Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0250

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй  захиргааны хэргийн тухай

           

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тус яамны Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтэст барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний зүгээс “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тус яамны Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн Барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэд хэдэн гэрчийг асуулгах хүсэлт гаргасан. Тухайлбал тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Б-ийг асуулгаж үнэн бодит нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн ч гадаадад сурахаар яваад, буцаж Монгол улсад ирээгүй гэх үндэслэлээр гэрчээр асуулгах боломжгүй болсон.

Миний гаргаж байгаа гол үндэслэл бол Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын Б/70 дугаартай тушаал дээр дурдаж байгаа шиг ажлаа тасалж, хаяж явсан зүйл байхгүй. Үндсэн болсон асуудал бол 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яамны системийн буюу бүх ажилчдын хурал дээр сайд Д.С миний асуудлыг хэлэлцэж, энэ хүнийг ажлаас хал гэж Төрийн нарийн бичгийн даргад үүрэг өгсөн. Учир нь миний хувьд яамны барилгын хөрөнгө оруулалтын асуудал буюу үндсэндээ тендерийн асуудлуудыг хариуцсан ажиллаж ирсэн.

Сайд шинээр томилогдсон цагаас эхлэн надад ажлын шахалт үзүүлж, дарамт ирж байсан тул 2018 оны 09 дүгээр сард өөр ажил, албан тушаалд шилжүүлэх хүсэлт гаргасан шийдвэрлээгүй. Мөн 2019 оны 2 дугаар сард 1 сарын хугацаанд сургалтанд суух чөлөө олгох хүсэлт гаргасан ч хэлтсийн дарга ажил ихтэй байхад ажил цалгардуулах гээд байна гэж загнаад надад чөлөө өгөөгүй байдаг.

Сайд Д.С намайг халах үүрэг даалгавар өгөх шалтгаан болсон 2018 онд болсон Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороонд Г.Б миний бие орсон. Энэхүү тендерт “Т Ч” ХХК шалгарсан. Түүнтэй өрсөлдсөн “Х Ч” ХХК шүүхээр маргасан. Энэ асуудлаас болж мөн би Авлигатай тэмцэх газарт удаа дараа дуудагдаж байцаалт өгч байсан.

Хамгийн сүүлд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Х Ч” ХХК-тай гэрээ байгуул гэсэн мэдэгдэл 2019 оны 01 дүгээр сард яаманд ирсний дагуу би албан бичгийг төлөвлөн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн даргаар гарын үсэг зуруулж “Х Ч” ХХК-д хүргүүлсэн. Үүнийг сайд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдэж уурласан. Ингээд 25-ны өдөр сайдын туслах надаас явуулсан бичиг баримтуудыг авсан. Сайд уурлаж байгааг би ойлгосон. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өглөө би ажилдаа ирсэн. Хуралд орох гэж байсан ч сайд хуралд орно гэхэд айсан. Учир нь сайд энэ асуудал дээр “Т ч” ХХК-тай гэрээ байгуулах сонирхолтой гэдэг нь надад илт мэдрэгдэж байсан тул миний бие Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон шүүхийн шийдвэрийг биелүүлсний төлөө асуудалд орсон гэдгээ ойлгосон. Тэгээд хуралд ороогүй, хурлаас гарч ирсэн хүмүүс сайд их ууртай байна. Чамайг хал гэж Төрийн нарийн бичгийн даргад үүрэг өглөө гэсэн.

Ингээд Төрийн нарийн бичгийн дарга өрөөндөө дуудаж уулзаад нөхцөл байдлыг ойлгож байгаа биздээ. Чи өргөдлөө өгөөд, 29-ний өдрөөр дуусгавар болгоод ажиллаасаа гар. Дараа нь өөр ажилд шилжүүлж томилж болох байх гэж хэлсэн.

Үүний дараа манай хэлтсийн дарга болон хуулийн хэлтсийн дарга нартай уулзахад өргөдлөө өгөөд гар. Гарсны дараа агентлагт мэргэжилтэн болгож өгнө гэж амлаад байсан. Ажил хийх огт боломжгүй, ажлаа өгөөд яв, өргөдлөө өг гэж шахаад байсан тул арга буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилладаг хүндээ файл буюу баримтуудаа хүлээлгэж өгсөн.

Шүүхээс ажил хүлээлгэж өгсөн акт, баримт хүссэн гэвч яамны албан тушаалтнууд намайг ажлаа хүлээлгэж өг гэсэн ч хэнд хүлээлгэж өг гэж огт тодорхой хэлдэггүй. Зүгээр өргөдлөө өг гэж байнга уулзаж дарамтлах болсон.

Хуулийн хэлтсийн дарга гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн уулзсан, өргөдлөө өгөх үү гэж хэлж байсан. Мөн манай хэлтсийн дарга бас өргөдлөө өгөөд гарсан дээр гэж хэлсэн гэдгээ мэдүүлэгт хэлсэн. Яагаад зүгээр ажиллаж байсан хүнийг дарга нар нь удаа дараа уулзаж өргөдлөө өг гэж шахаад байгаа дээр шүүх анализ хийгээгүй.

Хэргийн чухал гэрч мэдүүлэг авах боломжгүй болсон, мөн бусад гэрчүүд огт мэдүүлэг өгөхийг хүсэхгүй байгаа учир нь Д.С сайд ажиллаж байгаа учир дарамтанд орно гэж үзэж байгаа учир гэрчийн мэдүүлэг өгөхөөс зугтааж, татгалзаж байна.

Мөн хэрэгт Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажлаа тасалсан мэт жүжиг зохион шүүхэд хүндэтгэлгүй хандсан. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө удаа дараа дайрч, шүүхийг үл хүндэтгэсэн, гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэж мөн хэрүүл хийсэн. Үнэндээ бол Монгол Улсын шүүх тухайн хүнийг гэрчээр дуудсан байхад ийнхүү дээрэнгүй аашилж, худал мэдүүлэг өгч, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн нөхцөлд ядаж зөрчлийн арга хэмжээ авахгүй явуулсан байдаг.

Шүүх хурлын үеэр өмнө 2018 оны, 2019 онд гаргасан миний өргөдлүүдийг яаж шийдвэрлэсэн талаар Эрүүл мэндийн яамны төлөөлөгчөөс асуухад Хүний нөөцийн мэргэжилтнээ гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Манай өмгөөлөгч мөн гэрчээр асуулгах хүсэлтийг дэмжсэн юм билээ. Манай өмгөөлөгч гэрчээр Эрүүл мэндийн яамны Хүний нөөцийн мэргэжилтнийг асуулгахыг дэмжсэний дараа тусгайлан болгож, зөвхөн та энэ хүнийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна уу гэж асуусан юм билээ. Миний хувьд сонсголын бэрхшээлтэй бөгөөд шүүгчийн асуусан асуултын сайн сонсож чадаагүй, мөн юу асуугаад байгааг нь ойлгоогүй тул санаа зовсондоо үгүй гээд хэлсэн. Гэтэл өмгөөлөгч яагаад гэрч асуулгахаас татгалзаж байгаа юм бэ гэхэд нь би тийм зүйл ярьсан юм уу гэж тухайн үед хэлсэн.

Би шүүгчид болон өмгөөлөгчдөө сонсголын бэрхшээлтэй, сайн сонсож чадахгүй гэдгээ хэлээгүй байснаас болоод энэ асуултыг сонсож ойлгож, чадаагүй юм байна гэдгээ сүүлд ойлгосон.

Хэргийг шийдвэрлэхэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон хүний нөөцийн мэргэжилтнүүдээс асууж нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримт дахин бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 908 дугаар шийдвэртэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/70 дугаартай тушаал нь хууль хэрэглээний хувьд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгийг баримталж гарсан байна.

Төрийн албан хаагчийг ажлаас халж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримтлах ёстой бөгөөд төрийн албан хаагчийг халах үндэслэлийг мөн зүйлд нэрлэн заасан байна. Харин сахилгын шийтгэл ногдуулж буй бол 48 дугаар зүйлийг тус тус баримтлахаар байна. Энэ тохиолдолд тухайн тушаал нь “сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэсэн агуулгаар гарах ёстой байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй, уг тушаалд дурдагдаагүй үндэслэлийн талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь маргаан бүхий тушаал нь Г.Б-ийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9 өдрийн ажил тасалсан гэсэн 1 үндэслэлээр гарсан байхад урьд өмнө нь Г.Б алдаа дутагдал гаргаж байсан гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

Мөн төрийн албан хаагчийг ямарваа нэгэн алдаа дутагдал гаргасан, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиргааны зүгээс халах, сахилгын шийтгэл ногдуулах, чөлөөлөх эрхтэй. Гэхдээ энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллага хуульд заасан журмыг баримталж, хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гаргах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” мөн зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахдаа дээрх зарчмын хэрэгжилтийг хангах ёстой.

Хэрэгт “сонсох ажиллагааны тэмдэглэл” гэсэн нотлох баримт авагдсан байх боловч тухайн баримтад Г.Б гарын үсэг зураагүй төдийгүй, энэхүү баримтыг үгүйсгэж сонсох ажиллагаа огт болоогүй тухай мэдүүлжээ. Иймд шүүх “нотлох үүрэг”-ийнхээ хүрээнд дээрх нотлох баримтыг үнэн зөв эсэхийг шалгах шаардлагатай байна. Тодруулбал тухайн өдөр Г.Базархүрэл нь Эрүүл мэндийн яам дээр очсон эсэхийг яамны камерийн бичлэгийг авах замаар нотлох бүрэн боломжтой.

Мөн Г.Б-ийн халагдах гол үндэслэл бол “Х ч” ХХК болон “Т ч” ХХК-ийн тендер шалгаруулалт гэж тайлбарлаж байх бөгөөд Эрүүл мэндийн сайдаас “Г.Б-ийг хал” гэсэн чиглэл өгсөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчээс тодорхой он сар өдөртэй нь хэлж, холбогдох нотлох баримтыг гаргуулахыг хүссэн байна. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн яамны хурлын тэмдэглэлийг шүүх нотлох баримтаар гаргуулахаар хандахад эхний удаа хариуцагчаас “тухайн өдрийн хурлын хөтөлбөр”-ийг ирүүлсэн, дахин шаардахад “байхгүй” гэсэн хариу ирүүлжээ. Иймд тухайн яамны хурлын тэмдэглэл хөтөлдөг албан тушаалтыг гэрчээр асуух, 2019 оны баримтууд архивт шилжсэн бол үзлэг хийх замаар уг нотлох баримтыг гаргуулан авах боломжтой байна. Ингэснээр тодорхой алдаа зөрчил гаргасан учраас Г.Б-ийг ажлаас халсан, эсхүл сайдын тушаасны дагуу тодорхой зөрчлийг зохиомлоор бий болгох замаар Г.Б-ийг халсан эсэх гэдгийг тогтоох боломжтой юм.

Мөн нэхэмжлэгч Г.Б-ийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халаад, дахин 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тушаал гаргасан гэх асуудлыг тодруулахын тулд Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар болон 04 дүгээр сарын тушаалуудад үзлэг хийх шаардлагатай.

Шүүхийн зүгээс нэр бүхий 2 этгээдийг гэрчээр асуусан боловч тухайн этгээдүүд нь хэрэгт албаны сонирхолтой, тухайн маргаан бүхий тушаалыг гаргахад оролцсон албан тушаалтнууд байх тул дан ганц дээрх гэрчийн мэдүүлгээр үйл баримтыг бүрэн тогтоох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн мэдүүлж буй н.М, н.Б /одоо болтол яаманд ажиллаж байгаа гэх/ нарыг гэрчээр асуух нь ач холбогдолтой байж болохоор байна.

Мөн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “ажлын хэсгийн мэдэгдэл” гэх баримтыг нотлох баримтаар авч ирэхээр болж, тухайн нотлох баримтыг ач холбогдолтой гэж үзээд шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Гэвч “хэвлэмэл байдлаар алга байна, компьютерт байна” гэсэн тайлбарыг хариуцагчийн зүгээс хэлсэн. Шүүх тухайн баримтыг нотлох баримтаар авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Нэгэнт шүүх өмнө нь шаардлагатай гэж үзээд нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан тул тухайн баримтыг хадгалагдаж байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлсэн компьютероос нь хэвлэн авч хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон