Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00020

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00359/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1223 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирал *******гийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/10, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай,

Хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

1.а.Сургуулийн захирал ******* 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 20 гаруй хоног сэтгэл зүйн маш хүнд дарамтанд оруулж, улмаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдмөөр байна гэсэн агуулга бүхий хүсэлтийг захирлын зааж хэлж өгснөөр бичиж өөрт нь өгсөн юм.

Шалтгаан нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны амралтын өдөр болох бямба гарагт сургуулийн 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн хувцасны өлгүүрийг шинэчлэн засварлах ажлыг сургуулийн хүүхдүүд цуглахаас өмнө хийж дуусгая гэж өөрөө болон бусад багш нарын хамт амралтын өдрөөр хийсэн ба ажлаа дуусгаад хоол цайг идэж амарч байхдаа ажлын бус цаг тул ёс болгож тус өдөр ээлжинд гарч байсан сургуулийн жижүүр ******* хэлж зөвшөөрөл аваад, 10 багшийн хамт архи задалж уусан. Гэтэл гаднаас сургуулийн захирал ******* орж ирснээр бид тарцгаасан.

Гэтэл захирал ******* тус асуудал дээр анхнаасаа хувийн сонирхолтойгоор хандаж тухайн өдөр байсан нэр бүхий 10 багш ажилтнаас 4 хүнийг буюу намайг болон жижүүр *******, *******, ******* нарыг онцгойлон арга хэмжээ авах тухай ярьж шалгаж эхэлсэн бөгөөд та дөрвийг ажлаас халах шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэж байсан. Гэхдээ бидэнд тушаал огт гардуулаагүй.

Миний бие хууль бус тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнөөр хөдөлмөрлөх эрхээ ноцтой зөрчүүлээд зогсохгүй 2022 онд 5 жил тутамд олгодог тэтгэмжээ авах эрхээ хүртэл алдаж хөдөлмөрөө төр засгаар шударгаар үнэлүүлэх боломжгүй байдалд ороод байна.

Иймээс Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү,

1.б. Нэгэнт шүүхэд хөдөлмөрийн маргаан үүсч хуулийн дагуу хэрэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа тул сүүлд нөхөж гаргаад, анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж ирсэн уг Захирлын Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Иргэн *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй, Б/10 дугаар тушаалыг Б/12 дугаар тушаал гаргасны дараа нөхөж гаргасан гэсэн нь үндэслэлгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан Дархан сумын ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ******* сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9,353,244 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* сургуульд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 234,802 /70,200+164,602/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах гомдол гаргаж байна.

4.а.... Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн,

4.б.хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбарт хууль зүйн дүгнэлтийг хийлгүйгээр, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ : 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирал *******гийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/10, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч ******* нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг ажил олгогч буюу хариуцагч тал нь зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******г Бага ангийн сургалтын менежер-ийн ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажлын байраар хангахаар,

-ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын хувьд анх шатны шүүхээр шийдвэрлэсэн 9,353,244 төгрөгийг багасгаж 1,000,000 төгрөгөөр тохирч, хариуцагч тал тус 1,000,000 төгрөгийн олговрыг олгохоор зөвшөөрч,

-нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд энэхүү эвлэрлийн гэрээ-ний 2-т заасан дүнгээр өөрөөр хэлбэл, 1,000,000 төгрөгөөр тооцон олгохыг харилцан зөвшилцөж, энэхүү эвлэрлийн гэрээний зүйл, заалтыг үл маргах журмаар сайн дураар биелүүлэх үүрэг хүлээж эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан.

Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөнтэй холбоотой зохицуулалт гэж ойлгогдож байна.

Энэхүү маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй байна.

Мөн зохигч нар эвлэрлийн гэрээ-нд улсад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлнө хэмээн тусгасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар давж заалдах гомдол гарсны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, үүний дагуу давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй юм.

Харин хариуцагч /өөрийн нэрээр/ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 164,602 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг хуульд зааснаар буцаан олгохгүй тул улсын орлогод хэвээр үлдээж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нь хариуцагч буюу ажил олгогч Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн төлөөлөгч/захирал/ ******* нар эвлэрэн хэлэлцэж, *******г бага ангийн сургалтын менежер-ийн ажил, албан тушаалд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дотор эгүүлэн томилж, ажлын байраар хангахаар,

-ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 1,000,000 төгрөгөөр тохирч, хариуцагч нь тус олговор 1,000,000 төгрөгийг олгохыг зөвшөөрч,

- нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд энэхүү эвлэрлийн гэрээ-ний 2-т заасан дүнгээр өөрөөр хэлбэл, 1,000,000 төгрөгөөр тооцон олгохоор тус тус харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.АМАРСАНАА

                                                                  ШҮҮГЧ                      Г.ДАВААРЕНЧИН

                                                                  ШҮҮГЧ                      Х.БАЙГАЛМАА