Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 14

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир, 

Улсын яллагчаар Н.Эрдэмбилэг,

Иргэний нэхэмжлэгч М.Б,

Гэрч Н.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Н.Гб нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гбт холбогдох 1730000930071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                    

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

           Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Гб. 

 

      Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Н.Гб нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох “Дэрэвгэр жиргэрүү” гэх 24.9 кг ургамал, 37 ширхэг цагаан зээрийн эврийг 12-57 СҮА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатахуун агуулах сав, урд талын гишгүүрний доод хөндийд нууж 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт дэх боомтоор Монгол улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтанд багтсан “Дэрэвгэр жиргүү” гэх ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Н.Гб шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ургамлын нэрийг мэдэхгүй, 10 сарын 12-нд Дорнод аймгийн нэргийг нь мэдэхгүй танихгүй  залуугаас худалдаж авсан. Энэ жил манай суманд зээр их үхсэн. Зээрийг агнасан зүйл байхгүй, 37 ширхэг зээрийн эврийг хавраас хойш энд тэнд явж байхдаа  түүсэн. Тэгээд хилээр гаргахыг оролдсон. Дээрх зүйлүүдийг хилээр гаргаж болохгүй, хориглосон гэдгийг мэднэ. Ургамал, зээрийн эвэр зэргээ машиныхаа нөөц дугуй шатахууны саван дотор болон хөлийн гишгүүр дор хийсэн. Тухай үед миний унаж явсан машин бол Г гэдэг манай ахын эзэмшлийн машин юм. Г нь бидэнтэй хамт амьдардаггүй, тусдаа гарсан. Мөрдөн байцаалтын үед намайг тулгамдуулсны улмаас би миний эзэмшлийн машин гэж хэлсэн юм... гэв. 

 

  - Иргэний нэхэмжлэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Засгийн газрын тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд орсон. Манай аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн зарим хэсэгт ургадаг. Анагаах ухаанд хэрэглэдэг. Уг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 50.000 төгрөг байдаг. Ургамал нь анх түүсэн үедээ амьд, чийгтэй байсан бөгөөд удах тусам хатаад жин болон чанараа алдана. Уг ургамлыг чийгтэй орчинд хадгалах хэрэгтэй. Зээр нь 2 ширхэг 1 хос эвэртэй тул  2 ширхэг буюу 1 хос эврийг 1 зээр гэж үздэг. Засгийн газрын тогтоолоор зээрийн экологи эдийн засгийн үнэлгээ 50.000 төгрөг бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэхдээ Амьтны тухай хуулиар 2 дахин өсгөж 1 сая төгрөгөөр үнэлдэг. Мөн хуулиар амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулдаг. Ургамал анх 24.9 кг байсан тул 1 кг-ыг 50.000 төгрөгөөр бодохоор 1.245.000 төгрөг, 37 ширхэг зээрийн эвэр нь 19 зээр гэж үзэж нэг зээрийн үнэлгээ 1.000.000 төгрөг гэж бодохоор 19.000.000 төгрөг нийт 20.245.000 төгрөг болж байна. Нотлох баримтыг шинжлэн судлахад зээрийн эврүүд нь өгөршсөн хуучин эврүүд байх тул зээрийн эврийг хохиролд тооцохгүй, 19.000.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзъя. Одоо байгаль хамгаалах сан гэж байхгүй болсон болохоор ургамлын нөхөн төлбөрийг татварын хэлтсийн дансанд оруулах саналтай байна... гэв. 

 

- Гэрч Н.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 1257 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн машин, гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Манай дуу намайг эзгүй байхад унаж яваад ийм асуудалд болсон байна. Би уг машиныг 2 жилийн өмнө Мөнхтулга гэдэг хүнээс 2 сая төгрөгөөр авч байсан. Ер нь истана машин үнэтэй. Би 2014 онд жолооч болсон. Манай дүү намайг ажил хийгээд явсан эзгүй хойгуур ийм асуудал гаргасан байна. Ийм зүйл хийж байгаа талаар би огт мэдээгүй. Өмнө нь хааяа хил гардаг байсан... гэв. 

 

- Гэрч Ж.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 08 сарын 31-ний өдөр Бичигт боомтын хяналтын талбай дээр хуваарийн дагуу хяналт шалгалтаа хийж байхад 15 цаг 50 минутын орчимд Гб гэх жолоочтой Истана маркийн 12-57 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах үед нөөцийн дугуйг тайлуулаад өргөж үзэхэд хэмжээнээсээ илүү хүнд юм шиг санагдахаар нь Бичигт боомтын цагдаа С.Оын хамт Бичигт боомтын лабораторын урд талын талбайд очиж нарийвчилсан шалгалт хийхэд нөөц дугуйнаас нь Дэрэвгэр жиргүү гэх эмийн ургамал 5.5 кг, мөн уг автомашины шатхууны савнаас 19.4 кг дэрэвгэр жиргүү гэх эмийн ургамал, жолооч тал болон эсрэг талын гишгүүр дороос 37 ширхэг зээрийн эвэр илрүүлсэн. Тэгээд илэрсэн зээрийн эвэр, дэрэвгэр жиргүү эмийн ургалам болон уг автомашиныг Бичигт боомтын агуулахад саатуулсан. Эдгээр нь засгийн газрын 173 дугаар тогтоолоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанд ордог юм.... гэх мэдүүлэг /хх-11-12/,

 

  - Гэрч Э.Жын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 08 сарын 31-ний өдөр Бичигт боомтын шалган нэвтрүүлэх 2 дугаар хаалган дээр цагийн манааны үүрэг гүйцэтгэж байх үед 15 цаг 50 минутын орчимд Хилийн 0146 дугаар ангийн Сургалт мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч, хошууч Б намайг лабораторын урд яваад оч гэхээр нь очиход Гб гэх жолоочтой Истана маркийн 1257 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би Хилийн 0146 дугаар ангийн дэд ахлагч Бо, тагнуулын албаны ахмад З, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Онарын хамт уг машиныг шалгахад дугуйнаас нь дэрэвгэр жиргэрүү гэх ургамал, шатахууны савнаас нь мөн адил дэрэвгэр жиргүү гэх ургамал гарч ирсэн. Тэгтэл ахмад З уг машинд үзлэг хийж байхдаа урд талын жолооч болон эсрэг талын гишгүүр дороос зээрийн эвэр гаргаж ирээд хураан авсан. Тэгээд улсын байцаагч Отээврийн хэрэгслээс гарсан зээрийн эвэр болон дэрэвгэр жиргүү гэх ургамлуудыг нь машинд хийгээд боомтын агуулахын зогсоолд саатуулаад би цэрийн байр руугаа явсан.” гэх мэдүүлэг /хх-13-14/

 

- 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 21/А дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, 

- 153 дугаартай Ховор ургамлын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоол /хх-22/, 

- Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Улсын их хурлын тогтоол /хх-23/, 

- Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт, журам шинэчлэн батлах тухай тогтоол /хх24/, 

- Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай Засгийн газын тогтоол /хх-25/

- Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай Сайдын тушаал /хх-44-46/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн Засаг даргын 2017.10.06-ны өдрийн тодорхойлолт /хх-27/

- Н.Гбын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/

           -  Н.Гбын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/ 

           - Эд мөрийн баримтаар тооцох тухай 2017.10.24-ний өдрийн тогтоол /хх-30/

- 01451372 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-34/

- 2017.10.27-ны өдрийн БГД-016 дугаартай Үнэлгээний тайлан /хх-36-38/ зэргийг шинжлэн судлав.

           - 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1257 СҮА дугаартай истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай Мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-35/

  - Ашид Билгүүн ХХК-ний 2017.10.27-ны өдрийн БГД-016 дугаартай Үнэлгээний тайлан /хх-36-38/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Шүүгдэгч Н.Гб нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Бичигт автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 12-57 СҮА улсын дугаартай Истана /SsangYong Istana/ маркын тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатахуун агуулах сав, урд талын гишгүүрний доод хөндийд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтанд орсон Ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан, 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон бараанд багтсан 1211.90.90 кодтой, 1.2450.000 төгрөгийн үнэ бүхий 24.9 кг Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata) гэх ховор ургамал, мөн Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “ Монгол Улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт”-ын 8 дугаарт бичигдсэн ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхийн эд буюу 19.000.000 төгрөгийн үнэ бүхий цагаан зээрийн 37 ширхэг эвэр зэрэг нийт 20.245.000 төгрөгийн үнэ бүхий хориглосон, хязгаарласан эд зүйлсийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтанд орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан: 

- 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийсэн тухай №2 дугаартай акт, гэрэл зургийн үзүүлэлт / Хилийн Бичигт боомтын шалган нэвтрүүлэх 3 дугаар хаалтны гадна талбайд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Ж.О, Цагдаагийн тасгийн ахлагч С.Отгонбаатар нар хамтран Истана маркийн 1257 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шалгалт хийлээ. Шалгалтаар тус тээврийн хэрэгслийн нөөц дугуй болон шатахуун агуулах сав, гишгүүрийн доод хөндий зэрэг газруудад эд зүйл нуун далдалж улсын хилээр гаргахыг завдсан зөрчил илэрлээ. Истана маркийн 1257СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 37 ширхэг цагаан зээрийн эвэр, 24.9 кг дэрэвгэр жиргэрүү эмийн ургамлын үндэсийг дээрх хэсгүүдэд нуусан байна. Эдгээр эд зүйлийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасагт актаар шилжүүлэв/... /хх-3-9/, 

 

- 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21/А дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс нь шүхэртний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Дэрэвгэр жиргэрүү ургамлын олон улсын нэршил буюу латин нэр нь Saposhnikovia divaricatа. Уг ургамал нь Монгол Улсын засгийн газрын тогтоол “Жагсаалт батлах тухай /Ховор ургамлын жагсаалт/” 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №153 тогтоолын жагсаалтын 350 дугаарт бичигдсэн болно... /хх-17/

 

- 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 24.9 кг Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал, 37 зээрийн эврийг эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, /хх-30/

 

- Иргэний нэхэмжлэгч М.Бы хэрэг бүртгэлийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:  Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Засгийн газраас баталсан Ховор ургамлын жагсаалтанд бичигдсэн байдаг. Уг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг үндэс нь 50.000 төгрөг ба 24.9 кг нь 1.2450.000 төгрөг болж байна. Зээрийн эврийг худалдах, худалдан авахыг хориглодог. Зээр нь 2 эвэртэй/хос/ бөгөөд 2 ширхэгийг 1 хос гэж үзэж 1 толгой цагаан зээрээр тооцдог. Засгийн газраас баталсан Ан амьтаны экологи эдийн засгийн үнэлгээний 1-р хавсралтанд зааснаар цагаан зээр/эр/ нь 500.000 төгрөг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэсэн учир 1 толгой цагаан зээрийг 1.000.000 төгрөгөөр тогтооно. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухай зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна “ гэж заасан. Нийт 37 эвэр байгаа учир 19 цагаан зээр агнасан гэж үзэж 19.000.000 төгрөгний хохирол учруулсан байна. Ургамлын үндэс, зээрийн эвэр нийт 20.245.000 төгрөгийн хохирол учирсан “ гэх мэдүүлэг /хх-9/,

 

- Гэрч Ж.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 08 сарын 31-ний өдөр Бичигт боомтын хяналтын талбай дээр 15 цаг 50 минутын орчимд Гб гэх жолоочтой Истана маркийн 12-57 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах үед нөөцийн дугуйг тайлуулаад өргөж үзэхэд хэмжээнээсээ илүү хүнд юм шиг санагдахаар нь Бичигт боомтын цагдаа С.Оын хамт Бичигт боомтын лабораторын урд талын талбайд очиж нарийвчилсан шалгалт хийхэд нөөц дугуйнаас нь Дэрэвгэр жиргэрүү гэх эмийн ургамал 5.5 кг, мөн уг автомашины шатахууны савнаас 19.4 кг Дэрэвгэр жиргэрүү гэх эмийн ургамал, жолооч тал болон эсрэг талын гишгүүр дороос 37 ширхэг зээрийн эвэр илрүүлсэн. Тэгээд илэрсэн зээрийн эвэр, дэрэвгэр жиргэрүү эмийн ургамал болон уг автомашиныг Бичигт боомтын агуулахад саатуулсан. Эдгээр нь засгийн газрын 173 дугаар тогтоолоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанд ордог юм... гэх мэдүүлэг /хх-11-12/,

 

- Гэрч Э.Жын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 08 сарын 31-ний өдөр Бичигт боомтын шалган нэвтрүүлэх 2 дугаар хаалган дээр цагийн манааны үүрэг гүйцэтгэж байх үед 15 цаг 50 минутын орчимд Хилийн 0146 дугаар ангийн Сургалт мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч, хошууч Б намайг лабораторын урд яваад оч гэхээр нь очиход Гб гэх жолоочтой Истана маркийн 1257 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би Хилийн 0146 дугаар ангийн дэд ахлагч Бо, тагнуулын албаны ахмад З, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Онарын хамт уг машиныг шалгахад дугуйнаас нь Дэрэвгэр жиргэрүү  гэх ургамал, шатахууны савнаас нь мөн адил ургамал гарч ирсэн. Тэгтэл ахмад З уг машинд үзлэг хийж байхдаа урд талын жолооч болон эсрэг талын гишгүүр дороос зээрийн эвэр гаргаж ирээд хураан авсан. Тэгээд улсын байцаагч Отээврийн хэрэгслээс гарсан зээрийн эвэр болон Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлуудыг нь машинд хийгээд боомтын агуулахын зогсоолд саатуулсан... гэх мэдүүлэг /хх-13-14/

 

- Шүүгдэгч Н.Гбын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн: Ургамлыг Дорнод аймгийн нэрийг нь мэдэхгүй танихгүй  залуугаас 1 кг-ыг 5000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ жил манай суманд зээр их үхсэн. Зээрийг агнасан зүйл байхгүй, 37 ширхэг зээрийн эврийг хавраас хойш энд тэнд явж байхдаа  түүсэн. Тэгээд хилээр гаргахыг оролдсон. Дээрх зүйлүүдийг хилээр гаргаж болохгүй, хориглосон гэдгийг мэднэ. Ургамал, зээрийн эвэр зэргээ машиныхаа нөөц дугуй шатхууны саван дотор болон хөлийн гишгүүр дор хийсэн. Бичигт боомтын хилээр гарах гэж байгаад гаалийн байцаагч Ошалгалт хийж ургамал болон зээрийн эврийг гаргаж ирээд, хурааж авсан. Надад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Миний хувьд дээрх эд зүйлс БНХАУ-д үнэтэй байдаг гэсэн дам яриа сонссон учир зарчихвал хэдэн төгрөгтэй болох байх гэж бодсон юм” гэх мэдүүлэг /хх-21/ болон хэрэгт нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзсэн болно.

 

  Н.Гбын Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндэс, цагаан зээрийн 37 ширхэг эвэр зэргийг 12-57 СҮА улсын дугаартай Истана /SsangYong Istana/ маркийн тээврийн хэрэгсэлд нууж улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан, дээрх тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна. 

Тодруулбал, Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “ Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт ”-ын 1211.90.90-д, мөн цагаан зээрийн эвэр нь Монгол Улсын Их хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “ Монгол Улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт ”-нд тус тус бичигдсэн бөгөөд шүүгдэгч Н.Гб нь эдгээр улсын хилээр гаргахыг хязгаарлалт тогтоосон, хориглосон барааг машинд нууж хууль бусаар Монгол Улсын хилээр, гаалийн хилээр нэвтрүүлсэн, мөн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтанд орсон ховор ургамалын жагсаалтын 350 дугаарт багтсан Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамалыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улс руу гаргах зорилгоор 2016 оны 10 дугаар сард бусдаас худалдан авч, хадгалан, 2017 оны 08 сарын 31-ний өдөр хилээр гаргахаар машинд нууж тээвэрлэсэн нь хэргийн баримтаар нотлогдох хийгээд шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна. 

 

Шүүгдэгчийн зохих байгууллага, яамнаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх нэр бүхий Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан, хориглосон амьтан, ургамлыг хууль бусаар аргаар олж хадгалан, тээвэрлэж, улсын хилээр гаргасан гэм буруутай үйлдлээс Монгол Улсын ургамал, амьтны аймагт хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “ Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 “ амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ”, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 “ ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамалын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “ байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ ”, 21.3 “ ургамлын нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно ”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “ Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ ”, 37 дугаар зүйлийн 37.2” Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно ” гэж тус тус заасны дагуу хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй болно.

Учир нь дээрх нэр төрлийн амьтан, ургамал нь ердийн эд зүйлээс ялгагдах онцлогтой буюу Дэргэвэр жиргэрүү нь Засгийн газрын 153 дугаартай тогтоолын хавсралтаар ховор ургамалын жагсаалтад орсон, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ховор ургамлын /байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал / ангилалд багтсан, амьтны / зээр/ хувьд хууль бус аргаар олж аван, улсын хилээр нэвтрүүлж амьтны аймагт мөн хор хохирол учруулсан байх тул амьтан, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр хохирол, нөхөн төлбөрийг тооцох нь зөв юм.

Экологи-эдийн засгийн үнэлгээг Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25 “ тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг ”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “ тухайн ургамал, амьтны оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээ ” гэж тус тус томъёолжээ.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтын 399 дугаарт Дэргэвэр жиргэрүүг 1 кг-ыг 50.000 төгрөгөөр, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар цагаан зээр /эр/-ийг 500.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн хийгээд иргэний нэхэмжлэгчээс энэхүү ургамал, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндэс 24.9 кг-ыг 1.245.000 төгрөг, 2 хос зээрийн эврийг 1 толгой зээрээр тооцон 37 ширхэг эврийг 19 толгой зээрээр тогтоож 19.000.00 төгрөг, нийт 20.245.000 төгрөгөөр тус тус нэхэмжилжээ. 

Шүүх Дэргэвэр жиргэрүүг 1 кг-ыг 50.000 төгрөгөөр тооцон 24.9 кг-ыг 1.245.000 төгрөгөөр,  37 ширхэг эврийн 36 ширхэгийг 18 толгой зээрээр тогтоож 18.000.00 төгрөг, үлдэх 1 сондгой эврийг нэг зээрийн тал үнээр 500.000 төгрөгөөр тооцож хохирлыг гаргуулахаар тогтооно.

Иргэний нэхэмжлэгч нь буюу 2 эвэртэй /хос/ амьтан бөгөөд 2 ширхэг эврийг 1 хос гэж үзэж нэг толгой цагаан зээрээр тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна”, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар цагаан зээр /эр/-ийг 500.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 8-д заасан “ цагаан зээр /эр/-ийг 500.000 төгрөг ” гэсэн хуулийн зохицуулалт, журамд нийцнэ. Харин үлдэх нэг эврийг шүүгдэгчид ашигтай байдлаар буюу тал үнээр тооцож нөхөн төлбөр гаргуулна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр цагаан зээрийн /эр / нөхөн төлбөрийн талаар “ Н.Гбын хувьд зээрийг өөрөө агнаж эврийг нь аваагүй. Хөдөө, хээрээс үхсэн зээрийн эврийг түүж авсан. Зарим нь өгөршиж, хуучирсан эвэр байгаа. Амьтны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.3-т “ амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан бол “ гэж байгаа, түүсэн гэж байхгүй. Н.Гбын хувьд цуглуулаагүй, түүсэн. Цуглуулах гэдэг цуглуулга, үзвэр хийх зорилгоор цуглуулахыг ойлгоно” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

Учир нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна ”, 25 дугаар зүйлийн 25.3-т ” Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно ”, 20 дугаар зүйлийн 20.1 “ Амьтны цуглуулгад эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, тэдгээрийн чихмэл, арьс, үс, яс болон амьтны гаралтай бусад зүйлс хамаарна”, 20.2 “ Иргэн, хуулийн этгээдэд ховор амьд амьтны цуглуулга хийх зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно”, 20.3 “ Иргэн, хуулийн этгээдийн амьтны цуглуулгыг гадаадад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу олгоно ” гэж тус тус зохицуулжээ. 

Хуулийн дээрх зохицуулалтуудыг үндэслэвэл, аливаа этгээд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулах, худалдах, худалдан авахад эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл заавал авахыг журамласан хийгээд шүүгдэгч Н.Гб хуулиар тогтоосон эдгээр үүргийг хэрэгжүүлээгүй байна. 

Мөн түүний зээрийн эврийг түүсэн гэх үйлдлийг дээрх хуульд заасан “ цуглуулах ”-ын нэг арга, хэлбэр гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, цуглуулах гэдэгт юмыг энд тэндээс нэг дор бөөгнөрүүлэх, хуримтлуулахыг ойлгох бөгөөд Н.Гбын хувьд зээрийн эврийг хөдөө, гаднаас түүж, авч 37 ширхэг хүртэл бөөгнүүлж, хуримтлуулсан байх бөгөөд үүнийгээ тэрээр үгүйсгээгүй, мөн энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт “ Энэ жил манай суманд зээр их үхсэн. Зээрийг агнасан зүйл байхгүй, 37 ширхэг зээрийн эврийг хавраас хойш энд тэнд явж байхдаа түүсэн. Тэгээд хилээр гаргахыг оролдсон ” гэж мэдүүлснийг дурдах зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Гб дээрх гэмт хэргүүдийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг гадаад улсад зарж борлуулах, ашиг олох зорилгоор бусдаас худалдан авсан хийгээд Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндэс, цагаан зээрийн эврийг улсын хил, гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан гэдгийг мэдсээр атлаа Хятад улсад зарж борлуулан, ашиг олох зорилгоор тусгайлан боож бэлтгэн тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатхууны сав, гишгүүрийн хөндийд нуух зэргээр хилээр нэврүүлсэн байна.

 

          Иймд шүүгдэгч Н.Гбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн/, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн/ гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Н.Гбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Н.Гбт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

         

Шүүгдэгч Н.Гбт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар тогтоолоо. 

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар цагаан зээр /эр/-ийг 500.000 төгрөгөөр тогтоосон, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “ амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухай зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна “ гэсний дагуу 1 толгой цагаан зээрийг 1.000.000 төгрөгөөр тооцон, 36 ширхэг эврийг 18 толгой гэж, үлдэх нэг эврийг дээрх үнэлгээний тал хувь буюу 500.000 төгрөгөөр тус тус тооцож шүүгдэгчээс 18.500.000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалаар батлагдсан Экологи эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр жиргэрүүг 1 кг-ыг 50.000 төгрөг бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Бичигт боомтод Н.Гбын тээврийн хэрэгслээс 24.9 кг ургамал хураагдсан тул ургамлын нөхөн төлбөрийг хэрэг гарах үеийн дээрх жингээр тооцож, 1.245.000 төгрөгөөр хохирлыг тогтооно.

Иймд шүүгдэгч Н.Гбаас зээрийн эвэр, ургамлын нөхөн төлбөрт нийт 19.745.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын төсөвт оруулж, зээрийг эврийг устгахаар тогтоолоо.

Шүүгдэгч Н.Гб нь 24.9 кг Дэрэвгэр жиргэрүү ургамал хураалгасан бөгөөд 2018 оны 01 сарын 10-ны өдөр хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, уг эд мөрийн баримтыг жинлэхэд 11.5 кг болж жин нь буурсан байх ба үүнийг иргэний нэхэмжлэгч, экологич М.Б “ Дэрэвгэр жиргэрүү ургамал нь хугацаа өнгөрөх тусам хатаж жин нь буурдаг “ гэж тайлбарлажээ. Иймээс борлуулах үеийн жингээр тооцож, орлогыг улсын төсөвт оруулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй болно.

 

Н.Гбын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1257 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгчдэгчийн эзэмшлийн бус иргэн Н.Гын өмчлөлийн эд хөрөнгө болох нь 0145372 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрч Н.Гын “ 1257 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн машин, гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Манай дуу намайг эзгүй байхад унаж яваад ийм асуудалд болсон байна. Би уг машиныг 2 жилийн өмнө Мөнхтулга гэдэг хүнээс 2 сая төгрөгөөр авч байсан “ гэх мэдүүлэг зэргээр нотлогдох тул уг тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн иргэн Н.Гад олгох нь зүйтэй болно.

Учир нь Н.Гын хувьд өөрийнх нь тээврийн хэрэгслийг ашиглан гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна “-т гэж заасныг үндэслэвэл, түүний тээврийн хэрэгслийг хураах, үнийг гаргуулж, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, шүүгдэгч Н.Гб гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөрөө хариуцах үүрэгтэй болно.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй “, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг ” Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна “ гэх заасан зарчим, зохицуулалтанд нийцнэ. 

Шүүгдэгч Н.Гб энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно. 

 

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Гбыг хориглосон, хязгаарлалт тогтоосон / Дэргэвэр жиргэрүү, цагаан зээрийн эвэр/ эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ховор ургамал болох Дэргэвэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гбыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн          хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан ялтан Н.Гбт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, нийт 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сараар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Гбт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 49.4.3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ялтан Н.Гбаас дэрэвгэр жиргэрүү өвсний үнэд 1.245.000 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга), цагаан зээрийн үнэд 18.500.000 ( арван найман сая таван зуун мянга ) төгрөг, нийт 19.745.000 ( арван есөн сая долоон зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.5 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндэсийг тухайн үеийн жингээр борлуулж орлогыг улсын төсөвт оруулахаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, 37 ширхэг зээрийн эврийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12-57 сүа улсын дугаартай “SSANGYONG” маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хууль ёсны өмчлөгч болох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн иргэн Н.Гад буцаан олгосугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Гбт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  9. Шүүгдэгч Н.Гб энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 

 

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН