Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00346

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00346

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03175 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Э.Т-д холбогдуулан гаргасан 6,649,372.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 30,436,280 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Б.М , хариуцагч Э.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга болон сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга: Г ХХК нь хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн хувьд бизнесийн зорилго, зорилтыг биелүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, ажилтнуудын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх арга хэмжээ авдаг үүнийг Сургалтын журмаар зохицуулдаг. Ажилтан нь сургалтын гэрээгээр сургалтанд хамрагдсаны дараа өөрийн мэдлэг, чадварын үр шимийг байгууллагад хүртээх буюу тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээдэг. Иймээс гэрээний агуулгад хамаарах бус талуудын чөлөөт байдлын зарчмаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасан зохицуулалтад хамаарч Иргэний хуулийн нийтлэг зохицуулалт үйлчлэхээр байна. Ажилтантай байгуулах сургалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дах хэсэгт зааснаар сургалтад хамрагдсаны дараа тухайн байгууллагад ажиллах үндсэн үүргийг 2019 оны 101 тоот гэрээгээр 1 жил, 2019 оны 158 тоот гэрээгээр 2 жилийн хугацаатай тохиролцсон. Сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.9-т зааснаар ажилтан гэрээний хүчинтэй хугацаанд дахин сургалтанд хамрагдсан тохиолдолд өмнөх гэрээний хүчинтэй хугацаанд нэмэгдэн шинээр байгуулагдсан гэрээний хугацааны 50 хувиар тооцно гэж заасан. 158 тоот гэрээгээр заасан 2 жилийн хугацааны 50 хувь буюу 1 жилээр тооцон 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тогтвор суурьшилтай 2 жилийн хугацаанд ажиллах үүрэг хүлээсэн ч уг үүргээ зөрчиж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас гарах хүсэлтээ бичгээр өгч, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 447 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас гарсан. Иймд сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.9, ажилтантай байгуулах сургалтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дах хэсэгт заасны дагуу нийт 6,649,372.80 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.3, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ажилтнууддаа урамшуулал олгох харилцаанд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 87 тоот тушаалаар батлагдсан Төвийн нэгж болон төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журам үйлчилж байсан. Уг журмын хавсралт 4-т нөөцийн удирдлагын арилжааны хэлтсийн ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох аргачлал баталсан байдаг. Э.Т Гадаад харилцаа хариуцсан арилжааны дилер буюу ашгийн төлөвлөгөөтэй гэсэн албан тушаалд хамаарч байсан. Хариуцагч нь дээр заасан 0,5 ба 6 хувийн ашгийн урамшуулал авах эрхтэй гэж нэхэмжилсэн ч уг журмын 3 дугаар зүйлийн 3.10 дах заалт буюу нийтлэг үндэслэлд онцгой тохиолдолд тухайн албан тушаалтан нэгжийн ажлын онцлог, үйл ажиллагаанаас хамааран урамшууллыг өөр давтамж болон өөр хувь хэмжээгээр олгож болох ба түүнийг гүйцэтгэх захирал болон санхүү нөөцийн удирдлага хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч нарын шийдвэрээр зохицуулна гэж заасан. Гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх захирлын орлогч нар нь онцгой үзүүлэлт байхгүй учир 350 хүртэлх хувь хэмжээний урамшуулал олгохгүй байх, төвийн нэгжийн журмаар олгох буюу нийтлэг үндэслэлд заасны дагуу ажилтнуудад урамшуулал олгох шийдвэр гаргасан. Үүнийг онцгой үзүүлэлтэд хамаарахгүй гэж үзсэн шалтгаан нь тухайн жилийн арилжааны ашгийн төлөвлөгөө нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өөр байсан. 2019 оны хувьцааны ашгийн төлөвлөгөө нь 56,000 ам.доллар гэсэн боловч гүйцэтгэл нь 25,000 ам.доллар байгаа нь хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан баримт болон Э.Т гийн сөрөг нэхэмжлэлд дурьдсан байна. Э.Т гийн ажлын гүйцэтгэлийн тайлан төлөвлөгөөний 1-ийн 2 дах мөр дээр хувьцааны ашгийн төлөвлөгөө нь 56,000 ам.долларт хүрээгүй. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн журмын 3 дугаар зүйлийн 3.5.1-т зааснаар ажиллавал зохих хоногийн 75-аас дээш гэж заасны дагуу, төвийн нэгжийн нийтлэг үндэслэлийн дагуу урамшуулал авсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Э.Т нь ээлжийн амралт авах хүсэлт гаргаад, түүний дагуу ээлжийн амралт олгож 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ээлжийн амралт авсан. Э.Т нь ажлын нийт 22 хоногоос 15 өдөр ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. 305,000 төгрөг олгоогүй гэж шаардсан боловч сургалтын гэрээний төлбөрийн үлдэгдэлд суутгаагүй. Э.Т нь ажлаас гарах хүсэлтээ 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр гаргаж өгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтын дагуу ажилтан санаачилсан учир 05 дугаар сарын 19-ний өдрийн 447 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарч, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажлыг тасалбар болгон цуцалсан тул 20, 21-ний өдрийн цалинг 2020 оны ажлын жилийн ээлжийн амралтаа түрүүлж авсан. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасалж авсан тул ээлжийн олговрыг уг хугацаанд олгосон. 2020 оны ажлын жилээ гүйцээгээгүй тул олгосон мөнгөнөөс ажиллаагүй хугацааг хасахад Э.Т нь 219,000 төгрөгийн өртэй гарсан. 2020 оны 03 сард ажиллах нийт 22 хоногоос 7 хоног ажилласныг нотлох баримтуудаас харагдах тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн мөнгөн дүн нь Иргэний хууль болон Г ХХК-ийн дотоод журмыг үндэслэжээ. Ажилтан болон ажил олгогчийн хоорондын харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Г ХХК-ийн дотоод журмын дагуу сургалтын гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл болох ажил олгогч нь бүтэн цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ хийхийг хориглосон заалтыг зөрсөн тул энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг гэрээгээр буцааж төлнө гэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хувь хүний хувьд 2019 оны 12 сард болсон үйл явдал, урамшуулал авна гэж тооцсон учир энэ төлбөрийг авсан. Урамшуулал авсан бол ямар нэг асуудал болбол буцаагаад төлөх байсан. Тухайн үед гүйцэтгэлээ хийсэн байсан, ажлаас гарах шалтгаан болсон.

2018 оны 11 сард ажилд урьсан тул орж ажилласан. Г ХХК-ийн захиралтай уулзаад ажлын ярилцлагад ороод, амаар урамшуулал авна гэж тохиролцоод орсон. Хувьцаа, алтны арилжаа хийнэ гэсэн. 2018 оны 11 сард ажилд туршилтын хугацаагаар ороод 2019 оны эхээр Хүний нөөцийн удирдлагын газартай холбоотой урамшууллын журам бичгээр батална гэж хэлсэн. Алтны арилжаа хийгээд тухайн жилийн эцэст ашгийн 0,5 хувийг урамшууллаар авах байсан. Хувьцааны арилжаа хийгээд ашгийн 6 хувийг авах байсан. Жилийн эцэст 2019 оны 12 сард алтны арилжаанд 3.4 тэрбум төгрөгийн төлөвлөгөө дээр 5.1 тэрбум гүйцэтгэлтэй гарсан. Алтны арилжаа шөнөөр болдог учир нэлээн цаг, эрч хүч, сэтгэл зүйгээ зориулсан. Хувьцааны арилжаанаас 71,000,000 төгрөгийн арилжаа хийгээд, 6 хувийг урамшуулалд авах байсан. Алтны арилжаанаас 5,100,000,000 төгрөгөөс 0,5 хувь буюу 25,500,000 төгрөгийг, хувьцааны арилжаанаас 4,284,000 төгрөгийг тус тус урамшуулал болгож авах байсан. 2020 оны 5 сард сургалтын төлбөрөө төл, хэрэв төлөхгүй бол үндсэн цалинг олгохгүй гээд 305,000 төгрөгийг аваагүй. 2020 оны 1 сард ковид өвчний улмаас гэртээ тусгаарлагдаж байхдаа ажлын 22 хоногийн 16 өдөр ажилласан. 6 өдөр нь ажиллах боломжтой байсан ч ажиллуулаагүй, цалин өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар сул зогсолт хийсэн тохиолдолд ажиллах ёстой цалингийн 50 хувийг өгөх ёстой байдаг. Иймээс 694,560 төгрөгөөс 50 хувь буюу 347,280 төгрөгийг нэмж, нийт 30,436,280 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан Э.Т гээс 6,649, 372.80 төгрөг гаргуулахыг хүссэн Г ХХК-ийн нэхэмжлэлийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-иас 30,436,280 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Т гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,412 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

а/ Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна. Уг маргаан нь хөдөлмөрийн маргаан бус гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой маргааныг анхаарч үзэлгүйгээр нэг талыг барьж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хариуцагчийн шалтгааныг хамаатуулсан. Талуудын хооронд байгуулагдсан ажилтантай байгуулах сургалтын гэрээний үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн гэрээнээс татгалзах агуулга үүсээгүй байтал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг ялгамжтай байдлаар тайлбарлан хэрэглэсэн. Ажилтантай байгуулах сургалтын гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэг заасан зохицуулалтад хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтууд тус гэрээнд үйлчилж, гэрээний тал үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдлаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан сургалтын гэрээнээс нэхэмжлэгч болон хариуцагч татгалзаагүй. Харин нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хариуцагч нь ажилтантай байгуулах сургалтын гэрээнээс татгалзсан биш харин уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөл юм. Үүргээ зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгч нь ажилтантай байгуулах сургалтын гэрээнд заасны дагуу бий болсон шаардах эрхийг хэрэгжүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд гэрээний дагуу бий болсон шаардах эрх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлээр дурдаагүй болно. Мөн гэрээний үүргийн зөрчил бий болсон байхад гэрээнээс татгалзсантай холбоотой бий болсон хохирол барагдуулах шаардах эрхийн үндэслэлийг шүүх сонгон хэрэглэж буй нь хууль зүйн хэрэглээний хувьд алдаатай хэрэглээ гэж үзэж байна.

б/ Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсгийн заалтыг ялгаатай байдлаар тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт харилцан зөрүүтэй дүгнэлтүүдийг хийж, нэг талаас нэхэмжлэгчийн буруутай үйлдэл бий гэж дурдсан боловч нөгөө талаас нэхэмжлэгчийн үйлдэл нь хуульд нийцсэн гэх агуулгыг мөн дурьдаж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай хамааралтай гэж үзэхдээ ямар нотлох баримтыг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай ажилтантай байгуулах сургалтын гэрээг байгуулахдаа, хүчээр тулган шаардсан эсхүл түүний ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан агуулгыг огт тусгаагүй бөгөөд зөвхөн тогтвортой ажиллаж, мэдлэг, ур чадвараа тогтвортой нийлүүлсний хариуд ажилтанд олгосон сургалтын төлбөрийг тооцож

барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болно. Хариуцагч нь харин энэхүү тохиролцоог хугацаанаас өмнө дуусгавар болгох хүсэлт тавьж дуусгавар болгосонтой холбогдуулан түүнд олгосон төлбөр болох 6,649,372.80 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Э.Т гээс ажилтантай байгуулах сургалтын гэрээний үлдэгдэл төлбөр 6,649,372.80 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг ажилтан, ажил олгогч нарын хоорондын зохицуулалт гэж тайлбарладаг. Ажилтан, ажил олгогч нарын хооронд харилцаж байгаа гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг нь хуулийн дагуу нөгөө нь ажилтан, ажил олгогч нарын хоорондын тохиролцооны дагуу үүссэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох гомдолд заасан үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э.Т-д холбогдуулан 6,649,372.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 30,436,280 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Хариуцагч Э.Т нь Г ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус банкны Нөөцийн удирдлагын газарт дилерээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Г ХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 447 дугаар тушаалаар Э.Т тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-8, 23-24 дэх тал/

 

3. Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101 тоот ажилтантай байгуулах сургалтын гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/158 тоот ажилтантай байгуулах сургалтын гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд дээрх ажилтантай байгуулах сургалтын гэрээний дагуу 754,750 төгрөг, 5,894,622.80 төгрөг, нийт 6,649,372.8 төгрөгийн дэмжлэгийг тус тус авсан болох нь тогтоогдсон. /хх-4-6 дахь тал/

 

4. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/158 тоот ажилтантай байгуулах сургалтын гэрээний 4.5-д Ажилтан нь сургалтанд хамрагдсаны дараах 2 жилд байгууллагадаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү гэрээнд гарын үсэг урснаар уг үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болно гэж, 5.1-т Ажилтны хүсэлтээр болон байгууллагын зүгээс тэдгээрийн хооронд хийсэн хөдөлмөрийн гэрээг энэхүү гэрээний 4.5-д заасан хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд байгууллага нь энэхүү гэрээний 2.1-т заасан төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй гэж зохицуулсан байна.

 

5. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн банкны гүйцэтгэх захирлын 87 тоот тушаалаар Төвийн нэгж болон төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журмын 3 дугаар бүлэг Урамшуулал олгох хувь хэмжээ, нөхцөл хэсэгт өөрчлөлт оруулж, гадаад арилжааны албаны дилерүүд нь алтны арилжааны ашгийн 0,50%, хувьцааны маржин арилжааны ашгийн 6.00%-ийн урамшуулал авахаар тогтоосон боловч Голомт банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 515 дугаар тушаалаар Төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журмыг шинэчлэн баталж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 80%-иас дээш бол үндсэн цалингийн 50-200 хувийн урамшуулал олгохоор болсон үйл баримт тогтоогджээ. /хх72-73, 151 дахь тал/

 

6. 2019 оны жилийн эцэст банк журмаа шинэчилж, урамшуулал олгоогүйгээс Э.Т өөрийн санаачилагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасныг банк зөвшөөрч түүнийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажил олгогчийн урамшуулал олгох үйл ажиллагаатай холбоотой байна. Энэхүү шалтгаанаар ажилтан ажлын байраа чөлөөтэй сонгох эрхээ хэрэгжүүлснийг гэрээний үүрэг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ажилтантай байгуулах сургалтын гэрээг хариуцагчийн санаачилагаар хугацаанаас өмнө дуусгавар болгосон боловч ажил олгогч нь урамшууллын журмыг хүчингүй болгож, шинэчлэн батлахдаа анх тохиролцсон хэмжээний урамшуулал олгохгүй болсон нөхцөл байдал нөлөөлсөн тул хариуцагчийг буруугүй гэж дүгнэж сургалтын төлбөр 6,649.372.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасантай нийцжээ. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4а/

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай хамааралтай гэж үзэхдээ ямар нотлох баримтыг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4б/

 

8. Хариуцагч нь 2019 оны ажлын гүйцэтгэлээр Урамшуулал олгох журмын дагуу алтны арилжааны ашиг 5,100,000,000 төгрөгийн 0.5 хувь буюу 25,500,000 төгрөг, хувьцааны арилжааны ашиг 25,000 ам.долларын 6 хувь буюу 1,500 ам.доллар буюу 4,284,000 төгрөг, 1 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 347,280 төгрөг, 5 дугаар сарын цалингийн дутуу 305,000 төгрөг, нийт 30,436,280 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

 

9. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн банкны гүйцэтгэх захирлын 87 тоот тушаалаар Төвийн нэгж болон төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журмын 3 дугаар бүлэг Урамшуулал олгох хувь хэмжээ, нөхцөл хэсэгт өөрчлөлт оруулж, гадаад арилжааны албаны дилерүүд нь алтны арилжааны ашгийн 0,50%, хувьцааны маржин арилжааны ашгийн 6.00%-ийн урамшуулал авах байсныг банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 515 дугаар тушаалаар Төвийн нэгжийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журмыг шинэчлэн баталж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 80 хувиас дээш бол үндсэн цалингийн 50-200 хувийн урамшуулал олгохоор өөрчилж, энэхүү журмын дагуу Э.Т-д урамшууллыг олгосон, урамшуулал олгох журмаа хэрэгжүүлж эхлэхээс өмнө хүчингүй болгон шинэчилж, урамшууллын хувь хэмжээг багасгаж өөрчилснийг буруутгах боломжгүй тул хүчингүй болсон журмын дагуу хариуцагч нь 29,784,000 төгрөгийн урамшуулал авахаар шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зохицуулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын цалинг дутуу олгосон гомдлоо 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 2020 оны 5 дугаар сарын цалинг дутуу олгосон гомдлоо 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дотор тус тус гаргах байтал хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

11. Иймд анхан шатны шүүх хүчингүй болсон журмын дагуу урамшуулал авахаар шаардах эрхгүй, дутуу олгосон цалингийн талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэж хариуцагч Э.Т гийн Г ХХК-аас 30,436,280 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ