Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 677

 

  2020          07            08                                   2020/ШЦТ/677

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч Г.О,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Г-д холбогдох эрүүгийн 20050000080062 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Асралт Хөхий” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,

урьд 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 205 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.303.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Ц.Г.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй зочид буудалд шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэн Г.О-ыг “зодоон үүсгэж, хэрүүл маргаан гаргасан” гэх шалтгаанаар биед нь халдан зодож, түүнд баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт баруун зовхинд цус хуралт, зулгарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20 орчим байгууллагын төлөөлөл оролцсон шинэ жилийн арга хэмжээ 3-р хорооллын “Мичид” зочид буудалд болсон. Миний бие уг арга хэмжээний зохион байгуулалтыг хариуцаж байсан. Тухайн үед н.Г, н.О, н.Б гэсэн хэсэг хүмүүс маргалдаж, улмаар хоорондоо зодолдсон. Н.О салгаад зүүн гараас нь бариад тэвэрсэн. Ц.Г н.О намайг алгадсан, улмаар 1 удаа цохисон. Тэгээд салгаж байтал н.О “Ц.Г намайг цохчихлоо” гээд орилоод байсан. Хохирогчтой урьд нь муудалцаж тохиолдол байхгүй, одоо ингээд гомдол гаргаж байгаад харамсаж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр арга хэмжээнээс гаргаад иртэл Гантөмөр, Батаа нар хоорондоо маргалдаж байсан. Би дундуур нь орж салгахад Батаа үгэнд орохгүй дайраад байхаар нь би Батааг татаж унагааж байгаад 2-3 удаа цохисон. Тэгтэл Ц.Г дундуур орж ирээд намайг татаж аваад цааш нь авч яваад цохисон. Миний биед учирсан гэмтлийг Ц.Г учруулсан. Шүүх хуралдаанд нэмж гаргаж өгөх баримт байхгүй, баримтаар гаргаж өгсөн хохирлоо нэхэмжилж байна гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.О-ын “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын шинэ жил модны хоёрын “Мичид” зочид буудлын 5 давхрын ресторанд өдөр 12 цагаас 17 цагийн хооронд болсон. Тэгээд хувцсаа өмсөөд тарах гэж байхад манай ажилтан н.Г, н.Б нар хоорондоо маргалдаад барьцаалж авахаар нь би дундуур нь орж салгахад Батаа үгэнд орохгүй дайраад байхаар нь би н.Б татаж унагааж байгаад 2-3 удаа цохисон. Тэгтэл зохион байгуулагч н.Г дундуур орж ирээд намайг татаж аваад цааш нь авч яваад нүүрэнд баруун нүд хамар хавсраад 1 удаа намайг цохиход нь миний баруун нүдний дээд зовхиноос цус гарсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

2. Гэрч Б.Г: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12-оос 17 цаг хүртэл манай байгууллагын шинэ жил модны хоёрын “Мичид” зочид буудлын 5 давхрын ресторанд болсон. Тэгээд шинэ жил тараад зүс таних жолоочтой муудалцаад тэр залуу миний дээр гараад намайг цохиж байхад хамт ажилладаг н.О, н.Г бас өөр хүмүүс салгасан. Тухайн үед би нэлээд согтсон байсан. Тэгээд нэг мэдсэн н.О, н.Г нар хаалганы цаана юм яриад зогсож байснаа н.О хамраас цус гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №577 дугаартай “...Г.О-ын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт баруун зовхинд цус хуралт, зулгарал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 хуудас/,

4. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол,  камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-16-р хуудас/,

5. Гэрч Д.Б: “...Би тухайн үед зодооныг хараагүй намайг гарч ирэхэд зодоон болоод дууссан Г.О хэлэхдээ “н.Г намайг цохичихлоо” гээд орилоод байсан.  Тухайн үед Г.О-ын хамраас цус бага зэрэг гарсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

6. Гэрч Б.Энэбишийн: “... Би санахгүй байна. Миний санаж байгаагаар Г.О, Ц.Г дээр очоод боль гэхэд Ц.Г над руу нүдээрээ том харсныг бүдэг санаж байна. Бусдыг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-140-р хуудас/,

7. Хохирогч Г.О-ын эмчилгээтэй холбоотой 2.150.500 төгрөгийн баримт,

8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй зочид буудалд шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэн Г.О-ыг “зодоон үүсгэж, хэрүүл маргаан гаргасан” гэх шалтгаанаар биед нь халдан зодож, түүнд баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт баруун зовхинд цус хуралт, зулгарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.О-ын мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №577 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол,  камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-16-р хуудас/, гэрч Д.Б-ын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 139-140-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Г.О-ын биед халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Ц.Г Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.О нь эмчилгээний зардалд баримтаар 2.150.500 төгрөгийг нэхэмжилж байх тул гэм буруутай этгээд болох Ц.Г-ээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзав.

Тухайлбал улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Г.О-т учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой эмчилгээний 2.152.500 төгрөгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд тэрээр “Асралт Хөхий” ХХК-д менежер ажилтай, 1.000.000 төгрөгийн цалин орлоготой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Г-ийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.     

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000080062 дугаар хэрэгт хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ц.Г баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ээс 2.152.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.От олгосугай.

5. Хэрэгт хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ц.Г баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ