Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/03175

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/03175

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, Голомт банкны өөрийн төв байранд байрлах, Голомт банк ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 83/а байр, 48 тоот хаягт оршин суух, О овогт Э Т /РД: /-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 6,649.372.80 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 30,436,280 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.М, хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк ХХК нь Хүний нөөцийн удирдлагын газрын арилжааны хэлтэст дилер албан тушаалтай байсан Э.Т холбогдуулан 2021 оны 8 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалт болон ажилтантай байгуулсан Сургалтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах заалтыг үндэслэн нийт 5,491,316 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Үүнийг 2021 оны 11 сарын 18-ны өдөр өөрчилж Иргэний хуулийн 189 дүгээр зүйл болон Сургалтын журмын 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.9, ажилтантай байгуулсан Сургалтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах заалтыг үндэслэн нийт 6,649,372.80 төгрөг гаргуулах болсон. Нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү өөрчилсөн үндэслэл нь 2019 оны 02 сарын 14-ний өдөр Голомт банк ХХК болон Э.Т нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцааны талууд болсон. Улмаар Голомт банк ХХК нь хөдөлмөрийн харилцааны нэг тал буюу ажил олгогч болсон тул бизнесийн зорилго, зорилтыг биелүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, ажилтнуудын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх арга хэмжээ авч ажилладаг. Үүнийг Голомт банк ХХК-ийн Сургалтын журмаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааны үндэс нь Сургалтын гэрээний харилцаа байсан. Голомт банк ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 02 сарын 18-ны өдрийн 37 дугаартай Сургалтын журмыг шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан Сургалтын журмаар зохицуулж байсан. Уг журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт бизнесийн зорилго, зорилтыг биелүүлэхэд шаардагдах, зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулна гэж заасан. Ажилтантай байгуулах сургалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Иргэний хууль болон Голомт банк ХХК-ийн хүний нөөцийн бодлого, ажилтны гаргасан хүсэлтийг харгалзан үзэж дараах нөхцөлөөр байгуулна гэж заасан. Ажилтантай байгуулах сургалтын гэрээгээр үүрэг хүлээдэг. Ажилтан нь сургалтанд хамрагдсаны дараа өөрийн мэдлэг, чадварын үр шимийг байгууллагад хүртээх буюу тогтвор суурьшилтай ажиллах үндсэн үүрэг хүлээдэг. Ийм учраас ганц гэрээний агуулгад хамаарах бус талуудын чөлөөт байдлын зарчмаар тодруулбал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт зааснаар шууд нэрлэгдээгүй гэрээ, үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэсэн зохицуулалтад хамаарч Иргэний хуулийн нийтлэг зохицуулалт үйлчлэхээр байгаа. Ажилтантай байгуулах сургалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дах хэсэгт зааснаар сургалтад хамрагдсаны дараа тухайн байгууллагад ажиллах ёстой үндсэн үүргийг 2019 оны 101 тоот гэрээгээр 1 жил, 2019 оны 158 тоот гэрээгээр 2 жилийн хугацаатай тохирсон. Сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.9-т зааснаар ажилтан гэрээний хүчинтэй хугацаанд дахин сургалтанд хамрагдсан тохиолдолд өмнөх гэрээний хүчинтэй хугацаанд нэмэгдэн шинээр байгуулагдсан гэрээний хугацааны 50 хувиар тооцно гэж заасан. Тиймээс 158 тоот гэрээгээр заасан 2 жилийн хугацааны 50 хувь буюу 1 жилээр тооцон 2019 оны 8 сарын 29-ний өдрөөс 2021 оны 8 сарын 29-ний өдөр хүртэл тогтвор суурьшилтай 2 жилийн хугацаанд ажиллах үүрэг хүлээсэн байсан ч тус үүргээ зөрчиж 2020 оны 4 сарын 21ний өдөр ажлаас гарах хүсэлтээ бичгээр өгч, 2020 оны 5 сарын 19-ний өдрийн 447 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас гарсан. Тиймээс Сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.9, Ажилтантай байгуулах сургалтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ажилтан энэ гэрээний 4.5-д заасан хугацаанаас өмнө гэрээг цуцалсан тохиолдолд төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй., 5.2 дах хэсэгт гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэн гарсан хохирлыг бүрэн хариуцна гэж тус тус заасны дагуу нийт 6,649,372.80 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь Иргэний хууль болон Голомт банк ХХК-ийн дотоод журмыг үндэслэж байна. Тэр талаар би ажилтан болон ажил олгогчийн хоорондын харилцаа учраас Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж ойлгож байгаа. Голомт банк ХХК-ийн дотоод журмын дагуу Сургалтын гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл болох ажил олгогч нь бүтэн цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ хийхийг хориглосон заалтыг зөрчиж байгаа тул энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Буцааж төлөх ёстой гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хувь хүний хувьд 2019 оны 12 сард болсон үйл явдал, урамшуулал авна гэж тооцсон байсан учир энэ төлбөрийг авсан. Урамшуулал авсан бол ямар нэг асуудал болбол буцаагаад төлөх байсан. Тухайн үед гүйцэтгэлээ хийсэн байсан, ажлаас гарах шалтгаан тэр болсон гэв.

Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сард ажилд урьсан тул орж ажилласан. Голомт банк ХХК-ийн Захиралтай уулзаад ажлын ярилцлагад ороод, амаар ийм ажил хийвэл ийм хэмжээний урамшуулал авна гэж тохиролцоод орсон. Хувьцаа, алтны арилжаа хийнэ гэсэн. 2018 оны 11 сард ажилд туршилтын хугацаагаар ороод 2019 оны эхээр Хүний нөөцийн удирдлагын газартай холбоотой урамшууллын журам бичгээр батална гэж хэлсэн. Алтны арилжаа хийгээд тухайн жилийн эцэст ашгийн 0,5 хувийг урамшууллаар авах байсан. Хувьцааны арилжаа хийгээд ашгийн 6 хувийг авах байсан. Жилийн эцэст 2019 оны 12 сард алтны арилжаанд 3.4 тэрбум төгрөгийн төлөвлөгөө дээр 5.1 тэрбум гүйцэтгэлтэй гарсан. Алтны арилжаа шөнөөр болдог учир нэлээн цаг, эрч хүч, сэтгэл зүйгээ зориулсан. Хувьцааны арилжаанаас 71,000,000 төгрөгийн арилжаа хийгээд, үүнээс 6 хувийг урамшуулал авах байсан. Алтны арилжаанаас 5,100,000,000 төгрөгөөс 0,5 хувь буюу 25,500,000 төгрөгийг, хувьцааны арилжаанаас 4,284,000 төгрөгийг тус тус урамшуулал болгож авах байсан. 2020 оны 5 сард сургалтын төлбөрөө төл, хэрэв төлөхгүй бол үндсэн цалинг олгохгүй гээд 305,000 төгрөгийг аваагүй байгаа. 2020 оны 1 сард ковид өвчний улмаас гэртээ тусгаарлагдаж байхдаа ажлын 22 хоногийн 16 өдөр ажилласан. 6 өдөр нь ажиллах боломжтой байсан ч ажиллуулаагүй, цалин өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар сул зогсолт хийж байгаа тохиолдолд ажиллах ёстой цалингийн 50 хувийг өгөх ёстой байдаг. Тийм учраас 694,560 төгрөгөөс 50 хувь буюу 347,280 төгрөгийг нэмж, нийт 30,436,280 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашгийн гүйцэтгэлийн урамшуулал авах байсан гэдэг дээр тайлбарлаж хэлэхэд Э.Т нь 2019 оны ашгаас хамаарсан урамшуулал буюу алтны арилжааны 0,5 хувь, хувьцааны арилжааны 6 хувь нийт 29,784,000 төгрөгийн урамшуулал авах шаардлага гаргасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.3 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ажилтнууддаа урамшуулал олгох харилцаанд 2019 оны 3 сарын 29-ний өдрийн 87 тоот тушаалаар батлагдсан Төвийн нэгж болон төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журам үйлчилж байсан. Гүйцэтгэх захирлын тушаалаар төвийн нэгжид хамаарах ажилтан, нэгжийн гүйцэтгэлийн урамшуулал авах харилцаагаар зохицуулагддаг. Уг журмын хавсралт 4 дээр нөөцийн удирдлагын арилжааны хэлтсийн ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох аргачлал баталсан байдаг. Э.Т хувьд Гадаад харилцаа хариуцсан арилжааны дилер буюу ашгийн төлөвлөгөөтэй гэсэн албан тушаалд хамаарч байсан. Хариуцагч нь дээр заасан 0,5 ба 6 хувийн ашгийн урамшуулал авах эрхтэй гэж нэхэмжилж байгаа хэдий ч уг журмын 3 дугаар зүйлийн 3.10 дах заалт буюу нийтлэг үндэслэл дээр онцгой тохиолдолд тухайн албан тушаалтан нэгжийн ажлын онцлог, үйл ажиллагаанаас хамааран урамшууллыг өөр давтамж болон өөр хувь хэмжээгээр олгож болох ба түүнийг Гүйцэтгэх захирал болон Санхүү нөөцийн удирдлага хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч нарын шийдвэрээр зохицуулна гэж заасан. Гүйцэтгэх захирал Санхүү нөөцийн удирдлага хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч нарын шийдвэр гарсны дараагаар төвийн нэгжийн ажилтнуудад нийтлэг үндэслэлийн дагуу олгодог хэмжээнээс өөрөөр буюу хавсралт 4-т заасны дагуу урамшуулал олгох байсан. Энэ тухай 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 14 тоот тушаал гарсан. Сүүлд баримтаар өгсөн. Түүнд Гүйцэтгэх захирал болон Гүйцэтгэх захирлын орлогч нар нь онцгой үзүүлэлт байхгүй учир 350 хүртэлх хувь хэмжээний урамшуулал олгохгүй байх, төвийн нэгжийн журмаар олгох буюу нийтлэг үндэслэлд заасны дагуу ажилтнуудад урамшуулал олгох шийдвэр гаргасан. Үүнийг онцгой үзүүлэлтэд хамаарахгүй гэж үзсэн шалтгаан нь тухайн жилийн арилжааны ашгийн төлөвлөгөө нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өөр байсан. Гүйцэтгэх захирлын зүгээс онцгой үзүүлэлт гэж үнэлэх хэмжээнд байгаагүй. Жишээлбэл 2019 оны хувьцааны ашгийн төлөвлөгөө нь 56,000 ам доллар гэсэн боловч гүйцэтгэл нь 25,000 ам доллар байгаа нь хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан баримт болон Э.Тэмүүжингийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байдлаас харж болно. Э.Т Ажлын гүйцэтгэлийн тайлан төлөвлөгөөний 1-ийн 2 дах мөр дээр хувьцааны ашгийн төлөвлөгөө нь 56,000 ам доллартаа хүрээгүй гэдгийг харж болно. 2019 оны 3 сарын 29-ний өдрийн журмын 3 дугаар зүйлийн 3.5.1-т зааснаар ажиллавал зохих хоногийн 75-аас дээш гэж заасны дагуу, төвийн нэгжийн нийтлэг үндэслэлийн дагуу урамшуулал авсан. Анхнаасаа ийм байгаагүй гэж тайлбарлаж байгаа. 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл Э.Т нь ээлжийн амралт авах хүсэлт гаргаад, түүний дагуу ээлжийн амралт олгож 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл ээлжийн амралт авсан. Энэ нь сүүлд гаргаж өгсөн нотлох баримт болон ирцийн бүртгэлээс харагддаг. Э.Т нь ажлын нийт 22 хоногоос 15 өдөр ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. 305,000 төгрөг олгоогүй гэж шаардаж байгаа нь Сургалтын гэрээний төлбөрийн үлдэгдэл суутгасан гэх зүйл болоогүй. Э.Т нь ажлаас гарах хүсэлтээ 2021 оны 4 сарын 21-ний өдөр бичгээр гаргаж өгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтын дагуу ажилтан санаачилсан учир 5 сарын 19-ний өдрийн 447 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарч, 2020 оны 5 сарын 21-ний өдөр ажлыг тасалбар болгон цуцалсугай гэсэн байгаа учраас 20, 21-ний өдрийн цалинг 2020 оны ажлын жилийн ээлжийн амралтаа түрүүлж авсан байсан учраас, 2020 оны 3 сарын 11-ний өдрөөс 3 сарын 14-ний өдөр хүртэл 3 сарын 15-ны өдрөөс 3 сарын 31-ний өдөр хүртэл тасалж авсан байсан тул ээлжийн олговрыг уг хугацаанд олгосон. 2020 оны ажлын жилээ гүйцээгээгүй байгаа тул олгосон мөнгөнөөс ажиллаагүй хугацааг хасахад Э.Т нь 219,000 төгрөгийн өртэй гарсан. 2020 оны 3 сард ажиллах нийт 22 хоногоос 7 хоног ажилласан байгааг нотлох баримтуудаас харж болох тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хаалттай шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Э.Т холбогдуулан 5,491,316.15 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 30,436,280 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Э.Т 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101 тоот Ажилтантай байгуулах сургалтын гэрээний дагуу 754,750 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/158 тоот ажилтантай байгуулах сургалтын гэрээний дагуу 5,894,622.80 төгрөг, нийт 6,649,372.80 төгрөгийн сургалтын зардлыг сургалтын гэрээний дагуу байгууллагад тогтвор суурьшилтай 2 жил ажиллах үүргээ зөрчсөн тул буцаан гаргуулахаар шаардаж, хариуцагч нь хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглосон тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч Э.Тэмүүжин нь Голомт банк ХХКай 2019 оны 2 дугаар сарын 14-ний нөөцийн удирдлагын газарт дилер албан тушаалд сарын 1,600,000 төгрөгийн цалинтай ажиллахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 447 дугаар тушаалаар 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна.

Э.Т нь Голомт банк ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101 тоот Ажилтантай байгуулах сургалтын гэрээний дагуу 754,750 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/158 тоот ажилтантай байгуулах сургалтын гэрээний дагуу 5,894,622.80 төгрөгийн дэмжлэг тус тус авчээ.

Голомт банкны Хүний нөөцийн сургалтын журмын Дөрөвдүгээр бүлгийн 4.8-т Суралцагч нь гадаад сургалт болон гадаадад туршлага солилцох хөтөлбөрт банкны зардлаар хамрагдах тохиолдолд Хүний нөөцийн хэлтсийн удирдах ажилтантай тогтвортой ажлын гэрээ байгуулна гэжээ.

Мөн талуудын хооронд байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101 тоот Ажилтантай байгуулах сургалтын гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/158 тоот ажилтантай байгуулах сургалтын гэрээний 4.5-д ажилтан нь сургалтанд хамрагдсаны дараах 2 жилд байгууллагадаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү гэрээнд гарын үсэг урснаар уг үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болно, 5.1-т Ажилтны хүсэлтээр болон байгууллагын зүгээс тэдгээрийн хооронд хийсэн хөдөлмөрийн гэрээг энэхүү гэрээний 4.5-д заасан хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд байгууллага нь энэхүү гэрээний 2.1-т заасан төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нь шаардаж байна.

Хэдийгээр сургалтын гэрээ болон Голомт банкны Хүний нөөцийн сургалтын журамд заасны дагуу ажилтан нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2 жил байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээсэн байх боловч хөдөлмөрийн гэрээг цуцалсан шалтгаан байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай хамааралтай байна.

Учир нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн банкны гүйцэтгэх захирлын 87 тоот тушаалаар Төвийн нэгж болон төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журмын 3 дугаар бүлэг Урамшуулал олгох хувь хэмжээ, нөхцөл хэсэгт өөрчлөлт оруулж, гадаад арилжааны албаны дилерүүд нь алтны арилжааны ашгийн 0,50%, хувьцааны маржин арилжааны ашгийн 6.00%-ийн урамшуулал авахаар тогтоожээ. Гэтэл банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 515 дугаар тушаалаар Төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журмыг шинэчлэн баталж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 80%-иас дээш бол үндсэн цалингийн 50-200 хувийн урамшуулал олгохоор болсон байна.

Э.Т нь 2019 онд өөрийн хийсэн алтны болон хувьцааны арилжааны ашгаас их хэмжээний урамшуулал авна гэсэн ойлголттой байхад 2019 оны жилийн эцэст журмаа шинэчилж, урамшуулал олгоогүй нь түүнийг өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргах нөхцөл болсон байна.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажил олгогчийн урамшуулалтай холбоотой үйл ажиллагаатай холбоотой, түүнчлэн ажилтан ажлын байраа чөлөөтэй сонгох эрхээ хэрэгжүүлснийг гэрээний үүрэг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь ажилтантай байгуулах сургалтын гэрээг Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж заасан нэрлэгдээгүй гэрээ гэж тодорхойлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар сургалтын төлбөрөө буцаан шаардаж байна.

Сургалтын гэрээ байгуулагдахад хүчингүй болсон урамшуулал олгох журам үйлчилж байсан тул тогтвортой ажиллахаар хариуцагч сургалтын гэрээг байгуулсан байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан.

Сургалтын гэрээг хэдийгээр хариуцагч талын санаачлагаар хугацаанаас өмнө дуусгавар болгосон боловч ажил олгогч нь урамшууллын журмаар хүчингүй болгож, шинэчлэн батлахдаа анх тохиролцсон хэмжээний урамшуулал олгохгүй болгосон нь нөлөөлсөн тул хариуцагчийг буруугүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд сургалтын төлбөр ,649.372.80 төгрөг гаргуулахыг хүссэн Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь 2019 оны ажлын гүйцэтгэлээр Урамшуулал олгох журмын дагуу алтны арилжааны ашиг 5,100,000,000 төгрөгийн 0.5% буюу 25,500,000 төгрөг, хувьцааны арилжааны ашиг 25,000 ам.долларын 6% буюу 1,500 ам.доллар буюу 4,284,000 төгрөг, 1 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 347,280 төгрөг, 5 дугаар сарын цалингийн дутуу 305,000 төгрөг, нийт 30,436,280 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь урамшуулал олгох журам хүчингүй болсон тул 29,784,000 төгрөгийн урамшууллыг олгох үндэслэлгүй, 1 дүгээр сард ээлжийн амралттай байсан тул дутуу олгогдсон цалин байхгүй, 5 дугаар сарын ажилласан хугацааны цалинг бүрэн бодож, 2020 оны ээлжийн амралтыг 2020 оны 1 дүгээр сард бүрэн эдэлсэн тул 5 сар хүртэл хугацаанд ногдох ээлжийн амралтын зөрүүг хасч тооцсон гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн банкны гүйцэтгэх захирлын 87 тоот тушаалаар Төвийн нэгж болон төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журмын 3 дугаар бүлэг Урамшуулал олгох хувь хэмжээ, нөхцөл хэсэгт өөрчлөлт оруулж, гадаад арилжааны албаны дилерүүд нь алтны арилжааны ашгийн 0,50%, хувьцааны маржин арилжааны ашгийн 6.00%-ийн урамшуулал авах байсныг банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 515 дугаар тушаалаар Төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журмыг шинэчлэн баталж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 80%-иас дээш бол үндсэн цалингийн 50-200 хувийн урамшуулал олгохоор өөрчилж, энэхүү журмын дагуу Э.Т урамшууллыг олгосон байна.

Ажилтанд урамшуулал олгох журмыг шинэчлэн батлах, мөрдөх нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал.

Урамшуулал олгох журмаа хэрэгжүүлж эхлэхээс өмнө хүчингүй болгон шинэчилж, урамшууллын хувь хэмжээг багасгаж өөрчилснийг буруутгах боломжгүй бөгөөд хүчингүй болсон журмын дагуу хариуцагч нь 29,784,000 төгрөгийн урамшуулал авахаар шаардах эрхгүй.

Хариуцагч нь цалин хөлс дутуу олгогдсон гэж 652,280 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар 2020 оны 1 дүгээр сарын цалинг дутуу олгосон гомдлоо 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 2020 оны 5 дугаар сарын цалинг дутуу олгосон гомдлоо 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор тус тус гаргахаар байжээ.

Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.

Иймд хүчингүй болсон журмын дагуу урамшуулал авахаар шаардах эрхгүй, дутуу олгосон цалингийн талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Голомт банк ХХК-иас 30,436,280 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Т сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.Нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан Э.Тэмүүжингээс 6,649.372.80 төгрөг гаргуулахыг хүссэн Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас 30,436,280 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Т сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,412 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ