Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1176

 

                         

 

Д.А, Б.С, Б.Г,

Б.Г, Х.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:                                                   

            прокурор Б.Бүжинлхам,

            шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

            шүүгдэгч Б.Гий өмгөөлөгч Т.Золбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/307 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.Снарт холбогдох 1902004230188 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Д.А нь Ж.Ганбаатартай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газрын амрагчдын байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан 995,000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.А, Б.Г, Б.С нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 4 уутанд хуваан савалсан нийт 0.69 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр илгээмжийн газраас хүлээн авч, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд 0.6821 грамм жинтэй бодисыг Б.Г, Х.Снарт худалдаж, 0.1023 грамм жинтэй бодисыг 8015 УНА улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашинд худалдаалах зорилгоор хадгалсан,

Б.Г, Х.Снар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Д.А, Б.С нараас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 4 уутанд хуваан савалсан 0.6821 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Б.Г нь дээрх хэрэгт шалгагдаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 10.2 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илгээмжийн үйлчилгээ ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт илгээмжийн газраас хүлээн авч хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас:

Д.Аийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Гы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Х.Сүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1 гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд шалгаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.А, Б.С нар “2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод “Мөс” гэх бодисыг олж авсан үйлдэлд Б.Г хамтран оролцсон” талаар шинээр мэдүүлж, “... Монгол /БатМонгол/, Золоо /Шудрагын Золзаяа/  нар Монгол Улсад байхгүй гэх боловч түүнийг эрэн сурвалжилж олж ирүүлэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэнцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа” гэсэн тул эдгээр хүмүүсийг уг хэрэгт холбогдолтой эсэхийг шалган тогтоох нь зүйтэй ...” гэж дүгнээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.А, Б.Г, Б.С, Х.Снарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн. Шүүгдэгчдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Г, Б.С, Д.А, Б.Г, Х.Снарын хоорондоо харилцан зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлгийг үндэслэн хэрэгт хамааралгүй, аль улсын иргэн болох нь тодорхойгүй, “Монгол, Золоо” нарыг шалгах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчсөн.

            Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасанд дүгнэлт хийгээгүй.

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/307 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн, үүнийгээ дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 307 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Гы өмгөөлөгч Т.Золбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Мөн шүүгдэгч Б.Г нь 18 сараас илүү цагдан хоригдсон байх тул түүнд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.Снарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г, Д.А, Б.С, Б.Г, Х.Снарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүхийн буцаасан “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт Б.Г хамтран оролцсон оролцоо байгаа эсэхийг, Монгол /Батмонгол/, Золоо /Шударгын Золзаяа/ гэх хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгуулах...” үндэслэлээр хэргийг заавал мөрдөн байцаалцад буцаах шаардлагагүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.С, Д.А, Б.Г, Х.Снарын хоорондоо харилцан зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлгээр Б.Гыг болон хэрэгт хамааралгүй, аль улсын иргэн болох нь тодорхойгүй, “Монгол, Золоо” нарыг шалгах үндэслэлгүй.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г, Д.А, Б.С, Б.Г, Х.Снарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсхийж Монгол Улсын хилээр гарч явсан, мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт шалгагдаж байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тул түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзээд  шүүгдэгч, өмгөөлөгч нарын Б.Гы таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/307 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г, Д.А, Б.С, Б.Г, Х.Снарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.Гд урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Г, Д.А, Б.С, Х.Снарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                   ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                   ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ