Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0641

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч П.О, Ж.М, тэдний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт П н О, Х Ц овогт Ж М нарт холбогдох эрүүгийн 2008 00389 0636  дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. О Монгол Улсын иргэн,

2. М, Монгол Улсын иргэн,

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

1. Шүүгдэгч П.О нь:

Ж.Мтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Т.Мд хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

-Ж.Мтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Т.Мг газар унасан байх үед нь хөлөн дээр нь хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь "Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2.Шүүгдэгч Ж.М нь:

П.Отэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах эртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Т.Мд хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

-П.Отэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Т.Мг хөлөөрөө дэгээдэж газарт унаган хөл рүү өшиглөж эрүүл мэндэд “Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч П.О нь: Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн нь үнэн гэв.

Шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар зүйлчилэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0038 90636 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. Хохирогч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчим ...Утай тааралдсан. Угийн таньдаг айлд очсон. ...Уг айлын гэрээс 21 цаг өнгөрч байхад бид хоёр гараад Ханын материалын эцэс хавиар автобусны мөнгө хайж явсан. ...Би дэлгүүр рүү ортол хоёр танихгүй залуу байсан. Цагаан алаг пүүзтэй, өндөр, хар куртиктэй залуу намайг үгийн зөрүү байхгүй шууд цохиод унагасан. ...Би уг өндөр залуутай маргалдаж, яах гээд байгаа юм бэ гэхэд дэлгүүрийн худалдагч залуу бид нарыг гаргасан. Тэгээд дэлгүүрийн бараг үүдэнд өндөр залуу нь намайг хавираад унагасан. Тэгэхэд баруун хөл эвгүй болсон, би хөл эвгүй болчихлоо гэхэд жижиг залуу нь ирээд нэг хөлөөрөө дэвссэн, өндөр залуу нь хиймэл юм биш үү гээд гараараа барьж аваад баахан хөдөлгөөд бүр эвгүй болгосон. Тэгээд манай найз, уг хоёр залуу намайг сугадаад дэлгүүр дотор оруулж ирээд гараад явсан. Хагалгаа эм тарины зардал 780.000 төгрөг гарсан.Өндөр залуу нь намайг хавирч унагасан. Намхан залуу нь баруун хөл дээр нэг удаа дэвссэн. ...” гэх мэдүүлэг  ( хавтаст хэргийн 21-22 дугаар тал ),

2. Гэрч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. 1 дүгээр сарын 10-ны өдөр 22 цаг 30 минутын орчим саарал өнгийн куртик, саравчтай бор малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй саарал өнгийн пүүзтэй 25-30 орчим насны залуу манай дэлгүүрт ганцаараа орж ирсэн. Уг залуу халамцуу байсан. Удалгүй саарал өнгийн куртикьэй, саарал өнгийн саравчтай малгайтай залууг хар алаг пүүзтэй өндөр залуу, намхан залуу хоёр гарья гээд бариад зууралдаад байсан. Дэлгүүрийн хаалганы үүдэнд зууралдаад байсан. Тэгтэл гаднаас хар өнгийн куртиктэй малгайтай хар цамцтай залуу орж ирэхэд хар алаг өнгийн пүүзтэй өндөр залуу шууд баруун талын хөлөөрөө хавсраад зүүн гараараа цээжин тус газарт нь цохиод газарт унагаасан. Тэгэхэд намхан жижиг залуу газарт унасан залууг зодох гээд дайрах үед ...болиулсан. Нөгөө дөрвөн залуу 23 цаг өнгөрч байхад, дэлгүүрийн шалан дээр унадаг залууг гурвуулаа өргөөд орж ирээд шалан дээр тавьсан. Намхан залуу нь өөрийн гар утсаараа түргэнд дуудлага өгчихөөд, өндөр залуугийн хамт гараад явсан. Би газарт сууж байсан залуугаас юу болсон талаар асуухад “хар алаг пүүзтэй өндөр залуу, намхан залуу хоёр намайг зодсон, намхан залуу миний  хөлийг боржур дээр тавьж байгаад гишгээд хугалчихлаа” гэж хэлсэн. Түргэн тусламж 23 цаг 10 минутын орчим ирээд нөгөө хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 10-11 дугаар тал ),

3. Шүүгдэгч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 сарын 10 ны орой 21 цагийн орчимд би найз Мтай хамт Сонгинохайрхан дүүргийн хоёулаа нэг шил 0.33 грамын архи хуваагаад ууж байхад гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Бид 4 ойр зуурын зүйлээс болоод хэсэг маргалдаж байгаад ямар нэг зодоон бололгүй салсан. Тэгээд 22 цагийн орчимд М бид хоёр дахиад архи уух гээд зам гараад Сонгинохайрхан дүүргийн нутагт байх нэртэй хүнсний дэлгүүр лүү орсон. Тэгсэн удалгүй араас нөгөө орцонд маргалдсан 2 залуу орж ирээд уг дэлгүүр дотор бид 4 хэрэлдэж маргалдсан. Тэгээд манай найз М нэгийг нь дэлгүүр дотор хавираад унагаасан. Тэгээд гараад бид дөрөв гараад маргалдсан. Би нэг залуутай нь ярилцаж байх хооронд М хохирогч гэх залууг хавираад унагаасан. Би араас нь очоод уг залуугийн баруун хөлний шилбэ рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь уг залуу миний хөл эвгүй болчихлоо гээд байхаар нь би өөрийн гар утаснаас түргэн тусламж дуудсан юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 144-147 дугаар тал)

4. Шүүгдэгч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...2020 оны 01 сарын 10-ны орой 21 цагийн орчимд би найз Оийн хамт Сонгинохайрхан дүүргийн байранд хоёулаа нэг шил 0.33 грамын архи хуваагаад ууж байхад гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Бид 4 ойр зуурын зүйлээс болоод хэсэг маргалдаж байгаад ямар нэг зодоон бололгүй салсан. Тэгээд бид хоёр хүнсний дэлгүүр лүү орсон.Тэгсэн удалгүй араас өмнө орцонд таарсан 2 залуу орж ирээд бид 4 дахин маргалдсан. Дэлгүүр дотор хохирогч гэх залууг би хавираад унагаасан. Тэгсэн чинь дэлгүүрийн ах болон хамт явж байсан хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид нар бүгд гарах гэхэд дэлгүүрийн ах хөөе мөнгө чинь ороод ирсэн, энэ архиа ав гээд дуудсан. Би архиа аваад үлдсэн. Тэр гурав түрүүлээд гарсан. Намайг гарахад хохирогч гэх залуу буюу дэлгүүр дотор миний хавирч унагаасан залуу нь дэлгүүрийн хажуу талд газарт сууж байсан. Би очсон чинь уг залуу надад хандаж “танай найз чинь миний хөл дээр дэвссэн, тэгээд хөл эвгүй болчихлоо” гэхээр нь би уг залуугийн найз болон О нарт хандаж энийг өргөөд дэлгүүр лүү оруулаад суулгачих гэж оруулаад түргэн тусламж дуудсан. Би хавирч унагасан. О хөл дээр нь гишгэсэн гэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153-156 дугаар тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1704 дугаартай дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний 1/3 гадаргууд 1х0,2см 3 ширхэг, доод 1/3 гадаргууд 1х0,2 см 3 ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай. Баруун шилбээр хаван хавдар ихтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2020.01.11-ний 01:39:39 РМ: Баруун хөлийн шилбэний 2 байрлалын рентген зурагт: шаант яс доод 1/3 хэсгээр ташуу сэлтэрч мушгирсан, тахилзуур яс дээд 1/3 хэсгээр том хэмжээний ясны сэлтэрхий үүсгэсэн хугаралтай харагдана.

2020.01.15-ны 12:04:20 АМ: Баруун хөлийн шилбэний 2 байрлалын рентген зурагт: Шаант яс доод 1/3 хэсгээр ташуу сэлтэрч мушгирсан, тахилзуур яс дээд 1/3 хэсгээр том хэмжээний ясны сэлтэрхий үүсгэсэн хугаралтай, шаант ясны хөндийд интрамедулярний остеосинтез хийсэн харагдана.

Дүгнэлт: “...Т.Мгийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

6. Шинжээч эмч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: Дээрх гэмтэл нь нэг удаагийн буюу түүнээс дээш хэдэн ч удаагийн үйлдлээр үүсэх боломжтой байна...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

7.Бичлэг бүхий Си Д-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 36 дугаар  тал),

8.2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

 “... 1 дэх бичлэгт “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 41 минут 37 секундэд дэлгүүрийн хаалга онгойлгож хар бараан өнгийн куртиктэй залуу орж ирэхэд хар цагаан хосолсон пүүз өмссөн залуу гаднаас орж ирсэн залууг баруун хөлөөрөө хавсраад газарт унагав. Тэгэхэд бор ноосон малгайтай, хар өнгийн куртик өмссөн залуу зодох гээд дайрахад саарал саравчтай малгайтай залуу, улаан өнгийн ноосон цамцтай, дээд талаараа саарал өнгийн жилэтэк өмссөн залуу хоёр салгав.

2 дахь бичлэгт “...”дэлгүүрийн гадна тал харагдаж байх бөгөөд бор өнгийн ноосон малгайтай урт хар куртиктэй залуу гадуур куртикээ тайлсан, хар алаг пүүзтэй залуу дэлгүүрт орж ирж баруун хөлөөрөө хавсарч унагадаг залууг дахин баруун хөлөөрөө хавсарч унагаав. Мөн саарал саравчтай малгайтай залууг газарт унагааж өшиглөв. ...” гэсэн хэсэг бүхий тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал), хойшлуулгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

9. Хохирогч Т.Мгийн өвчний түүх (хавтаст хэргийн 41-50 дугаар тал), гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 161 дүгээр тал) хохирогч Т.Мгийн эмчилгээний зардлыг авсан нэхэмжлэх зүйлгүй гэх  баримт (хавтаст хэргийн 161 дүгээр тал), 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

10. Шүүгдэгч П.О, Ж.М нарын иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 132,135 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 88, 126 дугаар тал), шүүгдэгч П.Оийн ял шийтгэгдсэн талаарх  шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 114-118 дугаар тал), Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 тоот “хугацааны өмнө хорих ялаас тэнсэн сулалсан” тухай шийдвэр (хавтаст хэргийн 119 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-131,136) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.О, Ж.М нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Гурав:  Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч П.О, Ж.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Т.Мд хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг;

-мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч П.О, Ж.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Т.Мг Ж.М нь хавирч газар унагасан, хохирогчийг газарт унасан байх үед нь шүүгдэгч Т.О хөлөн дээр нь хөлөөрөө дэвсэж, тэд бүлэглэн хүний эрүүл мэндэд "Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хохирогчийн өвчний түүх, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон тул шүүгдэгч П.О, Ж.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч П.О, Ж.М нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат дүгнэлтдээ “...шүүгдэгч П.О, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, шүүгдэгч нар өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах...” гэж заасан байгаа. Гэтэл тухайн хэрэг маань объект дотор буюу дэлгүүрт болсон. Аж ахуйн нэгж болон бусад хүмүүсээс ямар нэгэн гомдол гаргаж бидний амгалан тайван байдлыг алдагдууллаа, эд хогшил эвдэж сүйтгэсэн, орилж чарласан амгалан тайван байдал алдагдуулсан талаар  гаргасан гомдол хэрэгт авагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын үйлдэл нэг хүн рүү чиглэсэн байгаа учраас олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.О, Ж.М нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч П.О, Ж.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Т.Мд хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан;

-Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч П.О нь Ж.Мтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Т.Мг газар унасан байх үед нь хөлөн дээр нь хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь "Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч Ж.М нь П.Отэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын
10-ны шөнө 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан тоотод байрлах нэртэй хүнсний
дэлгүүрийн гадна иргэн Т.Мг хөлөөрөө дэгээдэж газарт унаган хөл рүү нь
өшиглөж эрүүл мэндэд нь “Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал”
бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би уг өндөр залуутай маргалдаж, яах гээд байгаа юм бэ гэхэд дэлгүүрийн худалдагч залуу бид нарыг гаргасан. дэлгүүрийн ...үүдэнд өндөр залуу нь намайг хавираад унагасан. Тэгэхэд баруун хөл эвгүй болсон, би хөл эвгүй болчихлоо гэхэд жижиг залуу нь ирээд нэг хөлөөрөө дэвссэн, өндөр залуу нь хиймэл юм биш үү гээд гараараа барьж аваад баахан хөдөлгөөд бүр эвгүй болгосон...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-22 дугаар тал ),  

- гэрч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. ... “...”1 дүгээр сарын 10-ны 22 цаг 30 минутын орчим ...гаднаас хар өнгийн куртиктэй малгайтай хар цамцтай залуу орж ирэхэд хар алаг өнгийн пүүзтэй өндөр залуу шууд баруун талын хөлөөрөө хавсраад зүүн гараараа цээжин тус газарт нь цохиод газарт унагаасан. ...дэлгүүрийн шалан дээр унадаг залууг гурвуулаа өргөөд орж ирээд шалан дээр тавьсан. ...Би газарт сууж байсан залуугаас юу болсон талаар асуухад “хар алаг пүүзтэй өндөр залуу, намхан залуу хоёр намайг зодсон, намхан залуу миний  хөлийг боржуур дээр тавьж байгаад гишгээд хугалчихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дугаар тал ),

- шүүгдэгч П.Оийн яллагдагчаар өгсөн: “...Бид 4 ойр зуурын зүйлээс болоод хэсэг маргалдсан. Би нэг залуутай нь ярилцаж байх хооронд М хохирогч гэх залууг хавираад унагаасан. Би араас нь очоод уг залуугийн баруун хөлний шилбэ рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь уг залуу миний хөл эвгүй болчихлоо гээд байхаар нь би өөрийн гар утаснаас түргэн тусламж дуудсан юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 144-147 дугаар тал)

-шүүгдэгч Ж.Мын яллагдагчаар өгсөн: “Бид 4 ойр зуурын зүйлээс болоод хэсэг маргалдсан. ...Дэлгүүр дотор хохирогч гэх залууг би хавираад унагаасан. Намайг гарахад хохирогч гэх залуу буюу дэлгүүр дотор миний хавирч унагаасан залуу нь дэлгүүрийн хажуу талд газарт сууж байсан. Би очсон чинь уг залуу надад хандаж “танай найз чинь миний хөл дээр дэвссэн, ...хөл эвгүй болчихлоо” гэхээр нь би уг залуугийн найз болон О нарт хандаж энийг өргөөд дэлгүүр лүү оруулаад суулгачих гэж оруулаад түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153-156 дугаар тал ),

- “...Т.Мгийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1704 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), шинжээч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал ),

-Бичлэг бүхий Си Д-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 36 дугаар  тал),

-2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... 1 дэх бичлэгт “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 41 минут 37 секундэд дэлгүүрийн хаалга онгойлгож хар бараан өнгийн куртиктэй залуу орж ирэхэд хар цагаан хосолсон пүүз өмссөн залуу гаднаас орж ирсэн залууг баруун хөлөөрөө хавсраад газарт унагав. ...2 дахь бичлэгт “...”дэлгүүрийн гадна тал харагдаж байх бөгөөд бор өнгийн ноосон малгайтай урт хар куртиктэй залуу гадуур куртикээ тайлсан, хар алаг пүүзтэй залуу дэлгүүрт орж ирж баруун хөлөөрөө хавсарч унагадаг залууг дахин баруун хөлөөрөө хавсарч унагаав. Мөн саарал саравчтай малгайтай залууг газарт унагааж өшиглөв. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөвшөөрөхгүй, Аж ахуйн нэгж, иргэдээс амгалан тайван байдлыг алдагдууллаа, эд хогшил эвдэж сүйтгэсэн, орилж чарласан гэх гомдол ирээгүй тул энэхүү зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь:

Шүүгдэгч Ж.М, Т.О нар нь дэлгүүрт буюу үйлчилгээний газарт хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийг тухайн үйлчилгээний газарт болон гадна зодож, бусын эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах “ гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. ...” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван байх, ажиллах нөхцлийг санаатайгаар алдагдуулах, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг санаатай үйлдлийн бодит илрэл юм.

Шүүгдэгч Ж.М, Т.О нар нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн санаатай үйлдлээ олон нийтийн газар буюу үйлчилгээний газарт удаан хугацаагаар үргэлжлүүлсэн, өөрөөр хэлбэл нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлж, догшин авирласан нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүдэгч нарын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч нар нь олон нийтийн амгалан байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явдцаа хохирогч Т.Мгийн биед халдаж, үйлдлээрээ нэгдэж, тодруулбал шүүгдэгч Ж.М нь хохирогч Т.Мг хавирч газарт унагасан, хохирогчийг унасан байх үед түүний хөл дээр шүүгдэгч Т.О дэвсэж, тэд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтлийг учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байна. Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд тэдний бүлэглэж “хохирогчийн эрүүл  мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймээс прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.О, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч П.О, Ж.М нар нь хохирогч Т.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан ба, хохирогчийн эмчилгээний зардалд 845610 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч П.О, Ж.М  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч П.О, Ж.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 3 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 10 сарын хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдэнд оногдуулсан ялуудыг нэмж нэтгэн шүүгдэгч П.О, Ж.М нарт тус бүрт нийт 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг;

Өмгөөлөгч Х.Сэргэлэнбат дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.М, П.О нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр заалтыг хэрэглэж өгнө үү “гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч П.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19 дугаартай шийдвэрээр эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, ялын хугацаа дууссан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч П.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч П.О, Ж.М нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн, мөн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, П.О, Ж.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэдгээрт тус бүрт хорих ял шийтгэж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.О, Ж.М  нарт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т овогт Пн О, Х Ц овогт Жы М нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг; мөн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

-шүүгдэгч П.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн ялын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар;

-шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Ж.М нарт тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч П.О, Ж.М нарын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 10 (арав) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргах зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дэлгүүрийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.О, Ж.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О, Ж.М  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНЧИМЭГ