Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2215

 

Г.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02815 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.П-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Г-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 956 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.П-,

Хариуцагч Ж.Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Г-тай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээг Ж.Г-ы хүсэлтээр 2 удаа сунгасан. Гэрээний хугацаа дуусаж 9 сар өнгөрсөн боловч үндсэн мөнгийг төлж гэрээнд заасан хүү, алданги төлөөгүй тул хүү 147 000 төгрөг, алданги 809 000 төгрөг нийт 956 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.П-тэй анх гэрээ байгуулахдаа сарын 10 хувийн өндөр хүүтэй гэрээ байгуулж алданги тооцох талаар гэрээнд заагаагүй гэрээг нэг хувь хийж надад үлдэх хувь байдаггүй. Гэрээг сунгаж гарын үсэг зуруулсан баримтан дээр алданги 0.5 хувь авахыг нэмж дараа нь бичсэн. Миний бие гэрээний хугацааг сунгахыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь үнэн. Би шөнийн дэлгүүрт лангуу ажиллуулдаг, 1 сард орлого муу тул зээлээ төлж чадаагүй 2 сард хөлөө хугалаад хэвтэрт байгаад төлөөгүй. Г.П- намайг байнга дарамталж нэг гэрээн дээр гарын үсэг хүчээр зуруулахаар нөхөртэйгээ ирэхэд нь би цагдаа дуудаж байсан. Ж.Г- нь өрх тойлгойлсон ганц бие эмэгтэй зээлийг цаг хугацаанд нь төлж байсан боловч аргагүй байдлын улмаас төлж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Г-аас 822 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.П-д олгож, 134 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27 494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-аас 24 278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.П-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02815 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь их хүүтэй зээл өгсөн бөгөөд нэмэлт гэрээг нөхөж байгуулсаны дараа алданги төлнө гэсэн өгүүлбэрийг нэмж бичсэнд гомдолтой байна. Мөн шүүхэд хандан миний бие өвчний улмаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж өрөө төлөөгүй учир шүүх эрх мэдлийн хүрээнд алдангийг багасгаж өгөөч гэсэн хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргаж байсан боловч шүүхээс энэ хүсэлтийг хүлээж аваагүй, хүсэлтийг хүлээж аваагүй үндэслэлээ заагаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй орхисонд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Нэхэмжлэгч Г.П- хариуцагч Ж.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги 956 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, алдангийн талаар тохиролцоогүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, хариуцагч мөн өдрөө 2 000 000 төгрөгийг хүлээн авсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн байна. /хэргийн 6, 17 дугаар тал/

 

Зохигчид үндсэн зээл 2 000 000 төгрөг төлсөн болон сүүлийн 1 сарын 147 000 төгрөг төлөөгүй талаар маргаагүй, харин алданги 809 000 төгрөг төлөх эсэх талаар маргаж байна.

 

Мөн талууд зээлийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс тус тус 1 сарын хугацаагаар сунгаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр болон зээлийн үлдэгдлийг 1 470 000 төгрөг болохыг тохиролцжээ. /хэргийн 4-5 дугаар тал/ Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангажээ. Гэрээний хугацааг сунгаснаас хойш алдангийн талаар нэмж бичсэн буюу алдангийн тохиролцоог хариуцагч зөвшөөрөөгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь  хариуцагч тал алдангийн тохиролцоог зөвшөөрч гарын үсэг зурж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болно.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2 494 000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд 877 000 төгрөг төлж, үлдэгдэл 1 617 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байх ба гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 800 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 470 000 төгрөгийг тус тус төлсөн талаар талууд маргаагүй. /хэргийн 23-25 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 800 000 төгрөгийг төлсөн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны алданги 617 000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 200 000 төгрөг төлсөн 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны алданги 40 850 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдрөөс 470 000 төгрөг төлсөн 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны алданги 64 700 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх алданги 32 340 төгрөг, нийт 754 890 төгрөгийн алданги төлөх тооцоо гарч байна. Гэрээгээр зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон байх боловч зээлийн гэрээний сарын хүүгийн хэмжээ 10 хувь буюу хэт өндөр байгаа, хариуцагч үндсэн зээлийг төлж дууссан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн үүрэгт тооцсон нэмэлт үүрэг буюу анзын хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас зээлийн хүү 147 000 төгрөг, алданги 226 467 төгрөг, нийт 373 467 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167  дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02815 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г-аас 373 467 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 582 533 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “24 278” гэснийг “11 854” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 494 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                      ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА

                       

                                                                                    С.ЭНХТӨР