Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2021/00359/и

                                

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух, ... овогтой Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... багт оршин байгаа, ДУА-гийн ... сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдох,

 

“2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/10, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, сургалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

“Миний бие Ц.Ц нь ... дүгээр сургуулийн бага боловсролын сургалтын менежерээр тасралтгүй 12 жил ажилласан. Боловсролын салбарт 31 жил, сургалтын менежерээр тасралтгүй 20 жил ажилласан. Мэргэжлийн зөвлөх зэрэгтэй, Боловсрол судлалын магистар, Бага ангийн багш мэргэжилтэй билээ. Би тус сургуульд ажиллах хугацаандаа 5 дахь захиралтайгаа баг болон ажиллаж байгаа бөгөөд аль ч захиралтайгаа үзэл бодол, саналын зөрүүтэй үл ойлголцол үүсгэж байгаагүй. Ямар нэгэн сахилгын шийтгэл, хариуцлага хүлээж байсан тохиолдол огт байхгүй. Гэтэл 2021.03.29-ний өдөр сургуулийн захирал Т.О ... дугаартай “Ц.Цг ажлаас чөлөөлөх тухай” гэх тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 38.1.1 гэх заалтуудыг үндэслэн Ц.Ц-г өөрийнх нь хүсэлтийн үндэслэн 2021.04.06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн тушаал гаргаж сургалтын менежер намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалыг миний бие гардан аваад эс зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь сургуулийн захирал Т.О 2021.03.06-ны өдрөөс 2021.03.29-ний өдрийг хүртэл бүхэл бүтэн 20 гаруй хоног намайг өөрийн албан тушаал, эрх мэдлээ ашиглан сэтгэл зүйн маш хүнд дарамтад оруулж улмаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдмөөр байна гэсэн агуулга бүхий хүсэлтийг өөрөө засаж янзлан, зааж зааварлан бичүүлж авсан юм. Тэгээд тус хүсэлтдээ үндэслэж намайг өнөөдөр ажилгүй болгож хөдөлмөрлөх эрхийг минь бүдүүлгээр зөрчөөд байна. Ингэж дарамт шахалтад оруулах болсон гол шалтгаан нь гэвэл 2021.03.06-ны амралтын өдөр болох бямба гарагт захирлаас зөвшөөрөл аваад сургуулийн 1-р давхрын зүүн жигүүрийн хувцасны өлгүүрийг шинэчлэн засварлах ажлыг сумын засаг дарга Т-д хүсэлт тавьж санхүүжилтийг нь дэмжүүлэн шийдүүлсэн тул санаачлан хийсэн. Уг засварт сургуулиас ямар ч хөрөнгө мөнгө гаргаагүй бөгөөд шинэлэг санаачилгатай ажил болсон юм.

...2021 оны 03 дугаар сарын 06-ны амралтын өдөр хичээл орж сургуулийн хүүхдүүд цуглахаас өмнө амжуулж засвараа хийж дуусгая гэсэн сэтгэлээр багш нараа зохион байгуулж өөрөө болон бусад багш нар ажиллах бус амарч байх ёстой цагаар уг ажлыг хийсэн. Ажлаа амжилттай хийж дуусгаад багш нарын авч ирсэн хоол цайг идэж амарч байхдаа хийсэн ажлынхаа үр дүнг харж ажлын бус цаг тул ёс болгож багшийн авч ирсэн архийг тус өдөр ээлжид гарч байсан сургуулийн жижүүр Д.С-д хэлж зөвшөөрөл аваад 10 багшийн хамт задалж уусан. Гэтэл гаднаас сургуулийн захирал Т.О гадуур мартын 8 тэмдэглэж яваад гэнэт орж ирж бид үг дуугүй тарцгаасан. Бид ямар нэгэн байдлаар архидан согтуурч хэл ам, зөрчил гаргаагүй хэдий ч архи задалсан асуудлаа хаацайлан өмөөрөхийг хүсээгүй тул бүх үйл явдлыг бодитоор нь илтгэж уучлал хүсэж энэ асуудлыг сургуулийн дотоод журам, хамт олон, захирлын зөвлөлийн хурлаар хэрхэн шийдвэрлэж шийдвэр гаргана миний бие тус шийдвэрийг нь хүндэтгэн хүлээн авна гэсэн бодолтой байсан.

Гэтэл сургуулийн захирал Т.О тус асуудал дээр анхнаасаа хувийн сонирхолтойгоор хандаж тухайн өдөр байсан нэр бүхий 10 багш ажилтнаас 4 хүнийг буюу намайг болон жижүүр Д.С, багш Б.Д, Г.Б нарыг онцгойлон арга хэмжээ авах тухай ярьж шалгаж эхэлсэн. Тэгээд та дөрвийг ажлаас халах шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэж байсан. Гэхдээ бидэнд албан ёсны тушаал огт гардуулаагүй 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болсон үйл явдлыг хэлэлцэж халахаас өөр төрлийн сануулах, цалингийн хувь хасах шийтгэл ногдуулах нь зөв гэх шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан байдаг. Гэтэл Т.О хамт олны уламжилсан санал, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үл харгалзаж өөрийн хувийн сонирхлоор асуудалд хандаж 5 хүнийг онцгойлон үзэж арга хэмжээ авсан бөгөөд түүний дундаас сургалтын менежер Ц.Ц намайг ажлаа өг гэж янз бүрээр дарамтлах болсон. Дараах нөхцөл байдлаас болж би маш их сэтгэл санааны дарамтад орж байсны үндсэн дээр түүний хэлж зааж өгсөн хүсэлтийг өөрөө хүсээгүй ч бичиж өгөхөөс аргагүй байдалд орсон. Үүнд:

-2021 оны 03 дугаар сарын 22-ноос 5 хүний халах тушаал гарсан хэмээн айлган сүрдүүлсэн,

-Ц.Ц намайг бусад багш нараа бод, өөрөө өргөдлөө өгвөл бусад 4 хүнд цалингийн арга хэмжээ аваад үлдээе гэсэн ятгалгыг өөрөө болон СНА, менежер, багш, ажилтан Д.С-гийн охиноор хүртэл утсаар яриулах зэрэг шахалтуудыг үзүүлсэн.

-Чи ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчих би ЕБ-ын 1 сургуулийн захиралтай нь ярьсан, сургалтын менежерээр оруулж өгнө чи битгий санаа зов гэх зэргээр хууран мэхлэх байдлаар мөн сэтгэлзүйд нөлөөлсөн,

-Ямар нэгэн арга хэмжээ авсан тушаал гаргаагүй, гардуулаагүй байж цалин хасаж бичих, ажил хүлээлцэх комисс томилсон мэтээр дарамталсан,

-Жижүүр Д.С-г 2 удаа ээлжид нь гаргаагүй, мэргэжлийн зэрэг хураана, төрд гурван жил ажиллах эрхгүй болгоно энэ олон хүмүүсийг хоолноос нь салгаж байснаас чи хүсэлтээ өгчихвөл би эднийг уучилна гэх мэт байгууллага удирдаж буй төрийн албан хаагч, захирал хүнд байж боломгүй бүх дарамт шахалтуудыг олон янзаар хийж, намайг сэтгэл зүйн хүнд дарамтад оруулсан. Мөн энэ асуудлыг хууль, журмын дагуу шийдэхгүй, захирлын дэргэдэх хурлын шийдвэр гарчхаад байхад албаар удаашруулж, намайг олон удаа янз бүрээр дуудан уулзаж, залхааж дарамтлах байдлаар миний өөрийн хүсэлтийг бичүүлж авах гэж маш их улайрсан.

Ингээд бүр арга буюу миний бие 2021 оны 03 дугаар сарын 29-нд захирал Т.О-гийн зааж хэлж өгснөөр өргөдлийг эрүүл мэндийн шалтгаанаар гэж бичүүлсний дагуу бичиж өөрт нь өгсөн. Т.Ог-ийн энэхүү үйлдэл нь захирал хүнд байж боломжгүй үйлдэл төдийгүй дэлхий нийтийг айдаст автуулж буй Ковид-19 цар тахлын хүнд цаг үед захирал хүний чин шударга занг умартаж намайг сэтгэлзүйн дарамтад оруулж хууль бус тушаалаар ажилгүй болгосонд маш их гомдолтой байна. Энэ хүнд цаг үед хүн халж, хүн нэмж ажилд авч болохгүй талаар төрийн эрх бүхий байгууллагаас чиглэл заавар ирсэн байхад намайг ажлаас халахтай зэрэгцээд 2021 оны 03 дугаар сарын 09-нд шинэ нийгмийн ажилтан, 2021 оны 04 дүгээр сарын 01-нд диспетчер багш шинээр авсан нь “төсөв хэмнэх” төрийн бодлоготой зөрчилдөж зөвхөн өөрийн хувийн сонирхлоор хууль бус шийдвэр гаргаж байгааг нь илэрхийлж байна гэж бодож байна.

...Ажилтны ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэдэг нь сайн дурын үндсэн дээр шахалт, дарамт тэр дундаа ажил олгогчийн хараа хяналтаас ангид гаргасан хүсэлтийг ойлгодог атал дарамтад оруулж, зааж, хэлж бичүүлсэн хүсэлтээ үндэслэж намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хөдөлмөрийн тухай хуулийн ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Надад ямар нэгэн тэр хүсэлтэд бичигдсэн шиг ажлаас чөлөөлөгдөх эрүүл мэндийн шалтгаан гэх зүйл огт байхгүй, гэтэл хүсэлтдээ тэгж бичих болсон нь захирал Т.О-гийн хэлж өгсөн зохиомол шалтгаан болох нь тодорхой байгаа юм.

...миний бие хууль бус тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнөөр хөдөлмөрлөх эрхээ ноцтой зөрчүүлээд зогсохгүй 2022 онд 5 жил тутамд олгодог тэтгэмжээ авах эрхээ хүртэл алдаж хөдөлмөрөө төр засгаар шударгаар үнэлүүлэх боломжгүй байдалд ороод байна.

... сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

...нэгэнт шүүхэд хөдөлмөрийн маргаан үүсч хуулийн дагуу хэрэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа тул сүүлд нөхөж гаргаад, анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж ирсэн уг ... дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна” гэв.

 

Хариуцагч ... сумын ... дүгээр сургууль нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Иргэн Ц.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй болно” гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ... сумын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ...  дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч ДУА-гийн ... сумын Ерөнхий боловсролын ...дүгээр сургуульд холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ..., 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулж, сургалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, “...тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс .... сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай тушаалыг анх харж, танилцсан. Гэтэл хариуцагчийн зүгээс тус тушаалыг тухайн үед гаргаж, танилцуулсан мэтээр ямар ч үндэслэлгүй тайлбар хэлдэг бөгөөд тухайн тушаал албан ёсоор танилцуулагдаагүй тухай гэрчийн мэдүүлэг болон танилцуулсан тухай албан ёсны баримт байхгүй байгаагаар нотлогддог. Нэгэнт шүүхэд хөдөлмөрийн маргаан үүсч шүүх хуулийн дагуу хэрэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа тул сүүлд нөхөж гаргаад, анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж ирсэн...” гэх үндэслэлээр тус сургуулийн захирлын  ... дугаартай  “Ц.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргасан болно.

 

Хариуцагч ... сумын ... дүгээр сургуулийн захирал Т.О нь  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Ц.Ц багш нь ажлын байрандаа архи ууж, ноцтой зөрчил гаргасан. ...түүний архи уусан зөрчил дээр арга хэмжээ авч 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тушаалаар Ц.Ц багшийг ажлаас чөлөөлсөн. ...Тэгэхээр .... дугаартай тушаалыг ... дугаартай тушаал гарсны дараа нөхөж гаргасан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Ц.Ц багш нь надаас удаа дараа гуйж, тэрээр ... хот руу шилжих гэж байгаа, ... хотод очоод ажилд ороход намайг ийм тушаалтай бол ажилд авахгүй гэсэн тул ... дугаартай тушаалыг гаргасан. Ц.Ц-г ... дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Б.Ц нь ДУА-гийн ... сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ... тушаалаар бага ангийн сургалтын менежерийн үүрэгт ажилд томилогдсон байна. /хх-66/

 

ДУА-гийн ... сумын Ерөнхий боловсролын ...дүгээр сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай “Ц.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Засгийн газрын 258 дугаар тогтоолын 1.7, Байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1, 10.3 дахь заалтыг үндэслэн тус сургуулийн сургалтын менежер Ц.Ц нь 2021 оны 03 дугаар 06-ны өдөр ажлын байрандаа архидан согтуурч ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлж” /хх-86/

Мөн тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай “Ц.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1 заалтыг тус үндэслэн тус сургуулийн сургалтын менежер Ц.Ц-г өөрийнх нь хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж” /хх-83/ тус тус шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл тус сургуулийн сургалтын менежер Ц.Ц-г хоёр өөр үндэслэлээр, хоёр удаа түүнийг ажлаас чөлөөлсөн тус сургуулийн захирлын ..., ... дугаартай тушаалууд гарсан бөгөөд ажил олгогчоос нэг ажилтныг өөр өөр үндэслэлээр хоёр удаа ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд ажил олгогчийн гаргасан шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг учраас хариуцагчийн гаргасан ..., ... дугаартай тушаалуудын аль нь бодит байдал дээр Ц.Ц-г ажлаас нь чөлөөлсөн үр дагавар үүсгэснийг тогтоож, тухайн тушаалын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан гэрч Г.И-ын “...Хоёр ч удаа хурлаар авч хэлэлцэж ярилцсан. Тэгээд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгнө гэсэн. ...Ц.Ц багш өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг...” /хх-88-89/ гэх, гэрч Ц.Э-ийн “...дугаартай тушаалыг захирал өөрөө танилцуулсан байх гэж бодож байна. Сүүлийн ... дугаартай тушаалыг би танилцуулж, өөрөөр нь гарын үсэг зуруулсан...” гэх /хх-90-91/, гэрч Ц.О-ны “...Ц.Ц багшийн цалин тооцоог захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар тушаалын дагуу хийж гүйцэтгэсэн. Захирлын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай тушаалыг би мэдэхгүй байна...” гэх /хх-115/ мэдүүлгүүд зэргээс үзэхэд тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай тушаалаар Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

Тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилснаар цуцална” гэсэн зохицуулалтаар буюу хэрэгт авагдсан Ц.Ц-гийн бичгээр гаргасан “...эрүүл мэндийн байдалд тодорхойгүй хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарсан тул нөхцөл байдлыг харгалзан үзэж намайг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн гарсан байна. /хх-57/

Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулгатай ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг хүсэлтийг гаргах болсон учир шалтгаан болон ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байгаа эсэх, ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдлийг гаргасан эсэхийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэнэ.

 

Хэрэгт авагдсан Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус сургуулийн захирал Т.О-д хүргүүлсэн  2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/07 дугаартай “Тус сургуулийн сургалтын менежер Ц.Ц-гаас, сургуулийн ҮЭХ-д ирүүлсэн өргөдлийг тэргүүлэгчид хэлэлцээд дараах шаардлагыг хүргүүлж байна. С/м Ц.Ц нь захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба өргөдөлд дурдсанаар захирал өөр ажилд оруулж өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл ажилгүй байна.

Энэ нь тухайн хүний нийгмийн даатгалын шимтгэл тасрах, улмаар төрд олон жил ажилласны нэмэгдэл хойшлох зэрэг хохиролтой байгаа тул нөхцөл байдлын харгалзан үзэж с/м Ц.Ц-г өөрийнх нь хүсэлтээр албан тушаал буруулан энэ хичээлийн жилийг дуустал багшаар ажиллуулна уу...” гэсэн албан бичиг /хх-61/, “А.х” ӨЭМТ-ийн “...өрхийн эмчийн хяналтад байдаггүй нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-135/ зэрэг баримтаар нэхэмжлэгч Ц.Ц нь ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Иймд тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул нэхэмжлэгч Ц.Ц-г урьд эрхэлж байсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

         Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ц-гийн  ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 1,449,094  төгрөгөөс нэг өдөрт ногдох цалинг 65,868 төгрөг гэж тооцож, ажилгүй байсан буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааг 6 сар 10 хоногийн хугацаагаар тооцон нийт  9,353,244  төгрөгийг хариуцагч ... сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн Б/10 дугаартай тушаалын тухайд:

         Хэрэгт авагдсан гэрч Г.И-ын мэдүүлэг /хх-88/, ДУА дахь ЦГ-ын Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал /хх-68-70/, сургуулийн камерын бичлэг /хх-118/ зэрэг баримтаар тогтоогдсон 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус сургуулийн байранд Ц.Ц болон зарим ажилчид архи ууж, согтуу байсан үйл баримтыг үндэслэн Ц.Ц-д сахилгын шийтгэл ногдуулахаар  хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай тушаалыг гаргасан.

 

         Гэвч хариуцагч тал  нэхэмжлэгч Ц.Ц-д уг тушаалыг гардуулаагүй, мөн ... дугаартай тушаал нь Ц.Ц-г ажлаас халсан, чөлөөлсөн эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй болох нь хэрэгт авагдсан дээрх баримтууд болон хариуцагч тал нь ... дугаартай тушаалын үндэслэлээс, өөр үндэслэлээр дахин хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан үйл баримтаар тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч тал нь ... дугаартай тушаалыг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг уг тушаалыг ажил олгогч нөхөж гаргасан гэж тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа ба ... дугаартай тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй тул уг тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй учир нэхэмжлэгчийн гаргасан ... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Ц нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан хэмжээгээр тооцон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 234,802 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-г урьд эрхэлж байсан ... сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан  “тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  хариуцагч ... сумын ... дүгээр сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор  9,353,244  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.         

 

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ... сумын ... дүгээр сургуульд даалгасугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 234,802 /70,200+164,602/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА