Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/00183

 

 

 

 

 

 

 

 

2022 01 05

101/ШШ2022/00183

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байр, 17 тоотод оршин суух, Ин хонгор овогт Түвдэнгийн******* /рд:0/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байр, 17 тоотод оршин суух, Буд овогт Баттөмөрийн******* /рд:0/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байр, 17 тоотод оршин суух, Их хонгор овогт*******ийн /рд:0/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод оршин суух, Өөлд овогт Баялаг-Эрдэнийн /рд:0/-т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 23,000,000 төгрөг, орон сууц ашиглалт, үйлчилгээний зардалд 864,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн, нэхэмжлэгч Т.Дорждэрэм, Д.Номин-Эрдэнэ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагч Б.Пунцагбалжир, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоот хаягт байрлах, 26.98 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч юм. Уг орон сууцанд бүрэн засвар хийгээд худалдан борлуулах гэж байхад нөхөр Т.******* хамт ажилладаг Б.Пунцагбалжир нь ...надад зараач, мөнгийг нь 2 хуваагаад өгье гэж гуйсны дагуу 42,000,000 төгрөгөөр түүнд худалдах, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх төлбөрөө төлж дуусгахаар тохиролцож, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 28,000,000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгөнөөсөө буцаагаад 7,000,000 төгрөгийг авсан. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг өгсөн. Нийт 31,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрөө одоо болтол төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн байрны СӨХ, тог, ус зэргийн төлбөрийг бас төлөхгүй, утсаа авахгүй, гэрт нь очихоор байхгүй, байр суллаж өгөхийг удаа дараа шаардахад За ойлголоо мөнгө удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хамт нэг байгууллагад ажилладаг болохоор 3 жил гаруй хүлээж, маш их боломжийг олгосон. Хэрэв бид орон сууцаа түрээслэж байсан бол сарын 450,000-500,000 төгрөгийн орлого олох байсан. Б.Пунцагбалжирыг үлдэх төлбөрөө төлөхийг 3 жил хүлээсэн боловч төлөөгүй тул одоо түүнд орон сууцаа худалдахгүй. Б.Пунцагбалжирыг 2020 онд өвдсөн гэхээр нь хүн ёсны үүднээс харгалзаж, хүлээсэн. Бидний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Б.Пунцагбалжир нь одоог хүртэл орон сууцанд амьдарч байгаа ба сайн дураараа орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул түүнийг албадан чөлөөлж өгнө үү. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцанд амьдарсан ба уг амьдарсан 46 сарын хугацаанд тооцож түрээсийн төлбөрийг сарын 500,000 төгрөгөөр бодож нийт 23,000,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж өгнө үү. Мөн уг хугацааны СӨХ-ийн төлбөрийг Б.Пунцагбалжир нь төлөөгүй байгаа тул 1 сарын 18,800 төгрөг, нийт 46 сарын хугацааны 864,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Б.Лхагвасүрэнтэй орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд иргэн Т.Дорждэрэм, Д.Номин-Эрдэнэ нартай дээрхи гэрээг байгуулаагүй байхад ямар учраас эдгээр хүмүүс нь намайг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд иргэн Т.Дорждэрэм, Д.Номин-Эрдэнэ нарын нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Миний хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг минь далимдуулж Б.Лхагвасүрэн нь надтай орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь одоо харагдаж байна. Учир нь үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулахад заавал үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатаар батлуулдаг байхад дээрхи ажиллагааг хийгээгүй байна. Мөн гэрээнд заасан нөхцөл байдал нь илт нэг талын эрх ашгийг хамгаалсан болох нь харагдаж байгаа юм. Нэхэмжлэгч нар нь ус, тог цахилгааны мөнгө 864,000 төгрөг нэхэмжилсэн байгаа боловч Ковид-19 өвчний улмаас 2021 оны 01 сараас хойш МУ-ын Засгийн газрын шийдвэр гарч орон сууцны ус, тог, цахилгааны төлбөрийг төрөөс төлж байгааг харгалзан үзэх нь зүйтэй юм. Намайг 2018 оны 1 сард уг орон сууцанд ороход уг байрны СӨХ-ны төлбөрөө төлөөгүй жил гаруй хугацааны өртэй байсан. Би төлье гэсэн боловч урьд жилд нь тооцогддог гэсэн учир орхисон. Миний бие 2020 оны хавраас авахуулаад үлдэгдэл мөнгө өгье гэж удаа дараа хэлсэн. Гэтэл би байраа зарахаа болилоо гээд би мөнгийг чинь авахгүй, байр суллаж өг гээд үл ойлголцол болсон. Миний бие 2020.07.14, 2020.09.14, 2021.02.03-нд нийт 3 удаа бүдүүн гэдэсний хагалгаанд орсон. Энэ хооронд 1 жил гаруй хугацаанд энэ хүмүүс чимээгүй байж байгаад ийм асуудал гаргаж байгаад гомдолтой байна. Би Б.Лхагвасүрэнд нийт 31.000.000 төгрөг төлсөн бөгөөд одоо нэхэмжлээд байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар нь яагаад гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Бид харилцан тохиролцоод гэрээгээ байгуулж төлбөр мөнгө төлсөн юм. Одоо зөвхөн гэрээгээр төлөгдөөгүй төлбөрийг л төлөх асуудал үүссэн байгаа юм. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа байраа 450,000-500,000 төгрөгөөр түрээслүүлэх боломжтой байсан гэж үзэж байгаа нь ямар учраас 1 өрөө байрыг ийм өндөр үнээр түрээслэх боломжтой байсан нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл 2018 оны зах зээлийн ханшаар 1 өрөө байрыг ямар ханшаар түрээслүүлэхийг баримтаар тогтоож байж нэхэмжлэх нь зүйтэй. Би үлдэгдэл 11,000,000 төгрөгийг өгч байраа нэр дээрээ шилжүүлж авах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгч талаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орон сууц худладах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, дансны хуулга, орон сууц ашиглалт үйлчилгээний төлбөрийн мэдээлэл /хх-8-12, 114-118/

-Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа, орон сууцны ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгүүд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үзлэгийн тэмдэглэл /хх-21, 65-67, 69-102/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Дорждэрэм, Б.Лхагвасүрэн, Д.Номин-Эрдэнэ нар нь хариуцагч Б.Пунцагбалжирт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 23,000,000 төгрөг, орон сууц ашиглалт, үйлчилгээний зардалд 864,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлнө, орон сууцаа өөрийн өмчлөлдөө авах тохиролцоо хэвээр байгаа, түрээсийн төлбөр сард 500,000 төгрөг гэдгийг нотлоогүй, орон сууц ашиглалт, үйлчилгээний зардлаа өмнөх жилүүдийн төлбөрөө төлөөгүй байсан тул төлөхгүй гэж маргасан.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь хариуцагч Б.Пунцагбалжиртай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Лхагвасүрэн нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр худалдах, Б.Пунцагбалжир нь урьдчилгаа 28,000,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр 31-ний өдөр шилжүүлж, үлдэх 18,000,000 төгрөгийг 2018 оны 10 сарын 31-ний өдрийн дотор төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд байрны ордерийг Б.Пунцагбалжирт шилжүүлэх, үлдэгдэл мөнгөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох, үлдэгдэл мөнгөө өгөөгүйгээс гэрээ буцсан тохиолдолд гэрээ хийсэн өдрөөс хойш сарын 450,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг бодож урьдчилгаанд өгсөн 28,000,000 төгрөгөөс хасч, энэ хугацаанд суусан байрны төлбөр тог, цахилгаан, СӨХ-ны мөнгийг бодож авах нөхцөлтэйгээр байгуулжээ. /хх-ийн 8 дугаар тал/

 

Уг гэрээ байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч Б.Пунцагбалжир нь 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 5720693782 тоот дансанд шилжүүлж, уг шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 7,000,000 төгрөгийг тэрээр уг өдрөө буцаан авч, тухайн өдөр 21,000,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /хх-10-11/

 

Үүнээс хойш хариуцагч Б.Пунцагбалжир нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн дансанд шилжүүлж, нийт 31,000,000 төгрөгийг төлсөн, тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс одоог хүртэл маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтуудыг талуудын хэн аль нь тайлбарласан. /хх-11/

 

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Дорждэрэм, Б.Лхагвасүрэн, Д.Номин-Эрдэнэ нар нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгджээ. /хх-ийн 9, 73, 93/

 

Нэхэмжлэгч нар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн байгуулсан хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... хэлцэл байна.

 

Учир нь бусдын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл байгуулах тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх журамтай.

 

Талууд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна.

 

Мөн талуудыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц нь Хаан банкид орон сууцны ипотекийн зээлийн гэрээний барьцаанд 31,500,000 төгрөгийн хэмжээгээр барьцаалагдсан байсан болох нь тус банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдсон. Худалдагч тал болох Б.Лхагвасүрэн нь банкны барьцаанд байгаа, эрхийн зөрчилтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Б.Пунцагбалжирт худалдахаар тохиролцсон байжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан журам нэгэн адил хэрэгжих журамтай.

 

Хариуцагч Б.Пунцагбалжир нь анх гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаа тохиолдолд гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлдэг талаар мэдээгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Иймд талууд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчиж гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Лхагвасүрэн, Б.Пунцагбалжир нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Хэлцэл хүчин төгөлдөр бустай холбоотойгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус зааснаар талууд дээрх гэрээний дагуу харилцан бие биедээ шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх, хохирол нөхөн төлөх журамтай.

 

Хариуцагч Б.Пунцагбалжир нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нарын гаргасан хариуцагч Б.Пунцагбалжирыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу орон сууцыг буцаан хүлээлгэн өгөхийг даалгуулахтай холбоотой байна. Иймд хариуцагч Б.Пунцагбалжирт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхийг даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл маргааны зүйл болох орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт 23,000,000 хохиролд тооцон гаргуулахаар шаардсан. Уг шаардлагаа нийт 46 сарын хугацааг сарын 500,000 төгрөгөөр тооцно. Одоогийн орон сууцны 1 сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөг байгаа гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч тал орон сууцны түрээсийн төлбөр 500,000 төгрөг гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Талууд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэх баримтаар маргаан бүхий орон сууцны 1 сарын түрээсийн төлбөрийг 450,000 төгрөгийн үнэтэй болохыг өөрсдөө тогтоосон байх тул шүүх уг үнээр хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Б.Пунцагбалжир нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс одоог хүртэл хугацаанд маргааны зүйл болох орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул тэрээр орон сууцыг эзэмшсэн хугацаагаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүссэн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 46 сарын төлбөр шаардсан тул хариуцагч Б.Пунцагбалжираас нийт 20,700,000 /450,000 төгрөг х 46сар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүднээс хариуцагч Б.Пунцагбалжирын нийт төлсөн 31,000,000 төгрөгөөс дээрх төлвөл зохих 20,700,000 төгрөгийг хасч, үлдэх 10,300,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд болох нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгээс гаргуулж, хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь орон сууц ашиглалт, үйлчилгээний зардалд 864,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж зааснаар орон сууц ашиглалт, үйлчилгээний зардлыг эрх бүхий байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо шаардах эрхтэй байна.

 

Гэтэл нэхэмжлэгч нар нь орон сууц ашиглалт, үйлчилгээний зардлыг гаргуулахаар эрх бүхий байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс шүүхэд шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нар нь орон сууц ашиглалт, үйлчилгээний зардал 864,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг төлөөгүй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба уг төлбөрийг төлсөнтэй холбоотой баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй. Иймд нэхэмжлэгч нарын орон сууц ашиглалт, үйлчилгээний зардалд 864,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.Пунцагбалжирт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгээс 10,300,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Пунцагбалжирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,164,000 /23,000,000-20,700,000=2,300,000, 2,300,000+864,000/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Дорждэрэм, Д.Номин-Эрдэнэ нар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг буцаан хүлээлгэн өгөхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарч, нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь дээрх шаардлага болон хүчин төгөлдөр бус хэлцэл, уг хэлцлийн хохирол гаргуулахтай холбоотойгоор тус тус хамаарч нэхэмжлэл гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д тус тус заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Лхагвасүрэн, Б.Пунцагбалжир нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.Пунцагбалжирт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, 22 тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Дорждэрэм, Б.Лхагвасүрэн, Д.Номин-Эрдэнэ нарт хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс 3,164,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгээс 10,300,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Пунцагбалжирт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 417,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пунцагбалжираас улсын тэмдэгтийн хураамжид 401,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ