хэдий ч өөрөөс нь асуухад өөрсдийнх нь хүсэл зорилгын илэрхийлэл мөн байсан байна. Уг гэрээг Н ХХК, Б.Болд нар оролцож байгуулсан. Гэрээний гол зорилго нь хувь нийлүүлэгчээс хөрөнгө оруулалт авч, ашгаас хувь хүртэх юм. Иргэний хуульд зааснаар нэрлэгдээгүй гэрээ гэж авч үзэж болно. Хувь нийлүүлэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3-т компанийн нэр солигдох эсэхээс үл хамааран өөрийн хувийг эзэмшинэ гэж заасан. Иргэн Б.Болд нь Н ХХК-д тодорхой хувийг эзэмшихээр дүрмийн санд хэд байгаа, нэг бүрийн нэрлэсэн үнэ хэд байгаа зэрэг нь яригдсан хэдий ч эцэслэн шийдсэн зүйл байхгүй байна. Хувь нийлүүлээд, түүнээсээ ашиг хүртэнэ гэдгээ аль аль тал хүлээн зөвшөөрсөн байна. Гэрээ хэрэгжсэн, хэрэгжээгүй гэдэг асуудал дээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг хянах бүрэн эрхтэй, гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, хэрэгжүүлэхгүй бол гэрээг дангаар цуцлах, хөрөнгө оруулалтыг нөхөн төлүүлэх эрхтэй. Гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ байгуулах эрхтэй байсан эсэхийг гуравдагч этгээд Л.З нь харилцан зөвшөөрөөд тамга тэмдэг өгсөн, 3 хүний бүрэлдэхүүнтэй харилцан тохирч байгуулсан гэж хэлж байна. А.Б нь компанийн тамга, тэмдгийг хуурамчаар ашиглан Б.Б хууран мэхлэх санаа зорилго үгүй болно. Дансны хуулгаар шинжлэн судалснаар компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Хэний дансанд байгаа эсэх, хэний данснаас хэний данс руу шилжүүлж байгаа нь бус юунд зарцуулж байгаа нь чухал учраас зориулалтын дагуу зарцуулсан гэж ойлгож байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК 2017 оны 10 сараас яригдаад хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээг 2 сарын 1-ний өдөр аваад үйл ажиллагаа явуулахад хөрөнгө шаардлагатай байсан учир А.Б ярилцаад Б.Болд гэх бизнес эрхлэгч залуутай гэрээ байгуулаад ашгийн 10 хувийг санал болгосон. 5 сараас 8 сар хүртэл 3 сарын хугацаанд ашиг хүртэнэ гэдэг боломжгүй хугацаа. Энэ хугацаанд бизнес үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа, санхүүгийн боломж бүрдэхгүй хугацаа юм. 3 сар гэдэг нь хангалттай урт хугацаа биш юм. 20,000,000 төгрөг нь "Н ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэгдсэн бөгөөд хувийн дансаар орж ирсэн асуудал байгаа юм. А.Б ашигласан гэх гүтгэлэг байна. Хөрөнгө оруулах, мөнгө зээлэх хоёр өөр ойлголт. Хөрөнгө оруулж байгаа бол алдагдал, эрсдлийг харгалзан үзэх хэрэгтэй. Б.Болд, А.Б нар нь махны үйл ажиллагааг сайжруулах гэж нэгэн зорилготой явж байснаас бус нэг нэгнээ хохироох асуудал байхгүй. Энэ гэрээ нь итгэлцлийн хүрээнд хийгдээд явсан. Бичиг баримт дутуу хэдий ч нэг зорилготой байгаа учраас нэгнийгээ хүндрүүлээд байх шаардлагагүй байх. Компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдээд явсан нь тодорхой юм. 2019 онд эхэлж байгаа бизнес гэдэг утгаар нэлээн хэдэн ажил явагдаж өнгөрөөд, дараагаар цар тахал гээд дандаа бэрхшээлүүдтэй тулгараад явж байгаа. Бизнес буцаж сэргээд ажиллах боломжтой. Гэрээ хэвээр, цаашид хамтран ажиллах талаад илүү сайжруулсан гэрээ хийх юм уу, гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна. А.Б, Н ХХК өртэй болох юм уу асуудал байх ёсгүй. Хөрөнгө оруулалт учраас эрсдлээ ч үүрээд, ашгаа ч хүртэх талаар хоорондоо ярилцаад шийдвэрлэх боломжтой асуудал юм. Гэрээгээ үргэлжлүүлье, хамтран ажиллая гэсэн бодолтой байна. Үйл ажиллагаагаа удахгүй эхлүүлэх гээд ажиллаж байгаа гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь А.Б холбогдуулан хувь нийлүүлэх гэрээг цуцалж, 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаас Б.Бнь Н ХХК-тай гэрээ байгуулж, шилжүүлсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, би хариуцах ёстой этгээд биш гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б нь Н ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэх гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын үр дүнд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний ашгаас 10 хувийг 3 жил 1 сарын хугацаанд хүртэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулжээ.

Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэх гэрээгээр хүлээсэн 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах үүргээ 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр А.Б Хаан банк дахь  тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулга, тайлбараар тогтоогдож байна.

Н ХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэх гэрээг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, энэхүү гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч А.Б гаргуулахаар шаарджээ.

Дээрх гэрээнд Н ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Б байгуулж, батлав гэж гарын үсэг зурж, Н ХХК-ийн тамга тэмдэг дарагдсан байна.

Хуулийн этгээдийн лавлагаагаар Нэгүжин импекс ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Л.З байх ба А.Б нь тус компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдлоо.

 

Б.Б НХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэх гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл эсэх тухайд:

 

Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл хэлцлийн талууд хууль зүйн аливаа нэг үр дагавар гаргахыг хүсдэггүй буюу гадна талдаа л хэлцэл байгуулсан дүр үзүүлэхийг зорьдог.

Гэтэл Б.Б Н ХХК-тай байгуулсан хувь нийлүүлэх гэрээний дагуу Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Гэрээний нөгөө тал болох Н ХХК нь хүлээн авсан 20,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу махны үйлдвэрлэлдээ зарцуулсан болох нь хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хариуцагчийн дансны зарлагын гүйлгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Н ХХК нь махны үйлдвэрлэлээ явуулахын тулд Б.Болдод хөрөнгө оруулах санал тавьж, үүнийг Б.Б хүлээн авч, хувь нийлүүлэх гэрээ байгуулсан учир талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэж зааснаар хувь нийлүүлэх гэрээг бичгээр байгуулжээ.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр, Н ХХК-тай байгуулсан хувь нийлүүлэх гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Б.Б Н ХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл эсэх тухайд:

 

Хэрэгт авагдсан баримтаар Н ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх Л.З байх бөгөөд тэрээр А.Б гэрээ хэлцэлд төлөөлөх эрх олгосон болон улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт байхгүй байна.

Гэвч талуудын хэн алины тайлбар, А.Б нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр А.Б нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэсэн ойлголттой байсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж зааснаар А.Б НХХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрх олгогдсон гэж үзнэ.

 

Иймд Б.Б Н ХХК-иай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу А.Б 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг баримтлан А.Б холбогдох 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хувь нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ