Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0654

 

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0654

Улаанбаатар хот

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ч” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

         Нэхэмжлэлийн шаардлага:  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ч” ХХК-ийн эзэмшлийн ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс даалгах.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч” ХХК нь Завхан аймгийн ******* сумын ******* нэртэй талбай бүхий ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл хуулийн дагуу эзэмшиж байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт байхгүй гээд “Ч” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

“Ч” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байсан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор “Ч” ХХК нь 2017 оны 6 дугаар сараас эхлэн Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Үүний дараа “Ч” ХХК-ийн зүгээс. ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцlахгүй, түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, уг хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Ингээд бид 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлж, хүчинтэй хэвээр хадгалуулах хүсэлт гаргах тухай" хүсэлт гаргасан ба тус хүсэлтээс тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс татгалзаж, харин хязгаарлалтын бүртгэлд бүртгэж хүчинтэй хэвээр хадгалсан билээ. Үүнээс хойш нэхэмжлэгч компани 2017, 2018, 2019 онуудын тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг бүрэн төлж ирсэн.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг.

Улмаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл явагдаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй, Завхан аймгийн ******* сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг үл хүндэтгэж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй 2 жил 01 сарын хугацаа өнгөрч байгаагаас үүдэн “Ч” ХХК нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй, цаашлаад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах баримт бичгээ бүрдүүлж Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж чадалгүй өдийг хүрч байгаа билээ. “Ч” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг дарга *******д сахилгын шийтгэл хүлээлгэх, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, шүүхийн шийдвэрийг нэн яаралтай албадан биелүүлэх талаар удаа дараагийн гомдлыг Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Завхан аймгийн Засаг дарга нарт гаргасан боловч үр дүн гарахгүй, “Ч” компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

“Ч” ХХК-ийн зүгээс Завхан аймгийн ******* сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалж байгаль орчны менежментийн төлөвлөгөө шинэчлэн батлагдахгүй болж, улмаар үүнээс шалтгаалж хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийгдэж чадахгүй хүндэтгэн үзэх, өөрөөс үл хамаарах шалтгаантай байгаа учраас уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Ч” ХХК-ийн эзэмшлийн ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүйгээр хүчинтэй хэвээр бүртгэж, Завхан аймгийн ******* сумын Засаг дарга захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан өдрөөс хойш “Ч” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулахаар өргөдөл гаргах хугацааг тоолж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтүүдийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа гаргаж байсан билээ. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан. “Ч” ХХК-иас үл хамаарах шалтгаанаар буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж уг шийдвэрийг эс зөвшөөрч АМГТГ-ын даргад гомдол гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газарын даргаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/575 тоот хариу албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн. Үүнийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Энэхүү хэргийн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7/4050 дугаартай албан бичгээр “Завхан аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар захирамжийн дагуу Кадастрын системд “Ч” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн болохыг мэдэгдье" гэж “Ч” ХХК-д хариу өгсний дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэгдэж, хүчинтэй хэвээр хадгалагдаж ирсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч 3 шатны шүүхийн шийдвэрээ биелүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Завхан аймгийн Засаг дарга, Ерөнхий сайд зэрэг холбогдох бүх төрийн байгууллага албан тушаалтнуудад хандан гомдол гаргаж байгаа боловч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг баталж өгөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар байгаа билээ. Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байсан нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд “Ч” ХХК нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй байхад чухам ямар үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр сунгахаас татгалзсан байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байгаа тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ч” ХХК-ийн эзэмшлийн ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс даалгах” шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн захиргааны байгууллага Завхан аймгийн ******* сумын нутагт байрлах “*******” нэртэй 2394.79 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгожээ. “Ч” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа Кадастрын бүртгэлийн УУККС-д 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр бүртгэлтэй байсан.

“Ч" ХХК Завхан аймгийн ******* сумын нутаг дахь ******* нэртэй ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах бүрдүүлбэр дутуу /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаагүй/ өргөдлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж кадастрын бүртгэлийн ЕХ-******* дугаарт бүртгүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай "Зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж хуульчилсан.

“Ч” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримт болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг ирүүлээгүй шалтгаанаа тусгай зөвшөөрлийн талбай орших сумын Засаг дарга хууль бус эс үйлдэхүй гаргаж, төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа тухай мэдэгдэж, энэ тухайгаа харьяалах шатны Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх гэж байгаа тул уг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгохгүй байх тухай удаа дараагийн хүсэлтийг ирүүлж байсан.

“Ч” ХХК нь сумын Засаг даргын эс үйлдлийг холбогдох хууль шүүхийн /байгууллагад хандаж тухайн шүүхийн байгууллагаас ашигт малтмалын хайгуулын XV- ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болох асуудлыг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг манайд ирүүлээгүй байна.

Төрийн захиргааны байгууллага Монгол улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлахаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг баримталж, тус хуулийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан зарчмуудыг баримталж Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасныг үндэслэн Завхан аймгийн ******* сумын нутагт байрлах “*******” нэртэй 2394.79 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр дээр дурдсан тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэг: Төрийн захиргааны байгууллага Завхан аймгийн ******* сумын нутагт байрлах “*******” нэртэй 2394.79 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана", 22.13-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж хуульчилсан.

“Ч” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа түүнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаж ирүүлээгүй байна.

Иймд төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасныг үндэслэн Завхан аймгийн ******* сумын нутагт байрлах “*******” нэртэй 2394.79 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хоёр: Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан ХВ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системийн хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ямар хуулийн зүйл, заалтыг үндэслэн гаргаж байгаа, ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар тодорхой ойлгомжтой, хууль зүйн үндэслэлийг дурдаагүй нь уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр дээр дурдсан тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийг төлөөлж  тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А тус шүүхэд хандаж “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ч” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...манай компанийг “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт ирүүлээгүй” гэж үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус, Завхан аймгийн *******маргаз сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас манай компани хохирч байна...” гэж тодорхойлжээ.

Нэг. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасныг үндэслэн ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн дараах өргөдлийг хянахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй тул “Ч” ХХК-ийн эзэмшлийн Завхан аймгийн ******* сумын нутагт орших ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл  Завхан аймгийн *******маргаз сумын нутагт орших ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК-д 3 жилийн хугацаатай олгосон,  хариуцагчаас гаргасан, 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “Э” ХХК нь уг тусгай зөвшөөрлийг “Ч” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн ба тусгай зөвшөөрлийн 1-9 дэх жилийн төлбөрийг төлснөөр уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч компаниас “...Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5, 38.1.3 дахь заалтуудыг үндэслэн *******маргаз сумын Засаг даргаас тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн *******маргаз сумын засаг даргад даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр биелүүлэх талаар холбогдох байгууллагуудад гомдол хүсэлт гаргаж байсны дээр Завхан аймгийн *******маргаз сумын Засаг дарга нь “Завхан аймгийн *******маргаз сумын нутагт орших “*******” хайгуулын талбайн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэх баримтад уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд гарын үсгээ зурсан нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдсон болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүргийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”  гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 онд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах хүсэлтдээ хуулиар тухайлан заасан нотлох баримтуудыг бүрэн хавсаргаж ирүүлэх үүрэгтэй, уг баримтуудыг бүрэн ирүүлснээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар зохицуулсан байхад нэхэмжлэгч компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан талаарх баримтыг ирүүлээгүй, энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байсныг сунгуулахтай холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар мөн оны 3 дугаар сард хандсан боловч Завхан аймгийн *******маргаз сумын Засаг дарга батлахаас татгалзсан, нэхэмжлэгч тал 2017 онд тухайн асуудлаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...2017 оны Ч ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг *******маргаз сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн энэхүү хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь зөвхөн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахад хамаарна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримтыг хавсаргахгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авч кадастрын бүртгэлийн системд ЕХ-******* дугаараар бүртгэсэн нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй ба харин шүүхээс хийсэн үзлэгийн явцад “Тусгай зөвшөөрлийн шилжүүлэг, барьцаа, хязгаарлалтын бүртгэл” хариуцсан мэргэжилтэн Н.Нын компьютер дахь “Хязгаарлалт” гэсэн файлын 961 дугаарт “Ч ХХК, 2017 оны 6 дугаар сарын 02, хязгаарлалт хийх үндэслэл хэсэгт-Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны 225 дугаар захирамжаар Завхан аймгийн *******маргаз сумын Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн” гэж тэмдэглэл хийсэн нь тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч тал уг тэмдэглэлийг тусгай зөвшөөрлийн хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн бүртгэл гэж тайлбарлаж, улмаар нэгэнт ийм бүртгэлд бүртгэсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байх боловч Ашигт малтмалын тухай хуульд ийнхүү хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн тохиолдолд татгалзсан шийдвэр гаргахыг хориглосон зохицуулалт байхгүй, нөгөө талаар  2017 оны 6 дугаар сарын 02-нд ийнхүү бүртгэснээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг гаргах хүртэл хугацаанд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид тухайн баримтыг ирүүлж болох хангалттай хугацааг олгосон гэж үзэхээр байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Завхан аймгийн *******маргаз сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаа, цаашлаад шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдахгүй байгаа”-тай холбон маргаж байх боловч энэ нь хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй.

Учир нь тухайн маргааны хариуцагч нар нь тус тусдаа өөр өөр захиргааны байгууллага, албан тушаалтан бөгөөд маргааны хувьд ч эрх зүйн өөр төрлийн харилцаанд хамаарах тул тухайн маргаан бүхий харилцааг үндэслэн захиргааны байгууллагын гаргасан хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.    

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

Харин Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хууль ёсоор дуусгавар болсны дараа хариуцагчаас захиргааны акт гаргах ажиллагааг дахин явуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

Хоёр. “Ч” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:

Нэхэмжлэгчээс уг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэгдэж, хүчинтэй хэвээр хадгалагдаж ирсэн...байхад сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “зөвхөн хэрэг үүсгэсэн гэх Шүүгчийн захирамжийг үндэслэж хязгаарлалтын бүртгэлд бүртгэдэггүй, энэ бүртгэл нь хуулийн байгууллагуудын хүчин төгөлдөр шийдвэр, захирамжаар тусгай зөвшөөрлийн шилжилт, хөдөлгөөнийг хориглосон тохиолдолд хийгддэг бүртгэл...” гэж тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн  11.2-т “...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж, 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар бүхий “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжаар тус аймгийн *******маргаз сумын засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгч талаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж “хязгаарлалтын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн, Кадастрын системийн бүртгэлд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс “захиргааны хэрэг үүсгэсэн” гэсэн тэмдэглэл хийсэн, улмаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7/4050 дугаар албан бичгээр “...хязгаарлалтын бүртгэлд бүртгэснийг нэхэмжлэгчид мэдэгдсэн” байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг үндэслэж хязгаарлалтын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй, захиргааны хэрэг үүсгэсэн явдал нь хязгаарлалт хийх үндэслэл болохгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын дээр дурдсан албан бичгийг иш татан маргаж байх боловч тухайн тохиолдолд *******маргаз сумын Засаг даргын эс үйлдэхүйн талаарх нэхэмжлэлээр Захиргааны хэрэг үүсгэсэн гэх Шүүгчийн захирамж нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах болон сунгахаас татгалзах үндэслэлийн алинд ч хамааралгүй бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үр дагаврыг үүсгэхгүй.

Нөгөө талаар хариуцагчид тодорхой үйлдэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь уг хариуцагчийн гаргасан хууль бус эс үйлдэхүйтэй нягт шалтгаант холбоотой үүсэх ёстой бөгөөд нэхэмжлэгч “Ч” ХХК-ын гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйтэй бус, харин Завхан аймгийн *******маргаз сумын Засаг даргын, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбон үндэслэж байгаагаас үзвэл хариуцагчид ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар “захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” нь тухайн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах бөгөөд ийнхүү зөрчигдсөн тохиолдолд шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “...захиргааны актыг...гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” шийдвэр гаргах журамтай.

 Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан, “тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг даалгуулах” шаардлагын тухайд, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс ямар эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэгэнт хариуцагчийн гаргасан, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр хууль ёсны байгаа нөхцөлд уг тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн  боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ч” ХХК-ийн эзэмшлийн ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд хязгаарлалтын бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН