Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00555

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00224 дугаар шийдвэртэй

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Хт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 232,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б, хариуцагч М.Х, түүний өмгөөлөгч Б.Г, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар С.Буянхишиг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: “Х” ХХК нь иргэн М.Хтай 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууцны барилгаас захиалгаар байр худалдан авах” №020/952, №020/953 тоот гэрээнүүд байгуулж, Баянзүрх дүүргийн 00-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” орон сууц үйлчилгээтэй хотхоны 57 айлын орон сууцны барилгаас 2 өрөө бүхий 65.7 м.кв талбайтай 52, 53 тоот орон сууцыг 1 орон сууцыг 155,000,000 төгрөгөөр, нийт 310,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Гэрээ хийсэн өдрөө захиалагч хоёр гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох  тус бүрийн 77,500,000 төгрөг нийт 155,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээний үлдэгдэл төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл төлөх графиктай байсан боловч төлөөгүй. Бидний хооронд байгуулсан №020/952, №020/953 тоот гэрээний 5.14-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алданги төлөхөөр заасны дагуу алданги тооцож шүүхэд гомдол гаргаж байна. №020/952 тоот гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 77,500,000 төгрөгийн 0.5 хувиар нийт 325 хоногийн хугацаанд тооцсон алданги 125,937,500 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг үндэслэн 38,750,000 төгрөгийг алдангид тооцон гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 77,500,000 төгрөг дээр алданги тооцсон үнийн дүнг нэмж тооцон нийт 116,250,000 төгрөг байна. №020/953 тоот гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 77,500,000 төгрөгийн 0.5 хувиар нийт 325 хоногийн хугацаанд тооцсон алданги 125,937,500 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг үндэслэн 38,750,000 төгрөгийг алдангид тооцон гэрээний төлөгдөөгүй үнийн дүн 77,500,000 төгрөг дээр алданги тооцсон үнийн дүнг нэмж тооцон нийт 116,250,000 төгрөг болж байна. №020/952, №020/953 тоот 2 гэрээний алданги тооцогдсон нийт үнийн дүн болох 232,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч М.Хын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: “Х” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №020/952, №020/953 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан тус 2 байрны урьдчилгаанд тус бүр 77,500,000 төгрөг нийт 155,000,000 төгрөгийг төлсөн. Талууд гэрээний 2.2 дах хэсэгт үнийг 12 хувааж төлөхөөр буюу 2020.10.28-2021.10-30-ны өдрийг хүртэл хугацаанд cap бүрийн 30-ны өдөр төлбөр төлөхөөр тохиролцсон юм. Гэрээний 5.14 дэх хэсэгт “...хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгч талд төлнө...” гэж заасан. Гэвч хариуцагч миний зүгээс дээр дурдсан хугацаанд төлбөрийг төлж чадахгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон. Учир нь эхнэр Н.Даваацэрэнтэй бид хамтдаа 2016 оны 08 сараас хойш Жигүүр цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагыг байгуулан үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 2019 онд дэлхий дахинд ковид-19 цар тахалын өвчин дэгдэж улмаар Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос 2020 оны 02 сарын 13-ны өдөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн зарим төрлийн үйл ажиллагааг хориглосон шийдвэр гаргаж ажиллаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улс дотоодоо халдвар алдаж 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоосон бөгөөд үүнийг 2021 оны 5 сарыг хүртэл үргэлжүүлсэн юм. Уг шийдвэрүүдтэй холбогдуулан цэцэрлэг, сургууль, боловсролын байгууллага ч бас суралцагчдыг авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал 1 жилийн хугацаанд үргэлжилсэн юм. Миний хувьд тус зээлийн төлбөрийг төлж чадахгүй санхүүгийн хүнд хэцүү байдалд орсныг шүүхийн зүгээс онцгойлон анхаарч үзэхийг хүсч байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №020/952, №020/953 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 8 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн эсхүл хэсэгчлэн биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон. Энэ нь дээр дурдсан ковид-19 цар тахалын өвчний нөхцөл байдлыг ч мөн хамааруулж үзэхээр байгааг шүүхийн зүгээс онцгой анхаарч нэхэмжлэгч байгууллагаас шаардаж буй алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Энэхүү тооцож буй алданги нь хэт өндөр буюу хамгийн сүүлийн үлдэгдэл төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр байхад уг хугацааг дуусгалгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган тухайн өдөр төлөгдех ёстой байсан төгрөгөөс хүртэл алдангийг тооцож буй нь үндэслэлгүй байна. Мөн гэрээний 5.14-т зааснаар үлдэгдэл төлбөрөө заасан хугацаанд гүйцэтгэгч талд шилжүүлээгүй 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд дараагийн сараас эхлэн алданги авах эрх үүсэхээр тохиролцсоныг шүүхийн зүгээс анхаарч үзэхийг хүсч байна. Иймд хариуцагч миний бие орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр болох 155,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин үүний алданги гэж шаардаж буй 77,500,000 төгрөгийг дээр дурдсан үндэслэлүүдээр төлөх боломжгүй, үндэслэлгүй байх тул алдангид шаардсан 77,500,000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.Хаас 205,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,320,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 1,182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч М.Х, өмгөөлөгч Б.Г нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь төлбөрийг хуваарь гаргаж хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээг тогтоож төлж байгаа үйл баримтыг анхаарч үзээгүй буюу талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хамаарах атал үүнийг огт анхаараагүй юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1 дэх хэсэгт заасан давагдашгүй хүчин зүйлийн талаар огт дүгнэлт хийгээгүй юм. Учир нь талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийнхээ хүрээнд уг гэрээг байгуулсан юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аль нэг тал нь гэрээний үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Хэрэв дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээний хугацаанд нөлөөлсөн бол тийнхүү нөлөөлсөн хугацаагаар гэрээ сунгагдана гэж заасныг огт анхаарч дүгнэлт өгөөгүй юм. Хариуцагчийн зүгээс гэр бүлийн бизнес болох “Жигүүр цэцэрлэг” нэртэй сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ковид-19 цар тахлын улмаас талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаанаас хойш уг бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба шүүхээс энэ талаар дүгнэлтийг хийсэн хэдий ч алдангид төлөх төлбөрийн талаар үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасантай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Тухайн цар тахал гарч дотоодод алдсан цаг хугацаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хатуу хөл хорио тогтоож иргэд, аж ахуй нэгжүүдэд аливаа төрлийн төлбөрийн алданги тооцохгүй гэх зэрэг шийдвэрүүд гарч байсныг шүүх анхаарч үзэлгүй алдангид 50,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж алдангид 50,000,000 тооцсон хэсгийг хүчингүй болгож үндсэн төлбөр болох 155,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Бгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Шүүх нотлох баримтыг зохих ёсоор үнэлгээгүй гэх агуулгаар гомдол гаргасан. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримтууд гэрээний нэг тал буюу хариуцагчтай холбоотой нотлох баримтууд биш байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эхнэрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэрээ байгуулах анхны хэлэлцээр, үндэслэлүүдэд цэцэрлэг ажиллуулж олсон орлогоор нэхэмжлэгчид графикийн дагуу төлбөр төлөх асуудал яригдаж байгаагүй. Мөн урьд уулзахад энэ талаар ярьж байгаагүй атлаа шүүх хуралдаанд тухайн нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбарыг хариуцагч гаргадаг боловч тухайн цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн хугацаа цар тахал гарахаас өмнө дууссан байсан. Талууд тусгай зөвшөөрлөө сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн эхнэрийн цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон, тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 онд дууссан талаар баримт хэрэгт авагдсан. Мөн хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд хэрэгт авагдсан. Энэ баримтууд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2019-2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны лавлагаа байдаг. Үүнээс хойш хариуцагч ажил эрхэлж байгаа эсэх талаар баримт байдаггүй. Хариуцагч нь гэрээ хэрэгжиж байх хугацаанд ажилласан эсэх, одоо орлоготой байгаа эсэх болон орлогогүй байдлаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, тэрээр 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа гаргаж өгсөн. Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг зөвшөөрдөггүй. Үндсэн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа учраас гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ байх, худалдах-худалдан авах гэрээ байх, ажил гүйцэтгэх гэрээ байх нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь давагдашгүй хүчин зүйл үүссэн нь нийтэд илэрхий байсан гэж маргадаг боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Мөн давагдашгүй хүчин зүйл болсон гэдгийг хуульд заасны дагуу Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж тогтоолгодог байтал энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул дүгнэлт хийгээгүй. Гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг графикаар тохирсон ба анхны төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 31 дэх хоногоос алданги тооцохоор гэрээгээр тохирсон. Анхан шатны шүүх энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхны төлбөр буюу 6,500,000 төгрөгийг төлөх ёстой байсан, энэ үед үүрэг үүссэн тул 12 дугаар сарын 31-ний өдрөөс алданги тооцох нөхцөл байдал үүссэн болохыг тодорхой дүгнэсэн. Энэ талаар шүүх зөв шийдвэр гаргасан, хариуцагч талын тайлбарласнаар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлөх ёстой байсан 6,500,000 төгрөгийг төлөхөөс өмнө нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул үүнд хүү, алданги тооцохгүй талаар шийдвэрт тодорхой дурдсан. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч М.Хт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 232,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулж, №020/952, №020/953 тоот гэрээнүүдээр хариуцагч М.Х нь нэхэмжлэгч “Х” ХХК-аас Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Х орон сууцны барилгын 12 дугаар давхар, 52 тоотод байрлах, 65.7 м.кв талбай бүхий 2 өрөө, хоёр орон сууцыг 310,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байна. /хх.4-9/

5. Зохигчид дээрх хоёр гэрээний урьдчилгаа төлбөрт тус бүрийн 75,000,000 төгрөг нийт 150,000,000 төгрөгийг төлсөн, худалдагч “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Х орон сууцны барилгын 12 дугаар давхар, 52 тоотод байрлах, 65.7 м.кв талбай бүхий тус бүр 2 өрөө, хоёр орон сууцыг худалдан авагч М.Хт шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, орон сууцны үлдэх төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хуваарийн дагуу төлөх үүргийг хариуцагч М.Х хүлээсэн байна.  

6. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.  

7. Худалдан авагч М.Х гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч “Х” ХХК хариуцагчаас орон сууцны үнэ болон алдангийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч М.Хаас худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 155,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

8. Гэрээний 5.14-т “Захиалагч байрны үлдэгдэл төлбөрөө заасан хугацаанд гүйцэтгэгч талд шилжүүлэлгүй 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд дараагийн сараас эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгчид талд төлнө” гэж тохиролцжээ. 

9. Анхан шатны шүүх хариуцагч нь цар тахалтай холбоотойгоор гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан хариуцагчийн алдангид төлөх 63,700,000 төгрөгийг багасгаж 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийг зөрчөөгүй байна.

10. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын “...Тухайн цар тахал гарч дотоодод алдсан цаг хугацаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хатуу хөл хорио тогтоож иргэд, аж ахуй нэгжүүдэд аливаа төрлийн төлбөрийн алданги тооцохгүй гэх зэрэг шийдвэрүүд гарч байсныг шүүх анхаарч үзэлгүй алдангид 50,000,000 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгуулна” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь, талууд гэрээндээ алдангийн талаар тохирсон, анхан шатны шүүх хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байх тул алдангийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                             ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                        Ц.ИЧИНХОРЛОО