Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/02815

 

 

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/02815

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 0-р хороо, 0-р хороолол 00 тоотод оршин суух Боржигон овогт Г.П /РД:Х000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрхдүүрэг, 00-р хороо, Садэй Плазагийн хажуу талын Түмэн наст 0 тоотод оршин суух Пүрэв овогт Ж.Г /РД: Ч000000/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 956,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ур шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ж.Гтай 2017 оны 11 сарын 30-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээг Ж.Гы хүсэлтээр 2 удаа сунгасан.

Гэрээний хугацаа дуусаж 9 сар өнгөрсөн боловч үндсэн мөнгийг төлж гэрээнд заасан хүү, алданги төлөөгүй тул хүү 147,000 төгрөг, алданги 809,000 төгрөг нийт 956,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Пгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Птэй анх гэрээ байгуулахдаа сарын 10 хувийн өндөр хүүтэй гэрээ байгуулж алданги тооцох талаар гэрээнд заагаагүй гэрээг нэг хувь хийж надад үлдэх хувь байдаггүй. Гэрээг сунгаж гарын үсэг зуруулсан баримтан дээр алданги 0,5% авахыг нэмж дараа нь бичсэн.

Миний бие гэрээний хугацааг сунгахыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь үнэн. Би шөнийн дэлгүүрт лангуу ажиллуулдаг, 1 сард орлого муу тул зээлээ төлж чадаагүй 2 сард хөлөө хугалаад хэвтэрт байгаад төлөөгүй. Г.П намайг байнга дарамталж нэг гэрээн дээр гарын үсэг хүчээр зуруулахаар нөхөртэйгээ ирэхэд нь би цагдаа дуудаж байсан.

Ж.Г нь өрх тойлгойлсон ганц бие эмэгтэй зээлийг цаг хугацаанд нь төлж байсан боловч аргагүй байдлын улмаас төлж чадаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хурал дээр болон бичгээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Ж.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн зээлийн хүү 147,000 төгрөг, алданги алданги 809,000 төгрөг нийт 956,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Ж. Гд 2017 оны 11 сарын 30-ний өдрөөс 2017 оны 12 сарын 30-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 2,000,000 төгрөг, 10%-ийн хүүтэй зээлж түүний хүсэлтээр гэрээг сунгаж алданги авахаар тохирсон атал гэрээний үүргээ биелүүлээгүй тул 1 сарын хүү 147,000 төгрөг, алданги 809,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэж тайлбарласан.

Хариуцагч нь би Г.Пгээс өндөр буюу 10%-ийн хүүтэй 2,000,000 төгрөг авч зээлийн гэрээг сунгасан нь үнэн. Харин алданги төлөх талаар гэрээ хийгээгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй. мөн хуулийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч Г.П нь 2017 оны 11 сарын 30-ний өдөр 2,000,000 төгрөг сарын 10%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ, 2017 оны 12 сарын 30-ний өдөр хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5%-ийн алданги тооцно гэх зээлийн гэрээний сунгалт 2018 оны 01 сарын 29-ний өдөр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5%-ийн алданги тооцох-оор тохиролцон хийсэн зээлийн гэрээний сунгалт гэх бичгийн баримтыг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан мөн гэрээг сунгасан талаар маргаагүй, тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5%-ийн алданги тооцно гэх заалтыг нэмж бичсэн гэх тайлбарыг өгсөн боловч түүнийгээ нотлоогүй.

Нэхэмжлэгч Г.П нь 2,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Гы 5114236523 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдов.

Дээрхи гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Зохигчид 2017 оны 11 сарын 30-ний өдрөөс 2017 оны 12 сарын 30-ний өдрийг хүртэл хугацаатай сарын 10%-ийн хүүтэй 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулан уг гэрээг 2017 оны 12 сарын 30-ний өдөр болон 2018 оны 01 сарын 29-ний өдөр сунган гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5%-ийн алданги тооцохоор тохиролцсон байна.

Иймд хариуцагч Ж.Гаас 822,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Пд олгож, 134,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Гаас 822,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Пд олгож, 134,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гаас 24,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Пд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ