Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 212

 

Н.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Н.Г-т холбогдох 1730000930071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Н-ийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-ыг хориглосон, хязгаарлалт тогтоосон эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д заасныг баримтлан Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, нийт 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих хүнд ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 01 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Г-аас Дэрэвгэр жиргэрүү өвсний үнэд 1,245,000 төгрөг, цагаан зээрийн үнэд 18,500,000 төгрөг, нийт 19,745,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11,5 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг тухайн үеийн жингээр борлуулж орлогыг улсын төсөвт оруулахаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 37 ширхэг зээрийн эврийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хх хх СҮА улсын дугаартай “SSANGYONG” загварын машиныг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хууль ёсны өмчлөгч Н.Г-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “тээвэрлэсэн” гэсний өмнө “хадгалсан” гэж нэмж, тогтоох хэсгийн 5 дахь заалтын “1,245,000” гэснийг “6,225,000” гэж, “18,500,000” гэснийг “19,000,000” гэж, “19,745,000” гэснийг “25,225,000” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Istana /SsangYong/ загварын хх хх СҮА улсын дугаартай автомашиныг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Istana /SsangYong/ загварын хх хх СҮА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх хохирлыг тооцож шийдвэрлэхдээ зээрийн эвэрт шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх ба иргэний нэхэмжлэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт зээрийн эврүүд нь өгөршсөн, хуучин эврүүд байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар, шүүгдэгч нь зээрийн эврийг хөдөө хээрээс түүсэн талаар тус тус мэдүүлсэн байдаг. Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон боловч шүүгдэгч Н.Г нь Дэрэвгэр жиргэрүү өвсийг хүнээс худалдаж авсан талаараа мэдүүлсэн бөгөөд байгаль орчинд шууд хохирол учруулсан гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд өвсний үнийг экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоох ёстой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хх хх СҮА улсын дугаартай автомашиныг хурааж, улсын орлого болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлаагүй байна. Дэрэвгэр жиргэрүү гэх өвсний тухайд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын заалт үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Уг гэмт хэргийг үйлдэх үед тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн нэр дээр шилжсэн байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгосон нь үндэслэлтэй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Бичигт автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хх хх СҮА улсын дугаартай Истана /SsangYong Istana/ загварын тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатахуун агуулах сав, урд талын гишгүүрийн доод хөндийд улсын хилээр тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлэхээр кодолсон бараа болох 24.9 кг ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү, тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалтад багтах ан амьтны түүхий эд болох цагаан зээрийн 37 ширхэг эвэр зэрэг хориглосон, хязгаарласан эд зүйлсийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн ховор ургамлын жагсаалтад багтсан Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүх хориглосон, хязгаарласан барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд заасан зорилгоос өөрөөр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эдгээр гэмт хэрэгт Н.Г-ыг гэм буруутайд тооцон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүх хохирол нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо Иргэний хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Амьтны тухай хуулийн зохих заалтуудыг баримталж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны зарчимд нийцсэн байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан зээрийн эврийг цаашид ашиглах, хэрэглэх боломжгүй болсон талаар үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх тэдгээрийг устгахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул үүнийг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд 37 ширхэг цагаан зээрийн эврийг улсын орлогод оруулах өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “37 ширхэг цагаан зээрийн эврийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулсугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН