Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/00224

 

 

 

 

 

2022 01 07

101/ШШ2022/00224

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 23/2 дугаар байранд оршин байрлах ******* ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, фтх 22 дугаар байр 9 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 23/2 дугаар байр 52 тоотод оршин суух, Боржигин овогт Мандахын******* /рд:0/-т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 232,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б, хариуцагч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хатантуул Хөгжил ХХК нь 2020 оны 10-р сарын 28-ны өдөр иргэн М.Хатанбаатартай Орон сууцны барилгаас захиалгаар байр худалдан авах №020/952 , №020/953 тоот гэрээнүүд байгуулж Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслэн Аппартмент орон сууц үйлчилгээтэй хотхоны 57 айлын орон сууцны барилгаас 2 өрөө бүхий 65.7 м.кв талбайтай 52, 53 тоот орон сууцыг 1 орон сууцыг 155,000,000 төгрөгөөр худалдахаар тооцож бүгд 310,000,000 төгрөг болсон. Гэрээ хийсэн өдрөө №020/952 гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 77,500,000 төгрөг, №020/953 гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 77,500,000 төгрөг нийт 155,000,000 төгрөгийг төлсөн. Захиалагч нь №020/952 гэрээний үлдэгдэл төлбөр болох 77,500,000 төгрөг, №020/953 гэрээний үлдэгдэл төлбөр болох 77,500,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл графикийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан №020/952, №020/953 тоот гэрээнүүдийн 5.7-д Захиалагч орон сууцны барилгын ажлын дүнг хугацаанд нь хүлээн авч, гэрээгээр тоггоосон журмын дагуу гэрээний үнийг хугацаанд нь саадгүй төлөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн тул гэрээний 5.14-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгч талд төлөхөөр заасны дагуу алданги тооцож шүүхэд гомдол гаргаж байна. №020/952 тоот гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 77,500,000 төгрөгийн 0.5 хувиар нийт 325 хоногийн хугацаанд тооцсон алданги 125,937,500 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг үндэслэн 38,750,000 төгрөгийг алдангид тооцон гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 77,500,000 төгрөг дээр алданги тооцсон үнийн дүнг нэмж тооцон нийт 116,250,000 төгрөг байна. №020/953 тоот гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 77,500,000 төгрөгийн 0.5 хувиар нийт 325 хоногийн хугацаанд тооцсон алданги 125,937,500 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг үндэслэн 38,750,000 төгрөгийг алдангид тооцон гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 77,500,000 төгрөг дээр алданги тооцсон үнийн дүнг нэмж тооцон нийт 116,250,000 төгрөг болж байна. №020/952, №020/953 тоот 2 гэрээний алданги тооцогдсон нийт үнийн дүн болох 232,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-тай 2020.10.28-ны өдөр №020/952, №020/953 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан тус 2 байрны урьдчилгаанд тус бүр 77,500,000 төгрөг нийт 155,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн. Талууд гэрээний 2.2 дах хэсэгт үнийг 12 хувааж төлөхөөр буюу 2020.10.28 - 2021.10-30-ны өдрийг хүртэл хугацаанд cap бүрийн 30-ны өдөр төлбөр төлөхөөр тохиролцсон юм. Ингэхдээ тус гэрээний 5.14 дэх хэсэгт ...байрны үлдэгдэл төлбөрөө заасан хугацаанд гүйцэтгэгч талд шилжүүлээгүй 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд дараагийн сараас эхлэн ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгч талд төлнө... гэж заасан юм. Гэвч хариуцагч миний зүгээс дээр дурдсан хугацаанд төлбөрийг төлж чадахгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон. Учир нь эхнэр Н.Даваацэрэнтэй бид хамтдаа 2016 оны 08 сараас хойш Жигүүр цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагыг байгуулан үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 2019 онд дэлхий дахинд ковид-19 цар тахалын өвчин дэгдэж улмаар Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос 2020 оны 02 сарын 13-ны өдөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн зарим төрлийн үйл ажиллагааг хориглосон шийдвэр гаргаж ажиллаж байсан. Гэвч 10 cap гарсны дараа буюу 2020 оны 11 сарын 11-ний өдөр Монгол улс дотоодоо халдвар алдаж 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоосон бөгөөд үүнийг 2021 оны 5 сарыг хүртэл үргэлжүүлсэн юм. Уг шийдвэрүүдтэй холбогдуулан цэцэрлэг, сургууль, боловсролын байгууллага ч бас суралцагчдыг авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал 1 жилийн хугацаанд үргэлжилсэн юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бизнес болсон Жигүүр цэцэрлэг-ийг ажиллуулж ашиг орлого олох боломж нь Монгол улсын засгийн газраас гаргаж буй тушаал шийдвэрийн үндсэн дээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж ашиг орлого олоогүй юм. Харин 2021.09.01-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулах болсон ч хүүхдийн тоо хязгаарлалттайгаар хичээллэж эхэлсэн бөгөөд энэ нөхцөл байдал өнөөдрийг хүртэл хугацаанд үргэлжилж хариуцагч болох миний хувьд тус зээлийн төлбөрийг төлж чадахгүй санхүүгийн хүнд хэцүү байдалд орсныг шүүхийн зүгээс онцгойлон анхаарч үзэхийг хүсч байна. Мөн 2020.10.28-ны өдрийн №020/952, №020/953 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 8 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн эсхүл хэсэгчлэн биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон. Энэ нь дээр дурдсан ковид-19 цар тахалын өвчний нөхцөл байдлыг ч мөн хамааруулж үзэхээр байгааг шүүхийн зүгээс онцгой анхаарч нэхэмжлэгч байгууллагаас шаардаж буй алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Нэхэмжпэгч нэхэмжлэлдээ 2020.12.01-2021.10.21-нийг хүртэл графикийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд дээр дурдсан 2 гэрээний 5.7, 5.14-т заасны дагуу алданги тооцож шүүхэд гомдол гаргаж байгаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл нэг гэрээний нийт гүйцэтгэх ёсгой байсан 77.500.000 төгрөг алданги тооцон нэхэмжлэл гаргасан тухайгаа дурджээ. Энэхүү тооцож буй алданги нь хэт өндөр буюу хамгийн сүүлийн үлдэгдэл төлбөрийг 2021.10.30-ны өдөр төлөхөөр байхад уг хугацааг дуусгалгүйгээр 2021.10.22 өдөр шүүхэд нэхэмжлэл гарган өдөр төлөгдех ёстой байсан төгрөгөөс хүртэл алдангийг тооцож буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэрээний 5.14-т зааснаар үлдэгдэл төлбөрөө заасан хугацаанд гүйцэтгэгч талд шилжүүлээгүй 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд дараагийн сараас эхлэн алданги авах эрх үүсэхээр тохиролцсоныг шүүхийн зүгээс анхаарч үзэхийг хүсч байна. Иймд хариуцагч миний бие орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр болох 155,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин үүний алданги гэж шаардаж буй 77.500.000 төгрөгийг дээр дурдсан үндэслэлүүдээр төлөх боломжгүй, үндэслэлгүй байх тул алдангид шаардсан 77.500.000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан орон сууц захиалгаар бариулах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, алдангийн тооцооны хүснэгт, дансны хуулга,

- Хариуцагчаас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, ажлын байр түрээслэх гэрээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх шаардлага, талархалын бичиг, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын албан бичиг, фото зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.Хатанбаатарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 232,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч М.Хатанбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 155,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангид нэхэмжилсэн 77,500,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

Талууд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №020/953 тоот орон сууц захиалгаар бариулах тухай нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хүслэн аппартмент орон сууцны барилгын 12 дугаар давхар, 52 тоотод байрлах, 65.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, М.Хатанбаатар нь орон сууцны үнэ 155,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-4-6/

Мөн талууд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №020/952 тоот орон сууц захиалгаар бариулах тухай нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хүслэн аппартмент орон сууцны барилгын 12 дугаар давхар, 52 тоотод байрлах, 65.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, М.Хатанбаатар нь орон сууцны үнэ 155,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7-9/

Дээрх 2 тусдаа байгуулагдсан гэрээний зүйлүүд нь 12 дугаар давхар, 52 тоотод байрлах, 65.7 м.кв талбай бүхий 2 өрөө гэж адилхан байна. Талууд дээрх гэрээний зүйлүүдийг 52 тоот гэж адилхан дугаарлалттай боловч зэрэгцээ оршин байрлах адилхан м.кв талбай бүхий 2 тусдаа орон сууц болох, гэрээ байгуулах үед дээрх 2 орон сууц нь ашиглалтад орсон байсан үйл баримтын талаар хэн аль нь тайлбарласан.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Худалдагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хүслэн аппартмент орон сууцны барилгын 12 дугаар давхар, 52 тоотод байрлах, 65.7 м.кв талбай бүхий тус бүр 2 өрөө орон сууцуудыг худалдан авагч М.Хатанбаатарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Худалдан авагч М.Хатанбаатар нь гэрээ тус бүрт 155,000,000 төгрөг төлөхөөс тус бүр 77,500,000 төгрөг төлж, гүйцэтгээгүй үүрэг гэрээ тус бүрт 77,500,000 төгрөг буюу нийт 155,000,000 төгрөг үлдсэн байгаа талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Хариуцагч дээрх гүйцэтгээгүй үндсэн үүрэг болох 155,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, маргаагүй. Иймд 155,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Талуудын байгуулсан гэрээний 2.2-т зааснаар худалдан авагч нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 77,500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 6,500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус гэрээгээр хүлээсэн үүрэг болох мөнгөн хөрөнгийг төлөх хуваарьтай байна. Нэхэмжлэгч нь дээрх төлбөр төлөх хуваарь дуусаагүй байх үед буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан.

Гэрээний 5.14-т Захиалагч байрны үлдэгдэл төлбөрөө заасан хугацаанд гүйцэтгэгч талд шилжүүлэлгүй 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд дараагийн сараас эхлэн ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан байна. Гэрээний уг зохицуулалтыг үгийн шууд утгыг тайлбарлах замаар үзэхэд ...төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд дараагийн сараас алданги тооцно гэсэн нь төлбөр төлөх хуваарь тус бүрт заасан төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн төлөх сарын тогтоосон үнийн дүнгийн төлбөрөөс алданги тооцохоор тохиролцсон гэж үзэхээр байна.

Иймд талуудын байгуулсан гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх хуваарийн дагуу алдангийг тооцон үзэхэд:

-       2020.11.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2020.12.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2021.01.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2021.01.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2021.02.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2021.03.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2021.04.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2021.05.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2021.06.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 3,250,000 төгрөг,

-       2021.07.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 90 хоног хэтрүүлсний 2,925,000 төгрөг,

-       2021.08.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 60 хоног хэтрүүлсний 1,950,000 төгрөг,

-       2021.09.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгт ногдох 30 хоног хэтрүүлсний 975,000 төгрөг, нийт 31,850,000 төгрөг байна.

Харин 2021.10.30-ны өдөр төлөх 6,500,000 төгрөгийн тухайд шүүхэд уг хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан тул алданги тооцох үндэслэлгүй байна. Иймд нийт хоёр гэрээний алдангид 63,700,000 төгрөг /31,850,000 төгрөг х 2/-ийг хариуцагч М.Хатанбаатар нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, ажлын байр түрээслэх гэрээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх шаардлага, талархалын бичиг, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын албан бичиг, фото зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг хариуцагчаас гаргасан гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаа Ковид-19 цар тахалтай холбоотойгоор доголдсоны улмаас гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хуваарийг зөрчих үндэслэл болсон гэж тайлбартай харьцуулан үзэхэд үндэслэл бүхий байна.

Иймд шүүх хэргийн нөхцөл байдал, талуудаас гаргасан тайлбар, бичгийн баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хариуцагчийн алдангид төлвөл зохих 63,700,000 төгрөгөөс 13,700,000 төгрөгийг багасгаж, үлдэх 50,000,000 төгрөгийг алдангид гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг зөрчихгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Хатанбаатараас үндсэн төлбөр 155,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 205,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.Хатанбаатараас 205,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,320,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хатанбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 1,182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ