Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0656

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0656

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тус яамны Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтэст барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, иргэдийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие 2005 оноос Эрүүл мэндийн яаманд Мэдээлэл хяналт, шинжилгээ үнэлгээний газарт мэргэжилтнээр орсноос хойш 14 жил тасралтгүй ажиллаж маргаан бүхий тушаал гарахаас өмнө Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтын хэлтэст барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад батлагдсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах Төрийн өмчийн бодлого зохицуулалтын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороонд миний бие гишүүнээр орж ажилласан.

Уг тендерт гомдол гарч гомдлын дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж Т ХХК-ийг шалгаруулж Эрүүл мэндийн яаманд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу барилга угсралтын ажлын гэрээг Т ХХК-тай яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга байгуулсан. Гэвч тус тендерт оролцогч Х ХХК нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан учраас Т ХХК-тай байгуулсан гэрээг түр түдгэлзүүлсэн албан бичгийг яамнаас хүргүүлсэн байдаг. Тус асуудлыг шүүхээр маргалдаж байхад Сангийн яамнаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг дахин хийнэ үү гэсэн албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж эцсийн байдлаар Х ХХК-ийг шалгаруулж Эрүүл мэндийн яаманд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулах тухай албан тоот ирүүлсэн. Тус шийдвэрийн дагуу Х ХХК-тай Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барилга угсралтын ажлын гэрээг байгуулсан.

Энэхүү асуудлаас үүдэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө ажил дээрээ байх үед сайдын (Д.С) туслахаас Т ХХК-иас ирүүлсэн албан бичгийг асуусан. Тус албан бичиг нь надад цохогдож ирээгүй манай хэлтсийн дарга Г.Э дээр тухайн үед байсан. Үүний дараа тус бичгээр Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Э, Хуулийн хэлтсийн дарга М.Г нар сайдын өрөөнд орж уулзсан. Сайдын өрөөнөөс гарч ирээд Г.Э дарга намайг өрөөндөө дуудаж “Х ХХК-тай гэрээ байгуулсан асуудал яригдсан, уг асуудлаас үүдэн сайд чамайг энэ долоо хоногтоо багтаагаад ажлаас нь хал гэсэн үүрэг өгсөн, хуулийн хэлтсийн даргатай одоо ороод уулз” гэсэн.

Үүний дагуу би Хуулийн хэлтсийн дарга М.Гтой уулзахад “Сайд хал гээд дарамтлаад байна, чи өргөдлөө өгчих, өөр ажилд шилжүүлээд өгье” гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яамны аппаратын хурал өглөө 08:30 цагт болсон. Тухайн хурал дээр Сайд намайг “гүйцэтгэгч компаниудтай нийлж хамт архи уудаг, удаа дараа сануулсан, яаралтай арга хэмжээ ав” гэж Төрийн нарийн бичгийн даргад үүрэг өгсөн байдаг. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг З0 минутын үед яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б өрөөндөө дуудаж хуулийн хэлтсийн даргатай уулзсан эсэх талаар асууж улмаар “Сайдын зүгээс халах тушаал гарга гээд байна аа, эргээд чамайг гэрээт ажилтнаар авая, Хуулийн хэлтсийн даргатай дахиад уулзаарай” гэсэн. Энэхүү нөхцөл байдлын дараа 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тушаал гарах юм байна, тэгээд намайг ажлаас халж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл халагдсан тушаалаа 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр яамнаас авахад тушаалд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс үндэслэлгүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгийг баримтлан төрийн албанаас халсан байсан. Бодит байдал дээр ажлаас халсан шалтгаан бол хариуцаж байсан ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсний төлөө удирдах албан тушаалтнуудын дарамтад орж 2019 оны 03-дугаар сарын 29-ний өдрөөс ажилдаа очоогүй, надад ойлгуулахдаа 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тушаал чинь гарна гэж ойлгуулсан.

Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаал нь хууль зүйн огт үндэслэлгүй, өөрсдийн хууль бус үйлдэл, дарамт шахалтаа далдалсан тушаал гэж би ойлгож байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсч байна. Энэхүү нэхэмжлэлийг Төрийн албаны хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор МУ-ын Сайд, ЗГХЭГДарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд нэхэмжлэгчийг дээрх тендерийн асуудалтай холбон буруутгаж, яагаад “Т” ХХК-тай гэрээ байгуулаагүй юм гэсэн асуудлыг ярьсан байдаг. 2019 оны 03 дугаар сарын  26-ны өдөр аппаратын хурал болоход мэргэжилтэн Г.Бийг ажлаа өг, түүнийг гүйцэтгэх компанийн хүмүүстэй нийлж архи уудаг гээд яаралтай арга хэмжээ авах үүргийг Төрийн нарын бичгийн дарга өгсөн, үүнийг гэрч нар нотолдог. Үүнтэй холбоотойгоор Төрийн нарын бичгийн даргатай уулзахад хуулийн хэлтсийн даргатайгаа уулз, танд тодорхой тайлбар өгнө гэж мэдэгдсэн. Хуулийн хэлтсийн даргатай уулзахад сайдаас хал гэсэн тушаал ирсэн. Таныг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас халж байгаа. Таныг эргүүлэн гэрээт ажилтнаар авах боломжтой гэсэн саналыг нэхэмжлэгчид тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл Г.Бд түүнийг 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаас халж байгаа ойлголтыг төрүүлсэн. Цагийг бүртгэлийг харахад нэхэмжлэгч Г.Б нь 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажилдаа яваагүй. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Бийг ажлаас халах тушаал гарсан. Тушаалд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халах шийдвэрийг гаргасан байдаг. Нэхэмжлэгчид 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлаас халж байгаа гэсэн ойлголтыг төрүүлээд түүнээс хойш ажилдаа ирээгүй хугацаанд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Энэ ажиллагаагаа зөвтгөх үүднээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн гэх сонсох ажиллагааны тэмдэглэлийг хариуцагч гаргаж өгсөн. Сонсох ажиллагааны тэмдэглэлд зөвхөн Хуулийн хэлтсийн дарга н.Г гэсэн гарын үсэг байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.Б оролцсон эсэх нь тодорхойгүй бөгөөд тухайн өдөр Г.Б нь яаман дээр очоогүй болох нь Төрийн тусгай хамгаалалтын газрын албан бичгээр нотлогдож байгаа. Г.Бд түүнийг ажлаас халсан гэдэг ойлголтыг төрүүлж, ажилдаа ирээгүй хугацаанд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэдэг шалтгаанаар ажлаас халсан. Энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г.Б нь тус яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/148 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/337 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэхгүйгээр ажил тасалсан тул цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Г.Бтэй Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга М.Г уулзаж сонсох ажиллагааг хийсэн бөгөөд сонсох ажиллагааг хийснээс хойш ажлаас халах тушаал гараагүй байхад Г.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 9 хоног ажил тасалсан байна. Энэ нь Эрүүл мэндийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 10.8.5 -д заасан /хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын хоёр ба түүнээс дээш хоног ажил тасалсан/ сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9, Яамны хөдөлмөрийн дотоод журмын 10.8.5-г үндэслэн Г.Бийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч дутуу ойлголтой байснаас ийм байдалд хүрсэн байна. Хариуцагч асуудлыг эергээр шийдвэрлэж өгөх боломжгүй юм уу гэсэн байр суурьтай байна. Г.Б нь ажиллаж байх хугацаандаа өөр ажилд шилжин ажиллах тухай хүсэлтээ өгч байсан. Тухайн үед энэ асуудлыг шийдвэрлэж болоогүй юу. Одоо асуудлыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрлэж өөр ажилд шилжүүлэн ажиллуулах боломжийг судалж үзэх” гэв.

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргийг харьцуулан судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Б нь тус шүүхэд “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тус яамны Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтэст барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Яамны эрх бүхий албан тушаалтнууд намайг зөрчил гаргасан гэх үндэслэлээр өөр ажилд шилжүүлнэ, эсвэл гэрээт ажилтнаар ажиллуулахаар санал тавьж улмаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тушаал чинь гарна гэж ойлгуулсан....гэтэл тушаалыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргахдаа “2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс ажил тасалсан” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч “...тушаал гараагүй байхад ажилдаа ирээгүй, ажлаа орхиж явсан сахилгын зөрчил гаргасан тул ажил тасалсан гэж үзсэн..., сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан...” гэж тайлбарлан эс зөвшөөрч маргаж байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар “Ажлаас халах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, яамны Хөдөлмөрийн дотоод журмын 10.8.5-д заасныг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэхгүйгээр 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс ажил тасалсан гэх үндэслэлээр Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтэст барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Бийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, мөн зүйлийн 48.1.З-д “төрийн албанаас халах” гэж, мөн зүйлийн 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж  тус тус заажээ.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан, Эрүүл мэндийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.8.5-д “хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын хоёр ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

 Төрийн албаны тухай хуульд үндэслэн гарсан, “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулна” 1.3.1-т “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 1.3.2-т “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн”, 1.3.3-т “хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй” гэж, 1.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална”, 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно”, 3.1-д “Шалгагч албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг...томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 3.3-д “Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, гэм буруугийн...хэлбэр,..албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал...зөрчил гаргаж байсан эсэх...зэргийг харгалзаж үзэх”-ээр тус тус нарийвчлан зохицуулжээ. 

Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Г.Бийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан атлаа ийнхүү төрийн албанаас халахуйц зөрчил гаргасан болохыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг “...тендер шалгаруулалтын явцад зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас халсан уу, эсхүл “2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж үзэж 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр халсан уу гэдэг нь ойлгомжгүй байна.

Тухайлбал, хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Сонсох ажиллагааны тэмдэглэл” гэх 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.Бийг яг ямар зөрчлийн улмаас хэдний өдрөөс эхлэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар тодорхой тусгаагүй, тэмдэглэлд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байх ба нэхэмжлэгч “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр аппаратын хурлын дараа тендертэй холбоотой асуудлаар зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагдах болсноо яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Э болон Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.М, н.Б нараас мэдсэн, сонсох ажиллагаа хийгээгүй...”, “2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төрийн нарийн бичгийн дарга өрөөндөө дуудаад чамайг хална, хуулийн хэлтсийн даргатай уулз, гэрээт ажилтнаар дахиад авна гэсэн” гэж маргасан.

 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж, 27.6-д захиргааны байгууллага нь сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгаснаа...баримтжуулах”-аар заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгчийг ямар зөрчлийн улмаас сахилгын шийтгэл ногдуулж байгааг тодорхой дуулгаж, энэ талаар тайлбар нотлох баримт гаргаж өгөх боломж олгох ёстой атал тэмдэглэлд энэ талаар тусгаагүй, нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулаагүй, зөвхөн Яамны хуулийн хэлтсийн дарга гарын үсэг зурсан нь сонсох ажиллагаа хуульд заасан зохих журмын дагуу явагдсан гэж үзэхгүй, түүнд тайлбар санал гаргах боломж олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн лавлагаанд Эрүүл мэндийн яамны байрны нэвтрэлтийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэлд Г.Б бүртгэгдээгүйг тодорхойлсон, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.М шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ “...2019 оны 3  сарын 26-ны хуралд суусан, Бийг өөр ажилд шилжүүлж байгаа...гэж яригдсан...”-ыг мэдүүлсэн ба эдгээр үйл баримттай хариуцагч маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий тушаалыг гаргаж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийг “ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажил тасалсан” зөрчил гаргасан гэж үзсэн үү, эсхүл тендер шалгаруулалт явуулахдаа албаны чиг үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзсэн үү гэдэг нь тодорхой биш байхаас гадна төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ажиллагааг хууль болон журамд заасны дагуу бүрэн гүйцэд хийгээгүйгээс нэхэмжлэгчийн зөрчил гаргасан гэх нөхцөл байдал нь хангалттай тогтоогдоогүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас халахаар шийдвэр гаргасан, ийнхүү шийдвэр гаргахаас өмнө энэ талаар сонсох ажиллагаа явуулсан эсэх үйл баримтыг тогтоохын тулд “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д заасан ажиллагаануудыг бүрэн хийж зөрчлийг шалган тогтоох ёстой ба энэ ажиллагаа нь захиргааны байгууллагын өөрийнх нь чиг үүргийн асуудал бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагч захиргааны байгууллага нь дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь  дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаал хүчингүй болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.6, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг тус тус баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар бүхий “Ажлаас халах тухай” тушаалыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар бүхий “Ажлаас халах тухай” тушаал хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН            

    ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

       ШҮҮГЧ                         Г.МӨНХТУЛГА