Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1209

 

 

Ц.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/677 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Гийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Гд холбогдох эрүүгийн 2005000080062 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй зочид буудалд шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэн Г.Ог зодоон үүсгэж, хэрүүл маргаан гаргасан гэх шалтгаанаар биед нь халдан зодож, түүнд баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: 

Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Гд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Гээс 2.152.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оюунбаатарт олгохоор шийдвэрлэж, хэрэгт хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Г баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Гийн өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Г нь тухайн хэрэг учрал гарах үед буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглээгүй, бусадтай хэрүүл маргаан, зодоон үүсгээгүй, зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед хохирогч Г.Оюунбаатар нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан бөгөөд бусадтай маргалдаж, зодоон үүсгэж байсан нь камерын хяналтын бичлэгт хадгалагдсан байдаг. Тэрээр сүүлд Энхбаттай муудалцаж улмаар газар унагаан зодолдож байхад Ц.Г нь тэднийг салгаж Г.Оюунбаатарыг дахин зодоон үүсгэхгүй байлгах үүднээс бусдаас холдуулсан бичлэг хэрэгт авагдсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “Гэрэл Оюунбаатарыг татан авч лифтний цаана харагдах шатруу очин 2-3 удаа цохих үйлдэл хийхэд арагшаа дальдчин савж харагдана” хэмээн бичлэгт байхгүй зүйлийг тусгасан байдаг. Харин тус камерийн бичлэгт Г.Оюунбаатар нь арагшаа бус баруун талруугаа тэнцвэр алдан шатны бариулнаас барих үйлдэл харагддаг бөгөөд харин Ц.Г түүнийг цохих үйлдэл гаргаагүй байдаг.

Гэрч Б.Гантөмөрийн мэдүүлэгт “Оюунбаатар, Гэрэл нар хаалганы цаана юм яриад зогсож байсан”, гэрч Д.Батбаярын мэдүүлэгт “би тухайн үед зодооныг хараагүй”, гэрч Энэбишийн “миний санаж байгаагаар Оюунбаатар, Гэрэл дээр очоод боль гэхэд Гэрэл над руу нүдээрээ том харсныг санаж байна” гэсэн мэдүүлгүүдээс харахад Ц.Г нь Оюунбаатарыг зодсоныг нотлох гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй, зөвхөн тухайн үед Оюунбаатарын “Гэрэл намайг цохьчихлоо” гэснийг сонссон хэмээн хохирогчийн үгээр гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. Харин бодит байдал, хэрэг учрал болсон тухайн цаг үед Ц.Г нь хохирогч Г.Оюунбаатарыг бусдад гэм хор учруулахгүй байлгах үүднээс Энхбатыг зодож байхад салгаж түүнээс холдуулсан бөгөөд Г.Оюунбаатар намайг тавь би Энхбатыг ална гэж хэлж байснаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг. Ийнхүү тухайн үед Ц.Г нь Г.Оюунбаатарын гараас зуурч тавихгүйг хичээж байсан бөгөөд аргагүйн эрхэнд гарыг нь алдаж Г.Оюунбаатар Ц.Гээс мултарсан нь камерийн бичлэгээс харагддаг. Мөн гэрчүүдийн хэлж байгаагаар Г.Оюунбаатар, Ц.Г нар хаалганы цаана юм яриад зогсож байгаа тухай дурддаг хэдий ч камерийн бичлэгээр үгүйсгэгддэг бөгөөд харин Ц.Г Оюунбаатарыг хориглож хана руу шахах үйлдэл хийж хариуд нь Оюунбаатар Гэрэлээс мултрах гэж зууралдаж байгаа бичлэг л байдаг. Мөн Оюунбаатар Гэрэлээс салсны дараа камерийн доогуур явж харагддаг бөгөөд бичлэгээс харахад түүний хамраас цус гарсан зүйл байдаггүй бөгөөд камерийн доод буланд байрлах хаалгаар цааш орсон бичлэг л байсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ц.Гийг “Г.Оюунбаатарыг зодоон үүсгэж, хэрүүл маргаан гаргасан” гэх шалтгаанаар биед нь халдан зодсон хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай хэт нэг талын байр суурьнаас хандаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, гэрчийн мэдүүлэг Гэрэл Оюунбаатарыг зодсон талаар шууд зааж мэдүүлдэггүй, камерийн бичлэгт Гэрэл Оюунбаатарыг 2-3 удаа цохиж байгаа үйлдэл байхгүй, Гэрэл Оюунбаатарыг зодсон гэдгийг хангалттай, эргэлзээгүйгээр нотолж, тогтоогүй байдаг.

Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд Ц.Гд холбогдох хэргийн бүхий л баримт, тухайлбал хөдлөшгүй баримт болох камерийн бичлэгээс харахад Ц.Г нь Г.Оюунбаатарыг 2-3 удаа цохисон гэх үйлдэл харагддаггүй. Харин тухайн үед Г.Оюунбаатар нь Энхбатыг газар унагааж дээрээс нь цохиж байхад Гэрэл Оюунбаатарыг салгах мөчид Энхбат нь хөлөөрөө Г.Оюунбаатарын нүүрэн тус газар нь тийрэх үйлдэл бичигдэж үлдсэн байгаа нь Ц.Г Г.Оюунбаатарын биед халдаж гэмтэл учруулсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байгааг шүүх харгалзан үзээгүй.

Иймд Ц.Г нь Г.Оюунбаатарыг зодоон үүсгэж, хэрүүл маргаан гаргасан гэх шалтгаанаар түүний биед санаатайгаар хөнгөн хохирол учруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Гийг бусдын биед санаатайгаар халдсан хэмээн эргэлзээгүйгээрр тогтоож чадаагүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/677 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний хувьд арга хэмжээ зохиосон нь үнэн. Оюунбаатарт санамсаргүй болон санаатай байдлаар гар хүрсэн зүйл байхгүй. Бид өмнө нь бие биенээ мэддэг байсан хүмүүс. Ийм асуудалд холбогдсондоо харамсаж байна...” гэв.

 

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хохирогч Оюунбаатар нь тухайн болсон процессын талаар мэдүүлэхдээ шүүгдэгч Гэрэлийг зааж “Гэрэл намайг цохиж хамар, нүднээс цус гаргаж миний биед хөнгөн гэмтэл учруулсан” гэсэн. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны явцад хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ц.Гд холбогдох эрүүгийн 2005000080062 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

 Ц.Г нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй зочид буудалд зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээний үеэр “...зодоон үүсгэж, хэрүүл маргаан гаргалаа” гэх шалтгаанаар Г.Оюунбаатарыг биед нь халдан зодож, түүний биед” “...баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт бүхий...” хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Г.Оюунбаатарын “...хувцсаа өмсөөд тарах гэж байхад манай ажилтан Гантөмөр, Батаа нар хоорондоо маргалдаад барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгахад Батаа үгэнд орохгүй дайраад байхаар нь би Батааг татаж унагааж байгаад 2-3 удаа цохисон. Тэгтэл зохион байгуулагч Гэрэл дундуур орж ирээд намайг татаж аваад цааш нь авч яваад баруун нүд, хамар хавсраад 1 удаа намайг цохиход нь миний баруун нүдний дээд зовхиноос цус гарсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан...” /хх 20-21/,

 

гэрч Б.Гантөмөрийн “...шинэ жил тараад зүс таних жолоочтой муудалцаад тэр залуу миний дээр гараад намайг цохиж байхад хамт ажилладаг Оюунбаатар, Гэрэл бас өөр хүмүүс салгасан. Тухайн үед би нэлээд согтсон байсан. Тэгээд нэг мэдсэн Оюунбаатар, Гэрэл нар хаалганы цаана юм яриад зогсож байснаа Оюунбаатарын хамраас цус гарчихсан гараад ирсэн...” /хх 22-23/,

 

гэрч Д.Батбаярын “...Оюунбаатар “Гэрэл намайг цохичихлоо” гээд орилоод байсан. Тухайн үед Оюунбаатарын хамраас бага зэрэг цус гарсан харагдсан...” /хх 30-31/,

 

гэрч Б.Энэбишийн “...Миний санаж байгаагаар Оюунбаатар, Гэрэл дээр очоод боль гэхэд Ц.Г над руу нүдээрээ том харсныг бүдэг санаж байна. Бусдыг нь санахгүй байна...” /хх 139-140/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №577 дугаартай “...Г.Оюунбаатарын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт баруун зовхинд цус хуралт, зулгарал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх 40-41/,

 

эд мөрийн баримтаар хэрэгт бэхжүүлэгдсэн “...Ц.Г Оюунбаатарыг лифтний хажуугийн шат руу аваачиж,  шатан дээр Г.Оюунбаатар доод талд нь дээшээ Ц.Г рүү харсан байдалтай, дээд талд Ц.Г нь доошоо Г.Оюунбаатар руу харсан байрлалтай байгаа, Ц.Г нь Оюунбатарыг хэд хэдэн удаа цохиж байгаа, ...Г.Оюунбаатарын шатнаас дээшээ лифтний урд талын талбайгаар дамжин хаалга чигтэй камерийн өөдөөс ирж явахад нь Г.Оюунбаатарын баруун нүдний доор гэмтэл бий болсон байдалтай байгаа харагдаж байгаа...”  байдлыг харуулж буй камерийн бичлэг /хх 6-16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-уудаас  Ц.Гд торгох ялыг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Мөн Ц.Гд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.  

 

Шүүгдэгч Ц.Гийн иргэн Г.Оюунбаатарыг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэнгүүний “...Ц.Г гэмт хэрэг үйлдээгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/677 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Гийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ