Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1177

 

 

                                  

 

П.О, Ж.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч П.О, Ж.М, тэдгээрийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/641 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.О, Ж.Мнарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.О, Ж.Мнарт холбогдох эрүүгийн 2008003890636 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   

Шүүгдэгч П.О нь:

Ж.Мтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 46 дугаар гудамжны 1 тоотод байрлах “Бибош” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Т.Мөнхзаяад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Ж.Мтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 46 дугаар гудамжны 1 тоотод байрлах “Бибош” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Т.Мөнхзаяаг газар унасан байх үед нь хөлөн дээр нь хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь “баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Ж.Мнь:

П.Отэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 46 дугаар гудамжны 1 тоотод байрлах “Бибош” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Т.Мөнхзаяад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,  

П.Отэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 46 дугаар гудамжны 1 тоотод байрлах “Бибош” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Т.Мөнхзаяаг хөлөөрөө дэгээдэж газарт унаган хөл рүү өшиглөж эрүүл мэндэд “баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                             

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:  

П.О, Ж.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:    

П.О, Ж.Мнарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг, мөн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Мягмаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн ялын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Мягмаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Ж.М нар тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Ж.Мнарын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 10 (арав) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргах зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дэлгүүрийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.О, Ж.Мнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгч П.О, Ж.М нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.  

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нар нь 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг П.О, Ж.Мнарт холбогдох эрүүгийн 2008003890636 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч П.О, Ж.Мнар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 46 дугаар гудамжны 1 тоотод байрлах “Бибош” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд нийтийн хэв журмыг зөрчиж, Т.Мөнхзаяад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг,

мөн дээрх газар, цаг хугацаанд шүүгдэгч Ж.Мнь Т.Мөнхзаяаг хөлөөрөө дэгээдэж газарт унаган хөл рүү өшиглөж, П.О нь газарт унасан Т.Мөнхзаяагийн хөлөн дээр нь хөлөөрөө дэвсэж, хохирогч Т.Мөнхзаяагийн эрүүл мэндэд “баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Мөнхзаяагийн: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ...би харих санаатай Ханын материалын эцэст байдаг Богд дэлгүүр рүү ороход 2 танихгүй залуу байж байсан. Цагаан алаг пүүзтэй, өндөр, хар куртиктэй залуу намайг үгийн зөрүүгүй шууд цохиод  унагаасан. Дэлгүүрт манай найз түрүүлээд орсон байсан. Би хар куртиктай залуутай маргалдаж байхад дэлгүүрийн худалдагч бид нарыг гаргасан. Тэгэхэд дэлгүүрийн үүдэнд өндөр залуу намайг хавираад унагаасан. Тэгэхэд баруун хөл эвгүй болсон, би хөл эвгүй болчихлоо гэхэд жижиг залуу нь ирээд нэг хөлөөрөө дэвссэн. Өндөр залуу нь хиймэл хөл юм биш үү гээд гараараа барьж аваад баахан эвгүй болгосон. ...” /хх 21-22/,

 

гэрч Н.Халзангийн: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны 22 цаг 30 минутын орчим Ханын материалд ажиллуулдаг дэлгүүр дээрээ байж байхад саарал өнгийн куртик, саравчтай бор малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, саарал өнгийн пүүзтэй 25-30 насны залуу манай дэлгүүрт ганцаараа орж ирсэн. Халуун паар налаад суугаад байсан. Би залууг чи одоо дэлгүүрээс юм авахгүй бол гар гэж хэлсэн. Уг залуу халамцуу байсан. Удалгүй саарал куртик, саравчтай малгайтай залуу, дахин гаднаас орж ирэхдээ бор өнгийн ноосон малгайтай, хар өнгийн урт куртиктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар ангийн пүүз шиг гуталтай 160 см орчим өндөртэй, жижигхэн дугуй царайтай залуу, мөн саарал өнгийн куртиктэй, дотуураа улаан өнгийн юүдэнтэй цамц өмссөн, улаан юүдэнтэй цамцны малгайг ил гарсан.  Цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар алаг пүүзтэй 170-175 см орчим өндөртэй, хар царайтай туранхай залуу хоёртой гаднаас орж ирсэн. Уг саарал өнгийн куртиктэй, саарал өнгийн саравчтай малгайтай залууг, хар алаг пүүзтэй өндөр залуу, намхан залуу хоёр гаръя гээд гарнаас нь бариад гаргах гээд зууралдаад байсан. Тэр гурав дэлгүүрийн хаалганы үүдэнд очоод зууралдаад өндөр, хар алаг пүүзтэй залуу баруун гараараа татаад байсан, нөгөө хамгийн анх ганцаараа орж ирдэг залуу гарахгүй гээд байсан. Би очоод та нар яагаад байгаа юм бэ гэхэд, юм хэлэхгүй зууралдаад байсан. Тэр гурав түр зуур салаад зогсож байгаад, дахиад нөгөө дэлгүүрт анх орж ирсэн залууг гаргах гээд зууралдаад байсан. Тэгтэл гаднаас хар өнгийн куртиктэй, куртикны дотор талд өмссөн малгайтай хар цамцны малгайг өмссөн, хар өнгийн өмдтэй залуу орж ирэхэд хар алаг өнгийн пүүзтэй залуу орж ирэхэд хар алаг өнгийн пүүзтэй өндөр залуу шууд баруун талын хөлөөрөө хавсараад зүүн гараараа цээжин тус газарт цохиод газарт унагаасан, тэгэхэд намхан жижиг залуу газарт унасан залууг зодох гээд дайрах үед дэлгүүрт хамгийн анх орж ирсэн залуу, мөн би болиулсан. Тэгээд би тэр дөрвөн залууг дэлгүүрээс гаргасан. Тэгээд нөгөө дөрвөн залуу 23 цаг өнгөрөөд хавсаруулаад дэлгүүрийн шалан дээр унадаг залууг гурвуулаа өргөөд орж ирээд шалан дээр тавьсан. ...би тэр залуугаас юу болсон талаар асуухад хар алаг пүүзтэй өндөр залуу, намхан залуу хоёр намайг зодсон гэж байсан. ...” /хх 10-11/

 

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Мөнхзаяагийн биед учирсан гэмтэл нь 1 удаагийн болон түүнээс олон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна. ...” /хх 28-29/ гэх мэдүүлгүүд, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ...“2020.01.11 болон 15 баруун хөлийн шилбэний рентген зурагт: Шаант яс доод 1/3 хэсгээр ташуу сэлтэрч мушгирсан, тахилзуур яс дээд 1/3 хэсгээр том хэмжээний ясны сэлтэрхий үүссэн хугаралтай. ...Т.Мөнхзаяагийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх №1704 дугаартай /хх 24-25/ дүгнэлт,

 

дэлгүүрийн гадна талбайд П.О, Ж.М нар иргэн Т.Мөнхзаяагийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийснийг бичсэн хяналтын камерын бичлэг /хэрэгт хавсаргасан СД, 34/,

бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 30-32/,

 

хохирогч Т.Мөнхзаяагийн өвчний түүх, эмчилгээний баримт /хх 39-48, 158/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч П.О, Ж.М нарын шөнө 22-23 цагийн үед “Бибош” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна, гудамж талбайд бүлэглэн хохирогч Т.Мөнхзаяаг татаж чангаах, чирэх, унагах, дээрээс нь дэвсэх зэргээр хүч хэрэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “....Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ...хүний халдашгүй, чөлөөтэй байх ...эрхийг зөрчиж, ...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол...” гэсэн шинжийг,

шүүгдэгч Ж.М нь  Т.М-г хөлөөрөө дэгээдэж газарт унаган хөл рүү өшиглөж, П.О нь газарт унасан Т.Мөнхзаяагийн хөлөн дээр нь хөлөөрөө дэвсэж, хохирогч Т.Мөнхзаяагийн эрүүл мэндэд “баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /...10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11.бүлэглэн;/ үйлдсэн... гэсэн шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Иймд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.   

 

Шүүгдэгч П.О, Ж.М нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Шүүгдэгч П.О, Ж.М нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүйд гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамааралтай тул уг зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Тэнсэх” эрүүгийн хариуцлагын талаархи зохицуулалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...тэнсэх...” заалтад нэг адил үйлчлэх бөгөөд 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тэнсэх зохицуулалт хамаарахгүй байхаар заасан байна.  

 

Иймд “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглээгүй...” гэх шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/641 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                 ШҮҮГЧ                                                       Ц.ОЧ                                          

                             ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ