Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00242

 

 

 

 

 

 

 

 

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03314 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Д- ХХК-д холбогдуулан гаргасан алданги 6,947,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Алданги 6,947,472 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С- ХХК нь хариуцагч Д- ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан тээвэр зуучийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь 21,000 кг жин бүхий 4 ширхэг цахилгаан шатыг FTL нөхцөлөөр тээвэрлэж, тээвэрлүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Тээвэрлүүлэгч нь ачаа тээврийн хөлс болох 15,971,200 төгрөгийг ачааг хүлээлгэн өгснөөс хойш 1 сарын дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь Хятад Улсын Хуншан хотоос Улаанбаатар хот хүртэл ачааг тээвэрлэж 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Д- ХХК-д хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т зааснаар 1 сарын дотор ачаа тээврийн хөлсийг төлөх үүрэг хүлээсэн. Дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй бол талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т заасны дагуу зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-т заасан хугацаанд төлөх ба төлөгдөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх тохиролцоог гэрээнд оруулсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй, хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Д- ХХК нь гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, хугацаа хэтэрсэн тул алданги тооцох талаар мэйлээр хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаанаас хойш 87 хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 23-ний өдөр тээврийн хөлсийг төлж барагдуулсан. Д- ХХК нь 15,971,200 төгрөгийг төлөх үүргээ хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан тул гэрээний 3.4-т заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 87 хоног, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувь болох 79,856 төгрөгөөр тооцвол 6,947,472 төгрөг болж байна. Уг төлбөрийг шаардан авах эрх үүссэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дагуу төлөх ёстой 15,971,200 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулсан тухай нэхэмжлэлд дурдсантай санал нэг байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу манай компани үүргээ гүйцэтгэсэн. Алданги нь үүргийн гүйцэтгэл хангах арга бөгөөд төлбөрийг төлснөөр үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Лифт хүлээж авснаас хойш хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаа зогссон байсан гэжээ.

3.Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Д- ХХК-иас 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,447,472 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ алданги гаргуулах нь үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд харин ийнхүү алданги гаргахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг удирдлага болгон 1,500,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Хуулийн дээрх зохицуулалтыг ашиглах урьдчилсан нөхцөл нь алдангийн хэмжээ илт их байх, хэргийн нөхцөл байдалд алдангийг багасгах үндэслэл тогтоогдсон байх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс алдангийн хэмжээг их байгаа талаар ямар нэг тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй төдийгүй хэргийг хэлэлцэх явцад ч энэ талаар тусгайлсан тайлбар хэлээгүй. Хариуцагчийн зүгээс алдангийн хэмжээ хэт их талаар маргаагүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтад үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно.

4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг хугацаанаас хойш дахиж хувийн болон төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон, бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлээгүй байхад шүүх яг ямар баримт, нөхцөл байдалд үндэслэн алдангийн хэмжээг 1,500,000 төгрөгөөр тооцсон нь тодорхой бус байна. Тодруулбал, бүх нийтийн бэлэн байдал шилжүүлсэн хугацаа дууссан өдрөөс хойш төлбөр төлсөн өдөр хүртэл 75 хоног хэтрүүлэн төлбөр төлсөн бөгөөд уг хугацаагаар алданги тооцож үзвэл 5,989,200 төгрөг болох юм. Шүүхийн зүгээс хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзсэн тохиолдолд уг хугацааг үргэлжилсэн хугацаагаар төлбөр телөх үүргийг хойшлуулах үндэслэлтэй бөгөөд дээрхээс илүү хугацаагаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах, алдангийн хэмжээг багасгах нотлох баримт, үйл баримт тогтоогдоогүй тул үлдэх хугацааны алдангийг гаргаж шийдвэрлэх үндэслэлтэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Манай компани дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч гэрээний үүргээ үнэнч шударгаар биелүүлж төлбөрийг төлж дуусгасан. Гэтэл С- ХХК нь үүрэг биелүүлсэн байдлыг үл харгалзан алданги нэхэмжилсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс олон удаагийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоосны улмаас төрийн болон бизнесийн байгууллагуудын санхүүжилт, эдийн засгийн эргэлт удааширсан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох талаар зохицуулсан. Түүнчлэн цахилгаан шат хүлээн авахад 1 цахилгаан шатны эд анги гэмтэлтэй байсныг хүлээн авахаас татгалзаж буцаасан ба сольж өгөх хүртэл угсралтын ажил зогссон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сард дууссан байна. Энэ нь нэхэмжлэгч тал үүргээ цаг хугацаанд зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй байх тул алданги төлөх үндэслэлгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Д- ХХК-д холбогдуулан алданги 6,947,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д- ХХК нь гэрээнд заасан хугацаанд тээврийн хөлсийг төлөөгүй тул алданги шаардана гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч ковид-19 цар тахалтай холбоотойгоор компанийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан, үндсэн төлбөрийг төлж гэрээний үүрэг дуусгавар болсон тул алданги төлөх боломжгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна. /хх-ийн 21-р тал/

Зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С- ХХК нь улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх, хариуцагч Д- ХХК нь гэрээнд заасны дагуу 15,971,200 төгрөгийн тээврийн хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-9-р тал/

Нэхэмжлэгч С- ХХК нь БНХАУ-ын Хун Шан хотоос Улаанбаатар хот хүртэл 21,000 кг жин бүхий 4 ширхэг цахилгаан шатыг тээвэрлэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Д- ХХК-д хүлээлгэн өгсөн, хариуцагч 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хөлсөд 15,971,200 төгрөг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй. /хх-ийн 24-р тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасан ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсаныг зөв дүгнэсэн боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээг бууруулах үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Талуудын байгуулсан гэрээний 3.1-т үйлчлүүлэгч нь тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа үйлчлүүлэгчийн агуулахад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 30 хоног /1 сар/-ын дотор төлбөрийг төлнө, 3.4-т Зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг гэрээний 3.1-т заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар зуучлагчид алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч С- ХХК нь гэрээний зүйлийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч нь гэрээний 3.1-т зааснаар төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлөх байтал уг хугацааг хэтрүүлж, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн тул үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 87 хоногийн алдангид нийт 6,947,472 төгрөг нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх ковид-19 цар тахлын улмаас барилгын салбарын үйл ажиллагаа хүндэрсэн нөхцөл байдлыг харгалзан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийг багасгаж, алданги илт их болсон нөхцөл шалтгааныг дүгнэхдээ баримтад тулгуурлаагүй нь алдаатай болжээ. Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт зааснаар нотлох шаардлагагүй юм. Харин уг нөхцөл байдлыг арилснаас хойшхи хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх нөхцөл байдал хариуцагчид хэрхэн нөлөөлсөн нь тогтоогдохгүй байна. Энэ нөхцөл байдлыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 75 хоногийн алдангид нийт 5,989,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 958,272 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэг цахилгаан шатны эд анги эвдрэлтэй байсан, сольж өгөх хүртэл угсралтын ажил зогсож, 2021 оны 07 дугаар сард дууссан тул нэхэмжлэгч С- ХХК-ийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтад хамаарах бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд ... 4 ширхэг цахилгаан шат хүлээн авсан талаар маргахгүй, ... төлбөрийг 04 дүгээр сарын 26-ны дотор төлөх байсан гэж бодож байна гэх тайлбарыг гаргасан, мөн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул түүний гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 31-р тал/

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03314 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 232.8 ... гэснийг хасаж, ... 1,500,000 төгрөг ... гэснийг 5,989,200 төгрөг гэж, ... 5,447,472 төгрөг гаргуулахыг хүссэн ... гэснийг 958,272 төгрөгт холбогдох гэж,

2 дах заалтын ... 38,950 төгрөг ... гэснийг 110,777 төгрөг гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С- ХХК-аас төлсөн 102,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Д- ХХК-аас төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ