Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00385

 

 

 

 

 

 

 

 

*****нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00183 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч********,*********,********нарын нэхэмжлэлтэй

 Хариуцагч ********,т холбогдох

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсний төлбөр 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 864,000 төгрөг, нийт 23,864,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч********, нэхэмжлэгч********,********,нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр, хариуцагч ********,, түүний өмгөөлөгч Т.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч********,*********,********нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Бид Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо,  тоот хаягт байрлах, 26.98 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч. Уг орон сууцанд бүрэн засвар хийсэн бөгөөд ********,т 42,000,000 төгрөгт худалдахаар болж, түүнтэй 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тэрээр төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохирсон боловч 31,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

1а.Бид ********,ыг үлдэгдэл төлбөрөө төлөхийг 3 жил хүлээсэн учир одоо түүнд орон сууцаа худалдахгүй. Иймд бидний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг хариуцагч ********,ын эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

1б.Хэрэв бид дээрх орон сууцыг хөлсөлсөн бол сарын 450,000-500,000 төгрөгийн орлого олох байсан. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл буюу нийт 46 сарын хугацаагаар тооцож, сарын 500,000 төгрөгөөр тооцоход орон сууц хөлсөлсний төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулна.

1в.Мөн дээрх хугацааны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний 1 сарын зардал 18,800 төгрөг ба нийт 46 сарын хугацааны 864,000 төгрөг, нийт 23,864,000 төгрөгийг хариуцагч ********,аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ********,ын тайлбарын агуулга:

2а.Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн ********,тэй орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч********,********,нартай дээрх гэрээг байгуулаагүй. ********, нь миний эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулан  надтай орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байна. Учир нь үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатаар батлуулдаг байхад дээрх ажиллагааг хийгээгүй. Мөн гэрээнд заасан нөхцөл нь илт нэг талын эрх ашгийг хамгаалсан.

 Би ********,д нийт 31,000,000 төгрөг төлсөн бөгөөд одоо нэхэмжилж буй үнийн дүнг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа шаардлага нь тодорхойгүй байна. Бид харилцан тохиролцоод гэрээ байгуулж би төлбөр төлсөн. Одоо зөвхөн гэрээгээр төлөгдөөгүй төлбөрийг төлөх асуудал үүссэн байгаа. Би нэхэмжлэгч нарт үлдэгдэл 11,000,000 төгрөгийг өгөөд, байраа өөрийн нэр дээрээ шилжүүлж авах хүсэлтэй байна.

2б.Орон сууцыг нэг сарын 450,000-500,000 төгрөгөөр түрээслүүлэх боломжтой байсан гэж үзэж байгаа нь ямар учраас 1 өрөө байрыг ийм өндөр үнээр түрээслэх боломжтой байсан нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл 2018 оны зах зээлийн ханшаар 1 өрөө байрыг ямар ханшаар түрээслүүлэхийг баримтаар тогтоож байж нэхэмжлэх нь зүйтэй.

2в. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Ковид 19 цар тахал гарсантай холбогдуулан цахилгаан, ус, дулааны төлбөрийг төрөөс хөнгөлсөн тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дах хэсэгт тус тус заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр********, ********, нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч ********,т Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,  тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч********,*********,********нарт хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс 3,164,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ********,гээс 10,300,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ********,т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 417,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********,аас улсын тэмдэгтийн хураамжид 401,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч ********,ын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4а.Маргааны бодит үйл баримтын талаар: Би ********,тэй харилцан тохиролцоод 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр 21,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт ********,гийн ХААН банк дах хххх дугаар данс руу шилжүүлсэн. Орон сууцны төлбөрийн дийлэнх хэсгийг шилжүүлсэн учир би тус орон сууцанд амьдарч эхэлсэн.

Тухайн үед байр барьцаанд байгаа талаар яриад өнгөрсөн ба байрыг барьцаанаас чөлөөлөгдөх үед үлдэгдэл төлбөрөө төлнө гэж бодож байсан. Гэтэл ********, нь гэнэт “байраа зарахаа болилоо” гэдэг зүйл ярьж бидний хооронд үл ойлголцол үүсч эхэлсэн.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар уг байрыг 2013 онд “ХААН банк” ХХК-д 31,500,000 төгрөгийн үнийн дүнтэй барьцаалж, Монгол ипотекийн корпорацийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсөн байна. Энэ үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч нар нь дээрх орон сууцыг зарж борлуулахдаа биш, миний 2018 онд төлсөн 31,000,000 төгрөгөөр байрыг банкны барьцаанаас чөлөөлүүлэх арга хэрэглэсэн гэж үзэж байна.

4б. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрсдөө тодорхойлох боловч шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийг залруулж дүр үзүүлэн хийсэн хэлцэл бус хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохоор дүгнэсэн хуульд заасан журмыг зөрчсөн.

4в. Нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй байхад надаас орон сууц хөлсөлсний төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

4г. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт заасныг нэхэмжлэгч ********,гээс 10,300,000 төгрөгийг буцаан гаргуулан, нэхэмжлэгчийн талд ашигтай шийдвэрлэсэн. Хэрэв би  31,000,000 төгрөгөө зах зээлийн эргэлтэд оруулсан бол өнгөрсөн хугацаанд ашиг олох боломжтой байсан.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу ********,ын байрны үнэд төлсөн 31,000,000 төгрөгөөс үлдэгдэл 20,700,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч ********,гийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. ********,тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Төлбөрөө 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлж дуусгавал байрны гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Тэрээр байрыг банкны барьцаанд байгаа гэдгийг мэдэж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн талын гомдлоор хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байна.

2.Нэхэмжлэгч********,*********,********нар хариуцагч ********,т холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсний төлбөр 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 864,000 төгрөг, нийт 23,864,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2,20/

3.Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

4а.Хэрэгт********, ********, нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ авагджээ. /хх-8/ Уг гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахтай холбоотой талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, агуулга тусгагдсан байгаа боловч хуулиар тогтоосон журмын дагуу хийгдээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тодруулбал, гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны  тоотод байрлах 27 м.кв нэг өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар худалдагч********, худалдан авагч ********, нар харилцан тохиролцон, гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь********,********,********,нар болох нь хэргийн 9 дэх талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч********,********,********,нар уг орон сууцны өмчлөгчийн байр сууринаас хариуцагч ********,ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4б.Хэрэгт орон сууцны бусад өмчлөгч буюу********,********,нараас ********,д тэдгээрийн өмнөөс бусад этгээдтэй хэлцэл байгуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх эрх олгосон баримт авагдаагүй байна. Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

4в.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хэлцлийн хүчин төгөлдөр байдал талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дах хэсэгт заасныг хэрэглэн зөв дүгнэсэн боловч хүчин төгөлдөр бус хэлцлээс гарах үр дагаврыг арилгах шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл буюу үүрэг үүсээгүй байхад эд хөрөнгө харилцан шилжүүлсэн буюу мөнгөн хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой асуудлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар мөн зүйлийн 56.5 дах хэсэгт заасны харилцан өгсөн, авсан зүйлээ буцаан шилжүүлэх, түүнээс олсон орлогыг шилжүүлэх агуулгатай.

4г.Нэхэмжлэгч нарын хувьд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн орон сууцаа хариуцагчийн эзэмшлээс буцаан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Харин орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал төлөх үүргийг өмчлөгч хуулиар хүлээдэг учир Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийн заасантай нийцэхгүй байна.

4д.Нэхэмжлэгч********, хариуцагч ********, нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөх үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй тул нэхэмжлэгч нь хэлцлээр шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг хариуцагч ********,т буцаан өгөх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00183 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,  тоот орон сууцнаас хариуцагч ********,ыг албадан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөр 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 864,000 төгрөг, нийт 23,864,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ********,гээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч ********,т олгосугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “401,850” гэснийг “70,200” гэж тус өөрчлөн,  шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

             

                                                    ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

             

                                             Ч.ЦЭНД