Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2022/00125

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2022/00125

Хөвсгөл аймаг

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Г

Хариуцагч: Б

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг, банкинд өөрийн төлсөн, төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тал хувь болох 12,820,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Б.Түмэндэмбэрэл,

Хариуцагч: Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г нь Бтай танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд хүү Тг 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрүүлсэн.

Бид хоёр гэр бүл болсноос хойш Б нь архи байнга хэрэглэж үүнээс бидний хооронд хэрүүл, маргаан тасралтгүй үргэлжилж цаашид амьдрах нөхцөлгүй болсон. Нөхрийн байнга архи дарс хэрэглэдэг нь үр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. Өмнөх жилүүдэд би зодуулж, биедээ гэмтэл авч цагдаагийн байгууллагад хандаж байсан. Аргаа барахдаа 2018 оны 02 дугаар сард гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Миний хувьд хямралаас болж зүрхний хүнд өвчтэй болохоор эрүүл мэндэд нөлөөлөх боллоо.

Иймд цаашид Бтай хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ өөрийн асрамжинд авна. Хүүдээ тэтгэлэг гаргуулна. Дундын өмчлөлөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашааны хамт, приус-11 маркийн суудлын автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Бгаас дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 00-00 ХӨҮ улсын дугаартай Прадо-95 маркийн автомашиныг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Суудлын автомшинаа 8.000.000 төгрөгөөр үнэлж байна.

Иймд Бгаас Прадо-95 маркийн суудлын автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тодруулсан нэхэмжлэлдээ: Г миний бие тус шүүхэд “Гэрлэлт цуцлуулах, хүү Тд асрамж тогтоолгох, хүүхдэд тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нөхөр болох Бтай хамтран өмчлөх дундын хөрөнгийн тухайд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа тул хамтран эзэмших дундын эд хөрөнгө болох 1. М сумын 7-р баг, 03-р гудамж 02А тоотод байгаа Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-17230008908 бүртгэлтэй №000560845 дугаар бүхий гэрчилгээтэй, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000396015 дугаартай гэрчилгээ бүхий 21.591.000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө 2.  Prado-95 маркийн 0000 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 11.000.000 төгрөг,  Prius-11 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4.500.000 төгрөг, бог мал 1. Нас гүйцсэн эр ямаа 35шх130.000=4550.000 төгрөг, 2. Нас гүйцсэн эм ямаа 20х80.000=1.600.000 төгрөг, 3.Хязаалан эр хонь 8х150.000=1200.000 төгрөг, 4. Эм хонь 5х100.000 =500.000 төгрөг, 5.Төлөг 5х80.000= 400.000  төгрөг, 6.Борлон 10х50.000 =500.000 төгрөг  нийт 8.750.000 төгрөгийн бог мал,

Бод мал:  Нас гүйцсэн хээр зүсний морь 1,000,000 төгрөг, хээр зүсний соёолон үрээ 1,000,000 төгрөг, хээр зүсний хязаалан үрээ 2 тооны нийт 1,600,000 төгрөг, хүрэн зүсний хязаалан байдас 800,000 төгрөг, нас гүйцсэн хээр зүсний 2 тооны гүү 2,000,000 төгрөг, нас гүйцсэн хар зүсний 2 тооны гүү 2,000,000 төгрөг, нас гүйцсэн хүрэн зүсний гүү 1,000,000 төгрөг, хүрэн зүсний шүдлэн байдас 800,000 төгрөг, хээр зүсний шүдлэн байдас 800,000 төгрөг, хээр зүсний шүдлэн үрээ 2 тооны нийт 1,600,000 төгрөг, хар зүсний шүдлэн үрээ 800,000 төгрөг, хээр зүсний шүдлэн үрээ 2 тооны нийт 1,600,000 төгрөг, 2 даага нийт 800,000 төгрөг нийт 13.400.000 төгрөгийн бод мал, нийт малын үнийн дүн 22.150.000 төгрөг, М овогтой Б бид хоёрын хамтран зээлдсэн нийт зээл 25.640.000 төгрөг байгаа тул уг зээлийн тал болох 12.820.000 төгрөгийг Бгаар төлүүлэх, мал үл хөдлөх хөрөнгө болон 2 тооны тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 29.241.000 төгрөгийг 3 хувааж үүнээс хүү бид хоёрт ногдох 39.494.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрэх ямар ч боломжгүй. Нэгэнт ан цав гарсан амьдарлыг одоо эвлүүлэх боломжгүй. Б согтохоороо гэрт ирж хэрүүл хийдэг. Би цагдаад өгөхөөс өөр ямар ч арга байдаггүй. Хүүтэйгээ амьдарсан нь илүү дээр амар тайван байна. Бтай дахин амьдрахгүй учир би дахин эцэг тогтоолгох шинжилгээ хийлгээгүй. Бгийн хүүхэд мөн учраас тэтгэлгийг Бгаас гаргуулна. Залуу сайхан насаа үрчихээд Бгаас тэтгэлэг авахгүй байх үндэсгүй. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж тэр хүүхэнтэйгээ бүр хамт ноднин намаржин самранд явсан. Өөр зөөлөн энгэртэй хүн байна гэж явчихаад одоо дахиж амьдарна гэж болохгүй байх. Б бид хоёрын л босгосон амьдрал. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдээ өөрийн асрамжинд авч Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна. М сумын 7-3-2 А тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө болон прадо-95 маркын авто машиныг би өөрөө авна. Бд приус маркийн авто машиныг нь өгнө. Малаа ногдох хэмжээгээр нь хувааж авах хүсэлтэй байна. Мөн 2020 оны 3 дугаар сараас хойш төлсөн зээлийг хувааж төлүүлнэ. Би өөрөө өнөөдрийг болтол төлсөн байгаа. Энэ зээлийг бид аваад машин авсан, мөн бизнестээ хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үлдэгдэл 25 орчим /Хүүтэйгээ нийлээд/ төгрөгийн төлөлт байгааг хувааж Бгаар гаргуулна. Малны тухайд 2019 оны малын тоогоор 204 гэж тоолуулсан. Зээл авахад малын тоог харгалзан хэмжээг тооцож олгодог учир нэмүүлж бичүүлсэн нь үнэн. Гэхдээ 100 гаран мал буюу миний нэхэмжлэлдээ бичсэн мал бол бодит 2020 онд биднийг тусдаа амьдарч эхлэхэд үлдсэн байсан мал юм. Үүнээс би өнчин ишиг ч аваагүй. Өмнөх шүүх хуралдаанд Б нь 100 орчим мал байгаа гэж тайлбарлаж байсан. Бид анх гэр бүл болохдоо хоёр талаасаа малтай байсан бөгөөд хоёр жил орчим өөрсдөө малласан. Хүүгийн даахийг мялааж Бгийн дүү болон өөр хүмүүсээс адуу өгсөн, мөн Б хүнээс хоёр адуу худалдаж авсан тэдгээрийн үр төл нь байгаа юм. Би сая өдрөөр урагшаа явж очсон. Тэгсэн чинь Доокоогийн манай хоёрын адуу нэлээн өссөн хоёр азарга адуу хуваагаад тавьчихсан. Бор азаргатай адуунаасаа тэр 5 адууг үнэлүүлсэн. Тэр дотор манай Р гуайнхаас авсан дугариг тамгатай хээр гүү бүгд байсан. Тэрийг энэ харсаар байтал үнэлүүлэхгүй байна лээ. Дүү Б хүргэнээсээ энэ хүрэн азаргыг аваад манай ихэнх адуу, 2 гүү байна лээ. Би өөрөө хөдөө очоод морь унаж мод тохоод бэлчээр нутгийг нь 10 хэдэн жил тэрүүгээр хэдэн комиссын гутал зараад хэссэн юм болохоор морь унаад хүрэн азаргатай адууны зургийг дарсан. Манай авч өгсөн тамгаар тамгалаагүй баруун талын чихийг нь дүүгийнхээ, аавынхаа адуунуудтай адилхан дээрээс нь цуулсан ямар ч таних боломжгүй байсан. Миний таньдагаас хоёр хар гүү маань явж байсан. Тэгээд бага адуунууд маань тэнд байгаа болов уу гэж харагдаж байна лээ. Салсан хугацаанаас хойш Б малаа байсаар байтал тоолуулаагүй байна лээ. Энэ арга тактик л байхдаа гэжээ.

 

            Хариуцагч Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь эхнэр Гтай 2008 онд албан ёсоор гэр бүл болж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Т төрсөн, одоо 11 настай юм. Эхнэр бид 2 эхний жилүүдэд хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан ба би эр хүний хувьд жилдээ 1,2 удаа архи уухад, эхнэр чи архи уулаа архичин гэх мэтээр намайг хэлж, чамайг архинаас гаргах эмчилгээ хийлгэхгүй бол сална гэхээр нь намайг жилдээ 1,2 удаа архи уусан асуудалд архины эмчилгээ яалаа гэж хийлгэдэг юм гэхэд, цагдаа шүүхэд хандана гэдэг байсан. Ггийн нэхэмжлэлдээ дурдсан шиг би түүнийг зодож эрх чөлөөнд нь халдаад байнгын хэрүүл маргаан үүсгээд байдаг асуудал байхгүй. Харин эсрэгээрээ Г ямар ч шалтгаангүйгээр байнгын уурлаж, уурласан үедээ биеэ хянах чадваргүй болж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний биед байнгын гар хүрч байдаг. Г надтай суухаасаа өмнө зүрхний өвчтэй байсан ба уурласан үедээ гэр бүлийнхнийгээ зовоож байсан талаар түүний төрсөн ах, дүү нар надад хэлж байсан. Ингэж ах, дүү нарыгаа зовоодог байдлаараа ч намайг зовоодог юм байна гэж би ойлгож байна. Би эхнэр маань зүрхний өвчтэй, өөдөөс нь хэрүүл маргаан үүсгээд яахав аягүй бол хэрэлдэж байгаад зүрх нь зогсчихно гээд тэвчээд байдаг байсан. Ггийн нэхэмжлэлд дурдсан шиг хэрүүл маргаан болж хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх асуудлын тухайд надаас шалтгаалах гэхээсээ илүүтэй эхнэрийн өөрийнх нь ааш авиртай холбож ойлгох байтал нотлогдож тогтоогдоогүй сөрөг зүйлс болгоноо надтай холбон бичсэн байна. Эхнэр бид 2 зах дээр хоёр лангуу ажиллуулан комиссын хувцас зарж амьдрал ахуйгаа авч явдаг ба тэр хавийн наймаа хийдэг хүмүүс намайг ямар хүн болохыг болон бидний хоорондын харьцаа ямар байдгийг сайн мэднэ. Миний бие Гтай гэр бүл болж албан ёсоор бүртгүүлснээс хойш нэг хүү төрж, бид арав гаруй жил хамтран амьдрахдаа хашаа байшинтай, 2 машинтай, хамтын бизнестэй болсон. Энэ бүхнийг бүгдийг Г авах хууль зүйн үндэслэл ч байхгүй байх. Мөн сургуулийн насны хүүхдийг эцгээс нь салгаад хүмүүжил төлөвшилд нь сайн нөлөө үзүүлнэ гэж байхгүй нь ойлгомжтой гэж эцэг миний зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлгэч Ггийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дахиж эвлэрэх хугацаа өгвөл авмаар л байна. Миний тухайд эвлэрээд хамт амьдрах бодол бол бас байна. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийг эх Гд өгөхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг би төлөхгүй. Г миний хүүхэд гэж намайг хуурч явсан учир гомдолтой байна. Энэ бол миний дагавар хүүхэд биш, бид өргөж авсан хүүхэд биш, миний төрсөн хүүхэд биш учир би тэтгэлэг төлөхгүй. Ггийн хууран мэхэлж залилснаас гарсан хүүхэд юм. Төрсөн эцгийг нь Г мэдэж байгаа учир эцгээс нь гаргуулах учиртай байх. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон хоёр машин мал нь бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн. Үүнээс малыг нь зөвшөөрөхгүй. Ийм олон тооны мал байхгүй. 100 орчим тооны мал л байсан байх. Гэхдээ би өөрийн гэсэн ажил төрөлгүй, орлогогүй учир Улаанбаатар хот руу явахдаа болон зээл төлөхдөө 30 орчим нарийн мал байснаас 20 орчмыг нь зарж хэрэглэсэн. Г өөрөө маллаж байсан хүн шиг зүс насыг нь мэдэж бичсэн байна. Өөрөө мэдэж байгаа юм байгаа биз. Ийм олон тооны мал байхгүй учир тэр үнэлгээ тогтоосон газрын тоогоор хуваахыг зөвшөөрч байна. Үнэлгээний хувьд тэр газар арай өндөр үнээр үнЭэн байна. Зээлийн хувьд малчны зээлийн 5 сая төгрөгийг бид хоёр хуваагаад төлсөн. Үлдсэн зээлийн өнөөдрийн байдлаарх үлдэгдэл төлбөрийг би хуваахад татгалзах зүйлгүй. Гэхдээ хэдэн төгрөгний төлөлт дутуу байгаа нь мэдэгдэхгүй байна. Надад гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зүйл байхгүй. Ггаас л шалтгаалан хэрүүл гардаг. Би ээжтэйгээ гэртээ иртэл ээжийг минь гичий архичин хүүгээ аваад зайл зэргээр доромжилж байсан. Би гэртээ очмоор байв ч Г аягүй бол хулгай хийсэн энэ тэр гэсэн асуудал үүсгэвэл яана гэж бодоод очдоггүй. Ггийн машин нь үүдэнд нь байхаар нь л ордог. Би тэр гэрээс нэг гудас, өөрийн хэдэн хувцаснаас өөр зүйлгүй л гарсан. Өнөөдөр айл айлаар амьдарч заримдаа машиндаа ч хүртэл хонож байна. Наймаа худалдаа хийж байсан учир авсан байсан бүх бараа Гд үлдсэн. Би бол тэр гэрээс юу ч авахгүй гарсан. Ямар зүсний хэдэн тооны мал байгааг би мэдэхгүй байна. Зээлийн төлбөрийн үлдэгдлээс хэтэрсэн хүүтэй юм шиг байна. Би өнөөдрийн үлдсэн үлдэгдэл төлбөрийг хувааж төлж болж байна. Тусдаа амьдрахаасаа өмнө бид хоёулаа л төлж байсан. Тийм учраас төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

            Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн М сумын 7 дугаар багийн 3-2а тоотод байршилтай, 88 мталбайтай гурван өрөө, гэрчилгээний дугаар 000560845, улсын бүртгэлийн дугаар Ү-1723008908, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн Ү-1723008908 дугаарт бүртгэгдсэн, 000560845 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (төрийн банкны хуулбар үнэн дардас дарагдсан) 1 хуудас, Хөвсгөл аймгийн М сумын 7 дугаар багийн 3-2а тоотод байршилтай, 6712013236 нэгж талбарын дугаартай, 383 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723005422 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 000396015 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (төрийн банкны хуулбар үнэн дардас дарагдсан) 1 хуудас, 2017 онд нөхөр Бд зодуулж биедээ гэмтэл авсан гэсэн тайлбар бүхий 2 ширхэг фото зураг 1 хуудас, Төрийн банк теллер-545 гэсэн дардас дарагдсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Депозит дансны харилцагчийн монгол хуулга 2 хуудас, Төрийн банкны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200000415198 дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Төрийн банкны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200000415198 дугаар барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Төрийн банкны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/427381 дугаар Барьцаат зээлийн гэрээ /малчин/ эх хувь 2 хуудас, Авто тээврийн Үндэсний төвийн мэргэжилтэн Н.Дгийн олгосон 83-03 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа 1 хуудас, Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Дийн олгосон 00-00 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа 1 хуудас, Оюу-Ундраа зүрх судасны эмнэлэгийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн өвчтөний картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 97680832223 дугаарын утасны мессежний хэвлэмэл зураг 2 хуудас, хэсгийн байцаагч а/д Н.Аын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ЗШ/000 дугаар шийтгэвэр 2 хуудас, 2020 онд архи ууж гэр орондоо агсам тавьж эд хөрөнгөө эвдэж сүйтгэсэн гэсэн тайлбар бүхий фото зураг, галын цогоор хайрах гэж ширдгэн дээр шидсэн гэсэн тайлбар бүхий фото зураг, 2019 оны өвөл агсам тавьж аяга шидэж хагалсан гэсэн тайлбар бүхий фото зураг, Төрийн банкны хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 200000415198 тоот дансны бичил бизнесийн зээлийн дансны хуулга 1 хуудас, Төрийн банкны хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн малчны зээлийн дансны хуулга 1 хуудас, регистрийн дугаар РГ0000, А Ггийн эмнэлгийн магадлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Туул Ривер Кондо эмнэлэг, Оюу-Ундраа зүрх судасны эмнэлэгт үзүүлсэн баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 12 хуудас, Монголын нотариатчдын танхимын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2121 дугаар мөнгөний тасалбар 1 хуудас, регистрийн дугаар РД82070319, Мын Бгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сиди 2 ширхэг,

            Хариуцагчаас Хөвсгөл аймгийн М сумын Э багийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14/103 дугаар албан бичиг 1 хуудас, Хөвсгөл аймгийн М сумын 7-03-00 тоотын хашааны гадна талын байдал гэсэн тайлбар бүхий фото зураг, Хөвсгөл аймгийн М сумын 7-03-00 тоотын байшингийн гадна тал гэсэн тайлбар бүхий фото зураг 2 ширхэг, Хөвсгөл аймгийн М сумын 7-03-00 тоотын байшингийн дотор тал гэсэн тайлбар бүхий фото зураг 4 ширхэг, 0000 ХӨҮ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн ар тал гэсэн тайлбар бүхий фото зураг 1 ширхэг, Г, Б нарын бизнесийн үйл ажиллагаа явуулж буй комиссын бараа гэсэн тайлбар бүхий фото зураг 2 ширхэг зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн болно.

       Хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчоос хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд Хөвсгөл аймгийн “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт, Итгэлт- Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан болно. Мөн Н.Даариймаагаас гэрчийн мэдүүлэг авчээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ггийн нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, хамтын өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, банкинд өөрийн төлсөн,  төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тал хувь болох 12,820,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч  Г нь хариуцагч Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг, банкинд төлөх (банкинд өөрийн төлсөн болон  төлөх) зээлийн төлбөр 25,640,000 төгрөгийн тал хувь болох 12,820,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г, хариуцагч Б нар хуульд заасан журмын дагуу гэрлэн, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Тайж Мын Б , Дархан Ан Г  нарын 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 39-рт бүртгэсэн №0043800 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар тал), зохигчийн тайлбараар, гэрлэгчид 2020 оны 3 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсан болох нь зохигчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгааны талаар баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”  гэж,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж тус тус заасан байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Учир нь Шүүх 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШЗ2020/03105 дугаар шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх 3 сарын хугацаа өгч, эвлэрүүлэх арга хэмжээг  эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр заасан боловч гэрлэгчид идэвхи санаачлагагүй хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэн аль нь оролцоогүй учир ажиллагааг дуусгавар болгожээ. (хх-ийн 53-55-р тал)

Нэхэмжлэгч Г, хариуцагч Б нарын гэр бүлд 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Тайж Бгийн Т төрсөн болох нь №0282255/00 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.     Нэхэмжлэгч Г нь хүү Тг өөрийн асраамжинд авч, эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд харин хүүхдийн тэтгэлгийг “би хүүгийн биологийн эцэг нь биш учир төлөхгүй, хүүхдийн төрсөн эцгээс нэхэмжлэх ёстой гэж үзэж байна, Тг бид үрчилж аваагүй, мөн миний дагавар хүүхэд биш намайг хуурсан Ггийн хууран мэхлэлтээс төрсөн хүүхэд” гэсэн үндэслэлээр төлөхгүй гэж маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар “гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Хүү Т нь эхийн хамт амьдарч байгаа болон эх Ггийн хүүхдэдээ тавих халамж, цаашид эх Г нь түүнийг асран хамгаалах ахуйн нөхцөл, бололцоотой зэргийг мөн хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байдлыг харгалзан хүү Тайж Бгийн Тг эх Ггийн асрамжид үлдээлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”,

Мөн хуулийн  26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;

26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д  Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

            Мөн  зүйлийн 38.2-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.

38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж тус тус хуульчилсан.

            Хариуцагч Б нь хүү Тгийн биологийн эцэг биш гэсэн үндэслэлээр тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

             Шүүх хүү Тд гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар түүнийг 16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай бол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Бгаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалтуудаас үзвэл эцэг, эх, хүүхдийн хооронд хүүхдийг төрснөөр эрх, үүрэг үүсэх, эцэг, эх, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, энэхүү үүрэг нь гэр бүл цуцлагдсан ч хэвээр үлдэхээр хуульчилсан бөгөөд хариуцагчийн хүү Тгийн биологийн эцэг биш болох нь дээрх үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

            Өөрөөр хэлбэл хүүхдийн биологийн эцэг биш байх нь эцэг байх эрхийг хязгаарлахгүй, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

            Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 21,591,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хөвсгөл аймгийн М сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 11,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 0000 ХӨВ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн авто машин, 4,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн 0000 ХӨҮ улсын дугаартай Pruis-11 маркийн авто машин, нийт 8,750,000 төгрөгөөр үнэлж 83 тооны бог малыг, 15,800,000 төгрөгөөр үнэлж 19 тооны бод малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлон үүнээс хүү Т болон өөрт ногдох хэсгийг  гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан нэхэмжлэлийн нэмж тодруулсан шаардлагадаа нэхэмжлэгч 17 тооны бод мал 13,400,000 төгрөг гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хоёр даагыг тооцоогүй мөн буруу нэмж тооцсон тул нийтдээ 15,800,000 төгрөгөөр үнэлэгдэх 19 толгой бод малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж гаргуулахаар зөвхөн бод малын үнэлгээ, тооны талаар тодруулан бусад хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар өөрчлөх зүйлгүй нэхэмжилсэн хэмжээгээр гэж нэхэмжлэгч дараах байдлаар тодруулсан  болно.

Үүнд: 1.Хөвсгөл аймгийн М сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2. 11,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 0000 ХӨВ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн авто машин зэргийг тус тус өөрийн өмчлөлд авч,

3. нийт 8,750,000 төгрөгөөр үнэлж 83 тооны бог мал, 15,800,000 төгрөгөөр үнэлж 19 тооны бод малаас ногдох хэсгийг гаргуулах гэжээ.

Хамтран өмчилж буй малын нас, үнЭэн байдлыг: Бог мал: 1. Нас гүйцсэн эр ямаа 35шх130.000=4,550,000 төгрөг, 2. Нас гүйцсэн эм ямаа 20х80.000=1,600,000 төгрөг, 3.Хязаалан эр хонь 8х150,000=1,200,000 төгрөг, 4. Эм хонь 5х100,000 =500,000 төгрөг, 5.Төлөг 5х80,000= 400,000  төгрөг, 6.Борлон 10х50,000 =500,000 төгрөг, нийт 8,750,000 төгрөг,

Бод мал:  Нас гүйцсэн хээр зүсний морь 1,000,000 төгрөг,  хээр зүсний соёолон үрээ 1,000,000 төгрөг, хээр зүсний хязаалан үрээ 2 тооны нийт 1,600,000 төгрөг, хүрэн зүсний хязаалан байдас 800,000 төгрөг, нас гүйцсэн хээр зүсний 2 тооны гүү 2,000,000 төгрөг, нас гүйцсэн хар зүсний 2 тооны гүү 2,000,000 төгрөг, нас гүйцсэн хүрэн зүсний гүү 1,000,000 төгрөг, хүрэн зүсний шүдлэн байдас 800,000 төгрөг, хээр зүсний шүдлэн байдас 800,000 төгрөг, хээр зүсний шүдлэн үрээ 2 тооны нийт 1,600,000 төгрөг, хар зүсний шүдлэн үрээ 800,000 төгрөг, хээр зүсний шүдлэн үрээ 2 тооны нийт 1,600,000 төгрөг, 2 даага нийт 800,000 төгрөг нийт 15,800,000 төгрөг гэж тодорхойлсон болно.

Хариуцагч Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 21,591,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хөвсгөл аймгийн М сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 11,000,000 төгрөгийн үнэлэгдсэн 0000 ХӨВ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн авто машин, 4,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн 0000 ХӨҮ улсын дугаартай Pruis-11 маркийн авто машин нь бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гээд үүнээс 4,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн 0000 ХӨҮ улсын дугаартай Pruis-11 маркийн авто машиныг өөрийн өмчлөлд авахыг зөвшөөрч, нэхэмжлэгчийн хашаа байшин болох үл хөдлөх эд хөрөнгө, прадо-95 маркийн авто машин зэргийг өмчлөлдөө авах шаардлагын тухайд эд хөрөнгүүдийн үнэ болон өмчлөлийг шилжүүлэх талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн 83 тооны бог, 19 тооны бод малаас ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ийм олон тооны мал байхгүй гээд зөвхөн “Ашид билгүүн” ХХКомпаниас ирж үнэлгээ тогтоох үед байсан малыг хуваахыг зөвшөөрч байна гэж маргасан.

Хариуцагч маргаж буй үндэслэлээ тайлбарлахдаа 2020 онд нэхэмжлэгчтэй тусдаа амьдарч эхлэх үед тэдний өмчлөлд 100-аад толгой мал байсан байх, ямар ямар насны, бод мал нь хэд, бог мал нь хэд байсан зэрэг тоо толгойг тодорхойлоогүй, мэдэхгүй Б.Г ингэж бичсэнээрээ мэдэж байгаа юм байгаа биз, ийм их бод мал байгаагүй гэх  бөгөөд өөрөө ажилгүй орлогогүй учир амин хувийн хэрэгцээндээ зарцуулсан тул одоо байгаа хэмжээгээр нь хуваана гэж мэтгэлцсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн дээрх шаардлагын үндэслэлээ бог малын хувьд бид хоёр талаасаа өөрөөр хэлбэл Б 100 гаран би 50 гаран толгой нарийн малтай нийлж суун 2 жил малаа маллан амьдарсан,  нас гүйцсэн хээр морь Бд өмчид нь ирсэн хээр гүү хөгшрөөд идшинд идэж байсан. Тэрнээс гарсан унага байгаа юм. Хээр зүсмийн соёолон үрээг манай хүүгийн үсний найраар эдний дүү, хүргэн хоёр нэг нэг гүү өгснөөс гарсан үрээ байгаа юм. Хээр зүсмийн хязаалан үрээ 2 толгой нь 2 хар гүүний унаганууд байгаа. Энэ хар гүүг манай хүүгийн үсний найраар хүн өгсөн хүрэн гүүнээс өссөн адуунууд юм. Хүрэн зүсмийн хязаалан байдас бол хүүгийн үсний найраар хонго дээрээ чоно шалбалчихсан даага хүн өгсөн. Тэрний төл байгаа юм. Нас гүйцсэн хээр зүсмийн 2 гүүг Равдангийн Хасбаяр гэдэг залуугаас 2018 онд бид хоёр худалдаж авч байсан. Эр, охин 2 унагатай гүү байсан. Нас гүйцсэн хар зүсмийн 2 гүү нь Бгийн дүү хүүгийн үсийг мялааж өгсөн гүүнээс гарсан. Хүрэн зүсмийн шүдлэн байдас зэрэг нь хоёр хар гүү, хүрэн гүү, н.Хасбаяраас авсан гүүнүүдийн төлүүд явж байгаа гэж тайлбарлан мэтгэлцэн малын тоогоор 2019 онд 204 гэж тоологдсон бөгөөд бид хоёр малаа жаахан нэмж бичүүлсэн нь үнэн, бодит байдлаар дээрхи 83 тооны бог мал, 19 тооны адуу байсан гэж маргасан байна.

Гэрлэгчид 2020 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон, тэднийг тусдаа амьдрах үед хариуцагчийн төрсөн дүүгийнд тэдний өмчлөлийн 100 орчим толгой мал байсан, түүнээс хойш нэхэмжлэгч Б.Г тухайн малаас өөрийн хэрэгцээнд огт зарцуулаагүй гэсэн үйл баримтад талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого”-ын баримтаар (хх-148,149-р тал) гэрлэгчид нь адуу-20, хонь-70, ямаа-114 толгойг тоолуулжээ.

Гэвч нэхэмжлэгч, хариуцагч шүүх хуралдаанд хэн аль нь малын тоог 2019 онд нэмэгдүүлж тоолуулсан гэж тайлбарласан тул дээрх малын тоог бодит үнэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжилсэн 83 толгой бог, 19 толгой бод малыг хариуцагч Б нь ийм олон тооны адуу байгаагүй, одоо бодитоор байхгүй, зарим малаа тусдаа амьдарснаас хойш өөрийн хэрэгцээнд зарцуулсан, зээлийг төлөхөд хэрэглэсэн гэж татгалзлаа тайлбарлаж байх боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг очих үед бүртгэгдэн тоологдож үнэлэгдсэн эм хонь-3, төлөг-1, хурга-3, эм ямаа-6, ишиг-3, эр ямаа-2, хүрэн зүсний гүү-1, хүрэн зүсний унага-1, даага-2, хязаалан насны адуу-1 гэж бичигдсэнээр малыг хуваалгана гэжээ.

“Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тухайн эд хөрөнгө ямар үнээр үнэлэгдэхийг тогтоосон бөгөөд гэрлэгчид хэдэн тоо, толгой малтай болохыг тогтоосон нотлох баримт биш ба бодитоор хэдэн толгой ямар зүсний бод бог малтай байсан талаар нотлох нь хариуцагчийн үүрэг юм.

Шүүх хуралдаанд хариуцагч тусдаа амьдарч эхлэх үед 100 орчим толгой мал байсан байх гэж байгаа боловч хэд нь бог мал, хэд нь ямар зүсний эр эм ямар бод мал байсан талаар тайлбарлаагүй, энэ талаар баримт ирүүлээгүй болно.

Түүнчлэн хариуцагч Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн 100 орчим мал байсан, үүнээс тусдаа амьдарснаас хойш Б.Г огт аваагүй гэх  шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан  “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого”-ын баримтанд тусгагдсан малын төрөл, нас зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 83 тооны бог мал, 19 тооны бод мал нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нь хуваарьт хөрөнгө болох талаар тайлбарлаж маргаагүй, мөн энэ бүх эд хөрөнгүүд нь бид хоёрын хүч хөдөлмөрөөр боссон гэж тайлбарласан болно.

Иймд 21,591,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хөвсгөл аймгийн М сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 11,000,000 төгрөгийн үнэлэгдсэн 0000 ХӨВ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн авто машин, 4,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн 0000 ХӨҮ улсын дугаартай Pruis-11 маркийн авто машин, нийт 8,750,000 төгрөгөөр үнЭэн 83 тооны бог мал, 15,800,000 төгрөгөөр үнЭэн 19 тооны бод малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно.

Мөн зүйлийн 130.3Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж тус тус хуульчилсан байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг 21,591,000 төгрөгөөр, прадо-95 маркийн авто машиныг 11,000,000 төгрөгөөр, приус-11 маркийн авто машиныг 4,500,000 төгрөгөөр, 83 толгой бог малыг 8,750,000 төгрөгөөр, 19 толгой бод малыг 15,800,000 төгрөгөөр үнэлж нийт 61,641,000 төгрөг гэж тооцов.

Үл хөдлөх эд хөрөнгө болон авто машинуудын үнэлгээг зохигчид хэрэгт авагдсан “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэлгээгээр үнэлэгдэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй. (хх-ийн 88-108-р тал)

Малын үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай  компанийн үнэлгээг хариуцагч арай өндрөөр тогтоосон гэж эс зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн малаа үнЭэн үнэлгээний талаар хариуцагч маргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн малаа үнЭэн үнэлгээг үндэслэх нь зүйтэй юм.

Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн үнэлгээг 20,547,000 төгрөгөөр тооцож 21,591,000 үнэтэй Хөвсгөл аймгийн М сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 11,000,000 төгрөгийн үнэтэй 0000 ХӨВ улсын дугаартай Land Cruiser авто машин, 1,000,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн морь 1 толгой, 1,000,000 төгрөгийн үнэтэй соёолон насны үрээ 1 толгой, тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн гүү 2 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн байдас 2 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн үрээ 2 толгой, тус бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй даага 2 толгой, тус бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй борлон ямаа 6 толгой, тус бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй эм хонь 2 толгой зэрэг нийт 41,091,000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Г болон хүү Т нарт, 4,500,000 төгрөгийн үнэтэй 0000 ХӨҮ улсын дугаартай Pruis-11 маркийн авто машин, тус бүр нь 130,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн эр ямаа 35 толгой, тус бүр нь 80,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн эм ямаа 20 толгой, тус бүр нь 150,000 төгрөгийн үнэтэй хязаалан эр хонь 8 толгой, тус бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй эм хонь 3 толгой, тус бүр нь 80,000 төгрөгийн үнэтэй төлгөн хонь 5 толгой, тус бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй борлон ямаа 4 толгой, тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэтэй гүү 3 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй хязаалан үрээ 2 толгой, 800,000 төгрөгийн үнэтэй хязаалан байдас 1 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн үрээ 3 толгой зэрэг нийт 20,550,000 төгрөгийн  эд хөрөнгийг хариуцагч Бд тус тус үлдээж шийдвэрлэлээ.

Банкинд төлсөн, төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тал хувь болох 12.820.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүх хуралдаанд хариуцагч “Бтай хамт амьдарч байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бизнесээ өргөтгөх зорилгоор Хөвсгөл Төрийн банкны салбараас 15,000,000 төгрөгийн зээлийг, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хувийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор Хөвсгөл Төрийн банкны салбараас 5,000,000 төгрөгийн зээлийг тус тус авч байсан 2020 оны 3 дугаар сараас хойш 15,000,000 төгрөгийг зээлийг би өнөөдрийг болтол ганцаараа төлж байгаа, харин 5,000,000 төгрөгийн мал барьцаалан авсан зээлийг бид хоёр төлөлтийг хоёр хоёр удаа хийж төлж барагдуулсан. Үүнийг хасаж тооцож болно. Бидний энэ зээлийг аваад авсан хөрөнгө хуваагдаж байгаа юм чинь зээл ч мөн адил хуваагдах ёстой гэж бодож байна.Өнөөдрийг хүртэл төлсөн болон үлдэж байгаа зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр нийтдээ 25,640,000 төгрөг болсон” гэж тайлбарлаж нэхэмжилжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд “мал барьцаалан авсан 5,000,000 төгрөгийг зээлийг бид хоёулаа хувааж төлөөд дууссан. Одоо 15,000,000 төгрөгийн зээлээс би өнөөдрийн байдлаар үлдэгдлийг бол хувааж төлж болох юм. Гэхдээ үлдсэн зээлээсээ хэтэрсэн хүү тооцсон үлдэгдэл үлдсэн байхаар нь үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр гэрээс ямар ч эд хөрөнгө аваагүй бидний бизнес хийж байсан бараа тэр чигтээ Б.Гд үлдсэн учир би төлөхгүй” гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б нар нь хамт амьдарч байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бизнесээ өргөтгөх зорилгоор Хөвсгөл Төрийн банкны салбараас 15,000,000 төгрөгийн зээлийг, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хувийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор мал барьцаалан Хөвсгөл Төрийн банкны салбараас 5,000,000 төгрөгийн зээлийг тус тус авч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотариатчаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний баримтаар нотлогдож байна. (хх-ийн 24-30-р тал)

Өр нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай учир хуваагдах хөрөнгөд хамаарна.

Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч Б.Г нь хэдэн оны хэдэн сараас хойш хэдэн төгрөгийн зээлийг өөрөө төлсөн, одоо ямар үлдэгдэлтэй байгаа болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч хариуцагчийг мал барьцаалсан зээлийг төлсөн учир хасаж тооцож болно гэх боловч хэдэн төгрөгийг хасах, үлдэгдэл нь хэд болох, үүнээс зээлийн үндсэн төлбөр болон хүү хэдэн төгрөгийг тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй энэ талаараа нэхэмжлэгч тодруулаагүй зээлийн гэрээнээс өөр нэгэн баримтыг ирүүлээгүй учир шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын бусдад төлөх өрийг хуваах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: нэхэмжлэгч 2020 оны 3 дугаар сараас хойш өөрөө төлсөн болон үлдэгдэл өрийн үндсэн болон хүүгийн төлбөрт 25,640,000 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба шаардлагынхаа үндэслэл болох нотлох баримтыг өөрөө бүрдүүлж цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Ггийн банкинд төлсөн болон төлөх зээлийн төлбөрийн тал хувь болох 12.820.000 төгрөгийг хариуцагч Бгаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 957,167 төгрөгийг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,167 төгрөгөөс  687,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 269,263 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Бгаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлөх 70,200 төгрөг, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 34,214 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд төлөх 363,420 төгрөг нийт 467,834 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгохоор шийдвэрлэв.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т тус тус зааснаар Тайж Мын Б, Дархан Ан Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Тайж Бгийн Тг эх Дархан Ан Ггийн асрамжинд үлдээсүгэй.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар Тайж Бгийн Тг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Тайж Мын Бгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-д тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 21,591,000 үнэтэй Хөвсгөл аймгийн М сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 11,000,000 төгрөгийн үнэтэй 0000 ХӨВ улсын дугаартай Land Cruiser авто машин, 1,000,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн морь 1 толгой , 1,000,000 төгрөгийн үнэтэй соёолон насны үрээ 1 толгой, тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн гүү 2 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн байдас 2 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн үрээ 2 толгой, тус бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй даага 2 толгой, тус бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй борлон ямаа 6 толгой, тус бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй эм хонь 2 толгой зэрэг нийт 41,091,000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Г, болон хүү Т нарт, 4,500,000 төгрөгийн үнэтэй 0000 ХӨҮ улсын дугаартай Pruis-11 маркийн авто машин, тус бүр нь 130,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн эр ямаа 35 толгой, тус бүр нь 80,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн эм ямаа 20 толгой, тус бүр нь 150,000 төгрөгийн үнэтэй хязаалан эр хонь 8 толгой, тус бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй эм хонь 3 толгой, тус бүр нь 80,000 төгрөгийн үнэтэй төлгөн хонь 5 толгой, тус бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй борлон ямаа 4 толгой тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэтэй гүү 3 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй хязаалан үрээ 2 толгой, 800,000 төгрөгийн үнэтэй хязаалан байдас 1 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн үрээ 3 толгой зэрэг нийт 20,550,000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Бд тус тус үлдээсүгэй.

5. Нэхэмжлэгч Б.Ггийн  банкинд төлсөн, төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тал хувь болох 12,820,000 төгрөгийг хариуцагч Бгаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,167 төгрөгөөс  687,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 269,263 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Бгаас 467,834 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.     

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

  8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

  9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Бд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Гд тус тус даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА