Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/03314

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/03314

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, Г,  тоот хаягт байрлах, С ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж ,центр, тоот хаягт байрлах, Д ХХК /РД:/ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,947,472 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2020 оны 11 сарын 30-ны өдөр байгуулсан 20200203 тоот Тээвэр зуучийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой 16,971,200 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүйгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 0,5 хувиар тооцож, нийт 6,947,472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай. Үндэслэл нь Монгол улсын хуулийн этгээд С ХХК нь хариуцагч Д ХХК-тай 2020 оны 11 сарын 30-ны өдөр байгуулсан Тээвэр зуучийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь  дугаартай, 21000 кг жин бүхий 4 ширхэг цахилгаан шатыг ФТЛ нөхцөлөөр тээвэрлэж, тээвэрлүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Тээвэрлүүлэгч нь ачаа тээврийн хөлс болох 15,971,200 төгрөгийг ачааг хүлээлгэн өгснөөс хойш 1 сарын дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь Хятад улсын Хуншан хотоос Улаанбаатар хот хүртэл 2021 оны 3 сарын 26-ны өдөр Дельта элеватор ХХК-д хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад 1 сарын дотор ачаа тээврийн хөлс төлөх үүрэг хүлээсэн. Дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй бол талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-т заасан хугацаанд төлөх ба төлөгдөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх тохиролцоог гэрээнд оруулсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ тал нөгөө талдаа гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой анз гэж зааж өгсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй, хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Д ХХК нь гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, хугацаа хэтэрсэн тул алданги тооцох талаар мэйлээр хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаанаас хойш 87 хоногийн дараа буюу 2021 оны 7 сарын 23-ний өдөр тээврийн хөлс төлж барагдуулсан. Д ХХК нь 15,971,200 төгрөгийг төлөх үүргээ хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан тул Тээвэр зуучийн ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 сарын 26-ны өдрөөс 2021 оны 7 сарын 23-ны өдөр хүртэлх 87 хоног, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувь болох 79,856 төгрөгөөр тооцвол 6,947,472 төгрөг болж байгаа. Уг төлбөрийг шаардан авах эрх үүссэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 сарын 30-ны өдөр байгуулсан 20200203 тоот дугаартай гэрээний дагуу төлөх ёстой 15,971,200 төгрөгийг 2021 оны 7 сарын 23-ны өдөр төлж барагдуулсан тухай нэхэмжлэлд дурдсантай санал нэг байгаа. Нэхэмжлэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тул алданги гаргах шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу манай компанийн зүгээс үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Алданги нь үүргийн гүйцэтгэл хангах арга бөгөөд төлбөрийг төлснөөр үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Лифт хүлээж авснаас хойш хөл хорио тогтоосонтой холбогдуулан өдөр тутмын, санхүүгийн үйл ажиллагаа зогссон байсан гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэрээний алдангид 6,947,472 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хугацаа хэтрүүлж төлбөрөө төлсөн тул гэрээнд заасны дагуу алданги гаргуулахаар шаардаж байх ба хариуцагч гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлснөөр гэрээ дуусгавар болсон тул төлөх үндэслэлгүй гэж татгалзаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

С ХХК болон Д ХХК-дийн хооронд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  тоот Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Зуучлагч нь Үйлчлүүлэгчийг төлөөлөн улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх, Үйлчлүүлэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна гэж заасан. Хэрэгт дагалдах бичиг авагдаагүй боловч зохигчид ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй бөгөөд мөн хуулийн 386.4-т Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна гэж зааснаар тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй.

Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.4-т Зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-т заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар зуучлагчид алданги төлнө гэж заасан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

Зуучлагч буюу С ХХК нь Үйлчлүүлэгч буюу Д ХХК-ийг захиалсан 4 ширхэг цахилгаан шатыг БНХАУ-ын үйлдвэрээс ачиж, Улаанбаатар хотод оруулж ирэн, хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 15,971,200 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

С ХХК нь гэрээний дагуу тээвэрлэсэн ачааг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг ачааг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т Үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр тохиролцсон тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа үйлчлүүлэгчийн агуулахад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 30 хоног /1 сар/-ын дотор төлбөрийг төлнө гэж заасны дагуу хариуцагч 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 15,971,200 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч хугацаа хэтрүүлж, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлсөн тул хэтэрсэн 87 хоногийн алдангид 6,947,472 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаарджээ.

Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, алданги төлөх талаар тохиролцсон тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу анз шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч ачааг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгснөө нотолж чадахгүй байх бөгөөд хариуцагч талаас 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгөхөд 1 цахилгаан шат нь гэмтэлтэй байсныг Зуучлагч буцааж аваад 7 сард сольж өгсөн, төлбөр төлөх үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан, мөн ковид 19 цар тахлын улмаас цахилгаан шатны санхүүжилт цаг хугацаандаа орж ирээгүй, өөрийн санхүүгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан төлбөрийг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргаж байна.

Хариуцагч талын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг ачааг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн байна гэж дүгнэлээ. Хариуцагчийн төлбөр төлөх хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байна. Хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийг төлж, нийт 85 хоногийн хугацаа хэтэрчээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцвол 15.971.200 х0.5%=79,856 х 85 хоног = 6,787,760 төгрөг болж байна.

Хариуцагчийг төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 тоот тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тогтоосон, мөн Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 тоот тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд 16 салбарын үйл ажиллагаа цагийн хязгаарлалттай болж, бусад салбарын хувьд 0 зогсолт хийсэн бөгөөд хариуцагч байгууллага нь 0 зогсолттой байжээ.

Шүүх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой үйл ажиллагаа нь зогссон, үндсэн төлбөрөө төлсөн байдал, ковид 19 цар тахлын улмаас барилгын салбарын үйл ажиллагаа хүндэрсэн нөхцөл байдлыг харгалзан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг баримтлан хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч Д ХХК-иас 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,447,472 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж байна.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Д ХХК-иас 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,447,472 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ